
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шотландын Глазго /Glasgow/ хотноо болж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцохгүй байх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Туркийн албаны хоёр хүний мэдэгдлээс иш татан “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээлжээ.
Туркийн удирдагч “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас эх орондоо буцаж ирээд Их Британи аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй тул бага хуралд оролцохоос татгалзсан гэжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба нөхцөл байдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Нэг эх сурвалжийн мэдээлснээр дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Тайип Эрдоган оролцохтой холбоотой протоколуудад асуудал гарсан гэв. Хоёр дахь эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн эрх баригчид протокол, аюулгүй байдлын талаархи Анкарагийн шаардлагыг биелүүлээгүй гэж мэдэгдэв.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэхдээ, “Ерөнхийлөгч аюулгүй байдлыг хангах тээврийн хэрэгслийн тоо болон бусад аюулгүй байдлын талаарх бидний шаардлагыг бүрэн хангаагүй учраас ийм шийдвэр гаргасан” гэж мэдэгджээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.