ДЭЛХИЙНИЙГЭМ

Испани: 1930 оноос хойш 1237 хүүхэд лам нарын бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Испани улсад католик сүм хийдийн педофиль-лам нартай холбоотой хэрэг ил болж, олныг шуугиулж эхэллээ.

Педофиль - гэдэг нь насанд хүрээгүй хүүхэд, тэр тусмаа бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэн, хүчирхийлдэг этгээдийг нэрлэсэн олон улсын нэршил.  

Испанийн католик сүм дэх педофиль-лам нартай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын дүнг Испанийн “Эль Паис” /El Pais/ сонин нийтэлсэн байна. Эл тайланд нийт 251 педофиль-лам нарын нэрсийн жагсаалтыг дурджээ. “Эль Паис” сонины редакцийн сэтгүүлчид гурван орчим жил эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан аж. Эцэст нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн гаргасан тайланг арванхоёрдугаар сарын эхээр “Эль Паис” сонины редакц Ромын Пап лам Францискт биечлэн хүлээлгэн өгчээ.

Оросын “Коммерсант” /kommersant.ru/ мэдээллийн агентлагийн 2021.12.20-ны өдрийн мэдээллээс харахад, 1943-2018 оныг хамарсан 385 хуудас бүхий мөрдөн байцаалтын явцад 31 санваартантай холбогдох гэмт хэргийн талаар мөн дурдсан байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хүрээнд мөрдлөг явуулсан сэтгүүлчдийн тайлан мэдээг хүлээн авсны дараа Ватикан өөрийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Мөн, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан материалыг Барселонагийн сүмийн шүүх ч хүлээн авсан байна.

Хэргийн дийлэнх нь сүүлд шинээр үйлдэгдсэн хэргүүд байгаа ба өмнө нь хэзээ ч олон нийтэд ил болж байгаагүй сэтгэл сэрдхийлгэм аймшигт хэргүүд байгаа гэнэ. Өмнө нь ил болсон 13 хэрэг дээр дахин шинэ хэргүүд нэмэгдсэн тул хэргийг мөрдөн байцаалтын эхний шат руу буцаасан байна.

“Үйлдэгдсэн бузар хэрэг бүрийн ард шашны байгууллагын лам нар, ажилтнууд яллагдагчаар татагдаж байна” хэмээн тайланд дурджээ.

Испанид сүүлийн 90 жилийн хугацаанд хамгийн багадаа 1,237 хүүхэд педофиль-лам нарын хохирогч болсон гэдгийг мөрдөн байцаагчид онцолжээ. Үүнд сэтгэл зүйн дарамт, бэлгийн хүчирхийллүүд багтаж байгаа аж.

Тайлан дахь хамгийн эртний хэрэг нь 1943 онд, хамгийн сүүлийнх нь 2018 онд үйлдэгдсэн гэжээ. Харин тэдгээр хэргүүдийг өмнө нь ил болсон байсан хэргүүд дээр нэмбэл 1930-аад оноос хойш хамгийн багадаа 602 хэрэг үйлдэгдэж, нийт 1,237 хүүхэд педофиль-лам нарын бузар үйлдлийн золиос болсон байна. Гэсэн ч энэ бол зөвхөн илэрсэн гэх хэргүүдийн хохирогчдын тоо бөгөөд нотлох баримт сэлтүүдээс харвал тэдний тоо хэдэн мянгад хүрэх магадлал өндөр байгаа аж.

(Эх сурвалж: Tass; RiaNovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button