Нийгмийн

БИЧЛЭГ: Р.Энхбат “Гёте-Медаль”-иар шагнуулав

Олон улсын соёлын солилцоонд оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэн олгодог ХБНГУ-ын энэхүү албан ёсны шагналыг анх удаа Монгол Улсаас Роозонгийн Энхбат гардан авлаа.

“Гёте-Медаль” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалт ёсоор Йоханн Вольфганг фон Гётегийн төрсөн өдөр, наймдугаар сарын 28-ны өдөр Ваймар хотод зохион байгуулагдсан юм. Уг шагналыг 1955 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 66 улсын 351 эрхэм энэхүү шагналыг гардан авчээ.

Тус шагналыг олгогч Гёте Институтийн зүгээс “Роозонгийн Энхбат нь Монголын иргэний нийгэм нээлттэй, шүүмжлэлтэй, хариуцлагатай байхын төлөө учирч болох хохирлыг үл харгалзан тууштай тэмцэгчдийн нэг юм. Тэрээр сэтгүүл зүй болон хэвлэн нийтлэх ажлынхаа хүрээнд Монголын нийгэмд өрнөж буй гашуун үнэнийг олж тогтоох, тэр дундаа боловсролын тогтолцоог сайжруулахын төлөө ажилладаг. Түүний энэхүү хичээл зүтгэл нь үнэн зөв байдал, нягт нарийн судалгаа ба цэгцтэй сэтгэн тунгаахын нэгэн жишээ болжээ” хэмээн онцолж, тус нэр хүндтэй шагналыг олгосон байна.

 Роозонгийн Энхбат 1958 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн. Тэрбээр хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал юм. Мөн Лайпциг хотноо график, ном туурвих арга зүйн чиглэлээр суралцаж төгсөөд, зурагчин, МОНЦАМЭ агентлагийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллажээ.

Р.Энхбат нь 1996 онд Адмон хэвлэх үйлдвэрийг эрхлэх болж, улмаар 2000 онд Монсудар хэвлэлийн газрыг байгуулсан нь эдүгээ дэлхийн уран зохиол, толь бичиг, хүүхдэд зориулсан ном болон орчин үеийн сурах бичиг зэрэг зохиол бүтээлээрээ салбартаа тэргүүлэгч болон өргөжжээ.  

Б.ДАЛАЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button