Нийгмийн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуулийн төслүүд өргөн барилаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2021.10.06/ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хууль, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. .

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд оруулсан (кигалийн) нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 16 эрх зүйн баримт бичигт туссан 30 гаруй зүйл, заалтын дагуу Озоны үе давхаргыг хамгаалах тухай Монреалийн Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд “Озоны үе давхаргыг хамгаалах тухай” Венийн конвенцийн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орсныг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсы аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталжээ.

Цөмийн зэвсгийг хориглох гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршино. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь оршил 24, тогтоох 20 зүйлээс бүрдсэн байна. Манай улс гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button