ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

НҮБ: 2020 онд зуун сая гаруй хүн ядуурлын доод түвшингээс доогуур төлөвт орсон

Сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа ядуурлын түвшин нэмэгдсэн нь ерөнхийдөө коронавируст цар тахал өвчинтэй холбоотой. Цар тахлын эсрэг тэмцэл нь дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерришийн хэлснээр өнгөрсөн 2020 онд 120 сая хүн ядууралд өртжээ.

Гутерриш аравдугаар сарын 17-ны дэлхийн ядуурлыг арилгах олон улсын өдрийг тохиолдуулан хэлсэн илтгэлдээ ядуурал болон тэгш бус байдал, вакцины хуваарилалтын шударга бус байдал гэсэн хоёр чиглэлд тэмцэх шаардлагатай байгааг онцлов. Дээрхи байдал нь коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засгийн уналтыг уртасгаж байгаа гэв.

НҮБ-ын Мэдээллийн төвийн мэдээллийг үндэслэн хэлэхдээ “Бид энэ байдлыг яаралтай таслан зогсоож, өрийн хямралыг зохицуулж, хамгийн ихээр хямралд өртсөн улс орнуудыг хямралаас нь гаргахын тулд тэдгээр орнуудад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай” гэж дурьдав.

Өмнө нь, НҮБ-аас “COVID-19”-ийн халдварын эсрэг улс орнуудын хамтарсан тэмцэлд ахиц гараагүйг хүлээн зөвшөөрсөн.

Ерөнхий Нарийн Бичгийн Дарга энэ байдлаас гарах тодорхой арга замыг санал болгож, улс орнуудыг 2030 он гэхэд нийгмийн гишүүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахын тулд улс төрийн хүсэл зориг, түншлэлийн хүрээг өргөжүүлэхийг уриаллаа.

Үүний зэрэгцээ тэрбээр “ногоон эдийн засаг”-ын өсөн нэмэгдэж буй салбарыг боловсон хүчнээр хангахын тулд ажилчдыг давтан сургахад илүү их хөрөнгө оруулалт хийхийг ч санал болгов.

“Бид мөн тусламж үйлчилгээний салбарт зохистой ажлын байранд хөрөнгө оруулалт хийх учиртай. Энэ нь тэгш бус байдлыг шийдвэрлэн ийм дэмжлэг хэрэгтэй байгаа бүх хүмүүст халамж үзүүлэх үүд хаалгыг нээх болно” гэж НҮБ-ын тэргүүн тодотгов.

НҮБ-ын тэргүүн цар тахал өвчний улмаас хүн амны хамгийн эмзэг давхарга ялангуяа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү хохирч байгаад анхаарлаа хандуулав.

Нэмж дурьдахад Гутерриш бизнес эрхлэгч эмэгтэйчүүд рүү чиглэсэн туслалцаа үзүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлттэй тэмцэх, түүнчлэн боловсрол, нийгмийн хамгаалал, хүүхдийн эрүүл мэндийн даатгалд анхаарч дижитал технологийн хүртээмжийн зөрүүг бууруулах санал гаргалаа.

Антониу Гутерришийн онцолсноор эрүүл хоол хүнсийг дэлхийн хүн амын бараг тэн хагас нь буюу гурван тэрбум хүн авч чадахгүй эмгэнэлтэй тоо байгаа аж. 2020 онд дэлхийн 800 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэж тэргүүн нэмж тайлбарлав.

Ядуурлыг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг ба анх 1987 оны тус өдөр Парис дахь /1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан/ Шайо ордны гадаа олон мянган хүн цугларч, туйлын  ядуу зүдүү, хүчирхийлэл болон өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дуу хоолойгоо нэгтгэн жагссан түүхтэй.

(Эх сурвалж: rentv, interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button