ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

У.Хүрэлсүх В.Путин нарын гурав дахь уулзалтаар юу ярих вэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо 2021.12.15-нд хүрэлцэн ирсэн талаар ТАSS агентлаг мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг “Внуково-2” олон улсын нисэх онгоцны буудалд ОХУ-ын Гадаад Харилцааны дэд сайд И.В. Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс угтан авсан байна.

Хоёр орны төрийн тэргүүнүүд өнөөдөр буюу 2021.12.16-нд Москва хотноо албан ёсны хэлэлцээ хийнэ.

Кремлийн хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр, Орос-Монголын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хэтийн төлөвийн талаар ярилцан харилцан санал солилцохоос гадна олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хамтарсан тунхаглал” баталж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь Ерөнхийлөгчийн хувиар В.Путинтэй уулзах гэж буй анхны дээд хэмжээний уулзалт гэдгээрээ онцлогтой. Үүнээс өмнө тэд У.Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед уулзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард Сочи хотноо Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-нд болж, нийт сонгогчдын 69 орчим хувь нь саналаа өгсөн. Улмаар сонгогчдын 67 хувийн дэмжлэгийг У.Хүрэлсүх авч, ялалт байгуулсан билээ. Тухайн үед Ерөнхийлөгч В.Путин У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баярын цахилгаан илгээж, санал хураалтын дүн Монгол Улсын шинэ төрийн тэргүүний улс төрийн өндөр статусыг бүрэн баталлаа хэмээн тэмдэглэж байсан удаатай.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын мэндчилгээндээ онцлон тэмдэглэснээр, Монгол-Оросын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нь Евразийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхтэй нийцэж байгаа хэмээн онцолсон. Мөн 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд байгуулсан хоёр орны гэрээ нь орчин үеийн Монголын төрт ёсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан анхны ажил болж, талуудын жинхэнэ найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг В.Путин мөн дурсаж байсан.

У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард оросын хэвлэл мэдээллийн “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа, Монгол Улс коронавируст цар тахал өвчин дууссаны дараа ОХУ-тай хоёр талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улс ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байгааг ч тэрбээр тодотгосон.

“Манай хоёр орны хооронд улс төрийн зөрчилдөөн байхгүй. Бид харилцан итгэлцэл, улс төрийн хувьд өндөр дээд түвшний маш сайн харилцаатай” гэж У.Хүрэлсүх онцолж байв.

Үүнтэй холбогдуулан Монгол Улс, Евразийн Эдийн Засгийн Холбоо /ЕАЭЗХ/ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах үйл явц амжилттай явагдаж байгааг нэмж онцолж байсан юм. Монгол Улс бүхэлдээ ЕАЭЗХ-той хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгааг У.Хүрэлсүх мэдэгдэж байсан. Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгчийн хэлснээр, өнөөг хүртэл ОХУ болон холбооны бусад гишүүн улс орнуудтай худалдаа бизнесийн салбарт тарифын ба тарифын бус зохицуулалттай холбоотой “хэд хэдэн хүндрэл бэрхшээл” тулгарч байгааг ч дурдсан.

Түүнчлэн Монгол Улсын төрийн тэргүүн ОХУ, БНХАУ-тай хамтарсан эдийн засгийн коридорыг тус улсын нутаг дэвсгэрт бий болгох нь гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. У.Хүрэлсүх Монгол Улс дамжин өнгөрөх улс болох зорилт тавиад байгааг дурдаад, үүний тулд ОХУ, БНХАУ-ыг холбосон баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгүүдийг бий болгох нь чухал гэдгийг мөн тодотгосон.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр, ОХУ-тай эрүүл мэндийн болон онцгой байдлын байгууллагуудын хоорондын яриа хэлэлцээг дэмжих шаардлагатай байгаа гэсэн юм. Өмнө нь буюу энэ оны есдүгээр сарын эхээр У.Хүрэлсүх Дорнын Эдийн Засгийн Форумд онлайнаар оролцож байсан талаар “ТАСС” мэдээллийн агентлаг нийтэлжээ.   

(Эх сурвалж: ТАSS; Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-16 10:45

Putin,Lavrov 2-g oilgoj bolno doo,medeej tsag minutgui ajilladag humuus,avch uulzaj tsag gargaj buin ih uym,gol uulzaltaas garah shiidveruud naashtai,eeltei bh heregtei

Зочин
Зочин
2021-12-16 11:20

Манай хүнийг тоож уулзаарай

Зочин
Зочин
2021-12-16 11:21

Оросууд Хятадууд монголыг яах гээд байна

Зочин
Зочин
2021-12-16 12:00

Orosroi tegsh hariltsaatai baij, ediin zasgaa erchimjvvleh heregtei baina. Manaih gants ereenees hamaaraltai baij bolohgui.

Зочин
Зочин
2021-12-16 12:04

МОНГОЛД ГАНЦ НИСДЭГ ТЭРЭГНИЙ ҮЙЛДВЭР БАРИВАЛ У.ХҮРЭЛСҮХ ТҮҮХЭНД ҮЛДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО.

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x