УЛС ТӨР

Кибер аюулгүй байдлыг Ерөнхий сайд, ТЕГ-ын дарга нар хариуцна

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Н.Учрал нарын гишүүдийн өргөн барьсан эл хуулийн төслийг цаг үеийн шинжтэй гэж үзэн парламент ам сайтай хандаж байв.

Сүүлийн үед яг кибер аюулгүй байдалд чиглэсэн хэд хэдэн мэдээлэл нийгэмд гарч, олны анхаарлыг татсан. Тухайлбал, 2.3 сая монголчуудын хувийн мэдээллийг гадаадын хакер сүлжээн дээр 700 ам.доллараар худалдаж байсан гэх. Тухайн зар устсан бөгөөд ТЕГ мэдээллийн мөрөөр ажлын хэсэг гарган өнөөг хэр ажиллаж байна.

Түүнчлэн “1877 Team” гэх Иракийн хакеруудын бүлэглэлээс манай улсын төрийн албаны хоёр вэб сайт руу халдлага үйлдэж, гацаасан явдал гарсан. Тодруулбал, Монголбанк болон ЦЕГ-ын сайтыг тэд түр зуур хөнгөн хэмжээнд удирдсан. Албаны хүмүүс “Халдлага болсон ч ямар нэг мэдээлэл алдагдаагүй” гэсэн тайлбарыг хэвлэлд өгсөн байв.

Ер нь дэлхий дахинд хакеруудын сүлжээ, тэдний ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж байгаа нөхцөлд хувь иргэний болоод байгууллагын, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээллүүдийг хэрхэн цахим халдлагаас хамгаалах вэ гэдэг хөндүүр сэдэв болсон. Гэвч өнөөдрийг хүртэл энэ тал дээр ямар нэг хууль тогтоомжгүй явж ирсэн нь ихээхэн анхаарал татдаг.

Харин Н.Учрал нарын гишүүдийн өргөн барьсан тус хуулийн төсөл батлагдсанаар, Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулж, улсын хэмжээн дэх кибер халдлагын тоог тоолон бүртгэж, байгууллагуудыг хоёр жил тутамд эрсдэлээ шалгуулж байх боломжтой болж байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар дэмжсэн байр суурь илэрхийлж, зарим зүйлийг тодруулж байв. Үүгээр зарчмын зөрүүтэй 38 саналын томъёоллоор санал хураах байсан ч тухайн өдрийн чуулганы хуралдаанд багтаагүй. Иймд дараагийн чуулганы хуралдаанаар гүйцээн хэлэлцүүлэх чигтэй байна.

ХУУЛИЙН ТӨСӨЛД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ БҮТЭЦ, ЧИГ ҮҮРГИЙН ТУХАЙД ДАРААХ БАЙДЛААР ТУСГАСАН БАЙНА.

  • Олон улсын жишгийн дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсыг төлөөлөн олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд,
  • Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд,
  • Тайван цагт батлан хамгаалах үйл ажиллагааны кибер аюулгүй байдал, зэвсэгт хүчний мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шаадрлагатай үед улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарт зохион байгуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний төвийг зэвсэгт хүчний кибер командлалын бүтцэд,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button