ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-д хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотноо айлчлал хийж, талууд олон талт хэлэлцээ хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хамтарсан Тунхаглал баталлаа. Эл Тунхаглалд дурдсан хэд хэдэн онцлох сэдвийг тодотговол:

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ

Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр боллоо.

ХИЛИЙН БООМТЫН АСУУДЛААР

Хилийн асуудалтай холбогдуулан талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсан бөгөөд энэ хүрээнд боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ч цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов. Тиймээс, Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөлөө.

ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛААР

Талууд мөн  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛААР

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгөв. Хоёр орны хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахаар болов.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АСУУДЛААР

Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж, нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ. Басхүү хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР

Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлэхийн сацуу шинэ төрлийн коронавируст халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Талууд 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлэхээс гадна Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газарзүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо улам бататган нотлолоо. Мөн талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээр боллоо.

ОЛОН УЛСЫН АСУУДЛААР

Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлэхээр болж, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.

Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт /АСЕМ/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн, Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэг хэмээв. Талууд ШХАБ-ын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа тус тус илэрхийлсэн үйл явдал боллоо.

БУСАД ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзсан юм. Уулзалтаар хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн Думын дарга В.В.Володин нар тэмдэглэж, хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй хөгжиж байгааг сайшаахын зэрэгцээ хоёр орны Парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгдэв. Мөнхүү уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Төрийн Думын зүгээс дэмжлэг үзүүлэхээ В.В.Володин илэрхийлсэн байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нар “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам  дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийг энэ сарын 16-нд баталлаа.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улс, ОХУ-ын боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг юм.

Айлчлалаар мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, тус улсын “Роснефть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” болон “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзав. Уулзалтаар шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах талаар санал солилцсон юм.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах талаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

“Эрдэнэт” үйлдвэрт түшиглэн байгуулах үйлдвэр технологийн паркийг Оросын орчин үеийн техник хэрэгслийн оролцоотойгоор барих хүсэлт тавив.

ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууныг захиалгын дагуу тогтвортой гүйцэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярьж тохиролцлоо. Мөн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах талаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав. Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авах боломжийг судалж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд дээр дурдсан олон чухал асуудлаар яриа хэлэлцээр өрнөж, талууд харилцан ашигтай ажиллаж, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой салбаруудад хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, зөвхөн хоёр орны төдийгүй олон улсын өмнө тулгамдсан асуудлуудын талаар ч санал солилцож, байр суурь нэгтэй байгаагаа илэрхийллээ.

(Эх сурвалж: Kremlin; Tass, Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button