Нийгмийн

ОНЫ ТОЙМ: Он удаан шалгуулагсад, ЖДҮХС-г цөлмөгсөд, авлигын хэргээ хялбаршуулагсад

2021 он улс төрчид олноороо шоронд орсон, тун чиг халтай жил болов. Гэхдээ тэдэнд хууль маш зөөлөн хандаж, багахан ял авч, богино хугацаанд гарч, ихэнх нь торгуулаад авлигын хэргээсээ мултарч байлаа.

-ХЭДЭН ОН ДАМЖИН ШАЛГУУЛСАН НӨЛӨӨ БҮХИЙ ЭРХМҮҮД-

Энэ удаагийн гэмт хэргийн тоймоо гурван хэсэгт хуваан тоймлож байна. Эхний хэсэгт хэдэн он дамжин шалгуулж буй ч одоо хүртэл хэрэг нь эцэслэн шийдэгддэггүй, гэм буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг наранд сул чөлөөтэй явж буй, улс төрд нөлөө бүхий алба хашиж байсан эрхмүүдийн холбогдсон хэргүүдийг хүргэж байна.

-С.БАЯРЦОГТЫН ГЭМ БУРУУГ ЭЦЭСЛЭЭГҮЙ Ч НАРАНД АЛХСААР ЯВНА-

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын хүмүүсийг 2019 оны нэгдүгээр сар орчимд хоморголон баривчилсан байдаг. Тэр үед сугарч, хил даван зугтаж чадсан нь Ч.Сайханбилэг. Одоо хэр АНУ-д амьдарч буй тэрбээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорсоор буй.

Тэднийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ял оноосон. Тодруулбал, С.Баярцогтыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, Нүхт дэх 853 сая төгрөгийн үнэтэй хаус, Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгох, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жилийн хорих ял, Б.Ариунсаны нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг бууруулсан.

Тодруулбал, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсанг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ. Гэвч өнгөрсөн долдугаар сард Дээд шүүхээс уг хэргийг хэлэлцээд, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, прокурорт буцаасан юм. Түүнийг үндэслэлгүйгээр ялласан гэж шүүхээс үзсэн. Түүнээс хойш зургаан сар гаруй болж байгаа ч уг хэрэг мөн л прокурорт гацсан хэвээрээ байна. С.Баярцогт ч гэм буруутай эсэх нь тодорхойгүй, шоронгоос гарчихсан алхаж яваа.

-С.БАЯР МАГАДЛАНГААР СУЛЛАГДААД, ЭФИР БҮРИЙН ХОЙМОРТ ЗАЛАРЧ ЯВНА-

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон С.Баярт анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн ялыг Давж заалдах шатны шүүхээс 2.6 жил болгон бууруулсан. Жил орчим хоригдсон С.Баяр өнгөрсөн долдугаар сард магадлангаар хугацаанаас өмнө суллагдсан. Одоо телевиз бүрийн эфирт заларч, гэм буруугүй нэгэн байсан хэмээн сайрхан ярьсаар буй.

С.Баяр магадланд орохын тулд улсад учруурсан хохирлоо бүрэн барагдуулсан байдаг. Хохирлоо ийн нөхөн төлсөн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулга юм. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн хэргээр ял сонссон. Улмаар Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан байсан юм.

-Э.БАТ-ҮҮЛ ГЭНЭТ “АЧИГДАЖ”, НӨХӨД НЬ ХАРАМСАВ-

Хэдхэн хоногийн өмнө хотын дарга асан Э.Бат-Үүл дөрвөн жилийн хорих ял авч, шорон руу ачигдсан нь гэнэтийн зүйл болов. Нам нэгтнүүд нь, ардчиллын төлөө зүтгэж явсан нөхөд нь түүнийг гэм буруугүй гэж үзэж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэдэгт нь итгэхийг тун хүсэхгүй байгаа бололтой. Хөөрхий баатраа хорих ёсгүй байлаа хэмээн шогширцгоох.

Гэхдээ түүний хувьд хүү Б.Чулуудайдаа давуу байдал олгохын тулд албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдож, ийн ял авч байна. Хэрэг нь маш удаан буюу гурван жил үргэлжилж, энэ хугацаанд 20 гаруй удаа хойшилж байсан юм. Түүниий хүү Б.Чулуудай аавыгаа ямар ч хэрэг хийгээгүй хэмээж, давж заалдахаа илэрхийлсэн. Хуулийн процесс дуусаагүй байгаа ч хэрэг хийгээгүй хүнд ял өгнө гэж байхгүй билээ.

Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа ТОСК-ийн захирал А.Гантулгад нөлөөлж, “Буянт-Ухаа-2” орон сууцын хорооллыг барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банкны 35.5 сая ам.долларын зээлээс “Бэрэн групп” ХХК-ийн ХААН банкны данс руу 2015 оны наймдугаар сарын 27-нд таван тэрбум, есдүгээр сарын 11-нд эл компанийн “Голомт” банкны данс руу дөрвөн тэрбум төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлжээ. Улмаар ус мөнгөнөөс Б.Чулуудайн “Гранд лайн” компани руу 2015.08.28-нд хоёр тэрбум, есдүгээр сард 3.5 тэрбумын шилжүүлсэн байдаг аж.

-Ш.БАТХҮҮ ХЭРГЭЭ ХҮЛЭЭДЭГ Ч ХЭРЭГ НЬ ЭРГЭЖ БУЦСААР-

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн “Стандарт” банкнаас 160.1 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал он дамнан үргэлжилсээр л байна. Өнгөрсөн онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 өдөр үргэлжилсэн хурлаар Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноосон бол Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Харин “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэж цагаатгасан байдаг. Харин Давж заалдах шатны шүүхээс Ш.Батхүүг “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн буруутгасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Улмаар анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг долоо болгон бууруулсан.

Гэвч Дээд шүүхээс дээрх шүүхийн шийдвэрүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Эл хэрэг өнгөрсөн долдугаар сард прокурорт буцсанаасаа хойш дахиад л 6-7 удаа хойшлоод байна. Өчигдөр л гэхэд Г.Алтан биеийн байдлаас болж шүүх хуралд оролцож чадахгүй гэсний улмаас шүүх хурал хойшлов.

Ш.Батхүү албан тушаалаа ашиглаж, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан хэргийнхээ тухайд шүүх хурлын үеэр буруугаа хүлээж, мэдүүлэг өгөхдөө “Бизнестээ хэт улайрч, буруу үйлдэл хийж, хазгай гишгэснийгээ зөвтгөхгүй” хэмээсэн байдаг. Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг 175 тэрбумаар хохироосон ч өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа юм.

-ХЭРЭГ НЬ ШИЙДЭГДДЭГГҮЙ, БҮРЭН ЭРХТ ГИШҮҮН-

2021 оны зургаадугаар сард УИХ-ын сонгууль болсон.Энэ үед Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнд нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг баривчилж, цагдан хорьсон байдаг. Тэрбээр шоронд хоригдож байх хугацаандаа Сэлэнгийнхний итгэлийг хүлээж, шоронгоос УИХ-ын гишүүн болсон анхны хүн болсон юм. Тухайн үед түүнийг баривчилсан нь УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр. Нийгэм, улс төрийн ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй хэмээн МАН-ын журмын нөхөд нь мэдээлэл хийж байв. Түүнээс хойш Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал болж, анхан болон давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноосон.

Харин хоригдож эхэлснээс нь долоон сарын дараа Дээд шүүхээс түүнд холбогдох хэргийг прокурорт буцааснаар тэрбээр батлан даалтаар суллагдсан юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжээд дахин нэг жил болж байна. Гэвч хөдөлсөн зүйлгүй, шоронгоос гарч гишүүний тангаргаа өргөсөн Ж.Эрдэнэбат ажлаа хийсээр буй. Түүний гэм буруутай эсэхийг хэзээ дэнслэх нь тодорхойгүй байсаар байна.

-Д.ЭРДЭНЭБАТ ТОРГУУЛААД ӨНГӨРӨХ ГЭСЭН Ч ХЭРГИЙГ НЬ ПРОКУРОРТ БУЦААСАН-

УИХ-ын гишүүн асан, АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат нарын долоон хүн ял сонссон ч өнгөрсөн зургаадугаар сард хэргийг нь Дээд шүүхээс хянахдаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Уг хэргийг одоо прокурор дахин хянаад, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгасан байдаг.

Анхан шаны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж байв. Харин Д.Ганбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй  гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байв.

Харин давж заалдах шатны шүүхээс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчлөөд байсан билээ.

-ЖДҮДС-Г ЦӨЛМӨСӨН ЭКС ГИШҮҮДЭД ЯЛ ОНООЖ, ЗАРИМ НЬ ӨРШӨӨЛД ХАМРАГДАВ-

Энэ онд яах аргагүй онцлох ёстой хүмүүс бол ЖДҮХС-аас бусдын боломжийг хулгайлж, хамаарал бүхий этгээдүүддээ гурван хувийн хүүтэй зээл авч өгсөн УИХ-ын гишүүн асануудад ял оноосон явдал.

-Г.СОЛТАН КАЗАХ ҮНДЭСТЭН БАЙСАН НЬ ОЛЗ БОЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УУЧЛАЛААР ШОРОНГООС ГАРАВ-

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа өгөхөөсөө өмнө өнгөрсөн гуравдугаар сард Наурызын баярыг тохиолдуулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсад хохирлоо барагдуулсан тодорхой тооны казах иргэнийг, Эмэгтэйчүүдийн баяраар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо барагдуулсан, өрх толгойлсон 21 ээжид, нийт 31 иргэнд уучлал үзүүлж, шоронгоос сулласан билээ.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан. Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гурван жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Г.Солтан казах үндэстэн байсан нь ийн “олз” болж, суллагдсан юм. Г.Солтаны хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа шүүхийн процессын үеэр хэлж байсан байдаг. Тэр ч бүү хэл эрүүл мэнд муу, өндөр настай учраас хорих ял авмааргүй байна хэмээж байсан ч шүүхээс түүний хүсэлтийг харгалзаж үзээгүй.

Түүний хувьд үйлдсэн хэрэг нь ард түмний боломжийг “хулгайлсан”, ЖДҮДС-ийн олон зуун тэрбумыг хувьдаа авч ашигласан хэрэг. Тиймээс шүүхээс хүртэх ёстой ялаа хүртсэн гэж олон нийт үзэж байсан юм.
Хэрэг явдлыг сануулбал, Г.Солтан УИХ-ын гишүүн байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол Шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд шаардлага хангахгүй төслийг дэмжүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт нөлөөлсөн байдаг.

-Д.ДАМБА-ОЧИР БУСДЫГАА БОДВОЛ ЧИМЭЭГҮЙХЭН ЯЛАА ЭДЭЛЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас зээл авсан хэргээрээ 3.6 жилийн хорих ял сонссон. Тэрбээр Дээд шүүх хүртэл заргалдсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Дээд шүүхээс ялыг нь хэвээр үлдээсэн байдаг. Тэрбээр одоо ялаа эдэлж буй бөгөөд тун удахгүй магадлангаар сулагдах нь тодорхой.

Тэрбээр ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэх хэргээр хоёр жил шалгагдсан юм. Анхан шатны шүүх хурал өнгөрөгч оны наймдугаар сарын 19-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар уг ялыг хэвээр үлдээснийг Дээд шүүх хэвээр үлдээсэн юм. Түүний хувьд бусдыгаа бодвол элдэв хэл ам татлахгүй, өөрийгөө өмөөрөхгүй, элдэв өвчний нэр хэлэхгүйгээр чимээгүйхэн ялаа аваад явсан байдаг.

-Б.УНДАРМАА ТОРГОХ ЯЛААС ШОРОНД ШИЛЖСЭН НЬ-

УИХ-ын экс гишүүн Б.Ундармаагийн ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ гурван хувийн хүүтэй зээл авч өгсөн хэрэг удаан хугацаанд шүүхээ шүүхэд шилжиж, 40 саяар торгох ял хүртэл оноосон. Ийнхүү иргэд, олон нийт болон прокурорын эсэргүүцлийн үр дүнд эл хэрэг эргэж буцсаар 2021 оны долдугаар сарын 19-ны өдөр Дээд шүүхээс хянан хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргасан.
Тодруулбал, түүнд анхан шатны шүүхээс оноосон 2.6 жилийн ял нь үндэслэлтэй байна гэж үзэж, энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хориод буй.

Тэгвэл түүнийг ялаа шоронд эдлэхгүй гэртээ байгаа талаар мэдээлэл гарсан ч албаныхан үгүйсгэсэн. Гэхдээ албан бус эх сурвалжуудын мэдээллээр тэрбээр шоронгийнхоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэлцэх юм билээ.

Капитал банкны эзэн тэрбээр банкинд нь байршуулсан Нийгмийн даалтгалын сангийн 105 тэрбумыг өгөхгүйгээр банкаа дампууруулсан байдаг. Өдгөө тэр мөнгөнөөс 30 орчим тэрбумтай дүйцэхүйц үл хөдлөх хөрөнгийг нь улс барьцаалсан бөгөөд үлдсэн 70 гаруй тэрбумыг хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй байгаа билээ.

-СҮРЖИН БАРИВЧИЛГААНУУД ТОРГУУЛЬ БОЛЖ ХУВИРАХ БОЛСОН НЬ-

АТГ-аас сүүлийн хэдэн сарын хугацаанд дунд шатны албан тушаал хашдаг хэд хэдэн хүнийг авлигын хэргээр саатуулж, шалгаж эхлээд байгаа нь Засгийн газар Авлигатай тэмцэнэ гэж зарласны илрэл гэлтэй. Сүүлийн үед ч эл зорилгоо тун сайн биелүүлж чадаж байна. Дунд шатны, төрийн өмчит компаниудын дарга, хэлтсийн хурган дарга нарыг баривчилж, гэр орон, ажил дээр нь нэгжлэг хийж, авлигын байж болзошгүй их хэмжээний доллар, валютыг хурааж авч буй. Эл үйл явцыг хөндлөнгөөс ажиглахад дунд шат, өөрөөр хэлбэл хамгийн их авлигад идэгдсэн хэсэг рүүгээ орж ажиллаж буй нь сайшаалтай гэж үзэж болохоор.

Гэвч эцэстээ үр дүн нь анхны сүржин баривчилгаанаас зөрж, ял завшуулж, цагаан захтнуудаа сүржин баривчилж хорьчихоод өршөөгөөд, уучлаад, магадланд оруулаад, торгоод өнгөрдөг жишиг тогтох нь.

-Д.ХАЯНХЯРВААГ КОФЕНЫ МӨНГӨӨР ТОРГООД СУЛЛАВ-

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваад холбогдох авлигын хэрэг нэг хэсэг олон нийтийн анхаарлын төвд орлоо. АТГ-аас гэнэт л гэр оронд нь нэгжлэг хийж, баривчлаад хорьчихсон. Д.Хаянхярваа ч гүрийсэнгүй. Хэргээ шууд хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар хэргийг нь маш яаралтай шийдлээ. Улмаар түүнийг 40 сая төгрөгөөр торгоод, суллах шийдвэр гарсан юм.

АТГ-аас мэдээлснээр түүний улсад учруулсан хохирлын хэмжээг 500 мянган ам.доллар. Энэ нь 1.4 тэрбум төгрөг. Үүнээс тусдаа 377 сая төгрөгийн хохирол байгааг мөн дурдсан. Нийтдээ бол 1.8 орчим тэрбум төгрөг юм. Тэгвэл торгуульд төлсөн 40 сая төгрөг нь үүний ердөө 2.2-хон хувь. Улсад ийм хэмжээний хохирол учруулчихаад, гэм буруутайгаа шүүхээр тогтоолгочихоод, 2.2-хон хувийг нь халааснаасаа гаргаж төлчихөөд л суллагдаж буй энэ жишээ ерөөс манай нийгмийн ялзарсан тогтолцоог харуулж байна гэлтэй. Нийгмийн гэхээсээ хуулийн тогтолцооны байж байгаа царай нь энэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх “цоорхой” бий. Энэ цоорхойгоор олон ч улс төрчид нэр холбогдсон хэргээсээ мултарч, “кофены мөнгөөр” торгуулаад өнгөрч байна.

-Ч.ЧИНБАТ МӨН Л ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСНААР ШИЙДҮҮЛЭХ ХҮСЭЛТ ӨГӨВ-

АТГ-ын эрчимтэй баривчилгааны эхлэл нь “ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Ч.Чинбат байсан. Түүнийг Эрчим хүчний яамны харъяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөлжсөн гэх үндэслэлээр шалгаж байна хэмээсэн. Мөн гэрээс нь мөнгө төгрөг хураасан.

Гэтэл гүйцэтгэх ажиллагааны хүрээнд баривчлагдаж, 48 цаг хоригдох хугацаандаа хийсэн хэргээ хүлээж, тэр ч бүү хэл батлан даалтаар суллагдсан даруйдаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр хэргээ хүлээсэн учир одоо хуулийн процесс үргэлжилнэ. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй ч өгч, хэргийг нь прокурор хянаж байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэж шийдвэрлэхийг хэлдэг.

-Ш.НЯМДОРЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, 14 САЯАР ТОРГУУЛААД САЛАВ-

АТГ-ын сүржин баривчилгааны дараагийнх нь НЕПГ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байгаад элдэв хэл амнаас болж ажлаа сольсон Ш.Нямдорж. Тэрбээр УИХ-ын гишүүн асан А.Адьяасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал шүүхэд хүргүүлсэн, АН-ын дарга С.Эрдэнэд хууль бусаар хилс хэрэг үүсгэсэн гэх мэт асуудлаас зайлсхийж Баянзүрх дүүргийн прокурорын газрын даргаар очоод байсан юм.

Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргээр түүнийг 48 цаг баривчилж, нэмж яллагдагчаар татан 30 хоног цагдан хорих хугацаанд тэрбээр мөн л хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэх хүсэлтээ гаргасан.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оров. Улмаар Ш.Нямдоржийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураасан. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноогоод шоронгоос тавьж явуулсан юм. Сүржин баривчилгааны төгсгөлд авсан хахуулиа төлөөд, дээр нь 14-хөн саяар торгуулаад дууссан даа.

-Ц.ГАНХҮҮГ БАРЬЖ ХОРИОГҮЙ, ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА-

Дараагийнх нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү. Түүнийг АТГ-аас баривчлаагүй, гадуур шалгаж буй байна. Түүнийг барьж хориогүй ч гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хурааж авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар эл шалгалтын дараа тун удалгүй Засгийн газрын хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж хүү болон эхнэр, дүүгийнхээ барилгын компаниудад давуу байдал олгуулж, Зайсанд газар авч, өндөр зэрэглэлийн үнэтэй орон сууцны хорооллууд сүндэрлүүлсэн хэргээр ийн шалгаж буй юм. Гэхдээ тэр мөн л хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсэх биз. Зайсангийн үнэтэй газар бүхнийг түүсэн түүнд Ш.Нямдоржийг 14 саяар торгосон шиг ял оноогоод суллах аваас Монгол Улсад АТГ байхын ч хэрэг үгүй мэт.

Ц.Ганхүүгийн хувьд энэ албаа авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан нэгэн. Түүнийг анх М.Энхболд томилуулж байсан хүн бөгөөд ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг нэгэн.

-ХӨСҮТ-ИЙН С.ЭНХЗАЯА, И.ОРХОН НАР МӨН ТОРГУУЛААД ЯЛААС МУЛТРАВ-

Түүнчлэн, ХӨСҮТ-ээс л гэхэд хоёр албан тушаалтныг баривчилж, шалгаад, мөн л хялбаршуулсан журмаар торгочихлоо.

Өнгөрсөн наймдугаар сард авлигын хэргээр баривчилж, шалгаж эхэлсэн ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхон хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдүүлснээр 15 саяар торгуулаад энэ хэргийг хаасан.

Тэгвэл өөр нэг авлигын хэрэгт холбогдсон ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа мөн л авлига авснаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн юм.
Түүний хувьд ковидын үед лабораторийн хэрэгслийн худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгж, компаниудад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Мөн компаниудын захирлуудтай нь тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр худалдан авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэл шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.

Ингээд С.Энхзаяаг 5.6 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан. Мөн Г.Сүхчулууныг 4 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хассан.

-Ш.АЛТАНЧИМЭГ, Д.ЦОГТЖАРГАЛ НАРЫГ ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

АТГ-аас есдүгээр сарын 7-нд Татварын ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргалын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Ингэхдээ түүнийг албадан саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа юм. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж татварын байцаагчдын хяналт шалгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгосон гэх мэдээлэл байгаа. Д.Цогтжаргал нь 2017 оноос татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад 2019 онд ТЕГ-ын дэд даргаар томилогдсон. Энэ хугацаанд түүний өөрийн болон гэр бүлийн орлого өсч иржээ. Тодруулбал, 2020 оны ХОМ-ээр өөрөө 29 сая, гэр бүл нь 71 саяын орлоготой гэжээ.

216 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, 50 саяын Toyota, LEXUS RX400 машинтай. Гурван сая төгрөгийн хадгаламжтай, 163 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Мөн АТГ-аас есдүгээр сарын 9-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс  мэдүүлэг аваад, буцаасан. Мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.

Түүнийг  ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар албаныхан мэдээлэл өгөөгүй ч гэр бүлийн орлого нь огцом өсч, хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авсан нь АТГ-аас шалгах шалтгаан болсон хэмээж буй.  Ш.Алтанчимэг өнгөрсөн жил “Дорж тойн бьютик” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, “Говийн төмөрзам” ХХК-ийн 33 хувь, “Ресурс альяанс” ХХК-ийн 20 хувийг худалдан авсан байна.

Түүнчлэн гэр бүлийн орлого нь бараг хоёр дахин өсч, 59.4 саяд хүрсний зэрэгцээ банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж нь мөн хоёр дахин өсч 31 саяд хүрчээ. Түүний хувьд  2019 онд Зээлийн батлан даалтын сангийн дэд захирлаар томилогдож байв. Улмаар  2020 оны наймдугаар сард Гүйцэтгэх захирлын албыг хаших болсон нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-21 08:40

Дээр дурьдагдсан эрхмүүд хөнгөн ял шийтгүүлэн өнгөрч байгаа нь Монгол улсын хууль болон Шүүхийн тогтолцоо, шүүгчдэд байгаа юм шүү дээ. Хуулинд толгойг нь илэх за�##�т боломжууд байгаа үед ялын бодлого хүн бүрт ижил үйлчилнэ гэсэн ойлголт үгүй.
Харин АТГ ажлаа чадах хэрээрээ хийж байгаа нь сайша�##�тай. Цаг хугацааны явцад энэ нөхцөл байд�##� сайн т�##� руугаа сайжирна гэдэгт итгэлтэй байна.

Зочин
Зочин
2021-12-21 09:12

Донсолгоотой жил байжээ

Зочин
Зочин
2021-12-21 09:12

Ш�##�гаж шоронд хорьж бгаа нэр үүүгээд хулгайч нараа бүгдийг нь сулласан

Зочин
Зочин
2021-12-21 09:13

Авлига авсан хүмүүстээ ял огт өгөөгүй

харамсалтай
харамсалтай
2021-12-21 09:20

Ийм хүмүүсийг шоронд хийж, төрд ажиллах эрхий нь бүх насаар нь хасаач ээ....

Зочин
Зочин
2021-12-21 09:24

энэ хүмүүс яацан хүмүүс болоод Монголын хуулиас дээд давуу эрхтэй байдаг юм

Зочин
Зочин
2021-12-21 10:39

Manai shuuh ch ene avilgach luivarchidtai sain temtsej baigaa shu

Зочин
Зочин
2021-12-21 10:40

harin ch shalgad torgood horiod bgan bolj bnshde ogt yuuch hiihgui bsan bol yaahiii odoo tgd baga bagaar awilgatai temtseeed l bgashde

иргэн
иргэн
2021-12-21 10:56

энэ Цагийн Хэлмэгдэгсэд гэнээ, С,Баяраас эхэлж Батүүл гэсэн Этгээдүүд өөрсөдийг Хэлмэгдэгсэдийн дүрд тоглуулж Олон нийитйн Хэвлэл мэдээлэл Телевизээр ярьж, Шоронгоос захиа бичиж , Матрын нулимс унагаан Намайг Хэлмэгдүүлчихлээ гээд л ярьж суугаа нь Хөөрхийлөлтөй

Зочин
Зочин
2021-12-21 11:29

дахин дахин сонгоод байдаг бид л буруутай сүүлдээ хар машинаар автоматаар гаргадаг болчихлоо з�##�уу хүмсүүдийг гаргамаар гэтэл заав�##� энэ хоёр намаар дамжих тогтолцоо бий болгожээ MAHAH мафи

Зочин
Зочин
2021-12-21 11:29

Bvgdi ni shorond ni hataa

Зочинсө
Зочинсө
2021-12-21 15:13

Domogloodol ungurnu duu

Зочинсө
Зочинсө
2021-12-21 15:36

Монгол улсын ерөнхийлөгч хүрэлсүхэд гуйх нь цаазын ялаа сэргээгээч гуйж бна

Холбоотой мэдээ

Back to top button