ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨР

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Монголд айлчлаад чухам юу ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021.11.22-нд “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулан “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзалт хийсэн талаар бид мэдээлсэн.  Өмнө нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаушолмтой хоёр ч удаа цахим уулзалт хийж байсан удаатай.

Тэгвэл “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолмын манай улсад хийсэн айлчлалын цаад учир начир юу байв, Ерөнхий сайдтай чухам юун талаар ярилцсаныг https://miningglobal.com сайтаас хөрвүүлэн уншигч та бүхэнд хүргэж байна.

Mining Global бол дэлхийн уул уурхайн салбарын дижитал нийгэмлэг бөгөөд уул уурхайн салбарын техник технологи дижитал өөрчлөлт рүү чиглэж байгаа энэ цаг үед дэлхийн хамгийн том уул уурхайн брэндүүд болон тус салбарын хамгийн өндөр албан тушаалтнуудын талаарх мэдээ мэдээллийг боловсруулдаг байгууллага юм.   

Сайтад дурьдсанаар:  

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм зэсийн тогтвортой олборлолтод шинэ технологи нэвтрүүлж буй “Оюутолгой”-д саатал гарсан талаар ярилцахаар Монгол Улсад айлчилж байна.

Тэрбум ам.долларын ашигтай ажилладаг компанийн удирдах ажилтны айлчлалаараа сонсохыг хүссэн зүйл нь төсөл хойшлогдох болсон тухай юм. Монгол дахь “Оюутолгой”-н уурхайн олборлолтод саатал гарахад хүргэсэн саад бэрхшээлийн улмаас л “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм тус улсад айлчилж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй уулзав.

Эл зэс, алтны уурхай нь аль 2010 онд баригдаж эхэлсэн бөгөөд уул уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай явуулахын тулд шинэ техник технологи, механик тоног төхөөрөмжүүдийг ашигласан дэлхийн хамгийн аюулгүй, тогтвортой уурхайнуудын нэг гэгддэг.

Дашрамд сонирхуулахад, Mining Global-аас дэлхийн хамгийн том 10 уурхайг нэрлэсэн ба наймдугаарт нь “Оюутолгой”-н уурхай орсон гээд ойролцоогоор 1,7 сая унц алт олборлоно гэжээ.

Уурхайн бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа нь бизнест алдагдалтай байгаа тул Монголд айлчлах сэдэл төрүүлсэн. Стаушолм үүссэн саатал, бэрхшээл нь геотехникийн хүндрэл, “КОВИД-19”-аас улбаатай гэж үзэж байгаа аж. Бий болоод байгаа саатал нь төслийн гол хоёр хувьцаа эзэмшигч болох Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл” /Turquoise Hill/ компанийн хооронд ч асуудал үүсгэсэн.

Стаушолм өөрийн “LinkedIn” хуудсандаа:

“Би Гүйцэтгэх захирал болсноосоо хойш анх удаагаа энэ долоо хоногт дэлхийн хамгийн том зэсийн далд уурхайн төсөл “Оюу Толгой”-н өлгий нутаг болох сайхан өвөлтэй Монгол оронд буцаж ирлээ. Дэлхий дахинд хамгийн орчин үеийн, аюулгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой”-н орд үйлдвэрлэлд орсноор Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, эрчим хүчний өөрчлөлтөд чухал ач холбогдолтой металл болох зэсээр дэлхийг хангах болно. Миний айлчлал бол Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, мөн бусад сайд нар, УИХ-ын гишүүд зэрэг олон талын оролцогч талуудтай уулзан ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонсож, ойлгоход чиглэсэн. Энэ бол ИТГЭЛЦЭЛ дээр суурилсан бидний харилцааг сэргээх эхний амин чухал алхам байлаа. Бид үүнийгээ алхам алхмаар олж авахыг эрмэлзэж байгаа юм. Учир нь бидний харилцаа, ХАМТЫН АЖИЛЛАГАА 40 гаруй жил бат бөх орших учиртай. Харамсалтай нь, би энэ удаад танай улсад удаан зочилж чадахгүй ч гэлээ удахгүй эргэн ирж, Монгол дахь багийнхантайгаа нүүр тулан уулзаж, цагийг өнгөрүүлэх бодолтой байна. Монгол дахь багийнхан бол гайхалтай бас мундаг баг хамт олон юм. Тэд энэ чухал төслийг үргэлжлүүлэхэд нөр их зүтгэл гарган, уйгагүй хөдөлмөрлөж байгаад нь би чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Тэд “КОВИД-19”-өөс үүдэлтэй олон хориг цээрийн үеэр удаан хугацаанд гэр бүлээсээ хол байж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь их бахархал төрүүлж байна. Тэдний хийж буй бүх зүйлд би маш их талархаж байна” гэж нийтэлжээ. Нийтлэлийн эх хувилбарыг доорх линкийг дарж үзнэ үү.

https://www.linkedin.com/feed/update/urn:li:activity:6868935242321813504/

-“РИО ТИНТО” ОЛБОРЛОЛТОО ХОЙШЛУУЛАХ НӨХЦӨЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-

Стаушолмын хэлснээр, Монгол Улсад хийж буй айлчлал нь байгууллага бүрийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг тийш нь шийдэж, “дахин тохируулах” шаардлагатай айлчлал гэв.

“Энэ бол итгэлцэл дээр суурилсан бидний харилцааг сэргээх эхний амин чухал алхам байлаа. Бид үүнийгээ алхам алхмаар олж авахыг эрмэлзэж байна” гэж Стаушолм хэлэв.

“Туркойз Хилл” компани цаашид ойролцоогоор 3,6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг олж мэдсэний дараа “Рио Тинто” компани аравдугаар сард Монгол дахь “Оюутолгой”-н анхны олборлолтоо 2023 оны нэгдүгээр сар хүртэл буюу өмнөх эхлэх ёстой хугацаанаасаа гурван сараар хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн.

Үүний үр дүнд, төслийг үр өгөөжтэй байлгахын тулд Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ үүссэн гацаа, сааталд “Рио Тинто” компани хариуцлага хүлээх ёстой гэж үзээд, тус компани аливаа нэмэлт зардалд ч мөн хариуцлага хүлээж, Монгол улсын Засгийн газрын аливаа ӨРИЙГ ТЭГЛЭХ хэрэгтэй гэж үзэв.

-“ОЮУТОЛГОЙ”-Н БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ЦУХАС ДУРЬДАХАД-

“Оюутолгой” бол шинэ техник технологиудыг ашиглан олборлолтын үр ашгаа дээшлүүлсэн дэлхийн хамгийн боловсронгуй уурхайнуудын нэг бөгөөд түүний ашиглалтын оргил үе буюу 2028-2036 он хүртэл жилд 480 мянган тонн зэсийн нөөц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Якоб Стаушолмын манайд хийсэн айлчлалынхаа талаар “LinkedIn” хуудсандаа нийтэлсэн дээр дурьдсан нийтлэлийнх нь дор гадаадын болон монголын зарим нэг хүмүүс өөрсдийн сэтгэгдлийг бичсэн байна. Түүнийг сийрүүлбээс:

1/ Бат-Эрдэнэ Чимэддорж /”Оюутолгой” төслийн бие даасан шинжээч/:

  • Би таны наад “ИТГЭЛЦЭЛ”, “ХАМТЫН АЖИЛЛАГАА” гэх зэрэг үгстэй санал нийлэхгүй байна. ОТ-н хувьцаа эзэмшигчийн зээлийн үр ашгийг хүртэх ЭЗЭН нь хэн бэ гэдгийг та хэлэх ёстой. Наадах чинь Монголын ард түмний эсрэг чиглэсэн “мангас”.

2/  Зубах Бивогуи /Zubah Beavogui/  “Alufer Mining Limited” компанийн Корпорацийн харилцаа холбоо, олон нийттэй харилцах алба:

  • “Итгэлцэл” гэдэг үгийг ил тод байдал, харилцаа холбоог бий болгох гэсэн утгаар ашигладаг. Уул уурхайн үйл ажиллагаа болгонд хувьцаа эзэмшигчид, Засгийн газар, зохицуулагчид, хүлээн авагч улс орон гэх мэт оролцогч талууд оролцдог бөгөөд тус бүрдээ талуудын хамтын ашиг тусын төлөө “тоглолт хийх” үүрэгтэй. Уул уурхайн компани амжилтад хүрэхийн тулд ил тод байх ёстой: гол шийдвэрүүд, гүйцэтгэлийн хэмжүүр, орон нутгийн болон үндэсний эдийн засагт оруулсан хувь нэмрийг тогтмол ил тод болгох хэрэгтэй. Ил тод байдал дутагдвал үл итгэх байдал үүсч, улмаар хямралаас зайлсхийх боломжгүй болно.

3/ Стивен Хилл /Stephen Hill/:

  • Ямар гайхалтай амжилт вэ. Монгол Улсын Эрхэм Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та ард түмэндээ томоохон ялалт байгууллаа. Энэ гэрээ бол танай улс нийгэмд олон мянган иргэнийг өндөр цалинтай, найдвартай, карьераа хөгжүүлэх баталгаа юм. “ХҮНИЙГ НЭГДҮГЭЭРТ” гэх бодлогын бас нэг жишээ бол “Рио Тинто” юм. Тэд хүмүүсийг бас нийгмийг ашгаас дээгүүр тавьж, өгөөжийг нь уугуул иргэдийнх нь нийгэмд буцаан өгч, ирээдүйг нь бий болгож байна. “Рио Тинто” шиг дэлхийн аварга компанийг хүлээн авч, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр цалинтай, карьераа хөгжүүлэх боломжийг олгож байгааг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байна. Ялалт-Ялалт, хамтдаа хөгжихийн тод жишээ.

4/ Морис Даффи /Maurice Duffy/ Монгол Улсын Засгийн газрын стратегийн зөвлөх. Британийн “BBC” мэдээллийн агентлагийн хөтлөгч, зохиолч, нийтлэлч, илтгэгч:

  • Та Монголд айлчлах боломжтой болсон нь үнэхээр сайхан хэрэг гэж бодож байна. Би саяхан тэнд байсан бөгөөд та бүхэнтэй үзэл бодлоо хуваалцаж байна. Монголын ард түмэн үнэхээр гайхалтай, та бүхнийг эелдэг найрсаг байдлаар угтан авна гэдэгт итгэлтэй байна. Та эрэн сурвалжлах сэдэв болсон “Рио Тинто”-гийн үйл ажиллагааны талаар “Independent Consulting Group” /ICG/-ийн тайлангаас илүү ихийг мэдэж авч болно. Энэ бол  бие даасан зөвлөх групп. Таны зөвлөх Жон Барбер, “Рио”-гийн блокийн олборлолтын шинжээч асан Аллан Мосс нарын илгээсэн “Рио Тинто”-гийн үйл ажиллагааны талаарх 157 хуудас бүхий бие даасан тайланг гурван сарын өмнө анх хүлээн авч байсан. Гэвч, та энэ гурван сарын хугацаанд тайлангийн дүгнэлтийг дэлгээгүй, мөн үр дүнгийн хариуд “Рио Тинто” чухам юу хийх гэж байгааг огт тайлбарлаагүй байна. Таны саяхан байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг өөрчлөх стандарт /Environmental, Social, and Governance principles/ руу шилжин орсон чинь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Таны Монгол Улсад болон ESG стандартын талаарх халуун дулаан сэтгэл Монголын ард түмний бурууг нь засч, зөв зүйл хийхэд түлхэц болно гэдэгт найдаж байна. Энэ бүхэн итгэлцэл, ил тод байх хүсэл дээр суурилсан “харилцаагаа сэргээх” амин чухал алхам болно.    

5/ Ананд Кумар /Anand Kumar/ Османийн их сургууль, Хайдарабад:

  • Дүр үзүүлсэн ажилд зуучлагч, энэ компанид бүү итгэ.

Эндээс дүгнээд харвал, “Оюунтолгой”-н төсөл гацаа, сааталд ороод байгаа нь үнэхээр том асуудал болоод байгааг Якоб Стаушолмын айлчлал илтгэнэ. Үндэстэн дамнасан аварга том компаниудын дарга удирдлагууд ер нь “улаан гэрэл” асаагүй л бол ядуу буурай “С” ангилалд багтах манайх шиг жижиг улсыг зорин ирэх нь ховор тохиол. Мэдээж, уул уурхайн аваргууд дээрх нэг хүний бичсэн шиг ашгаа хойш нь тавиад хүнийг, нийгмийг юу юунаас чухалчилж болох ч, Ерөнхий сайдын хэмжээнд уулзалт хийсэн гэхээр яалт ч үгүй үүний цаана том эрх ашиг, “мөнгө” яваа харагдана. Тийм хар төрөхөөс аргагүй. Учир нь, “Оюутолгой”-н уурхайн эхний 10 жилийн дундаж үйлдвэрлэл, олборлолтын хэмжээ:

- Зэс: 1,2 тэрбум фунт

- Алт: 650,000 унц

- Мөнгө: 3 сая унц гэсэн тооцоог хийсэн байдаг. Харин уурхайн долоо дахь жилээс эхлэн жилийн үйлдвэрлэлийн оргил үед:

- Зэс: 1,7 тэрбум фунт

- Алт: 1,1 сая унци

- Мөнгө: 5,1 сая унц байна гэсэн тооцоо бий. Энэ бол үнэлж баршгүй их хөрөнгө. Шунал хөдөлгөм асар их баялаг бол яах аргагүй мөн. Тиймдээ “тэд” энэ бүгдийг авахын төлөө улайрцгааж байна.

Уншигч та “Рио Тинто” болон “Оюутолгой”-г тойрсон маргаан дагуулсан өмнө нь нийтэлж байсан мэдээллийг https://eguur.mn/229286/ -аас уншаарай. Эндээс та ““Рио Тинто”-г Оюутолгойн санхүүгийн асуудлаар Их Британид шалгаж эхэлсэн талаарх мэдээллийг авах болно.

(Эх сурвалж: Miningglobal, Seekingalpha)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-26 13:37

тэгвэл манай улсад ашигтай байгаач дээ бид чинь бүх юмаа өгөөд гуйлгчин хэвээрээ л байна даа

Ш.Болормаа
Ш.Болормаа
2021-11-26 15:54

Их сайхөн мэдээ бна. Иргэн би ойрд их баяртай байгаа. Эх орныхоо эзэн нь юм шиг ярилцаж байгаа хоёр даргадаа т�##�архая. ЕС, УИХ дарга бусад ОТ т�##�аар эх орондоо ашигтайгаа байх ёстойг сануулдаг гишүүдэд мөн т�##�архая.

zochin
zochin
2021-11-26 19:41

ГАДААДЫНХААС ТАНАЙ УЛСАД УУРХАЙ БАРЬЖ ӨГӨХ ГЭЖ БАЙНА, ТАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ МАШ ТОМ БОЛГОХ ГЭЖ БАЙНА, ТАНАЙ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА ГЭСЭН ТАРХИ УГААСАН, ХОШГИРУУЛСАН ҮГЭНД ИТГЭХЭЭ, НАЙДАХАА, БАС ДАГАЖ ХОШГИРОХОО БОЛЬЦГООЁ МОНГОЛЧУУД АА
ТЭДЭНД ХЭЗЭЭ ЯМАГТ ӨӨРСДИЙНХ ЭРХ АШИГ, ОРЛОГО ХАМГИЙН ЧУХАЛ БАЙХ БОЛНО, МОНГОЛЫН АСУУДАЛ ТЭДНИЙ ХУВЬД ЗАА МАГАД 3 ДАХЬ БҮР 10 ДАХЬ НЬ Ч БАЙЖ МЭДНЭ

I
I
2021-11-26 20:08

Tavshiisan piz daa ve haha

Зочин
Зочин
2021-11-27 16:49

Энэ луйварчдыг зүгээр хөөж гарга. Манай хэдтэй тохиролцох гээд аргадаад байгаан бна. Үхсэнийх нь хамтын ажиллагаа.

Холбоотой мэдээ

Back to top button