ҮЙЛДВЭРЛЭГЧ: Монгол ямааны арьсаар дулаахан, чанартай савхин бээлийг хэрхэн хийдэг вэ

Ямааны арьсаар чанартай, эдэлгээ даахуйц бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, ЖДҮ хөгжүүлж яваа "САВХИН БЭЭЛИЙ” брэндийг бид “Үйлдвэрлэгч” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.
Тэд ямааны арьсаар импортын бүтээгдэхүүнийг орлохуйц бээлий үйлдвэрлэж, дотоодын зах зээлд эзлэх байр сууриа бататгахаар хөдөлмөрлөж яваа юм. Өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр эхэлсэн "Савхин бээлий” өдгөө зургаан хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Брэндийн нэр: “Савхин бээлий” брэнд
Үйлдвэрлэлийн чиглэл: Арьсан эдлэл үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагч, удирдлага: Үүсгэн байгуулагч Ёндонсамбуугийн Энхболд
Үүсгэн байгуулсан он: 2005 онд өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр эхэлж, 2015 оноос цех байгуулснаар өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй
Сошиал холбоос: Монгол савхин бээлий
-ХҮҮ НЬ ЭЭЖИЙНХЭЭ АЖЛЫГ ӨВЛӨЖ, ТАСРАЛТГҮЙ 17 ЖИЛ САВХИН БЭЭЛИЙ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА-

Ё.Энхболд Нисэхэд байрлалтай долдугаар дунд сургуулийг сурч төгсөөд, ахаасаа морин хуур хийх аргыг сурчээ. Улмаар морин хуур хийж, захуудаар арилжаалж эхэлсэн байна. Ийнхүү 2005 онд буюу 25 наснаасаа ээжийнхээ ажлыг өвлөн авч, морин хуур хийхийнхээ сацуу ямааны арьсаар савхин бээлий хийж эхэлжээ.
Өвлөж авсан мэдлэгээ ажил хэрэг болгох, бүтээгдэхүүн болгох нь түүнд амар байсангүй. Савхин бээлий улирлын чанартай учир, хавар өвөлдөө бээлийгээ хийж, зундаа морин хуураа хийдэг байв. Гэвч 2015 оноос савхин бээлийний үйлдвэрлэлдээ төвлөрч, хэцүү бэрх бүхэнд зүрхшээж, шантралгүй тэмцсээр өөрсдийн цехтэй болсноор үр шимийг нь хүртэж яваа юм.
–БЛИЦ ЯРИЛЦЛАГА: “САВХИН БЭЭЛИЙ” БРЭНДИЙН АЛСЫН ХАРАА–

“Савхин бээлий” брэндийн үүсгэн байгуулагч, Ёндонсамбуугийн Энхболдтой ярилцлаа.
-Таны ЖДҮ эрхэлж буй гол зорилго юу вэ?
-Би их, дээд сургуульд суралцаагүй. Ахлах ангиа төгсөөд ахаасаа морин хуур хийхийг заалган, нэг хэсэг хамтдаа хийж, захуудаар зардаг байлаа. Ээж минь савхин бээлийний үйлдвэрт ажилладаг байсан. Үйлдвэр нь хувьчлагдсаны дараа 2005 оноос ээжийнхээ хийдэг савхин бээлийг үргэлжлүүлэн хийсээр өнөөдрийг хүрсэн байна. Бээлийндээ нэр өгөөгүй.
Зүгээр л "Савхин бээлий” гэж нэрлэсэн. Хүмүүсийн амьдралд илүү ойр санагдсан л даа. Гол зорилго мэдээж өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр эх орныхоо хөгжилд хувь нэмрийг оруулах, түүхий эдийг үнэлүүлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршиж байна.
-“Савхин бээлий” брэндийн бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Манайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон газар бий. Тэднээс ялгарах онцлог нь өмсгөл сайтай. Савхин бээлийний эсгүүрийг гаргах, хэрхэн оёхоос шалтгаалаад өмссөн хүний тав тух шалтгаалдаг. Бээлийгээ ямааны арьсаар хийдэг учир маш зөөлөн, хөдөлгөөнд саадгүй гэдгээрээ л онцлог юм уу даа. Мэдээж чанар сайн. Хаяж, гээхгүй л бол бээлийний эдэлгээнд санаа зоволтгүй. Үүнийг ам бардам хэлж чадна.
-Бүтээгдэхүүнийхээ чанарыг ямар шалгуураар үнэлдэг вэ?
-Дурдсанчлан, хийц, эсгүүр дээрээ л маш сайн анхаардаг даа. Тав тухтай, хөдөлгөөнд саадгүй байх, мөн давхар өнгө үзэмжтэй байлгах шалгуур тавьдаг.
-Өдөрт ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Манайх гурван оёдолчин, эсгүүрчин нийлээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өдөрт 100 ширхэг бээлий гаргах хүчин чадалтай.
-Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг вэ?
-Одоогоор томоохон зах, худалдааны төвүүдээр худалдаалж байгаа. Савхин бээлий нь улирлын чанартай учир өөрийн дэлгүүрийг нээх хэцүү. Голчлон Нарантуул олон улсын худалдааны төвд зардаг. Мөн цахимаар захиалга авч, хүргэлт хийх зарчмаар ажиллаж байна. Орон нутгуудад бүтээгдэхүүнийг мөн борлуулдаг.
-Таны ажлын ноу-хау юу вэ?
-Анх гэртээ, өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрээр хүний нөөцөө нэмэгдүүлсэн. Гэхдээ миний хувьд ажиллах зарчим нь л зөв бол хүний олон байх шаардлагагүй гэж үзсэн. Одоогоор зургаан ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Бүгд одоо дор бүрнээ өөр өөрсдийн ажлаа хийж, өдрийг завгүй өнгөрүүлдэг. Бидний хувьд анхнаасаа бүтээгдэхүүний чанарт анхаарч, ач холбогдол өгсөн учир ажиллах орчин, үйлдвэрийн байртаа нэг их анхаарч чадаагүй. Улирлын чанартай учир, ажилчдынхаа орон тоог хадгалахад л анхаарч байна.
-Ажилчдадаа ажил олгогчийн хувьд нийгмийн халамж талаас нь хэрхэн анхаардаг вэ?
-Ажилчид нийгмийн даатгалд хамрагддаг. Мөн урамшуулалт цалин олгох, мэргэшүүлэх зэргээр анхаарч ажилладаг.
-Үйлдвэрлэлээ тэлж, гадаадын зах зээлд өрсөлдөх хэтийн боломжоо хэрхэн харж байна вэ?
-Бид загварлаг, чанартай бүтээгдэхүүн хийхийг эрмэлзэж байна. Бүтээгдэхүүний чанарыг улам бүр сайжруулах, нэр төрлөө нэмэгдүүлж чадвал гадаадын улс орнуудад экспортоор гаргах боломжтой. Тиймээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ аль болох дэлхийн жишигт нийцүүлэхээр зорьж байгаа.

Ёндонсамбуугийн Энхболд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнээ сайжруулахаар хэд хэдэн банкинд ханджээ. Гэвч цар тахлын хямрал болон өрхийн үйлдвэрлэлд зориулсан зээлийг гаргах банк олдоогүй байна.
Тэдгээрээс Төрийн банк хамгийн шуурхай, уян хатан нөхцөлтэй зээлийг санал болгосон нь "Ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээл” байжээ. Тэрбээр “Би Төрийн банктай олон жил харилцаа, холбоотой ажиллаж байгаа. Бизнесээ өргөжүүлэх, ямарваа бэрхшээл тулгарахад үргэлж тусалсаар ирсэн. Тиймээс цаашид ч үнэнч хэрэглэгч байсаар байх болно” гэв.
ӨМНӨХ КОНТЕНТ:

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Анд-Энерги” ХК байгальд ээлтэй, гэрэлтүүлэг сайтай лед гэрлийг хэрхэн хийдэг вэ
Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болноо
haha