НИЙГЭМУРЛАГЭнтертайнментЯрилцлага

О.Самданпүрэв: Хүмүүст үзэн ядуулах зэвүүн, эсрэг дүр бүтээхийг хүсдэг

Өдгөө Улсын Драмын Эрдмийн Театрт студи ангийн жүжигчнээр ажиллаж байгаа залуу уран бүтээлч Оюунсамбуу овогтой Самданпүрэвтэй ярилцлаа.

Түүнийг “37 точка” уран сайхны киноны Содном гэх геологич залуугийн дүрээр нь уншигчид сайн мэднэ. Мөн хосуудын салалт, хүсээгүй жирэмслэлт зэрэг нийгэмд тулгардаг асуудлыг хөндсөн, драма жанрын “Нэг талын тасалбар” олон ангит кино нь өдгөө үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ.

-“ХААДЫН ХААН” ГЭЭД ТҮҮХЭН ЖҮЖИГ ДЭЭР АЖИЛЛААД ЗАВГҮЙ ГҮЙЖ ЯВНА-

-Удаан хугацаанд холбогдсоны дараа ярилцаад суух боломж олдож байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл өндөр байна. Үнэхээр л завгүй яваад байсан учир уулзах боломж олдохгүй удаан явлаа. Их зан гаргаад байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол үнэхээр уучлаарай. Өглөө гараад л орой гэртээ орж ирээд байгаа учир цаг хугацаа ч яаж өнгөрөөд байгааг анзаарах сөхөөгүй байлаа. Ямар сайндаа л хоёулаа одоо уулзаж байна шүү дээ.

Бид драмын театрынхаа 90 жилийн ойд зориулаад “Хаадын хаан” гээд түүхэн жүжиг дээр ажиллаж байгаа. Бэлтгэл ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Жүжгийн хувьд Чингис хаан, эрчүүдийн нөхөрлөлийн тухай гардаг. Маш том уран бүтээлд орж ажиллаж байгаадаа би ч гэсэн их баяртай байгаа. Миний хувьд театрт орсны дараах анхны түүхэн жүжиг юм. Одоогоор би сонсогч жүжигчнээр ажиллаж байна. Дагалдан жүжигчин гэсэн үг л дээ.

-Таны хувьд чамлахааргүй олон уран бүтээлд гол болон туслах дүрд ажилласан. Театрын жүжигчнээр ажиллаад явахад хэр ялгаатай байна вэ?

-Өө маш их шүү дээ. Тайзан дээр бүх зүйл нь амьд байх ёстой. Киноны зураг авалт дээр алдвал тухайн хэсгээ хасаад дахиад дүбл явдаг. Тайзан дээр үзэгчид хараад сууж байхад бидэнд алдах эрх байхгүй. Бүх зүйл яг чистный ганц л явах ёстой. Тиймээс бид одоо ч бэлдсээр байгаа. Жүжгийн бэлтгэл өнгөрсөн өвлөөс эхэлсэн. Маш их судалгаа, олон хүмүүсийн хөдөлмөр орж байгаа ажил учраас бүгд чин сэтгэлээсээ ажиллаж байна.

Ерөөсөө л алдах, ажлаасаа хоцрох эрх байхгүй. Наанадаж л кинонд чи, бид хоёр шиг ингээд аяар ярьж болно. Харин тайзан дээр чанга ярих ёстой. Бүх зүйл хяналтад явагддаг. Миний хувьд теарт ажилласан туршлага бага. Дөнгөж л суралцаад явж байна. Энэ олон мундаг хүмүүстэй ажиллах боломж олдсон учир хамаг чадлаараа хичээхийг хүсэж, ажиллаж байна даа.

-Тайзан дээр гарах үеийн сандрал, сэтгэл хөдлөл их байдаг болов уу?

-Тийм ээ. Үзэгчид биднийг яг өөдөөс хараад сууж байгаа. Тайзны жүжигчинд нэг дүрэм бий. Тэмдэглэсэн улаан шугамнаас гарсан л бол Самдаа гэж хүн байхгүй. Миний авсан дүр л байх ёстой. Тиймээс тайз, дэлгэцийн уран бүтээл хоёр тэс өөр. Би яг одоо л анхны дүр дээрээ ажиллаж үзэж байна. Гарах бүртээ алдчихгүй юмсан, дүрээ илүү гаргачих юмсан гээд л хичээж байна. Чадахгүй, бүтэхгүй зүйлс мэдээж зөндөө. Гэхдээ болгохын төлөө л явж байна. Болох ч байх.

-Бүтээж байсан дүрүүдээс зан төлөв, байгаа байдалтай тань хамгийн төстэй, ойр дүр байсан уу?

-Ер нь л тэс өөр шүү. Одоо миний ажиллаж байгаа дүр Монголын нууц товчоонд Бөртэ хатныг хулгайлдаг Чилэгэр бөх. Дүрийн судалгаа нь ерөөсөө л түүхэн ном, материалууд байна. Эрдэм шинжилгээний хурал хийгээд маш олон судалгаан дээрээс жүжгийнхээ тавилтуудыг хийж байгаа.

Миний дүр овог аймгийн язгууртан гаралтай том хүн байхгүй юу. Тэгээд Чингис хааны хатныг хулгайлчихсан. Яавал ч яая гэсэн айдасгүй, эрэмгий баатрын дүр. Энэ дүр нь бас өөрөөрөө бахадсан, онгироо гэмээр зан характертай. Харин би эсрэгээрээ онгироо зантай байхыг хүсдэггүй. Магадгүй байдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох биш байхыг л хичээдэг. Ерөнхийдөө ажиллаад л байна даа.

Нэг талын тасалбар”-ын Найрамдалын дүр, кинотой холбогдох болсон түүхээ сөхвөл?

-Хуучин үндэсний телевизэд ажилладаг байсан н.Батцэцэг эгч, Ц.Гансэрээ ах, “Nomada pictures”-ын хамтын драма төрлийн бүтээл. Энэ кинонд миний ажилласан дүр бол одоогийн цаг үед юу хийхээ мэдэхгүй байгаа, зорилгоо тодорхойлоогүй, нэг тийм сонголтод орчихсон гэх юм уу, тийм дүр. Хувийн амьдралын тал дээр ч эцсийн зорилгоо олоогүй. Өөрийнхөө юу хийхийг хүсдэгээ ч мэдэхгүй. Тийм залуу хоёр өөр ертөнцөд гацчихсан. Тэр хоёрын дунд л амьдрал нь хөрвөөд яваад байгаа. Түүнээс нь олон зөрчил үүсээд, юу хийх ёстойгоо ойлгож чадахгүй байгаа гэх юм уу.

Хэдийгээр найзууд, гэрийнхэн туслаад байгаа ч, өөрийнх нь амьдралд бүтээд байгаа зүйлгүй. Эцэст нь арван ангийн төгсгөлд нэг шийдвэрт хүрээд “За би ийм шийдвэрт хүрлээ. Миний амьдрал ийм юм байна” гээд ойлгож байгаагаар дуусдаг. Миний хувьд Найрамдалын дүрийг анх уншаад “Хоёр эмэгтэйн дунд яваад ямар тэнэг залуу вэ” гэж бодох ч, нийгэмд өгөх цаад мессеж нь чухал юм шиг санагдсан. Зорилгоо л зөв тодорхойлчихвол олон зүйлсийн учир олддог гэдгийг залууст ойлгуулах болов уу гэж бодоод ажилласан. Өсвөр насны хүүхдүүдэд ч өөрийгөө, цаашлаад зорилгоо олоход нь туслах болов уу.

-АРХИТЕКТОРООР СУРДАГ БАЙСАН Ч, ЖҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭЭД СУРГУУЛИА ОРХИСОН-

-Та өөрийгөө олсон уу. Зорилгоо тодорхойлсон уу? Одоо хийж байгаа ажлаа урт хугацаандаа хийж чадах уу?

-Өөрийн хийх ёстой зүйлээ, явах замаа олоод л явж байна. Би чинь анх архитектороор сурдаг байсан. Гэхдээ ер нь л урлагт дуртай, жоохон зурдаг байлаа. Ахлах сургуулиа төгсөөд бодсон л доо. За би юу хийж болох вэ. Мөнгө олох ажил хийх ёстой гээд л. Тухайн үедээ архитекторын ангид шалгалт өгөөд тэнцчихсэн байсан. Гэвч тухайн ажлыг чин сэтгэлээсээ хийхийг хүсэж байна уу гэвэл үгүй байсан. Сурч байх хугацаандаа хүн яалтачгүй л дуртай юм руугаа татагдаад байдаг юм билээ.

Хаана л урлагийн үзлэг, кино проб болж байна, өөрийн эрхгүй л хичээлээ таслаад явчихдаг байлаа. Тухайн үед Х-Түц продакшнд ажиллах боломж олдсон. Бага зэрэг бүжиглэчихдэг, эвсэлтэй хүүхэд байсан учир шалгалтад тэнцсэн юм. Кинон дээрээс л хардаг байсан мундаг хүмүүсийг дэргэдээс нь, тайзнаас харах боломж олдож байлаа. Хажуунаас нь хараад зогсож байхад дотроос нэг зүйл шатаад байгаа хэр нь зориг гаргаж чадахгүй байсан. Гэтэл би чинь тэс өөр мэргэжлээр суралцаад байгаа шүү дээ. Сүүлдээ дотор байгаа зүйл тэсэрчихдэг юм билээ.

Гэрийнхэндээ үнэнээ хэлээд сургуулиасаа гарч байсан. Аав, ээж маань маш зарчимч хүмүүс. Хоёулаа социализмын үеийн бүтээгдэхүүн гэдэг шиг л тийм байх ёстой, ийм байх ёстой гэдэг баримтлалтай. Би айлын том учраас надад сургуулиа хаях нь маш том сонголт байсан. Тэгээд л өөртөө “хийж чадвал чад, чадахгүй бол боль” гээд жүжигчин болохоор энэ замыг сонгосон. Одоо ингээд чадлаараа хичээгээд л ажиллаж байна. Гэхдээ өөрийгөө чадаад байна гэж байгаа биш. Чадахын төлөө л хичээгээд явж байгаа. Би жүжигчин болоогүй, болох ч болоогүй.

рхитектор болох нь эцэг эхийн тань сонголт байв уу? Эсвэл?

-Миний өөрийн л сонголт байсан. Өөрийн чаддаг, хийхийг хүсдэг зүйл хоёроо хараахан ялгаж сураагүй байсан байгаа юм. “Би юу хийж чадах билээ” л гээд бодсон чинь ер нь жоохон зурдаг, бүжиг оролддог” байсан. Тэгээд л зураач болох уу, аль эсвэл архитектур болох уу гэж бодоод архитектор нь арай илүү мөнгө олох юм шиг санагдаад сонгож байсан.

Эхлээд мөнгө л бодсон байгаа юм. Яг суралцаад явж байхад, “Би юу хийж чадах билээ, юуг насан туршдаа хийх билээ” гэсэн асуултыг өөртөө тавьсан. Хүн дуртай зүйлээ хийж байж л насан туршдаа уйдахгүй, илүү хөгжиж чадна шүү дээ. Тэгээд л өөрийнхөө явах замыг ингэж сонгосон. Одоо ч болоогүй л байна.

-Шантрах үеүдтэй хэр олон учирч байна вэ?

-Өө тэгээд л зөндөө шүү дээ. Одоо ч шантрах үеүдтэй учирсаар байгаа. Гэхдээ шантрах үегүй, хэт ханачихвал яг ингээд зогсчих юм шиг санагдсан. Болохгүй, бүтэхгүй зүйлстэй учирч байж л хүн урагшаа явах юм шиг надад санагддаг. Би өөрийгөө мундаг болчихсон гээд байгаа юм биш л дээ. Өөрийгөө тоох, болчихлоо гэж бодох үеүд байсан. Тэгэхэд найзууд, гэр бүлийнхэн, дагз руу “Хөөе яаж байна” гээд л алгадаж байгаа юм чинь.

Шантарсан үедээ анх яах гэж эхэлснээ л боддог юм билээ. Аав, ээж хоёр эмч, хоёул төсвийн цалинтай. Манай дүү ч гэсэн эмч болохоор суралцаж байгаа. Санаа нь намайг ч гэсэн эмч болгох сонирхол байсан. Гэхдээ би өөрөө зөрүүдэлж байгаад, өөрийн замыг сонгосон. Тэгэхээр шантарвал, “Яагаад энэ замыг сонголоо, юуг даван туулж энэ хүртэл явлаа” гэдгээ л сайн бодох ёстой юм шиг...

-Мөнгө бодож мэргэжлээ сонгосон гэлээ. Жүжигчин мэргэжлээр ажиллаад санасандаа хүртэл мөнгө олж байна уу?

-Зөндөө хүмүүс асуудаг л даа. Хүнээсээ л шалтгаална. Бид нар чинь сар ажиллаад л тайлангаа тавьдаг, өглөө наймаас цуглараад орой зургаан цагт тардаг. Хурууны хээгээ уншуулаад, “За чи тэдэн цаг ажилласан юм байна, тэдийг авна” гэдэг ч юм уу тийм ажил биш. Чи юу хийж чадаж байна? Түүгээрээ өөрийгөө хэр сайн үнэлүүлж байна гэдэг л чухал юм шиг санагддаг.

Одоо ингээд л шууд жүжигчин болвол сайхан амьдарна гэж би хэлж чадахгүй. Зүгээр л энэ хийж байгаа зүйлээ хамгийн сайнаар нь хийдэг хүн байхыг л хүсэж байна. Тийм ч учраас өчигдрөөсөө илүү хүн байх юмсан гээд хичээж байгаа. Гэхдээ чи дуртай зүйлээ хамгийн сайн хийж чаддаг байх юм бол магадгүй амжилтанд хүрч чадна. Тиймээс л би хичээсээр байна.

-Таны хувьд жүжигчнээр ажилласан цагаасаа хойш хэчнээн уран бүтээл дээр ажиллаад байна вэ?

-Тийм ч олон бол биш ээ. “Нэг талын тасалбар” олон ангит кинонд анх удаа гол дүрд ажилласан. Өмнө нь бол хоёр гурван удаа олон ангит кинонд туслах дүрд ажиллаж байсан. Яг гол дүрд гэх юм бол гурав, дөрвөн л кино байгаа. Хоёр кино нь нээгээгүй байгаа. Ковидын улмаас театрууд бүгдээрээ хаачихсан байсан болохоор хараахан нээлтээ хийгээгүй. Аан бас Guys хамтлагийн Д.Лхагва ахын 1990 кинонд тоглосон. Саналыг Д.Лхагва ах тавьж байсан. Тухайн үед би жүжигчний гуравдугаар курс төгсөх гэж байсан. Зохиолоо уншаад л их таалагдсан.

Кино нь өөрөө түүхэн цаг үеийг харуулах учир ажиллахад илүү сонирхолтой санагдсан л даа. Миний дүр хүүхдээрээ, хөдөлгөөнтэй, үеийнхэндээ нэг тийм томорсон. Дүр нь ерөөсөө л шууд нүдэнд буусан. Тэгээд л зохиолоо уншаад, ажиллах уу, ажиллая гээд л орсон.

Кинондоо зориулж үсээ ургуулаад перксдсэн. 1990-ээд оны үед залуус тийм л стильтэй байсан юм билээ. Бүгд шар үстэй, тэгснээ перкс нь хүрэхгүй зарим хэсэг нь алаглачихсан. Эрчүүд нь чихээ цоолоод ээмэг зүүчихдэг. Тухайн үед миний чих бас цоорхой байсан. Тэгээд л ээмэг зүүгээд дүрийн судалгаагаа хийж эхэлсэн. Ерээд оныхон тэр чигтээ л “Хонгилдон” Брюслигийн киногоор амьсгалж байсан юм байна лээ. Тэгээд яг тэрийг үзчихээд л н.Лхагваа ах надад хэлж байсан.

“За энэ зохиол дээр яг нэг ийм кунфу дуурайдаг хэсэг байгаа. Түүнийг яг хийнэ шүү” гээд л.. Зохиолоо уншаад хэд, хэдэн кино үзлээ. Жеки Чаны киног дарааллаж үзээд нөгөө барын барилт, шонхорын дэвэлт зэргийг нь яг дуурайдаг. Өөрөө туранхай учир хэдэн сарын турш гэдэсний таталт хийгээд дараа нь киногоо үзэхэд хөөрхөн булчинтай болчихсон байсан. Киногоо үзсэн сэтгэгдэл их гоё байсан. Найруулагчийнхаа хүссэн зүйлийг гаргана гэдэг бол жүжигчин хүний хувьд баяр, бахдал байхгүй юу. Хүсэж байгаа зүйлээ хийчихлээ шүү дээ. Магадгүй компани байсан бол чи тайлангаа онц хамгаалчихсан гэсэн үг.

-ХҮМҮҮС ҮЗЭЭД ҮЗЭН ЯДАХ ЭСРЭГ ТАЛЫН ДҮРД АЖИЛЛАЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ-

-Таны ажилласан дүрүүдээс өөртөө зуун оноо өгсөн, сайн ажиллажээ гэж бодсон дүр байдаг уу?

-За ёстой тийм дүр байхгүй. Би нэг их олон кино, бүтээлд ажиллаагүй. Тийм мундаг, лаг жүжигчин ч биш юм аа. Гэхдээ миний хувьд дүрд ажиллах бүртээ санасандаа хүртэл ажиллаж чаддаггүй. Яах вэ найруулагчийн санаанд нийцээд л явдаг байх гэж боддог. Тэгээд л дараа нь яг үзэхдээ дандаа боддог байхгүй юу. “Энэ дээр ингэчихсэн байсан бол гээд л”. Тэгэхээр яг өөрийн санаанд нийцтэл сайн ажилласан дүр байхгүй.

аашид ямар дүр дээр ажиллахыг хүсэж, мөрөөддөг вэ. Магадгүй жүжигчин хүн бүрт л тийм хүсэл байдаг байх?

-Тийм ээ. Эсрэг талын дүрд л ажиллаж үзэхийг хүсдэг. Хүн үзээд үзэн яддаг дүр байдаг шүү дээ. Ларьдма киноны О.Гэрэлсүх ахын бүтээсэн дүр шиг. Хүмүүс үзэн ядаад байна гэдэг нь тэр хүн дүрээ сайн гаргасан гэсэн үг шүү дээ. Түүн шиг эсрэг дүрийг л сайн гаргаад, хүмүүс түүгээр ярьдаг, мэддэг болоосой гэж хүсдэг.

-Магадгүй бидний ярилцлага нийтлэгдэхээр танд найруулагчдаас эсрэг дүрийн санал ирэх болов уу. Хамгийн их цаг хугацаа, эд эсийг тань шатааж байгаа дүр, уран бүтээлийг нэрлэ гэвэл?

-Тэгвэл мэдээж таатай хүлээж авна. “Хаадын хаан” жүжиг юм уу даа. Өнгөрсөн өвлөөс эхлээд л судалгааны ажлууд эхэлсэн. Одоо ч үргэлжлээд л явж байна. Кино гэвэл “Зориг” гээд уран бүтээлийг нэрлэж болно. Зураг авалт бараг бүтэн жил үргэлжилсэн. Зун зураг авалт нь эхлээд ирэх оныхоо таван сард дуусаж байсан. Монтажны ажил гэсээр зургаан сард нь бэлэн болж байлаа. Тухайн кинондоо яг л гол дүрд ажилласан. Тиймээс зураг авалтгүй өдөр их цөөхөн байлаа. Тийм том кинонд гол дүрээр ажилласан анхны удаагийнх учир бүхнээ зориулж, хичээсэн л дээ.

Кинонд арван наймтай хүүхдийн дүрээр эхлээд, явах тусмаа хорин дөрөв, тав цаашлаад гуч гараад сүүлдээ хувиргалтын тусламжтай 60 гаруй настай болтол дүрслэгддэг. Гэхдээ яг кинон дээрээ тэр хэсгийг хасаад оруулаагүй. Нүүр хувиргалтын чиглэлээр мэргэшсэн артистаар маск хийлгээд 60 гаруй настай хүний дүрд хувирсан.

Масктайгаа 12 цаг болно. Тэр хугацаандаа хүнтэй юм ярихгүй, инээхгүй байх хэцүү. Зургийн дундуур хоол идэх хэрэг гарна. Амаа том нээхэд л маск нь нугалараад байсан болохоор томхон соруулаар шингэн бантан уугаад ажиллана даа. Залуу хүмүүс учир хоорондоо юм яриад, маазарч инээх зүйл гарна. Тэгэнгүүт л дохиогоор чимээгүй бай гээд сууна.

-Хувиргалт хийгээд хөгширсөн царайгаа харахад ямар байсан бэ?

-Өө бас дажгүй шүү. Аятайхан хөгширсөн. Гэхдээ яг тэр өдөрт нэг зүйл бодогдсон. Хөгширсөн төрхтэй толь руу хараад "Нэг л өдөр ингээд хөгширнө. Залуу насандаа юу хийж бүтээв” гээд бодох үе удахгүй ирнэ дээ гэх бодол эрхгүй орж ирсэн.

-Жүжигчдийг дүрийнхээ характерыг амьдрал дээрээ ч гаргах гээд байдаг гэдэг юм билээ. Та тийм зүйлтэй учирч байв уу?

-Тийм зүйлтэй учраагүй байгаа. Магадгүй өөр том, мундаг жүжигчид тэгдэг л байх л. Гэхдээ яг тийм байдалд бол ёстой орж үзээгүй. Тэгэхээр л би жүжигчин болох болоогүй л байгаа юм болов уу.

айруулагчаас ирж байгаа зохиолоос юуг нь анхаардаг вэ. Ямар дүрээс татгалзахыг хичээдэг вэ?

-Би нэг ч тийм олон кинонд тоглоогүй л дээ. Зохиолоо уншаад, тухайн дүр, кинонд яаж нөлөөлж байна гэдгийг нь илүү харахыг хүсдэг. Нөлөөлж чадаж байвал, тэр нь гоё дүр гэж боддог.

Чимэг дүр ч гэх юм уу. Ерөнхийдөө эротик жанрын киноноос татгалзахыг хүсдэг. Тийм саналууд ер нь ирдэг л дээ. Магадгүй хэзээ нэг цагт бас тоглох л байх. Одоохондоо бол тийм дүрд ажиллахыг хүсэхгүй байгаа.

-10 ЖИЛИЙН ДАРАА ӨӨРИЙГӨӨ ШООЛОХ ХЭМЖЭЭНД ХӨГЖСӨН БАЙНА ГЭЖ БОДДОГ-

Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Урдах зүйлээ л сайн хийхийг хүсдэг . Одоо л надад зөндөө мундаг хүмүүстэй ажиллах боломж олдож байгаа байхгүй юу. Шүтэж явдаг хүмүүсээ дэргэдээс нь хараад, хамт ажиллаж байгаа нь гоё. Тэдгээр хүмүүсээс их зүйлийг сураад, маргаашдаа өнөөдрөөс илүү сайн байхсан гэж их хүсдэг.

Урдах ажлаа олигтойхон хийж чадахгүй хэр нь, хов жив яриад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тиймээс миний хувьд өөртөө оногдсон ажлаа л сайн хийхийг хичээдэг. Бас худлаа ярихгүй байхыг хүсдэг. Аав минь "Худалч, хулгайч байж болохгүй” гэж байнга хэлж, сургасаар ирсэн.

Гэр бүлийнхнийх нь зүгээс хандлага нь хэр байх вэ?

-Одоо дэмжиж байгаа. Эхэндээ "Чи хаагуур, юу хийдэг юм” гээд аав, ээждээ их загинуулна. Сургуулиа хаяснаа нуугаад жүжигчнээр хэсэг ажиллахдаа гэрийнхнээ унтаж байхад нь зураг авалтад явдаг байлаа.

Сүүлд л мэргэжлээр нь суралцаад, ингээд явж байгаа шүү дээ. Энэ нь яг миний ажил амьдрал болчихсон учир аав ярихдаа "Миний хүү ажил дээрээ байгаа юм уу, ажил нь яаж байна” гээд залгана.

-Ойр дотнын хүмүүсийн сэтгэгдэл чухал байдаг. Таны тоглосон уран бүтээлийг үзээд эцэг эх тань юу гэж хэлдэг вэ. Миний хүү ч жүжигчин болчихож дээ гэж байна уу, эсвэл?

-Үгүй ээ. Ээж бол "За чи болоогүй байгаа шүү” гэдэг. Манай ээж эмч хүн. Гэтэл би одоо жүжигчин болох гээд явж байгаа шүү дээ. Тэгсэн одоо болохоор ээж маань киноны, жүжгийн тухай мэдлэгтэй болчихсон. "За миний хүү драмын театрт маш мундаг хүмүүс ажилладаг. Тиймээс их зүйлийг сурах ёстой шүү” гэж байнга хэлнэ.

Ээж, аав минь миний үнэнч үзэгчид. Ямар сайндаа л киноны үнсэлцдэг хэсэг гараад түүнийг нь дүү нар үзэж байхад, "Хөөе сувгаа соль, хурдал” гэдэг /инээв/.

-Таны хэлсэнчлэн, киноны үнсэлцэх, +18 хэсгүүдэд ажиллахад хэцүү санагддаг уу?

-Зохиолоо уншаад дүртэйгээ танилцахдаа л тийм хэсэг гарахыг мэднэ. Тэгэхдээ надад таалагдах, таалагдахгүй энд хамаагүй. Бид яг найруулагчийн хүсэж байгаа дүрийг л гаргах ёстой. Би зохиолоо уншаад зөвшөөрсөн л бол найруулагчийн заавар, зөвлөгөөгөөр ажиллах ёстой. Тэгэхээр энэ нь даваад л гарах ёстой зүйлсийн нэг.

-Арван жилийн дараах О.Самданпүрэв ямар хүн байх бол. Та ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

Одоогийнхоосоо бол хамаагүй сайн болсон байна гэж боддог. Яагаад гэхлээр би өдөр болгон өчигдрөөсөө илүү байхын тулд хичээгээд явж байгаа. Тиймээс магадгүй арван жилийн дараах өөрийгөө эргээд харахад, “За тэр үед нэг тийм бацаан байж дээ” ч гэдэг юм уу, өөрийгөө шоолох болов уу. Би өөрийнхөө 16,17-той байх үеэ бас яг тэгж боддог. “Ёстой тэнэг бацаан байжээ” гээд л. Тэгэхээр арван жилийн дараа ч гэсэн би дахиад өөрийгөө шоолохоор хэмжээний хөгжчихсөн байна гэж боддог.

ийгэмд болж байгаа сөрөг зүйлсийг жүжигчин хүнийхээ хувьд эерэгжүүлж, зөв зүйл рүү чиглүүлэхийг эрмэлздэг үү.

-Нийгэмд зөндөө л олон юмнууд болж байгаа. Миний хувьд болохгүй, сөрөг зүйлсийг цааш нь түгээгээд, дэвэргээд байхыг хүсдэггүй. Аль болох л муухай зүйлсийг тараахгүй байхыг хичээдэг. “Нэг талын тасалбар”-ын Найрамдалын дүр ч мөн ижил. Өнгөц харвал хоёр эмэгтэйн дунд гүйдэг, бүтэхгүй нөхөр. Гэхдээ яг сайн ухаад үзвэл залууст өгөх мессеж нь хөөрхөн байсан учир ажилласан.

-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Миний хувьд өөр сургуульд сурч байгаад, дахиад өөр мэргэжлээр суралцаад, одоо л яг хүсэж байгаа зүйлээ олоод хийж байна. Тийм ч учраас хүүхдүүдэд зөвлөхөд, “Мэргэжлээ зөв сонгоорой” л гэж хэлмээр байна. Насан туршдаа чи тэр зүйлийг хийнэ шүү дээ. Тийм биз дээ. Тиймээс мэргэжлээ маш няхуур сонгоорой. Магадгүй нэг жил өнжлөө гэж бодоход тухайн цаг хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, ирээдүйд харамсахгүй шийдвэр гаргаарай л гэж хэлмээр байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг А.Нармандах

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Samdand hairtai
Samdand hairtai
2021-10-25 09:49

Yriag n unshaad ih taalagdlaa. Ooriinhooroo, helber hoogoogui mundag zaluu bn

Амжилт
Амжилт
2021-10-25 09:49

Даруу, зөв з�##�уу байна

Фэн
Фэн
2021-10-25 09:51

Амжилт з�##�уу минь, ураад өг

unen
unen
2021-10-25 09:51

Neg taliin tasalbar dajgui shuu, Nairamdal shig zaluus olon bii mnaid

Zochin
Zochin
2021-10-25 09:59

Шинэ уран бүтээлч шүү. Одоо стой т�##� т�##� тйишээ үсчээд нээх сайхан хөгжчихвөл хүмүүсийн хайрыг татсан сайхан жүжигчин гараад ирнэ дээ

Зочин
Зочин
2021-10-25 10:01

Яаж өөрчилдөгийг үзүүлж байна аа з�##�уу минь

Сайнаа
Сайнаа
2021-10-25 11:06

Хөөрхөн з�##�уу шүү

Жавзаа
Жавзаа
2021-10-25 12:35

Миний краш байна шд

saihnaa
saihnaa
2021-10-25 14:41

mundag zaluu bn

Холбоотой мэдээ

Back to top button