НИЙГЭМ

Оюутан цэргүүдийг цахим хичээлд нь суулгадаг болно

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг БХЯ-ны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудад ажиллав.

Ажлын хэсэг Улсын төсвийн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Мөн Батлан хамгаалах сайдын 2021 оны А/230 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцаж үнэлэлт дүгнэлт өгч буй. Энэ хүрээнд тус ажлын хэсэг өнөөдөр Зэвсэгт хүчний 017, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллалаа.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар “Улсын төсвийн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын 90 орчим хувь дуусаж ашиглалтад орсон. Үлдсэн 10 орчим хувь нь он дамжин хийгдэх  төлөвлөгөөтэй байна.

Мөн ажлын хэсгийн гол зорилго Батлан хамгаалах салбарын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн явагдаж байгаатай танилцах юм.

Түүнчлэн ажиллаж байгаа байгууллага, нэгтгэл ангийн бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайдын зүгээс баримталж буй бодлого, хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл олгоход чиглэгдэж байна.

Тухайлбал,  ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд 200 цэргийн байрыг ашиглалтад оруулах, цэргийн ангийг хэрэглээний халуун, хүйтэн устай болгох, шинээр цэргийн албанд ирээд байгаа оюутан цэргүүдийн хичээлийг тасалдуулалгүй, цахимаар хичээлд нь хамруулж байхын тулд ангийн интернетийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон төрлийн мэдээллээр хангахын зэрэгцээ чиглэсэн үүргүүдийг өгч ажиллаж байна” гэлээ.

Ажлын хэсэг дээрх хоёр ангиас гадна БХЯ-ны харьяа байгууллагууд болон 011, 015, 032, 084, 150, 303 дугаар ангид ажиллаад байгаа юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button