УЛС ТӨР

НОЙРМОГ төлөвт шилжсэн Үндсэн хуулийн өөрчлөлт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр өнгөрөгч долоо хоногт товлосон. Гэвч бүтэлтэй зүйл болохгүй байсаар долоо хоног өндөрлөлөө. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирэх долоо хоногийн Лхагва гарагт дахин тов зарлаж, уг хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр болов.

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы ирэх сарын 1-ний өдрийг хүртэл зарлаад байсан. Гэвч уг хугацаанд хоёрдугаар хэлэлцүүлгээ ч дуусгаж амжаагүй тул ирэх сарын сүүл хүртэл ээлж бусыг сунгах захирамж гаргалаа. Өөрөөр хэлбэл, намрын чуулган хүртэл ээлжит бус үргэлжлэх нөхцөл байдал бүрдэж буй юм.

Ирэх лхагва гарагт Үндсэн хуультай холбогдох зарчмын зөрүүтэй 150 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах ажлыг үргэлжлүүлнэ. Ингэхдээ гишүүд арван минут үг хэлэх эрх эдэлж буй тул нэлээд сунжрах төлөвтэй байна.

Гишүүдийн ирц сул байгаа нь хуралдааныг улам сунжуулахад хүргэсээр байна. Гол нь, эрх баригч намын гишүүд хуулийн төслөөр эцэслэн санал нэгдэж чадахгүй байгаа нь анхаарал татсаар буй.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гуравдугаар хэлэлцүүлгийг шууд залгуулан хийж дуусгах учиртай. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг бүрэн дууссаны дараа харин ээлжит бус чуулганаар хэлэлцэх бусад асуудал руугаа орно.

Гэвч Ерөнхийлөгчийн оруулж буй саналаас үүдэж, МАН-ын бүлгийн зарим гишүүд хурлаа орхин гарч, элдэв байдлаар бойкот хийсээр байна. Ихэнх гишүүд шахалтад орж, хэлэлцүүлэгт сууж байна гэх яриа ч явж буй. Сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулинд өгсөн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа хэдий ч ирцэд хангалттай хэмжээгээр нөлөөлж чадахгүй байгаа нь асуудал болсоор байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button