ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ: Шаньси мужид болсон аадар борооны улмаас нүүрсний фьючерс үнэ дээд цэгтээ хүрэв

БНХАУ-ын Онцгой Байдлын Яамнаас энэ оны эхний гурван улиралд байгалийн гамшигт 94,94 сая орчим хүн өртөж, 792 хүн амиа алдаж, сураггүй алга болсон талаар “Шиньхуа” /Xinhua/ агентлаг аравдугаар сарын 10-нд мэдээлжээ.

Энэ хугацаанд 5,26 сая орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн гэж яамнаас мэдээлэв. Барилга байшин эвдэрч сүйдэн, ургац хураалтад ч сөргөөр нөлөөлөн хохирол учруулж, байгалийн гамшиг 1-9-р сарын хооронд 286,4 тэрбум юань буюу ойролцоогоор 44 тэрбум америк долларын эдийн засгийн шууд хохирол учруулжээ.

Цаг агаарын эрс тэс байдлаас үүдэлтэй байгалийн гамшиг их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эхний гурван улиралд Хятадад 39 удаа их хэмжээний хур тунадас орсон. Энэ үеэр ялангуяа Хэнань, Шаньси мужууд өртөж авто зам үерт автсан гэх яамнаас мэдээлсэн. Газар хөдлөлт, хар салхи, ган гачиг, цас зуд, ой хээрийн түймэр зэрэг нь янз бүрийн хэмжээний гарз хохирол учруулсан.

Гэсэн хэдий ч өнгөрсөн есөн сарын хугацаанд болсон байгалийн гамшгийн нийт нөлөөлөл нь өнгөрсөн таван жилийн мөн үеийнхээс бага байсан бөгөөд үүнд өртсөн хүн ам, эдийн засгийн шууд алдагдал тус тус 31 хувь, 14 хувиар буурчээ.

Аадар бороо коксжих нүүрсний үнэд хүртэл нөлөөлөв. Даляний хөрөнгийн бирж дээр коксжих нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрэв. Учир нь нүүрс олборлодог Шаньси мужид үер болсны дараа коксжих нүүрсний фьючерс зургаан долоо хоногт дээд цэгтээ хүрэв.

Өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар борооны улмаас Шаньси мужийн нүүрсний 27 уурхай хаагдсан. Шаньси муж бол нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлдэг.

Нэгдүгээр сарын Далянь дахь коксжих нүүрсний фьючерсийн үнийн өсөлт 6,9 хувьд хүрч, нэг тонн нь 3,428 юань буюу 532,80 америк долларт хүрэв. Кокс 5,4 хувиар өсч, нэг тонн нь 3,728 юань болсон нь есдүгээр сарын 10-наас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.

Далянь дахь төмрийн хүдрийн гэрээ нь дуудлага худалдааг 6,5 хувиар өсгөсөн бол Сингапурт төмрийн хүдэр 10,1 хувиар өсч, тонн нь 137,25 америк доллар болов.

“Ган арматурын импортын эрэлт ойрын хоёр улиралд үйлдвэрлэлийн томоохон хязгаарлалтын улмаас нэлээд нэмэгдэх төлөвтэй байна” хэмээн “Navigate Commodities”-ийн мэргэжилтэн хэлэв. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь гангийн үнийг өсгөх болно гэж мэргэжилтэн нэмж онцлов.

Шанхайн фьючерсийн хувьд арматурын үнэ бүрж дээр 0,8 хувиар өссөн бол халуун цувисан гангийн үнэ 0,3 хувиар өсчээ. Зэвэрдэггүй гангийн үнэ харин 1,9 хувиар буурчээ.

Даваа гараг /2021.10.11/-ийн арилжаа дуусахад Жэнжөүгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан нүүрсний фьючерс 11,6 хувиар өсч нэг тонн нь 1408,2 юань буюу 218,74 америк доллар болж, дээд амжилтыг эвдэв. Энэ талаар “Финаншиал Таймз” /Financial Times/ мэдээлэв.

Үүний шалтгаан нь мөн л Шаньси мужид болсон үертэй холбоотой. Үүнээс гадна сүүлийн хэдэн долоо хоногт Хятадад нүүрлэсэн эрчим хүчний хямрал үнийн дүнд нөлөөлсөн бөгөөд олон салбарын үйлдвэрлэл зогсоход хүрсэн билээ.  

(Эх сурвалж: regnum, cgtn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button