ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг хайрын түүхээс

Та жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэг үү. Та анхны харцаар дурлах талаар юу гэж боддог вэ. Хайр дурлалыг үүрд мөнх үргэлжлэнэ гэдэгт та итгэдэг үү. Хэрвээ та итгэдэггүй бол доорх хайрын гайхамшигт түүхүүд таны хайрын тухай үзэл бодлыг өөрчилнө хэмээн найдаж байна. Эдгээр нь уран зохиол болоод түүхийн бүхий л үед хамаарах хайрын тухай үхэшгүй мөнхийн түүхүүд билээ.  

РОМЕО, ЖУЛЬЕТТА ХОЁР

Магадгүй ахиад зуу, зуун жил өнгөрсөн ч гэсэн энэ хоёрын тухай дуулиан тасрахгүй биз ээ. Английн алдарт зохиолч Уильям Шекспир энэхүү зохиолоо бичсэнээс хойш гол дүрийн хоёр залуугийн нэр нь бараг “хайр” гэдэг үгтэйгээ дүйхүйц утгыг илэрхийлэх болсоор их удаж байна. Тэдний хайр дурлал бол маш эмгэнэлтэй түүхийг өгүүлнэ.

Бие биенээ дайсан гэж үзэх хоёр гэр бүлд төрж, өссөн охин, хөвүүн бие биенээ харсан цагаас анхны харцаар л дурлаж, дараа нь нууцаар гэрлээд, тэгээд өөрсдийнхөө агуу их хайрын төлөө байгаа бүхнээ золиослон энэ хорвоогоос халин оддог.

Тэд өөрийнхөө амь насыг ч үл хайрлан, хайраа мөнхөд авч үлддэг агуу түүх. Хайраа тэр чигээр нь авааль эхнэртээ, эр нөхөртөө бүрэн зориулж чадна гэдэг бол асар их хайрын агуу баталгаа яах аргагүй мөн. Ромео, Жульетта хоёрын “цаг бусын үхэл” тэр хоёрын ар гэр дэх дайсагналыг бүрмөсөн зогсоож чаддаг юм.   

КЛЕОПАТРА, МАРК АНТОНИЙ ХОЁР

Антоний, Клеопатра хоёрын үнэн хайрын түүх бол бүхий л цаг үеийн шилдэг бөгөөд сонирхол татам түүхийн нэг мөнөөс мөн билээ. Энэхүү түүхэн хоёр хүний хайрын түүхийг сүүлд Шекспир зохиол бүтээлдээ мөнхлөн үлдээснээс хойш өдгөөг хүртэл тайз, дэлгэцнээ амилсаар байна.

Бие биедээ анхны харцаар дурласан эр, эм хоёрын харилцаа нь хайр сэтгэлийг шалгасан жинхэнэ сорил байв. Чухамхүү хүчирхэг энэ хоёр хүний ачаар Египет улс хүчирхэг орон болон цэцэглэн хөгжсөн түүхийг мартаж болшгүй. Гэсэн ч, Египетийг хэт хүчирхэгжих вий хэмээн болгоомжилсон атаархуу муу ромчууд Антоний, Клеопатра хоёрын хайр сэтгэлийг гутаан доромжлохыг оролддог. Хэдийгээр маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан авч, тэд эцэстээ гэрлэж, гэрлэлтийнхээ дараа ромчуудтай байлдаж явахдаа Клеопатрагийн үхлийн талаар ташаа мэдээлэл авсан Антоний ухаанаа алдан самуурч, илдээрээ өөрийгөө сүлбэн амиа егүүтгэдэг. Хайрт Антонийгийнхаа үхлийн талаар олж мэдсэн Клеопатра ч мөн адил өөрийнхөө амийг хорлож амиа золидог. Агуу их хайр агуу их золиосыг шаарддаг нь энэ ажгуу.

ТРИСТАН, ИЗОЛЬДА ХОЁР

Энэ бол залуу хосын хайрын тухай бас л нэгэн алдартай бөгөөд эмгэнэлтэй түүх билээ. Артур хааны хаанчилж асан цаг хугацаанд болсон энэ түүхийн гол дүрийн эмэгтэй бол Корнуоллын Марк хаантай сүй тавьсан байсан Ирландын хааны охин Изольда билээ. Марк хаан өөрийн сүйт бүсгүйгээ авчруулахаар өөрийн ач хүү Тристаныг Ирланд руу илгээдэг. Харин тэрхүү урт удаан аяллын үед хоёр залуу бие биедээ дурлалцана.

Хэдийгээр, Марк хаантай Изольда суух боловч, хайр сэтгэлээ өгсөн Тристанаас хагацаж үл чадна. Тэр хоёрын хайр сэтгэлийн явдлыг мэдсэн хаан Изольдаг өршөөх боловч, Тристаныг Корнуоллоос хөөн явуулдаг. Ингээд Тристан Бретань руу явж, тэндээ Изольда хэмээх нэртэй нэгэн эмэгтэйтэй учирдаг. Мэдээж, тэр эмэгтэй нь өөрийнх нь үнэнч хайрынх нь эзэн болсон Изольда гүнжтэй адилхан нэртэй байсанд татагдаж, улмаар тэр хоёр гэрлэдэг. Гэхдээ өөрийнхөө “жинхэнэ” Изольдад өгсөн хайр сэтгэлээ мартаж чадахгүй байсан залуугийн энэ гэрлэлт тийм ч төгс сайхан байсангүй.

Тэрээр угийн хайрт амраг Изольдагаа бодон шаналж, маш хүндээр өвдөж, Изольдаг ирүүлэхээр хэл хүргүүлдэг. Хэрвээ Изольда ирэхийг зөвшөөрвөл хөлөг онгоцон дээр цагаан туг, татгалзвал хар туг өлгөхөөр болон тохиролцсон ч Тристан онгоц ирэх үед ямар өнгийн тугтай сэлж ирсэнийг ч харж чадахааргүй тийм ихээр сэтгэлийн гүн шарх авсан байдаг.

Гэтэл онгоцон дээр цагаан туг өлгөсөн байв. Харин цагаан туг өлгөөстэй байсныг Тристаны эхнэр хар туг гэж түүнд худал хэлснээс болж, Тристан уй гашуугаа дийлж чадалгүй, Изольдаг хүрч ирэхээс өмнө насан эцэслэдэг. Харин хайртай хүнийхээ үхлийг үзсэн Изольда ч төд удалгүй зовлон, шаналлаасаа болж мөн л амиа алддаг.        

ПАРИС, ЕЛЕНА ХОЁР

Бодит түүхээс сэдэвлэсэн Тройн дайн ба Трой хотын Еленагийн тухай домог нь эртний грекийн баатарлаг тууль юм. Тройн Елена бол тухайн цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэгддэг. Бүсгүйг Спартагийн хаан Менелаяд эхнэр болон очсон хойно, түүнд ухаанаа алдтал дурласан Тройн Приам хааны хүү Парис бүсгүйг хулгайлан Тройд буцааж аваачдаг.

Ингээд Менелаягийн ах Агамемноноор удирдуулсан грекийн их цэрэг Еленагийн араас ирж, Трой хотыг үнсэн товрог болгодог. Харин Спартад буцаж очсон Елена тэндээ үхэн үхэтлээ өөрийн нөхөр Менелаятайгаа аз жаргалтай амьдардаг.    

НАПОЛЕОН, ЖОЗЕФИНА ХОЁР

Ашиг сонирхолын үүднээс 26 настай Наполеон өөрөөсөө насаар ахмад, нэр төртэй, хамгийн их хөрөнгө бэлтэй эгчмэд хатагтай Жозефинатай гэрлэжээ. Цаг хугацаа өнгөрөх бүрт Наполеон эхнэр Жозефинадаа улам бүр дурласаар, эхнэр нь ч нөхөртөө дурласаар байлаа. Биестээ учиргүй хайртай байсан ч гэлээ тэдний хэн хэн нь нууц амрагтай байжээ. Энэ нь тэднийг хайрын гал дөлийг нь  хөргөсөнгүй, харин ч бие биеэ асар их хүндэтгэж, гэрлэлтээ хэвээр хадгалан үлдэж чадсан. Тэдний харилцаа улам л бэхжсээр, үнэн хайр сэтгэл үүссэн байх тэр үед Наполеон Бонапарт Жозефинагаас угсаа залгамжлах хүү төрүүлж өгөхийг хүссэн ч Жозефина уг хүсэлтийг нь хүлээн авалгүй татгалзсан тул тэдний хайр сэтгэлийн холбоо үүрд тасарсан түүхтэй.   

САЛИМ, АНАРКАЛИ ХОЁР

Энэхүү түүх хүмүүсийн дунд ихээхэн өргөн дэлгэр тархсан байдаг. Агуу их Могол улсын хаан Акбарын хүү Салим эгэл жирийн боловч үнэхээрийн үзэсгэлэнтэй Анаркали бүсгүйд дурладаг.

Салим бүсгүйг анх хараад л түүний хэмжээлшгүй их үзэсгэлэн гоод татагдан дурлах авч, хаан эцэг нь хүүгээ жирийн нэгэн охинд дурласныг нь олж мэдчихээд эсэргүүцэн, хүлээж аваагүй. Тэгээд хаантан Анаркали бүсгүйг нуугаад, түүнийг хайр дурлалын өмнө сохорсон хүүгийнхээ өмнө муу, муухай харагдуулах гэж янз бүрийн арга сэдэж олдог ажилтай болсон гэгддэг. Харин Салим энэ тухай нь олж мэдээд, өөрийн төрсөн эцгийнхээ эсрэг дайн өдөөх боловч, хүчирхэг хаан эцгийнхээ цэрэг дайчдыг дийлэлгүй, баригдан, үхэх ял авдаг. Энэ үед Анаркали бүсгүй гарч ирэн хайртыгаа үхлийн савраас аврах гэж чадлаараа хичээх боловч, аргагүй дийлдэн, хайртынхаа нүдний өмнө тоосгон хананд амьдаараа хавчуулагдан, булшлагддаг эмгэнэлт түүхтэй юм.    

ПОКАХОНТАС, ЖОН СМИТ ХОЁР

Америкийн түүхэн дэх хамгийн алдартай домог бол энэхүү хайрын түүх.

Виржиниагийн Тайдуотер бүсийн Алгонкин хэмээх Индиан омгийн ахлагч Поухатаны охин Покахонтас 1607 оны тавдугаар сард амьдралдаа анх удаа англичуудыг олж хардаг. Тэрээр тэрхүү харийн хүмүүс дундаас Жон Смитийг хамгийн ихээр онцлон харж, тэр үл таних залууд сэтгэл зүрхээ өгч, өөрийн эрхгүй татагдаснаас хайрын түүх эхтэй.

Смит индианчуудад баригдаж, тамлуулан байхад нь Покахонтас түүнийг оргуулж, хөл дээрээ бостол нь сувилан асарч тойглодог. Эцэст нь омгийн ахлагч, Покахонтасын эцэг түүнд өөрийн хүү шигээ хандах болдог. Энэ явдлаас хойш Смит, Покахонтас хоёр дотны найзууд бололцдог. Покахонтас Английн Жеймстаунд хүртэл очиж, хэд хэдэн удаа эцэг рүүгээ болон, омгийнхондоо мэдээ дамжуулдаг.

Дарийн дэлбэрэлтэнд өртөж, хүнд гэмтсэн Жон Смит англи руугаа буцдаг. Харин англичууд Покахонтаст Смитийг нас барсан гэж худал ярин, итгүүлдэг. Хэсэг хугацааны дараа индиан омгийнхонд олзлогдсон хүмүүсийг сольж авахын тулд Покахонтасыг английн Сэр Самуэл Аргелл баривчлан авах бөгөөд ингэж баригдан байх үедээ бүсгүй христийн шашинтан болохоор шийдэж, “Ребека” нэр аваад, нэг жилийн дараа англи залуу Жон Рольфтой гэр бүл болдог.

Тэрээр бүхэл бүтэн найман жилийн дараа хуучин анд Жон Смиттэйгээ англид очих үеэрээ уулзах боловч, энэ нь тэдний хувьд сүүлчийн уулзалт байдаг.

Энэ мэт дэлхийн хамгийн шилдэг, зүрх шимшрүүлэм хайрын түүхүүдийг өгүүлээд дуусашгүй билээ.

(Эх сурвалж: OKKO)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button