Уран нугаралтад уян хатан чухал. Харин бодибилдинг, фитнессийн спортод чанга бие, том булчин, хүдэр бадар байдал чухал. Эсрэг тэсрэгийн туйл болсон энэ хоёр төрлөөр зэрэг хичээллэн, хоёулангаар нь амжилт гаргаж яваа түүнийг Э.Лхагва-Очир гэдэг.
“Нарны цирк”-ийн кристал шоуны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан тэрбээр Монголын хамгийн шилдэг уран нугараачдын нэг.
Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж, монгол уран нугараачийн ур чадвар, авьяасыг гайхуулж яваа Э.Лхагва-Очир жилийн өмнөөс бодибилдинг, фитнессийн спорттой амьдралаа холбожээ. Улмаар асар богинохон хугацаанд буюу ганцхан жилийн дотор дэлхийн аварга, “Монголын мистер”, хотын аварга болж, шуугиулав. Уран нугаралт, бодибилдинг, фитнессийн спортыг хослуулж яваа “Монгол Aquaman”-тай ярилцлаа.

-Хоорондоо 10-хан хоногийн зайтай болсон ДАШТ, “Монголын мистер” тэмцээнд түрүүллээ. Дэлхийн аваргад анх удаа өрсөлдөөд алтан медаль хүртэнэ гэх итгэл, багцаа танд хэр байв?
-Медаль авна гэсэн итгэл байсан. Миний өрсөлддөг төрөлд амжилт гаргахад үзүүлбэр, биеийн харьцаа чухал. Үзүүлбэрээ найруулах, илүү олон элемент хийх, олон дүрд хувирахад циркийн жүжигчин, уран нугараач мэргэжил маань давуу тал бололгүй яах вэ. Уран нугаралтаар энэ олон жил хичээллэсний үр дүнд бий болсон булчингууд мөн амжилтын үндэс болдог.
Нөгөө талаар би урлагийн хүн, багаасаа тайзан дээр циркийн үзүүлбэр үзүүлж, уран нугарсан. Тэгэхээр тайзан дээр бодибилдинг, фитнессийн үзүүлбэр үзүүлэхэд давуу тал үүсэлгүй яах вэ.
ДАШТ-д өрсөлдөхийн өмнө ангиллынхаа тамирчдыг, үзүүлбэрийг нь бага зэрэг судлахад нэг алдаа анзаарагдсан. Тэр нь, үзүүлбэрээ аэробикийн тоглолт гэж хардаг явдал. Аяндаа тохирсон, эс тохирсон, уялдаа муутай үзүүлбэр үзүүлдэг нь надад учир дутагдалтай санагдсан. Тиймээс үүнийг өөрчилье гэж бодлоо. 90-хэн секундийн хугацаанд өөрийгөө харуулах ёстой. Энэ хугацаанд зүгээр нэг үзүүлбэр үзүүлэх бус урлагийн бүтээл тавигдах учиртай. Тиймээс би ДАШТ-д өрсөлдөхдөө цагаан хунгийн дүрд хувирсан. Дэлхийн аваргын дараа “Монголын мистер”-т оролцохдоо “Аquaman” боллоо. Нэг үзүүлбэрээ дахиж давтахыг хүсээгүй. Илүү бүтээлч, сонирхолтой үзүүлбэр үзүүлэхийн тулд тэгсэн юм.
-Та уран нугаралтаар олон улсад чамлахааргүй амжилт гарган, Монголынхоо нүүрийг тахалсаар яваа. Спортын төрлөөр ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэх мөчид тэс өөр мэдрэмж төрсөн нь мэдээж.

-“Тамирчны алдар хямдхан олдоогүй” гэж ямар үнэн үг болохыг, амжилт гаргахын төлөө ямар их золиос гарган, хичээдгийг яс, махандаа тултал ойлголоо. Дэлхийн аварга болоод, дэлхийн дэвжээнд Төрийнхөө дууллыг эгшиглүүлэн, алтан медалиа энгэртээ гялалзуулан зогсох мөчид үнэхээр сайхан байлаа. Үгээр илэрхийлэхийн, зүйрлэхийн аргагүй гоё мэдрэмж төрсөн. Төрийн дуулал эгшиглэж яг эхлэх мөчид үнэхээр огшин, сэтгэл хөдөллөө. Би тэмцээнд өрсөлдөхийн тулд усаа 48 цаг хасчихсан байсан. Сэтгэл хэчнээн хөдөлсөн ч нулимс гараагүй. Нулимс гарах ч шингэн биед үлдээгүй байсан, тэгтлээ хичээсэн, бэлдсэн юм л даа.
Би энэ спортоор хичээллээд удаагүй. Амжилт гаргахын төлөө бүхий л амьдралаа зориулж, бэлтгэл хийж яваа тамирчин олон бий. Бодибилдинг, фитнесс зөвхөн хүчний, хүнд төмөр өргөөд амжилтад хүрдэг спорт биш. Хоолны дэглэм, нойр, бэлтгэл, сэтгэл зүй гээд олон зүйлийг маш нарийн бэлдсэний хүчинд л амжилтад хүрдэг. Энэ спортоор хичээллэдэг бүх тамирчин, дасгалжуулагчдыг үнэхээр хүндэлж байна.

Би циркийн тоглолт, уран нугаралтаар гадаадад олон удаа явсан. Энэ удаагийнх хамгийн дурсамжтай нь байлаа. Өмнө нь хүссэн бүхнээ идэж, уун, дураараа явдаг байсан. Гэтэл энэ удаа эндээс бэлтгэж явсан тахианы махнаас өөр юм идэж болохгүй, хоолны дэглэмээ яс барьсан. Бодибилдинг тэсвэр тэвчээрийн спорт гэдэг үнэхээр үнэн юм билээ.
ДАШТ, “Монголын мистер”, хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж надад олгосон Монголын бодибилдинг, фитнессийн холбоо, Гантулга багшдаа, ханьдаа, дөрвөн охиндоо баярлаж явдаг. Намайг хүний дайтай хүн болгож өсгөн, хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлалаа.
-Үзүүлбэрээ бодибилдинг, уран нугаралттай хослуулж үзүүлэхээр бусад орны тамирчид, шүүгчдийн анхаарлыг бүр ч их татав уу?

-Тэгсэн. ДАШТ-ий үеэр олон орны тамирчин, шүүгчид надтай уулзан, баяр хүргэсэн. “Чи хамгийн шилдэг нь” гээд амжилт хүссэн. Миний үзүүлбэр бодибилдинг, фитнессийн үзүүлбэрийг арай өөр түвшинд аваачсан байх. Дараа, дараагийн тэмцээний үзүүлбэр илүү чангарах ёстой. Учир нь би босгыг нь өндөрсгөөд тавьчихсан учраас.
-ДАШТ-ий дараа “Монголын мистер”-т өрсөлдөөд түрүүлсэн. Хангалттай бэлдэж амжсан уу?
-Үнэхээр цаг бага байлаа. Таван хоногийн хугацаанд бэлдээд л өрсөлдсөн. Үзүүлбэрээ сайн бэлдэж үнэхээр амжаагүй. Усаа хасаад, ямар ч тамиргүй болчихсон. Хөгжмөө сонсон, дотроо төсөөлөөд л бэлдсэн. Үзүүлбэрээ олон дахин давтах тэнхэл байгаагүй. Яг тэмцээний өмнө үнэхээр тэгж ядардаг, цуцдаг байхгүй юу.
-Та “Aquaman”-ы дүрд хувирсан. Санааг нь хэрхэн гаргав?

-Эхнэртэйгээ ярилцаж байгаад гаргасан. “Би хэн болох боломжтой, надтай хамгийн төстэй дүр төрх юу вэ” гэж бодонгуут “Aguaman” санаанд шууд буусан. Хувцас, хэрэглэл, үзүүлбэрээ ердөө тавхан хоногийн дотор бэлдсэн.
-Цөөнгүй эмэгтэй таныг крашилж буй нь анзаарагдсан...
-Олон улсад тоглолтоор явж байхад тиймэрхүү зүйл тохиолддог, анзаарагддаг. Би гэр бүлтэй, дөрвөн хүүхэдтэй. “Баярлалаа” л гэж хэлье дээ (инээв).
-Уран нугараач та тэс өөр салбарт, спортын төрлөөр хичээллэхэд юу нөлөөлөв?
-Уран нугаралтын нөгөө туйл нь бодибилдингийн спорт. Бага зэрэг масс нэмээд, хөгжөөгүй булчингаа хөгжүүлж, гоо сайхан, бие галбиртаа анхаарах бодол надад байсан. Түүнээс биш бодибилдинг, фитнессийн бэлтгэл тогтмол хийдэггүй байв. Би уран нугаралтаар хичээллэдэг, биеийн хөгжил сайтай болохоор энэ спортоор хичээллэх, амжилт гаргахад илүү ойр байсан юм болов уу.
Найзууд маань “Фитнессийн тэмцээний 50 хувь нь булчингийн масс, биеийн харьцаа. Үлдсэн 50 хувьд нь үзүүлбэр чухал. Тэмцээнд өрсөлдөн, өөрийгөө сориод үз” гэж зөвлөсний дагуу өнгөрсөн жил есдүгээр сард болсон хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлсэн.
-Таны оролцсон анхны тэмцээн бил үү?


-Тийм ээ. Тэмцээний өмнөх бэлтгэлээ долоон хоног базаагаад өрсөлдсөн. Сая ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ 45 хоног хийн, оролцоод дэлхийн аварга боллоо.
-Хотын аваргад 10, ДАШТ-д 45 хоног бэлтгэл хийгээд түрүүлнэ гэдэг богино хугацаанд гаргасан амжилтад тооцогдоно. Уран нугараач, үзүүлбэрээ уран нугаралттай хослуулдаг нь таны амжилтын нууц уу?
-Тэгэлгүй яах вэ. Би есөн настайдаа уран нугаралтаар хичээллэн, өнөөг хүртэл уран нугараач хийж явна. Өдий хүртэлх хугацаанд маш өндөр формтой, ачаалалтай бэлтгэлтэй байсаар ирсэн. Тэгж байж олон жил нугарна, өндөр түвшинд өөрийгөө бэлэн байлгана.
-Хоорондоо эсрэг тэсрэг хоёр өөр төрлөөр хичээллэхэд ямар нэгэн сөрөг нөлөө бий юү. Бодибилдингоор хичээллэн булчинлаг биетэй болчихоор уян хатан алдагдах уу?
-Мэдээж тэгнэ. Би олон хүний, өөрийнхөө ойлголтыг эвдэх, өөрчлөхийн тулд энэ хоёр төрлөөр зэрэг хичээллэж байгаа. Бага байхад багш маань намайг бодибилдингоор хичээллэх нь битгий хэл сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглохыг хориглодог байсан. Намайг багад манайх гэр хороололд байдаг байв. Надаар мод хөрөөдүүлж, ус зөөлгүүлж байгаагүй. Мэдрэмжээ алдчихна гэсэндээ тэр.
Сүүлд би “Нарны цирк”-ийн кристал шоунд найман метрийн өндөрт, сандалнууд давхарлаад, мөсөн дээр тоглодог байсан. Хүнд хүчир ажил хийн, хүнд юм өргөхөөр хүний мэдрэмж өөрчлөгддөг. Уран нугараач бид гараараа тулан, ямар нэгэн зүйлийг фокуслаж харан, анхаарлаа хандуулаад, биеэ тархиараа удирддаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар гар, хөлөө гэмтээсэн гэдэг ч юм уу надад асуудал байх ёсгүй. Ийм эрсдэлээс болгоомжилсондоо багш тэгдэг байсан юм.
Үүнийг би өөрчилье гэж бодсон. Яагаад энэ хоёр туйлыг хослуулж болохгүй гэж. Тиймээс уян хатан, тэсвэр тэвчээр, хүчийг хослуулаад зүтгэвэл ямар байх вэ гэдгийг харуулах, үлгэрлэхийг хүссэн. Зөвхөн хүчтэй байх ямар вэ. Зөвхөн уян байвал ямар амжилтад хүрэх вэ. Хоёуланг нь нийлүүлбэл ямар байхыг харуулахыг зорьсон юм.
-Хоёулангаар нь зэрэг хичээллээд, амжилт гаргах боломжтойг та амжилтаараа нотоллоо гэж ойлгож болох уу?
-Болно оо. Аль, алингаар нь хичээллээд явах боломж бүрэн харагдаж байна. Мэдээж тэгэхийн тулд хэм хэмжээг нь тааруулах чухал. Би одоогийнх дээрээ 20-30 кг масс нэмчихээд нугарвал ямар байх нь ойлгомжтой.
Бодибилдингийн спортыг би урлаг гэж боддог. Учир нь хүн өөрийнхөө биеийг баримал мэт урладаг. Маш хүнд бэлтгэл, хоолны дэглэм барьж, уйгагүй зүтгэн, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсний хүчинд л булчинлаг биетэй болдог, зорилгодоо хүрдэг.
-Цаашид хоёулангаар нь хослуулан хичээллэх үү. Аль нэгийг нь дагнах бодол бий юү?
-Хоёуланг нь тохируулаад хичээллэх бодол бий. Шууд бодибилдингоор дагнаад хичээллэхэд санхүүгийн асуудал тулгарч мэднэ. Энэ спорт өртөг өндөртэй. Би циркийн жүжигчин хүн, аялан тоглолт хийгээд цалинждаг.
Коронавирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон тул аялан тоглолтоор явах, циркийн, уран нугаралтын тоглолт хийх боломжгүй. Энэ нь нөгөө талаар надад өөрийгөө өөр зүйлд сорих боломж олголоо. Цаашид ямар боломж олдохыг хэлж мэдэхгүй.
-Дараагийн ДАШТ, бусад тэмцээнд оролцох уу?

-Өрсөлдөх боломж гарвал татгалзахгүй.
-Цар тахлын улмаас гадаадад аялан тоглолт хийх боломжгүй байгаа. Одоо та ер нь юу хийж байна вэ?
-Амьдрахын тулд юм юм л хийж байна. Цахим орчныг ашиглан онлайн сургалт явуулж байгаа. Монголчууд сунгалтын хичээл түлхүү сонирхдог. Бид “Хүн хөгширч бус хөшиж үхдэг” гэдэг. Тэгэхээр эрүүл, чийрэг амьдрахад сунгалт их чухал.
-Гадаадад аялан тоглолтгүй байгаа тул гэр бүлдээ цаг гаргах боломж их гарч байна уу?
-Усны шувуу шиг л үргэлж гадаад руу явдаг надад энэ л ёстой сайхан байна. Байнгын бэлтгэлтэй, аялан тоглолт гээд гэртээ байхаасаа байхгүй нь их би гэр бүлдээ төдийлөн хангалттай цаг гаргаж амждаггүй. Ачаалалтай, хүнд бэлтгэл хийдэг тул гэртээ их ядарч ирнэ. Мэдээж аль болох цаг гаргахыг хичээдэг ч үнэхээр амждаггүй юм. Өөрийгөө их шүүмжилдэг, голдог. Өөрийнхөө ур чадвар, авьяас, мэдлэгээ хүүхдүүддээ өвлүүлэх гээд хоёр томыгоо бэлдэж байгаа. Загасчны морь усгүй гэгчээр хоёр охиноо бэлдэх цаг бас санаснаар гарахгүй юм аа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Би дөрвөн охинтой. Үзэсгэлэнтэй сайхан ханьтай. Эхнэр минь миний арыг үнэхээр сайн дааж, намайг үргэлж дэмжиж, түшдэгийн хүчинд би өдий зэрэгтэй яваа. Ханьдаа үнэхээр их баярлаж явдаг, чамдаа хайртай шүү.
-Цирк хагас цэрэгжилтийн, хагас спортжилтын урлаг. Биеийн хүчний олон дасгал, хөдөлгөөн, уйгагүй бэлтгэл шаарддаг, маш их эрсдэлтэй. Жаахан л алдаа гаргахад амиа ч алдаж мэднэ.
-Циркийн асуудал олигтой гарц гаргалгаа, ахицгүй удсаар, цаг хугацаа хөвөрсөөр. Монголын хамаг л шилдэг циркийнхэн амьдрахын эрхэнд гадаад руу явлаа, өөр салбар руу орлоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Би залуу хүн. Циркийг хувьчлахад би бүр залуу байсан. Болох учиртай зүйл болсон ч байж магадгүй. Нэг талаар циркчид бутарлаа, эв нэгдлээ алдлаа, бэлтгэлийн байргүй боллоо. Нөгөө талаар олон уран бүтээлчийг хурцалсан байж мэднэ.
Циркийн асуудлыг олон нийт үе үе яриад, шуугиад л өнгөрдөг, тэгсхийгээд намждаг. Улс биднийг дэмжихгүй, тоохгүй байхад одоо яах вэ дээ. Нэгэнт хувьчилсан циркийг буцааж авч чадахгүй нь тодорхой.
Монголчуудыг дэлхийд гайхуулсаар ирсэн нэг салбар бол цирк. Гадаадад монголчуудыг хамгийн их таниулсан, таниулсаар байгаа том салбар. Уран нугаралтыг бид дэлхийд заадаг. “Уран нугаралтын монгол дэг” гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Зөвхөн монгол хүнээс л сурах боломжтой. Үүнийг би нүүр бардам хаана ч хэлнэ. Ганцхан төрлийг жишээ татаад ярьхад ийм байна. Циркийн урлагийн ийм том өвийг ямар ч шүүлтүүргүйгээр үгүй хийн, хамаг өнгөтэй, өөдтэй хүмүүсээ гадныханд алдсаар байгаа нь харамсалтай.
-Монголын циркчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг дэлхий даяар тарж бутарчихлаа. Циркийг хувьчилсан нь таны ажил, амьдрал, карьерт хэрхэн, яаж нөлөөлсөн бэ?
-Наад зах нь бэлтгэлийн байр, нийгмийн халамж, цалин, нийгмийн даатгалаас авхуулаад олон хүндрэл тулгарсан. Одоо чадах нь нийгмийн даатгалаа хувиараа төлж байна. Чадахгүй нь тэгээд олдсон ажлаа голохгүй хийгээд явж байгаа. Үнэнийг хэлэхэд “Тэгчихлээ, ингэчихлээ” гэж би одоо юу ярих вэ дээ. Монголын циркчид үнэхээр бутарчихлаа. Бас биднийг бутаргачихлаа. Улсын статустай өөр шинэ цирк барьж, боловсон хүчнээ сайн бэлтгэж байж л энэ асуудал нааштайгаар шийдэгдэж, циркийн урлаг өмнөх голдиролдоо орох байх.
-Одоо ер нь Монголын хамаг л сор болсон циркчид гадаад руу явчихсан уу?

-Тэгсэн. Тэгэхээс ч өөр аргагүй. Монголд циркийн орчин алга. Би өөр дээрээ ярья. Өнөөдөр надад циркийн ажил, тоглолт, цалин алга. Онлайн хичээл заах ч юм уу иймэрхүү л ажил хийж байна. Гэтэл манай хоёр хөрш л гэхэд хот бүртээ цирктэй. Гэтэл Монголд ганц ч алга, “Аса цирк”-ийг эс тооцвол. Үүгээрээ л бид дэлхийн ард алхаж явна. Уран бүтээлчдийн ур чадвар, үзүүлбэрээр ёстой хаана ч гологдохгүй.
-“Д.Дагвадорж Монголын циркийн байрыг, циркийн урлагийг үгүй хийчихлээ” гэж шүүмжлэх хүн олон. Таны бодлоор яг гол буруутан нь хэн бэ?
-Буруутан нь циркчид өөрсдөө ч байж мэднэ. Яагаад хувьчилъя гэсэн юм бэ. Хувьчлах үед нь яагаад дуугараагүй, эсэргүүцээгүй юм. Монголын циркийн урлаг ийм байдалд хүрсэнд, циркчид тарж бутарсанд Д.Дагвадорж буруутай юу гэвэл буруутай. Олон жилийн өмнө болсон зүйлийг одоо шүүх, буруутан нь тэр гэх хэцүү л дээ.
-“Аса цирк”-ийг шинэчлэн, засварлаж байгаа. Засвар нь дууссаны дараа циркийнх нь хэлбэрээр үргэлжлүүлэн ашиглана гэхэд эргэлзэх хүн олон. Циркийг шинэчлэн засварлаад, циркийн урлагийг сэргээн хөгжүүлчих болов уу гэсэн итгэл, хүлээлт танд бий юү?
-Тэгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тийм горьдлого, хүлээлт надад бий. Илүү олон талаар хувиргах боломжтой тайз барьж байгаа гэж дуулсан. Арай ч ингээд хаячихгүй байх. Над шиг бодолтой, хүлээлттэй олон циркчин бий.
-Жүжигчнээ болгох санал бусад орноос танд хэр их ирдэг вэ?
-Ирэлгүй яах вэ. АНУ, Мехсик, Турк улс л гэхэд “Манай сургуульд багшил. Бүх зүйлээр хангая” гэдэг. Би зөвшөөрдөггүй юм. Би одоо уран бүтээлээ ид хийж байгаа. Багшилбал жүжигчний карьер маань дуусна. Үүнээс гадна өөр нэг шалтгаан бий.
-Тэр нь юу бол?
-“Эхлээд Монголдоо сайн жүжигчин, уран нугараач бэлдэх юм сан. Тэгснийхээ дараа гадаадад багшилна” гэх бодол намайг үргэлж эх оронд минь уядаг. Үндсэрхэг үзэл юм уу даа. Тэгээд л зөвшөөрдөггүй юм. Түүнээс биш гадаадад багшлаад, менежментийг нь хийгээд явах боломж үнэхээр байна. АНУ, Канадад бүр ч их. Цалин хөлс, хангамж нь одоо миний авч буйгаас тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ. Мөнгөнөөс илүү үнэтэй зүйл надад бий. Тэр бол Монголоо гэх сэтгэл минь.
-Таныг олон улсад аялан тоглолт хийхдээ орлон тоглогчгүй явдаг гэж дуулсан. Үнэн үү?

-Үнээн. “Нарны цирк”-ийн кристал шоунд би гурван жил тоглосон. Бүх циркчин орлон жүжигчинтэй. Нэг нь бэртэхэд, ямар нэгэн асуудал гарахад оронд нь тоглох жүжигчин бэлэн. Надад нэг ч орлон тоглогч байгаагүй. Учир нь миний үзүүлбэрийг хэн ч хийж, дуурайж чадахгүй байсан юм. Тэгэхээр хэчнээн хичээвч над шиг бүжиглэж чадаагүй байсан гэсэн үг. Ингэж ярихаар зарим хүн намайг онгирч байна гэж бодож магадгүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Үнэнийг л хэлэх хэрэгтэй.
Мэргэжлээрээ дахиад олон уралдаанд оролцох төлөвлөгөө надад бий. Тэгэхийн тулд олон жилийн турш уйгагүй бэлтгэл хийх, тодорхой золиос гаргах шаардлага гарна. Москвад ч юм уу очоод өөрийгөө тусгаарлан бэлтгэл хийж амжилтад хүрнэ.
Найм, 10 метрийн өндөрт байхдаа ч ургаа модон дээр, газар дээр алхаж байгаа юм шиг л тайван байх хэрэгтэй. Айдсаа даван туулж байж л тэгж чадна. Доороос маш олон гэрэл, хөгжим, үзэгчид, алга ташилт, чимээ гээд анхаарал сарниж мэдэх хүчин зүйлс олон. Тиймээс өөрийгөө вакумжуулж, ганцаархнаа байгаа мэт тоглох хэрэгтэй. Тэгэхээр биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл циркийн урлагт ус, агаар мэт чухал. Өөрийгөө тусгаарлан бэлтгэл хийж, сэтгэл зүйгээ бэлддэг. Өчүүхэн алдаа гаргах, анхаарал жаахан сарнихад л бүх зүйл талаар болно, амиа ч алдах эрсдэлтэй. Үүнд циркийн урлагийн гайхамшиг оршино. Тийм учраас мэргэжилдээ, энэ ажилдаа би хайртай.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ А.НАРМАНДАХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон охидын крашдаа
Гадаад хүн чюм шиг яриад байхын ярих өнгө аяс нь
Mongol dutahgui zugeer l yav kk