ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Токио хотын хурлын төлөөлөгч жолооны үнэмлэхгүй зорчиж, осол гаргаад огцров

Токио хотын хурлын төлөөлөгч Киношита Фүмико 2021.11.22-ны даваа гарагт жолооны үнэмлэхгүй машин жолоодож яваад автомашины осол гаргажээ. Тиймээс тэрбээр албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэв. Киношита төлөөлөгч Токио хотын захиргааны байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Би их олон хүнээс хатуу шүүмжлэл хүлээж авлаа. Замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөөгүй үйлдэлдээ гүнээ харамсч байна” гэлээ. Ингээд буруугаа хүлээн, олон нийтээс уучлал гуйн, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн юм. Токио хотын хурлын төлөөлөгчид түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан тогтоолыг хоёр ч удаа санал нэгтэй баталжээ. Харин тэрбээр огцрох хүсэлгүй байсан ч олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс олон зэмлэл, шүүмжлэлтэй тулгарсан тул ийнхүү огцрохоо болжээ. Киношита Фүмио нь осол аваар гаргаж, жолооны үнэмлэхээ хураалгасан ч долоо удаа жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон аж.

2021.11.09-нд харин Киношита Фүмио хурлын тэргүүлэгчид огцрох бодолгүй байгаагаа хэлсэн аж. Түүнийг пүрэв гараг /2021.11.25/-т хурлын удирдах хорооны хуралдаанд оролцохыг мэдэгдсэн ч тэрбээр биеийн байдал муу байгаа гэсэн шалтгаанаар хуралд оролцоогүй юм байна.

Хэвлэлийн бага хурал дээр Киношита Фүмио Токио хотын захирагч Койкэ Юрикотой уулзаж зөвлөлдсөний эцэст огцрох шийдвэрээ гаргасан гэв. Токио хотын захирагч Койкэ Юрико хэлэхдээ, төлөөлөгч Киношитагийн гаргасан осолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд тэрбээр бүрэн эрхээ дуусгаж, огцрох ёстой гэсэн юм. Койкэ мөн Киношита хийсэн үйлдэлдээ бүрэн гэмшвэл дахин түүнд туслах санал болгосон гэлээ.

Киношита төлөөлөгчдийн хурлыг завсарлах хугацаанд авсан цалин болох 1,9 сая иенийг бусдад хандивласан гэдгээ тодотгов. Энэ оны долдугаар сард Токио хотын хурлын төлөөлөгчдийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр гаргасан ослын талаар цаг тухайд нь шуурхай мэдээлээгүйнхээ тухайд тэрбээр сонгуулийн кампанит ажилдаа хэт их санаа зовсон байсан, ослыг нуун дарагдуулах бодол байгаагүй гэсэн юм.

Киношита Фүмио нь 2017 онд анх удаа Токио хотын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Киношита энэ оны долдугаар 4-нд улиран сонгогдсон хэдий ч ослоос хоёр хоногийн дараа түүнийг жолооны үнэмлэхгүй машин барьсан нь тогтоогдсон тул бүс нутгийн улс төрийн нам болох “Tokyoites First” намаас нэрийг нь хассан ажээ.

(Эх сурвалж: Japantimes.co.jp)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button