ВИДЕО КОНТЕНТНийгмийн

Амьдралын “шуурга”-нд сөхрөөгүй тэнхээ

"Анх тэргэнцэрт суугаад гудамжаар явж байхад зөрсөн бүхэн намайг хардаг байсан. Их дургүй хүрнэ. Хүмүүсийн энэ ажигч харц тухгүйтүүлдэг ч эцэстээ энэ нь давруун занг өдөөж, хөгжлийн бэрхшээлтэй юм чинь надад тусална гэсэн үзэлтэй болгодог. Гэхдээ хүн болгон адилгүй. Би улсаас өгсөн халамжийн мөнгийг авч, дүү нарынхаа бэлдэж өгсөн гурил будааг идээд амьдрахыг хүсэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй ядарсан хүн гээд хүнээр өрөвдүүлэх албатай юу” хэмээн ярьж буй түүнийг Х.Чулуунбаяр гэдэг.

Тэрбээр гэр хорооллын буйдхан хэсэг дэх өөрийн хашаандаа хүссэнээ хийн амьдрахыг зорьж буй. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн сард түүний найз цахим ертөнцөд давлагаа үүсгэн “Найзыг маань жижигхэн оёдлын цехтэй болгож өгөөч. Юм оёх дуртай, хоёр сая төгрөгийн дэмжлэг байхад л хашааныхаа энэ буланд цехээ босгочихно гээд байгаа” хэмээх пост бичсэнээс хэдхэн цагийн дотор мөнгө нь бүрдсэн юм. Цугласан даруйд “Мөнгө бүрдчихлээ шүү” хэмээн цахим хуудаснаа бичиж байв. Ийнхүү олны хүчээр Х.Чулуунбаяр оёдлын цехээ босгох боломжтой болсон юм.

ХУВЬ ТАВИЛАНТАЙ ЭВЛЭРСЭН НЬ

“Ах нь 2017 онд нүүрс тээвэрт явдаг байсан юм. Тээвэрт явж байхад хоосон машинтай жолооч зам шахаад, машиныг нь мөргөхгүйн тулд замаас гарч хурдаа сааруулаад тулгуур эрхтнээсээ хагацаж, өөрийгөө хохироосон хүн” хэмээн өөрийгөө товчхон танилцуулснаар бидний ярилцлага эхэллээ. Хийж бүтээх эрмэлзэл дүүрэн, ид насанд нь ийм явдал тохионо хэмээн бодоогүй явсан учир тэрбээр ослын дараа ихэд цочирдсон гэнэ. Харин цэцэг шиг хоёр охиныхоо төлөө сэтгэл зүйгээ хурдан эдгээх ёстойгоо ухамсарлажээ.

Энэ явдлын дараагаас “Тэнхэрч, хувь тавилантайгаа эвлэрэх гэж хоёр жилийг өнгөрүүлсэн” тухайгаа дурсав. Хоёр дахь жилээсээ “Одоо нэгэнт хөл ургахгүйгээс хойш хүнээр тэжээлгэнэ гэж юу байх билээ” гээд амьдрахын төлөө хичээжээ. Энэ хугацаанд шигтгээ наамал хийх, турк бараа хүргэх зэргээр ажил эрхэлсэн ч, нийгмийн асуудал их учир гадуур нэг их явж, машинд удаан суудаггүй ажил хийхийг бодож эхэлсэн гэнэ.

Тэрбээр ослын дараах цочролоо “Амьдрал дууссан юм шиг санагдаж, учраа олохоо болиод янз бүрийн юм бодож эхэлсэн. Тэр бухимдлаа хамгийн ойрын хүмүүстээ гаргаж, охид, дүү нартаа элдэв зан гаргаж эхэлсэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаж ярилцаад энэ чинь хүн харахад бэрхшээл л болохоос амьдрах эрхтэй юм байна” гэдгээ ойлгож эхэлсэн гэлээ. Олон дунд орж, амьд харилцаатай болсон учраас дотор байсан хар бараан бодол нь гэгээрсэн тухайгаа бидэнд ярьж байлаа.

ХИЙЕ ГЭВЭЛ АРГА НЬ ОЛДОНО...

Х.Чулуунбаярын дүү тээврийн жолооч. Тээвэрт явахынхаа өмнө байшингийн суурь цутгаж, ханыг нь өрж өгчээ. Хандиваар цугларсан мөнгөөрөө барилгын материал авсан ч үнэ нь нэмэгдсэн байсан учир зарим зүйлд дутсан гэнэ. “Олон хүний дэмээр өдий юм авчихлаа. Үлдсэнийг нь болгоно доо” хэмээж байтал “Хөх тэнгэр” гэх барилгын компани оёдлын цехийг нь барьж өгсөн байна. Бүр тэдний байшинг хамтад нь дулаалж, гадна өнгийг нь жигд болгож бүржээ. Ингэхдээ нэг ч хадаасны мөнгө Х.Чулуунбаяраас аваагүй тухай баяр дүүрэн ярьж байлаа.

Мөн байшин барих гэж байгаа тухай мэдсэн хүмүүс танихгүй ч гэсэн “Яваад очъё”, “Чадах юмаа хийлцье” гэж холбогджээ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА

Х.Чулуунбаяр 1998-2004 оныг хүртэл оёдлын цехэд оёдол хийдэг байжээ. Тэрбээр “Миний хувьд юм оёх хэцүү биш. Гэхдээ ойрд оёогүй учраас жаахан төсөөрсөн болов уу. 2008 онд найзтайгаа оёдлын компани байгуулах гэж оролдоод дампуурч байсан юм. Энэ удаад оёдлоо хийгээд эхэлчихвэл борлуулалтдаа санаа зовох шаардлагагүй бололтой” гэв.

Учир нь түүний найз нөхөд болон хороо, дүүргээс нь дэмнэнэ гэжээ. “Халамжаас хөдөлмөр лүү” гэх засгийн газрын аян энэ онд өрнөж байгаа. Түүний хийж байгаа зүйл уг уриалгын үеэр таарсан нь аз дайж Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын Яамнаас ч дэмжих шинжтэй байгаа гэнэ.

Тэрбээр "Цехээ ажиллуулаад эхэлчихвэл эхний ээлжинд хоёулаа ажиллана. Тогтож жигдрээд ирвэл дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангана гэж бодож байгаа. Санаж явахад бүтнэ дээ” гэлээ.

АМЬДРАХ, ХИЧЭЭХ ГАНЦХАН ШАЛТГААН

Түүний хүсэл мөрөөдлийг олон хүн тэтгэн, дэмнэж байгаа учраас оёдол хийх их дуртай байгаа гэнэ. Тэрбээр “Юм оёод төвлөрч суухад амгалан болдог. Хааяа л гэрээс гардаг надад стресстэх үе их байдаг юм. Бухимдаж, адгах нь их. Тиймээс юм хийгээд суухад төвлөрч мөрөөдлөөр жигүүрлээд л... бодол санаа цэгцэрдэг. Энэ олон хүн дэмжиж байхад улам л хичээмээр санагдах юм” хэмээв.

Тэрбээр хоёр охинтой. Охид нь дөрөв болон долдугаар ангийн сурагч. Тиймээс түүний туйлын зорилго бол хоёр охиноо сайн сайхан амьдруулж, их сургууль төгсөхийг нь харах. Энэ зорилго нь түүнийг амьдралд нугарахгүй, хичээх ганцхан шалтгаан нь болдог гэнэ. Хүүхдүүд нь ч оёдлын цехтэй болно гэсэн сургаар “Аав маань чадлаа” гээд л хэдэн өдөр хөөрч гүйжээ. Охидоос нь гадна ах дүү нар нь ч их баяртай байгаа аж.

Энэ тухайгаа инээд алдан, баярын нулимстайгаар бидэнд хуваалцсан юм. Тэрбээр “Манай аав сэргэлэн юм чинь чадна аа” гээд л хоёр охин маань намайг хошгируулна. Байн, байн орж ирээд цехийн голд зогсон эргэлдээд, "Аав минь удахгүй баяжих нь ээ” хэмээгээд тас тас хөхөрдөг гэнэ. Тиймээс охидынхоо ирээдүйг нь бодож, хэлсэн үгэнд нь хөглөгдөж, хичээж байгаа. Охид маань удахгүй оюутан болоод их сургуульд сурах нь гэж бодохоор зүгээр суугаад хэвтэх ямар ч хүсэл байдаггүй. Таван цаас цааш нь хийж, охидоо сургачихвал ахынх нь мөрөөдөл биелэх нь” гээд инээж байв.

НУУЦХАН МӨРӨӨДӨЛ...

Хүний мөрөөдөл ганцхан байвал утгагүй. Түүндээ хүрчихвэл мөрөөдөлгүй болчихно. Х.Чулуунбаяр цээжнийхээ аглагт спортод хөл тавих нууцхан мөрөөдөл тээж явна. Биднийг очиход хашаандаа турник хийсэн байв. Тэрбээр өөрийнхөө мөрөөдлийн тухай “Би багаасаа л хүчний ажил их хийж байсан учраас бяртай. Тиймээс спортод дуртай. Ослын дараа “Би яаж амьдрах вэ” гэж боддог байлаа. Тэр үед паралимпын аварга Э.Содномпилжээг харж үлгэр авч, спортоор хичээллэвэл болох юм байна гэсэн хүсэл тэмүүлэлтэй болсон. Гэхдээ хүсэл байвч шат надад маш том бэрхшээл. Зөвхөн надад гэлгүй энэ нь бүх л тэргэнцэртэй хүмүүст хамгийн том бэрхшээл юм. Бас спортоор хичээллэнэ гэхээр зөвхөн халамжаар амьдардаг учраас өртөг зардал ихтэй. Тиймээс бараг боломжгүй. Харин өөрийгөө болгоод, хэдэн төгрөг олдог болчихвол спортоор хичээллэх нас, сэтгэлийн хүч надад байна” гэлээ.

Халамжаар угжуулахыг хүсдэггүй, хөдөлмөрөөр өөрийгөө бүтээхийг хүсдэг тэрбээр ярилцлагын төгсгөлд “Хийж бүтээж байгааг минь хүмүүс хараад урам аваасай. Энэ хүн чадаж байхад гар, хөлтэй би чадах юм байна гэж бодоосой гэж их хүсэж байна. Ганц хүн ч гэсэн урам, хүч аваасай. Урам хүч авч, олон олон хүнд хийж бүтээхийн их хүслийг бэлэглээсэй гэж л хүсэх байна” хэмээв.

Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөсөн ч сэтгэлийнх нь их эрчим, хорвоог нуруун дээрээ торох юмгүй үүрээд явж буй нь бодогдож, амьдралд улам их уясан татагдсан юм. Та ч бас тэгнэ биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
baayra
baayra
2021-11-04 09:31

ymr gegeeleg xvn be8 neg tiim.. xvch awasai gej xelegvi ch xvch awmaar dotor xongrod bna

Эа
Эа
2021-11-04 16:01

Шударга хөдөлмөрч байхад болно доо ах минь охидоо төгсөхийг хараад ач нараа тойруулаад айхан амьдарнаа

ud
ud
2021-11-04 16:39

Mlundag er hun.Amjilt eruul enh saihan buhniig huxsen eruue.Gaihaltai

Зочин
Зочин
2021-12-01 15:57

Эхнэр нь 2 охинтой нь нь хаяад явсан гэсэн хөөрхий,

Холбоотой мэдээ

Back to top button