“L-410” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнд Татарстаны эрх баригчид нэг сая рублийн нөхөн олговор олгохоор болсон талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас иш татан “ТАСС” агентлаг мэдээлжээ.
“Нисэх онгоцны ослоор амь үрэгдэгсэд болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэх тухай тус улсын Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурсан. Тиймээс хохирогчдын ар гэрийнхэнд нэг сая рубль олгоно” гэж мэдэгдэлд дурьджээ.
Онгоцны ослоор эрүүл мэндэд нь хүнд болон дунд зэргийн хохирол учирсан хүмүүст мөн 400 мянган рубль олгох аж.
“L-410” онгоц аравдугаар сарын 10-ны ням гарагийн өглөө Татарстаны Мензелинскийн нутагт осолдсон бөгөөд онгоцонд 20 шүхэрчин, багийн 2 гишүүн зорчиж байжээ. Ослын улмаас 16 хүн нас барж, зургаан хүн шархадсан гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлсэн. Хохирогчдыг нүүлгэн шилжүүлж аврахын тулд Набережные Челны руу Онцгой Байдлын Яамны тусгай багийнхан “Супержет” онгоцоор ниссэн байна.
Татарстаны Ерөнхийлөгч Рустам Минниханов аравдугаар сарын 11-ний өдрийг улс орон даяар гашуудлын өдөр болгон зарлалаа.
Өмнө нь L-410 онгоц осолдсон Мензелинскийн бүсийн дарга Айдар Салахов онгоцны хөдөлгүүрт нь шувуу орсны улмаас осолдсон байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн.
(Эх сурвалж: Gazeta.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.