НИЙГЭМ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хариуг авахад хүндрэлтэй байдал үүсжээ

Жил бүрийн намар цэцэрлэгт хүмүүжихээр болсон хүүхдүүдийн заавал бүрдүүлэх материал дунд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ буюу цагаан хорхой шээсний шинжилгээний хариу байх ёстой.

Ингэхдээ заавал улсын эмнэлэгт шинжилгээ өгдөг. Хувийн лабораторид өгсөн шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эцэг эхчүүд хуурамч шинжилгээний бичиг үйлддэгтэй холбоотой аж. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд улсын эмнэлэгт оочир дараалал үүсгэн, иргэдийн дунд маш их бухимдал гардаг. Иймд манай сурвалжлах баг Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорив. Тус эмнэлгийн хувьд энэ сарын 24-өөс эхлэн ажлын өдрүүдэд 08.00-14.00, амралтын өдрүүдэд 09.00-15.00 цагийн хооронд шинжилгээ авч эхэлжээ.

-ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨӨР ЦУГЛАСАН ХҮҮХДҮҮД ДААРЧ БЭЭРСЭН, ЗУТРАНГУЙ ХАРАГДАХ БӨГӨӨД ЭЦЭГ ЭХЧҮҮД БОРОО ОРООГҮЙД БАЯРЛАЖ ЗОГСОВ-

Биднийг өглөөний найман цагийн орчимд тус эмнэлэгт очиход, хүүхдийнхээ шинжилгээг өгөхөөр дараалал үүсгэсэн эцэг эхчүүд хэдэн зуугаараа байлаа. Шинжилгээ өгөх хаалга хоёр бөгөөд оочирлох дараалал нь ч мөн адил хоёр цуваа болсон байв.

Хүүхдийн цэцэрлэгийн эрүүл мэндийн үзлэгийн оочир дараалал гадаа болж байгаа бөгөөд даарч бээрсэн, хөл нь цуцсан хүүхдүүд хаа сайгүй. Хэрэв бороотой өдрүүд үргэлжилсэн хэвээр байсан бол, эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар ирсэн бяцхан үрс бүгд ханиад шуухинаа хүрэх төлөвтэй.

Цугласан эцэг эхчүүдийн сэтгэгдлийг сонсоход, цэцэрлэг дээрээ нэгдсэн журмаар авчихдаг байсан энэ жилээс заавал дүүрэг дээр очиж өг гэх юм. Шинжилгээ өгөх гэж нэг өдөр, хариу авах гэж нэг өдөр болох шинжтэй хэмээн бухимдангуй байлаа.

Мөн 30 гаран насны охиноо тэвэрч буй аав, хувийн эмнэлэгт өгүүлчихэд болдоггүй л юм байхдаа. Эсвэл өрх дээрээ шээс, цагаан хорхойгоо аваад шат дамжлагатайгаар явбал энэ олон хүний цагийг хэмнэж болно шүү дээ хэмээн хуучлав.

Харин зарим эцэг эхчүүд хороо хороогоор нь зарлаад өдөр товлочхож болдоггүй юм байхдаа. Өмнөх жилүүдэд тийм журмаар аваад л байсан шүү дээ хэмээн ам нийлэлдэн ярилцацгааж байв.

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ АВАХ НЬ ӨГӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ БУХИМДАЛД ӨРТҮҮЛЭВ-

Дараалалд зогсож буй иргэдийн дунд өрхөөсөө бичиг авч ирээгүй бол шинжилгээ өгөх боломжгүй байна хэмээх цуу хаа сайгүй. Урт дараалалд оочирлож зогссон эцэг эхчүүд уг цуурхлыг сонссон өрхийн эмнэлгийн зүг явах нь цөөнгүй. Мөн үүнтэй холбоотойгоор зарим нь урт дараалалд дахин зогсох нь хэмээн уцаарлангуй иргэд ч байв.

Харин эмнэлгийн зүгээс шинжилгээ өгч буй хүүхдүүдийг өрхөөсөө шинжилгээний бичигтэй бол шууд оруулж байлаа. Харин бичиггүй ирсэн хүүхдүүдийн харьяаллыг эцэг эхийн иргэний үнэмлэхийн хаягаар шалган бичиг өгч, шинжилгээнд хамруулах бөгөөд хариу нь цагийн дараа гарна гэх мэдээллийг өгч байв. 

Шинжилгээний хувьд 12 цагийн орчимд харьцангуй хүмүүс шингэрч, хөл хөдөлгөөн багасах ч, хариу авч буй газар мөн л өнөөх дараалал маш замбараагүй байдалтайгаар үргэлжилж байлаа.

Хүүхдийнхээ нэр гарахыг хүлээн зарим эцэг эхчүүд байхад, би л чадна гэсэн шиг нялх хүүхэд байгааг үл анзааран хариу зарлаж буй газар руу дайрч, давшлана. Тэдний хөлд  хүүхдүүдийн гар хөл гишгэгдэж, уйлж, гомдолох нь хаа сайгүй бөгөөд зарим эцэг эхчүүд өмнөх өдрийн шинжилгээний хариугаа авч чадаагүй хэмээн дараалан зогсоно.  

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button