АНУ-ын сайтаас хар тамхи захиалж, хил нэвтрүүлсэн иргэнийг таван жил хорихоор боллоо

Иргэн Т нь интернэт сайт ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй 475.3 /нийт 5 хэсэг гялгар уутанд савласан/ грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг гялгар уутын хамт захиалж, Олон Улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлжээ. Мөн шалгалтын үеэр тэрбээр 3.7852 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ хууль бусаар хадгалж байсан нь баримтаар тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т нь мэдүүлэхдээ:
“Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Надад мансууруулах бодис худалдах санаа зорилго байгаагүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй“ гэжээ.
Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль, Монгол Улсын Олон Улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Улмаар түүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-т 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох шийдвэр гаргажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.