Ярилцлага

А.Бямбажаргал: Марк Зукербергтэй уулзаж, Монгол залуусын талаар ярьж өгснөөр Фэйсбүүктэй хамтрах болсон

Forbes жил бүр уламжлал болгон нийгмийн салбар бүрд амжилттай ажиллаж буй 30 хүртэлх насны 30 залуугийн жагсаалтыг зарладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Forbes сэтгүүл 2019 оны Азийн орнуудад технологи, шинжлэх ухаан, нийгмийн энтрепренер, медиа, санхүү, урлаг, үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарт үеийнхнээ манлайлж буй 30 залуугийн нэрийг зарласан юм. Тэдний дунд Монгол улсаас гурван залуу багтсан тухай бид өмнө мэдээлж байв. Энэхүү жагсаалтад Ази-Номхон далайн 23 орны 2000 гаруй залуус нэр дэвшсэнээс ийнхүү эцсийн байдлаар шилдэг 30 залуу сонгогдсон байдаг.

Үүний нэг “FARO Foundation Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргалтай ярилцлаа. Тэрээр Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон хэлний бэлтгэлийн сургуулийн нэг болох "Faro Education"-ий үүсгэн байгуулагчдын нэг. Хятадын Циньхуа Их Сургуулийг төгссөн тэрээр олон нийтийн дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг олгох, сурталчлах зорилгоор “FARO Foundation Mongolia” ТББ-ыг мөн үүсгэн байгуулжээ. Faro гэдэг нь испани хэлнээ "гэрэлт цамхаг" гэсэн утгыг илэрхийлдэг аж.

-ХУВЬ ХҮНИЙ МИНЬ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ НИЙЦСЭН ТУЛ ЭНЭ АЖИЛ РУУ ОРСОН-

-Та аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Би 2017 онд БНХАУ-ын Циньхуа их сургуульд мастерын зэргээ хамгаалаад ирсэн. Үүний өмнө Герман, Куба улсуудад суралцаж байсан. “Faro edu” компанийг 2014 онд үүсгэн байгуулаад одоог хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Та бүхний сайн мэдэх Б.Идэр-Од бидэнтэй хамтран ажилладаг бөгөөд үг цээжлэх хөтөлбөрт багшилдаг. Манай “Faro” үндсэн дөрвөн компаниас бүтдэг. Үүнд “Faro edu solution” буюу гадагшаа оюутнуудыг явуулдаг, “Faro edu” буюу англи хэл заадаг, мөн боловсролын талын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани болон хамгийн сүүлд “Faro foundation” гэж сангаа байгуулсан. Би өөрөө сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй. Гэхдээ боловсролын салбарт ороод таван жил болсон байна.

-Инженер хүн боловсролын салбар руу орсон түүхийг тань сонсоход санамсаргүй гэж хэлж болохуйц нөхцөл байдал үүссэнтэй холбоотой юм билээ? Яагаад энэ салбар руу оров оо?

-Тиймээ. Инженер хүн аливаа асуудлыг олж харсан бол түүний шийдлийг олж харахыг хичээдэг онцлогтой хүмүүс шиг санагддаг. Миний хувьд Монголын залуус англи хэл сурч байж л дэлхийн тавцанд гарч ирэх юм байна, хэлээр дамжуулж маш их боловсрол олж авна, нийгэмдээ маш их өөрчлөлт авч ирнэ, хөгжлийн том гарцуудын нэг болно гэж бодсон тул хэлний буюу боловсролын салбарыг сонгосон. Мэдээж өөрийн мэргэжлээр ажиллаад явсан бол тодорхой хэмжээнд сайхан амьдраад явах байсан ч амьдралдаа тодорхой үр дүнтэй нэг зүйл хийхийг хүсэж, хэл зааж эхэлсэн. Сүүлд “Дижитал цахим үсэг” гэж хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн жилээс би хүмүүсийг цахим орчныг ойлгохгүйгээс ямар их буруу зүйлс хийдэг болох, хүмүүсийн хэрэглээ буруу тийшээ хэрхэн хандсан зэргээс өөрсдөдөө их эрсдэл авч буйг олж харсан. Мөн залуусыг хөгжихөд туслалцаа үзүүлэх, тэдэнд юу хэрэгтэй болох, тэднийг хэрхэн зөв чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц ажил хийх нь хувь хүний минь хүсэл тэмүүлэлтэй нийцэж байсан. Тиймээс л энэ ажил руу орсон.    

-МАРК ЗУКЕРБЕРГТЭЙ БНХАУ-ЫН ЦИНЬХУА ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ҮЕЭРЭЭ УУЛЗАЖ, МОНГОЛ ЗАЛУУСЫН ТАЛААР ЯРЬЖ ӨГСНӨӨР ФЭЙСБҮҮКТЭЙ ХАМТРАХ БОЛСОН-

-“Forbes” сэтгүүл жил бүр уламжлал болгон нийгмийн салбар бүрд амжилттай ажиллаж буй 30 хүртэлх насны 30 залуугийн жагсаалтыг зарладаг. Энэ жилийнх буюу 2019 оны Азийн орнуудад тэргүүлсэн 30 залуугийн дотор Монгол улсаас гурван залуу байсны нэг нь та байсан. Үүнд, багтахын тулд ямар шалгуур туулдаг вэ? Өөрөө бүртгүүлдэг үү?

-Энэ тухай “Та өөрөө бүртгүүлсэн үү” гэж маш олон хүн асууж байсан. Энэ тухай мэдээ дөрөвдүгээр сарын 01-нд олон нийтэд цацагдсан ч би өөрөө өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдсэн байсан.  Юу болсон тухайгаа бүр эхнээс нь ярья.

Би 2017 онд Циньхуа их сургуульд мастераа хамгаалсан тухай ярьж байсан. Энэ сургууль нь Азидаа номер нэгт бичигддэг бөгөөд дэлхийн эхний 10-т багтдаг. Фэйсбүүк компанийн захирал Марк Зукерберг манай сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Мөн ТУЗ-д BMW, Microsoft, Alibaba зэрэг дэлхийн компанийн томоохон дарга, захирлууд багтаж байдаг. ТУЗ-ийн хурал болох үеэр эдгээр гишүүд оюутнуудтай уулздаг бөгөөд аз болоход би яг тэр жилд нь оюутан байж таараад, танилцаж байсан удаатай. Танилцаад ярилцахад Зукерберг Монгол хүмүүс дэлхийн хэмжээний боловсрол эзэмшээд, ийм түвшинд явж байгаа гэдгийг сонсоод их гайхаж хүлээж авч байсан. Би ч тухайн үедээ одоогийн монгол залуус гаднын улс орнуудад өндөр боловсрол эзэмших болсон тухай, хэл устай болж буй тухай ярьж өгсөн. Үүнээс улбаалаад манай “Faro foundation” Фэйсбүүк компанитай ажиллаж, Монгол дахь албан ёсны хамтрагч компани нь болсон. Мэдээж Мэдээлэл харилцаа технологийн газар гэж төрийн байгууллагаар дамжуулан албан ёсоор хамтарч байгаа юм. Ингэж сурч байхдаа Азийн маш олон оюутнуудтай танилцаж, хамтран ажиллаж байсан бөгөөд оюутан бидэнд зөвлөгөө өгдөг зөвлөх маань “Forbes”-руу намайг нэр дэвшүүлсэн байсан. 

-Тэгэхээр өөрөө өөрийгөө нэр дэвшүүлдэггүй байх нь ээ?

-Өөрсдөө бүртгүүлж орох боломжгүй. Хэн нэгэн нэр нөлөө бүхий хүн буюу өмнө нь өөрөө “Forbes”-д орж байсан эсвэл олонд танил бизнесмэн ч юмуу “Энэ хүнтэй би өмнө хамтран ажиллаж байсан, ийм учиртай хүн, шилдэг бизнесмэнүүдийн нэг болох боломжтой хүн, та бүхэн судалж үзээрэй” гээд бүртгүүлчихдэг юм билээ. Харин хүссэн хүн бүр вэбсайт руу нь ороод өөрийгөө бүртгүүлэх боломжгүй. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сар байсан. Үүнээс хойш нэлээд удаан хугацааны ажил болж би маш их тест бөглөж, олон ч шалгаруулалтад оролцсон. Утсаар ярилцлага авна, Сингапурт хоёр цаг гаруй хугацаанд биеэр уулзаж ярилцсан байх жишээтэй. Би анх “Залуу бизнес эрхлэгч эмэгтэй” гэдэг категорид нэр дэвшиж явж байсан хэдий ч “Нийгмийн хариуцлагын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг залуу бизнес эрхлэгчдийн нэг”-ээр буюу тэс өөр салбарт шалгарсан байдаг. Учир нь би ярилцлагынхаа үеэр “Дижитал цахим үсэг” хөтөлбөрийг Фэйсбүүк компани, Монгол улсын Мэдээлэл харилцаа технологийн газартай хамтран өөрийн улсдаа үнэ төлбөргүй хэрэгжүүлэх гэж буй талаараа дурдсан. Гэтэл үүнийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулж буй маш том ажил гэж үзэн, 11-р сард надад албан ёсоор “Та Forbes сэтгүүлийн 2019 оны 30 хүртэлх насны 30 залуугийн нэг боллоо. Баяр хүргэе” гэж мэдэгдсэн. Би өөртөө үнэхээр итгээгүй. Монголдоо биш Азидаа өрсөлдөөд гараад ирнэ гэдэг надад маш сайхан санагдсан. Нийт 2000 хүн өрсөлдсөнөөс 30-ыг нь сонгоход нэр минь багтсаныг нэр төрийн хэрэг гэж бодож байгаа.  

Нөгөөтэйгөөр, нэг зүйлд их баярлаж байгаа. Бид анх удаа Монголоос орсон бөгөөд би анх удаа эмэгтэй нь болж гарч ирсэн. Заавал хийсэн бүтээснээр нь бус цаашид юу хийх вэ, юу хийх чадвартай вэ гэдгийг нь үнэлж, судалж байж сонгодог юм болов уу гэж бодогдсон. Учир нь би өнөөдөр “Forbes”-ийн нэрлэсэн 30 залуугийн нэг гэдэг тодорхойлолттой болчихоор Азийн бусад улс орнуудын компаниудтай албан ажлаар холбогдоход ч илүү давуу тал болж өгч байна. Мөн энэ үйл явдал нь Монголын залуус дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой мэдлэг боловсролтой болсон байна гэдгийг баталж өгч байгаа юм. Намайг Циньхуад анх суралцахаар очиход, бас фэйсбүүкийн ажлаар гаднын улс орнууд руу хоёр ч удаа нислэг хийж хүмүүстэй уулзаж явахад тэд “Англи хэлээр чөлөөтэй ярьдаг Монголыг анх удаа харлаа, Монголоос ийм олон улсын мэдлэгтэй хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэдэг. Учир нь Монгол хүн дэлхийд танигдсан чанар нь морь унаад хөдөө нутагт явж байгаа дүр зураг л ихэвчлэн байдаг. Харьцангуй гайгүй болж байгаа хэдий ч надад “Та нар хичээлдээ мориор явдаг уу” гэсэн асуулт ирсээр л байгаа. Бодит үнэн бол ийм. Харин Монгол гэдэг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа орон шүү, залуус нь чадвартай болсон шүү гэдгийг харуулж байгаадаа баяртай байгаа. Энэ шилдэг 30 залуусын тоонд надтай хамт багтсан Тука, Орчлон хоёр маань ч маш өндөр боловсролтой, чадвартай залуус.

-2000 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮМҮҮСИЙГ ДИЖИТАЛ ИРГЭД ГЭДЭГ-

-Фэйсбүүк компанитай хамтран хэрэгжүүлж буй “Дижитал бичиг үсэг” хөтөлбөр тань танд ийм нэр хүндтэй шагнал авч ирсэн юм байна шүү дээ. Монгол улсад үнэ төлбөргүй хэрэгжүүлж буй энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын өмнө “Дижитал бичиг үсэг” гэж яг юуг хэлээд байгаа талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Үүнийг Монгол руу орчуулахад тоон бичиг үсэг, цахим бичиг үсэг гэсэн утгатай. Сошиал медиагийн хэрэглээг зөв зохистой ашиглах арга техникийг зааж өгөх хичээлүүд. 2000 оноос өмнө төрсөн бид бол дижитал цагаачид. Учир нь биднийг төрж байхад дижитал технологиуд үүсээгүй, үүссэн байсан ч сошиал медиа гарч ирээгүй байлаа. Бид насанд хүрч байхдаа сошиал медиаг хэрэглэж, вэбсайт руу нэвтэрч сурсан байв. Гэтэл 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн хувьд фэйсбүүк 2004 онд нээсэн гэж үзэхэд тэд ухаан орохоос нь л фэйсбүүк, инстаграмм гэх мэт сошиал сувгуудыг мэдэж байна. Тиймээс тэднийг дижитал иргэд гэж нэрлэж байгаа юм. 2000 оноос өмнө төрсөн бидний сургалтын хөтөлбөрт англи хэл, математик, хими, физик гэх мэт хичээлүүд багтдаг, аргагүй. Гэтэл 2000 оноос хойш төрсөн энэ дижитал иргэдэд энэ төрлийн  хичээл хөтөлбөрөөр огт ордоггүй. Гэтэл эцэг эхчүүд, багш нар, сурагчид бүгд цахим орчинд ажиллаж мэдээлэл авч, мэдээлэл солилцож байна. Ийм байхад тэдэнд цахим орчин гэж юу юм, цахим орчны аюулгүй байдлаа хэрхэн хангах, хувь хүний орон зай гэж юу юм, хувь хүн өөрийгөө цахим ертөнцөд хэрхэн илэрхийлэх юм, яаж эерэг хандлагыг бий болгох ёстой юм гэдгийг заадаггүй. Өнөөдөр цахим орчинд маш хэрэгтэй мэдээлэл гаргахад тийм ч олон хүнд хүрч чаддаггүй мөртөө хувь хүний амьдрал, хов живийн тухай мэдээлэл маш олон лайк, шээр авдаг. Энэ чинь бидэнд дижитал соёл суугаагүйн шинж. Энэ асуудлыг бид харсан. Тиймээс ч үүнд тааруулж, алсаа бодож боловсролыг нь олгох ёстой гэдэг шийдэлд хүрсэн. Хэдийгээр блок, репорт хийж тэдгээр мэдээллээс зайлсхийж байгаа хэдий ч энэ бол гарц биш байсан. Энэ хөтөлбөрөө Фэйсбүүк компанитай ярьж Харвардын их сургуулийн хүүхдүүд рүү чиглэсэн сургуулийн хэлтсийн багш нарын хамт боловсруулсан 18 удаагийн хичээл гаргасныг авсан. Үндсэн таван бүлэгтэй 18 удаагийн хичээлийг бид 11-18 настай хүүхдүүдэд зааж байна.

Мөн бид Фэйсбүүк компанитай ярьж байгаад эцэг эхэд нь зориулсан зургаан хөтөлбөр боловсруулж байгаа юм. Ингэхээр сурган хүмүүжүүлэгчдэд, эцэг эхчүүдэд, хүүхдүүдэд гэсэн тус тусдаа гурван эко хөтөлбөрийг боловсруулж, орчуулж, бэлэн болгоод, эхний 20 сургууль дээр туршаад, энэ хичээлийн жилд заах арга барилын туршилтыг хийж үзээд улирлын сүүлээр үр дүнгээ гаргана. Цаашлаад бид ирэх есдүгээр сард дээрх үр дүнгээрээ албан ёсоор нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа.

-Тэгвэл одоохондоо үр дүн нь гараагүй байх нь ээ?

-Тийм. Бид эхлээд хүүхдүүд ямар мэдлэг боловсролтой болохыг шалгаж үзээд дараа нь юу ойлгож мэдэж авсныг нь ярилцаж мэднэ. Ер нь хөтөлбөр боловсруулна гэдэг зүгээр ч нэг гаднын хөтөлбөрийг хуулж аваад хэрэгжүүлж байгаа юм биш. Туршиж үзнэ, зааж өгнө, яавал Монгол хүүхдүүдэд нөлөөлж чадах вэ гэдгийг судлан гаргана. Бид англи хэлнийхээ сургалтын төвийг ч Монгол хүмүүсийн сэтгэхүйн онцлогт тааруулан, өөрсдийн сургалтын хөтөлбөрийг бэлдэн гаргаж явуулдаг. Монгол хүнд Камбриж, Оксфордын хөтөлбөрийг шууд авч ирээд заах нь тийм ч тохиромжтой биш шүү дээ. Үүнтэй адил “Цахим бичиг үсэг” хөтөлбөрийг ч гаднын хөтөлбөр авч ирэхээс илүүтэй, зааж, туршиж, үр дүнтэй байгаа эсэхийг нь үзэж байна. Аливаа зүйл хугацаа шаарддаг. Эхний ээлжид зааж буй хичээлүүдийнхээ үр дүнг харахад маш үр дүнтэй байж, хүүхдүүд маш их ойлголттой болж гэрийн хаяг, сургуулийн дугаар, хичээлийнхээ хуваарийг, хувийн мэдээллүүдээ ч сошиал медиад тавихгүй, хэн нь мэдэхгүй хүнтэй чатлахгүй, элдэв сөрөг зүйлс шээрлэхгүй гэх мэт наад захын ойлголтууд авч байгаа юм. Гол нь энэ хичээлийг жил бүр үзээд яваад байхгүй, амьдралдаа нэг л удаа үзээд л ойлгоод, хэвшүүлчих юм.

-Сошиал медиа хүний үхэл амьдралыг хүртэл шийддэг, цаашид энэ чигээр байвал залуу үе минь ирээдүйд ямар хүн болж төлөвшихийг чиглүүлэх учраас энэ хөтөлбөрийг улс орны стратегийн ач холбогдолтой гэж үзэх болох юм байна? Тийм үү?

-Тийм. Ирээдүйг технологиос салгахын аргагүй болоод байна. Хуучинсаг бизнес буюу traditional business гэж бий. Би ч анги танхимд хүүхдүүдэд хичээл зааж хуучинсаг бизнес эрхэлж байгаа. Гэхдээ үүнийг улс орны хөгжилтэй уяхын тулд технологитой холбож өгөх ёстой бөгөөд үүний ард сошиал медиа байна. Тиймээс бид дэлхийн иргэд болж дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд хэл сурах шаардлагатай болж. Монгол улс уул уурхайгаар дэлхийд нэгэнт танигдсан хэдий ч Монгол толгой, Монгол оюун ухаанаар ч бид дэлхийд танигдах боломжтой. Маш олон орноор явж үзлээ, хэд хэдэн улсад сурч үзлээ. Ингэж явахдаа би “Монгол хүний толгой сийрэг юм байна” гэдгийг үргэлж мэдэрдэг. Энэ бол үнэн. Монголчууд үнэхээр потенциалтай. Үүнийг харин дэлхийд гаргахын тулд тэдэнд хэл заах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, дижитал боловсролтой хүмүүсийг харахад аливаад олон талаас ханддаг, юманд шүүмжлэлт сэтгэлгээтэйгээр хандаж чаддаг, аливаа зүйлд амархан тархиа угаалгахгүй. Энэ нь улс орны хөгжлийг тодорхойлох томоохон хүчин зүйл мөнөөсөө мөн. Цаашилбал, бид удирдагчаа сонгохдоо хүртэл сошиал медиагийн мэдээлэлд хууртахгүй зөв сонголт хийж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдэд шүүлтүүртэй хандаж чаддаг болно. Өнөөдрийн бидний сонгосон удирдагчид бидний тусгал гэсэн үг. Бид ямар боловсролтой байгаа, ямар хэмжээний мэдээлэл авч байгааг бидний сонгосон удирдагчдыг хараад л шууд дүгнэх боломжтой. Тиймээс л бид одоогоос энэ боловсролын асуудлыг маш том цар хүрээтэй харж, хэрэгжүүлж чадвал ирээдүй үе минь удирдагчаа сонгохдоо илүү оновчтой сонголт хийх болно.

-ЭНЭ СУРГАЛТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛДОГ-

-Ерөнхий боловсролын 20 сургуульд энэ хөтөлбөр, сургалтыг хэрэгжүүлж байгаагаас гадна байгууллагуудад энэ сургалтаа өгөх үү? Өгч байгаа юу?

-Байгууллагуудад эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд өгөх сургалт гэдэг утгаараа орж байгаа. Бидний хамгийн гол зорилго бол хөтөлбөрийнхөө эцсийн хувилбарыг гаргаж авах. Сүүлийн хагас жил туршаад явж байна. Үр дүн нь удахгүй харагдаж эхлэх байх.

-Хөтөлбөрийн эцсийн хувилбарууд гарсны дараа байгууллагууд холбогдож уг сургалтыг авах боломжтой болох уу?

-Тийм. Бид бүх сургалтуудаа үнэ төлбөргүй явуулдаг. Нийгэм рүү чиглэсэн стратегийн ач холбогдолтой зүйл хийж байж зараад яваад байж болохгүй учраас эхлээд бүх зүйлээ тодорхой болгох шаардлагатай юм.  Бид фэйсбүүкээс санхүүжилт авдаггүй, тэд бидэнд хөтөлбөрөө гаргахад тусалж байгаа нь үнэн. Одоогоор бид уг сургалтыг явуулах багш нараа бэлдэж байгаа бөгөөд хангалттай хэмжээнд багш нартай болох нь мөн чухал асуудал болоод байгаа.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танд уншигчдад хандаж хэлэх зүйл бий юу?

-Хичээл зааж, лекц уншаад явж байхад нэг зүйл ажиглагддаг нь харсан зүйлдээ шууд итгэх, мэдээллийг цааш дэлгэрүүлж уншдаггүй явдал. Тиймээс би хүмүүсийг маш их мэдээллийн эрэлч, хайгч байгаасай гэж хүсдэг. Өнөөдөр дэлхий ертөнц хаашаа чиглэж байна, ямар зүйл хийвэл бидний хүүхдүүдэд хэрэгтэй болох, бид юу хийвэл илүү хөгжих вэ, эцэг эхчүүд бид хүүхдэдээ юу зааж өгч, өөрийгөө хэрхэн өөрчлөх ёстой вэ гэх мэт мэдээллийг хаанаас хайж олох вэ гэдэг дээр төвлөрөөсэй. Сошиал медиад тавигдсан хов живд битгий төвлөрөөсэй, аливааг эерэг талаас нь хардаг, бүгдийг болгож бүтээе гэдэг ард түмэн байгаасай гэж би хүсдэг. Үүнийгээ уулзсан хүн бүртээ л ярьж явдаг юм. Мөн сэтгүүлчдийг ч нийгмийн соён гэгээрүүлэх үүргээ ухамсарлаж нийгэмд эерэг мэдээллүүдээ түлхүү түгээдэг байгаасай гэж хүсдэг. Манайх энэ хөтөлбөрийнхөө нээлтийг хийх болж хэд хэдэн вэбсайт, хэвлэлийн байгууллагууд руу хандтал урдаас мөнгө нэхсэн. Гэтэл энэ бол манай байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа, улс оронд маш чухал ажил шүү дээ. Бизнес гэдгийг нь ч ойлгож байгаа ч ийм мэдээллүүд дээр уян хатан байж, дуу хоолой болж өгөөч гэж хүсэх байна. Би ганцаараа энэ мэдээллийг өөрийн фэйсбүүкээр түгээгээд хэдхэн хүнд л хүрнэ. Гэтэл сэтгүүлзүйн салбар улс оронд яаж ч нөлөөлж болох тийм чухал салбар шүү дээ. Бид нэг л зорилготой учраас этиктэй байж аливаа асуудлын мөн чанарыг ойлгох гэж хичээж байгаасай гэж хүсэх байна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button