Монгол Улсын ЭСЯ-ны санаачилгаар БНСУ-ын жолооны онолын шалгалтыг монгол хэлээр өгөх нөхцөл бүрдлээ
БНСУ-д жолоодох эрхийн онолын шалгалтыг монгол хэлээр авах үйлчилгээний нээлтийн арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Инчон хотын Жолоодох эрхийн шалгалтын төвд болж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Авто тээврийн хэрэг эрхлэх газрын удирдлага, бусад албаны төлөөлөгчид оролцов.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгаар хоёр улсын холбогдох байгууллага хамтран ажиллаж, 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр иргэд жолоодох эрхийн онолын шалгалтыг харилцан эх хэлээрээ өгөх нөхцөл бүрдүүлэх тухай тохиролцоо байгуулсан. Тохиролцооны дагуу БНСУ-ын Жолоодох эрхийн шалгалтын 27 төвд онолын шалгалтын 1,800 асуултыг монгол хэлээр өгөх үйлчилгээг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс бүрэн нэвтрүүлж байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, БНСУ-ын Авто тээврийн хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Элчин сайдын яаманд талархлын бичиг гардуулав.
Харилцан адил байх зарчмын дагуу БНСУ-ын иргэд Монгол Улсын жолооны эрхийн онолын шалгалтыг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс солонгос хэлээр Улаанбаатар хотноо өгөх нөхцөл мөн бүрдэж байна.
Монгол Улсын иргэн Та БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг чанад сахих, замын хөдөлгөөнд соёлтой, боловсон оролцох, автотээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ОНЦГОЙ анхаарна уу.
А.ТЭНҮҮН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.