ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

НҮБ: Дэлхий дээр 45 сая гаруй хүн өлсгөлөнгийн ирмэг дээр байна

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр /WFP/-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Бисли хэлэхдээ, энэ оны эхээр 42 сая, 2019 онд 27 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байсан бол одоо Дэлхий дээр 45 сая гаруй хүн өлсгөлөнгийн ирмэг дээр ирсэн гэв.

“Арван сая хүн үхлийн ирмэгт ирээд байна. Энэ нь Дэлхийн улс оронд өрнөж байгаа сөргөлдөөн, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, коронавируст цар тахал өвчин улам бүр нэмэгдэж байгаатай холбоотой. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харвал 45 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэгт ирсэн” гэж Дэвид Бисли Афганистанд хийсэн ажлын айлчлалынхаа дараа ярив.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр Дэлхийн 43 улс орны иргэд гэртээ бага хоол хүнс хэрэглэж байгаа аж. Тэд аль болох бага хооллохоос өөр аргагүйд хүрч, зарим тохиолдолд царцаа, модны навч, кактус хүртэл идэхээс өөр аргагүйд хүрээд байгааг онцлов.

Мөн Дэлхийн хэмжээнд хоол хүнс, түлш шатахууны үнэ огцом нэмэгдэж байгаа нь өлсгөлөнгийн байдлыг улам хурцатгаж байгаа гэв. Ялангуяа, ядуу буурай улс орон, бүс нутгуудад өлсгөлөнгийн түвшин улам нэмэгдэж, нөхцөл байдал улам хурцдаж байгааг ч тус байгууллагын төлөөлөгчид онцоллоо.

Одоогоор Дэлхийн 85 орны 139 сая хүнд буюу Дэлхийн хэмжээнд өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд өмнө нь дурьдсан 6,6 тэрбум америк долларын оронд хамгийн багадаа долоон тэрбум доллар шаардлагатай байгаа гэдгийг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тэмдэглэв.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button