
Хэрэв Европын улс орнууд коронавирусийн цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээг чангатгахгүй бол гуравдугаар сар хүртэл Европт 500 мянга орчим хүн коронавирусийн халдварын улмаас нас барж магадгүй байна. Энэ талаар бямба гараг /2021.11.19/-т Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Европын товчооны захирал Ханс Клюге Британийн “BBC News” телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Европт “КОВИД-19”-ийн халдвар хурдацтай тархаж байгаад ДЭМБ түгшиж байна гэж тэр хэлэв. Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд амны хаалтыг тогтмол зүүж, вакцинд хамрагдаагүй бүх хүмүүсийг вакцин хийлгэхийг зөвлөж байна.
Ханс Клюге хэлэхдээ, зарим оронд вакцинжуулалтын түвшин тун бага байгаа мөн дээрээс нь хүйтний улирал ирж, халдварын олон хувилбарууд гарч ирснээс үүдэн Европ тивд коронавирусийн дараагийн давалгаа бий болж байгааг онцлов.
“КОВИД-19” дахин Европ тивд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна” гэж Клюге чухалчлав. Бямба гарагт Вена хотод 40 мянга орчим хүн “КОВИД-19”-ийн вакцинжуулалтыг эсргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсан. Жагсагчдын дийлэнх нь өдөр тайван замаар жагссан ч орой нь зодоон болж, жагсагчид хууль хүчнийхний хооронд мөргөлдөөн үүссэн. Жагсагчид цагдаа нар луу шар айрагны лааз, хуванцар сав зэрэг шидсэн байна. Үүний хариуд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчдын олонх нь ханцуйндаа “ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ” гэсэн бичээстэй шар тууз уясан байна. Тэдгээр цугласан хүмүүсийн дунд “1938 он ингэж л эхэлсэн”, “Шалленберг – Менгеле” гэсэн зурагт хуудас байрлуулсан байв. Жагсагчид Вена хотод хөрш зэргэлдээ орнуудаас автобусаар ирж, эсэргүүцлийн цуглаанд оролцсон гэх мэдээлэл байна.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.