ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Монголын уул уурхайг цөлмөгч Роберт Фридланд шагнал авчээ

“Оюутолгой” төсөл монголын ард түмэнд үр шимээ өгөх ёстой атал зөвхөн Роберт Фридланд ба түүний “Айвенхоу Майнз” компанид л ашигтай гэх хардлага гарч эхэлсэн байдаг. Ийм хардлага төрөх нь ч аргагүй. Учир нь, Роберт Фридландын “Айвенхоу Майнз” компани Монгол Улсын Засгийн газарт гурван жилд ямар ч татвар шимтгэл төлөхгүй байх тохироо хийсэн байдаг. “Оюутолгой”-н алт, зэсний түүхий эдийн нөөц 60 ТЭРБУМ ам.доллароор үнэлэгдэж, хөрөнгө оруулалтынх нь зардал харин дөнгөж НЭГХЭН ТЭРБУМ ам.доллар болно гэсэн бодитой тооцоо бий.

Ингээд Роберт Фридланд болон түүний компани Монголын уул уурхайг юу ч үгүй болтол нь цөлмөж, монголын ард түмэн хохирч, байгаль орчин сүйтгэгдээд үлдэх дүр зургийг урьдчилан харсан тул Роберт Фридландын толгойг нь илж, дээрээ залсан эрх баригчдын эсрэг монголчууд 2006.04.18-нд төв талбай дээрээ эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байдаг.

Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ыг огцрохыг шаардан 12 мянга гаруй хүн цугларч, Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр, Ерөнхий сайд асан Миеэгомбын Энхболд, УИХ-ын дарга асан Цэндийн Нямдорж нарыг дүрсэлсэн цаасан хүүхэлдэйнүүдийг шатаан иргэд эсэргүүцлээ илэрхийлж тэмцэв. Иргэд Роберт Фридландыг “Монголоос зайл. Савраа тат” хэмээн нэгдэж, шаардав. Гэвч, иргэдийн дуу хоолой, үзэл бодол хаданд хашгирах мэт замхарч хоцров.

Роберт Фридландын явсан очсон, бизнесээ эхлүүлсэн газар бүрт байгаль орчин нөхөн сэргээгдэх аргагүйгээр сүйтгэгдэж, асар их хэмжээний хор хохирол учирдаг. Латин Америкийн Гуаяанад очин “Голд Стар” /Gold Star/ компанитай хамтран уул уурхай хийж, тухайн орон нутгийг цианидаар хордуулсан байх жишээтэй. Түүний хар мөр энэ мэтээр хаа сайгүй гарсан байдаг.  Фридландыг ашигт малтмалын дээрэм тонуулдаа гаршсан бас хар тамхины наймаачин ч гэлцдэг ч тэрбээр шагнал энэ тэр авчээ.

Гадаадын сайт дээр бичсэнийг сийрүүлбэл, Роберт Фридланд /1950.08.18/ бол үеийнхэн дундаа нэлээдгүй амжилттай яваа уул уурхай хөгжүүлэгч гэгддэг. Тэр бол Канад, Монгол, Конго зэрэг улсад дэлхийн хэмжээний хэд хэдэн уул уурхайн салбарт хөрөнгө мөнгөө цацан, санхүүжүүлж, удирдан чиглүүлсэн гэж магтжээ.

Мөн түүнийг бизнес гэх маш том тогоо руу орж, амжилттай карьераа эхлүүлэхээсээ өмнө коллежийн оюутан байхдаа “Apple” компанийг үүсгэн байгуулагч алдарт Стив Жобстой хамт оюутны байранд бүр нэг өрөөнд амьдарч байсан гэж бичсэн байдаг.  

Роберт Фридланд бол “Оюутолгой”-н төсөлд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэгддэг ба түүний “Айвенхоу Майнз” /Ivanhoe Mines/ компани тус төслийг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан. Харин хожим нь “Рио Тинто” уурхайг хяналтандаа авахын тулд тус компанийн хувьцааны талаас илүү хувийг худалдаж авсан хэрэг болж байв.

Фридланд “Оюутолгой”-г дэлхийн хэмжээнд зэс болон алтны уурхайгаараа хамгийн шилдэг нь болно гэдэгт үргэлж итгэж, үүнийг байнга ил зарласаар ирсэн.  

Тэгвэл уул уурхайн магнат гэх Роберт Фридландыг олон улсын уул уурхайн салбарт ажиллах хугацаанд нь гаргасан ололт амжилтынх нь төлөө АНУ-ын “Уул уурхайн алдрын танхим”-д элссэн үйл явдал болж өнгөрлөө. Түүнийг тус танхимд элссэнд “Айвенхоу Майнз” компанийн Ерөнхийлөгч Марна Клоете /Marna Cloete/ компанийнхаа нийт ажилчдын нэрийн өмнөөс баяр хүргэжээ.

Роберт Фридландыг АНУ-ын “Уул уурхайн алдрын танхим”-д элсүүлэх ёслолын арга хэмжээ 2021.12.04-нд АНУ-ын Тусон хотод болсон ба ёслолын арга хэмжээнд ойролцоогоор 500 зочид төлөөлөгчид оролцсон аж.

АНУ-ын “Уул уурхайн алдрын танхим” Америкийн болон дэлхийн эрдэс баялаг, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж, нэг насаа энэ салбарт зориулж, гарамгай амжилт гаргасан хүмүүсийг эгнээндээ нэгтгэдэг. Ингээд Роберт Фридландад түүний гаргасан томоохон амжилтыг нь хүндэтгэж хүрэл пайз гардуулан өгсөн байна.

Бид дараа дараагийнхаа нийтлэлүүдээр Роберт Фридланд гар бие оролцож, олон орны уул уурхайн салбарт тарьсан уршгийн талаар өгүүлэх болно.

(Эх сурвалж: Wikipedia; Thewhig; Mining Weekly; MiningNews)   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин бноо
Зочин бноо
2021-12-09 06:22

Nice

Холбоотой мэдээ

Back to top button