ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГЭнтертайнмент

ОНЫ ТОЙМ: АНУ-ын шинэ удирдагч, Японы олимп, Талибанчуудын дарангуйлалтай, цар тахал, газар хөдлөлт, түймэрт автсан ЖИЛ

Улиран одож буй 2021 онд дэлхий дахинд өрнөсөн гол гол анхаарал татсан онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Мөн 2022 он хүн төрөлхтөнд ямар байх талаар товчхон төсөөлцгөөе.

Харьцангуй өндөр хөгжилтэй улс орнуудад ч санхүүгийн хямрал нүүрлэж, улам даамжирсан. Баячууд улам баяжиж, ядуус нь амь зуухын төлөө тэмцсээр.

ЭСЭРГҮҮЦЭЛ, ҮЙМЭЭН САМУУН

Дэлхийн олон улс оронд үймээн самуун, мөргөлдөөн гарав. 2021 оныг ерөнхийд нь улс төрийн хувьд тогтворгүй, дотоод сөргөлдөөн ихтэй жил болж өнгөрлөө гэж тодорхойлж болно. Учир нь, дэлхий даяар үймээн самуун дэгдсэн.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Цагдаагийн алба хаагч хар арьст Жорж Флойдын амийг хөнөөсөн нь америкчуудын дунд арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй үймээн самуун, эмх замбараагүй байдлыг бий болгож, илүү нийгмийн шинж чанартай болсон. Хүний амийг санаатай хөнөөсөн цагдаад 22.5 жилийн хорих ял ногдуулсан ч америкчууд нийгмийнх нь өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чадаагүй.

МЬЯНМАР

2021 оны хоёрдугаар сард Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийсэн нь коронавирусийн хямралын шууд үр дагавар болоогүй ч тус улсын нийгэмд хурцадмал байдлыг бий болгосон. Улмаар Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мин болон төрийн бусад өндөр албан тушаалтнуудыг баривчилсан. Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн хотод өрнөсөн ч цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэн тэднийг нухчин дарав.

ӨМНӨД АФРИК

Өмнөд Африкийн хүн амын талаас илүү хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, гуравны нэг нь байнгын ажилгүй, орлогогүй тул тэд эрх баригчид, Засгийн газартаа сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой. Үймээн самууны гарах болсон шалтгаан нь хүн амын хамгийн ядуу хэсгийн дунд нэр хүндтэй хэвээр байгаа Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асанг баривчилж, 15 сарын хорих ял өгсөн явдал.  

ХИЛ ХААГДАЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАМПУУРАВ

Коронавируст цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хил гаалиа хааснаар иргэд, жуулчдын хөл хөдөлгөөн хорионд орсноор дэлхийн аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсан зарим газрууд дампуурлаа зарлав.

ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Евро-2020 хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Мөн л цар тахлын улмаас хойшлогдон 2021 онд дэлхийн 10 орны 11 цэнгэлдэх хүрээлэнд зохиогдов. Тоглолтууд коронавирусийн улмаас хатуу хөл хорион дор цэнгэлдэх хүрээлэнгүүд үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулав.

Европын хөлбөмбөгийн АШТ-д Италийн шигшээ баг нэг жилийн хугацаанд хоёр дахь удаагаа ялалт байгуулав. Италийн баг Английн шигшээ багийг хожсон юм.

2020 ОНЫ ТОКИОГИЙН ЗУНЫ ОЛИМП

Токиогийн Зуны олимп 2021.07.03-наас 2021.08.08-ны өдөр болж, дэлхийн 205 орны 11,656 тамирчин өрсөлдөв. Олимпын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулав.

Онцлох үйл явдлын нэг бол Шинэ Зеландын трансжендер хүндийг өргөлтийн тамирчин Лорел Хаббард оролцсон гэдгээрээ онцлог байв. Мөн “Токио-2020” олимпын наадам олимпын түүхэн дэх хамгийн эко олимп болсон. Үүний нэг илрэл нь Олимпын хотхоны тамирчдад зориулсан орнуудыг картонон цаасаар үйлдвэрлэсэн ба орны даац нь 200 кг юм. Олимп болон Паралимпийн дараа тэдгээр орнуудыг дахин боловсруулалтад оруулсан. Орыг дахин боловсруулах боломжтой материалаар хийсэн нь анхны тохиолдол болсон.

АНУ-ЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ

2021 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ардчилсан Намаас нэр дэвшсэн Жозеф Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов. Шинэ төрийн тэргүүн өмнөх Ерөнхийлөгч асан Дональд Трампын бодлогыг тууштай эсэргүүцэгч байж, төрийн тэргүүнээр сонгогдсон эхний өдрүүдэд Дональд Трампын гаргасан ДЭМБ болон Парисын уур амьсгалын гэрээнээс гарах, Мексиктэй хил залгаа хилийн бүсэд тусгай хана босгож, хилээр нэвтрэхийг хориглох зэрэг хэд хэдэн зарлигийг хүчингүй болгов.

Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Дональд Трампыг дэмжигч иргэд эсэргүүцлийн жагсаал хийн, үймээн самуун болов.

2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэв. Дональд Трамп мөн Бүгд Найрамдах Намаас 2024 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа зарлав.

ИХ БРИТАНИ ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРАХ ТАЛААР

Их Британийн Засгийн газар 2017 оны гуравдугаар сард Европын Холбоонооос гарах журмыг санаачилсан боловч “БРЕКСИТ” /BREXIT/ энэ асуудлыг удаа дараа хойшлуулав. Гагцхүү 2020 оны нэгдүгээр сард холбогдох хуулийн төслийг Парламент эцэслэн баталж, Хатан хаан II Елизабета, Ерөнхий сайд Борис Жонсон нар гарын үсэг зурав.

ЭДИНБУРГИЙН ГҮН, АНГЛИЙН ХАТАН ХААНЫ НӨХӨР ХАНХҮҮ ФИЛИПП ТААЛАЛ ТӨГСӨВ

2021 оны дөрөвдүгээр сард Английн Хатан хаан II Элизабетагийн нөхөр, Эдинбургийн гүн, Ханхүү Филипп 99 насандаа таалал төгсөв.

Ханхүү Филипп Хатан хаан II Элизабетаг хаан ширээнд сууж, Хатан хаанаар өргөмжлөгдөхөөс таван жилийн өмнө буюу 1947 онд Элизабетатай гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэд, найман ач, зээтэй, 10 гуч, зээнцэртэй юм. Хатан хаан II Элизабет насан туршийнхаа хань нөхрөө алдсанд ихэд гашуудсан ба Ханхүү Филипп таалал төгссөнд  дэлхий даяар эмгэнэл илэрхийлэв.

БАЙГАЛИЙН ГАМШИГ

2021 он бол 11 жилийн нарны мөчлөгийн оргил үе байлаа. Энэ нь зөвхөн од эрхэс, байгалийн үзэгдлээс улбаатай үзэгдэл төдийгүй хүний ​​​​эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд, санаатай үйлдлээс үүссэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

ЯПОНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТ

Хоёрдугаар сарын 13-ны шөнө Японд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Газар хөдлөлт тус улсын 10 мужид мэдрэгдсэн ба гамшгийн улмаас 180 гаруй хүн гэмтэж бэртэн, 950 мянга гаруй байшин тог цахилгаангүй болов.

“УРИ” ӨВЛИЙН ШУУРГА

Хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд АНУ, Мексик болон Канадын зарим хэсэгт “Ури” хэмээх албан бусаар нэрлэсэн цасан шуурга дэгдсэн. Гамшгийн улмаас 9.9 сая гаруй хүн цахилгаангүй болсон. АНУ-ын 164, Мексикийн 12 оршин суугч амиа алдсан юм. Хойд Америкт болсон шуурганы хохирол 195 тэрбум ам.доллароор хэмжигдсэн ба өнөөдөр энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй байгалийн гамшигт тооцогдож байна.  

ГАЗАР ДУНДЫН ТЭНГИС ДЭХ БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАМШИГ

Өвлийн сүүлчээр Израйлийн Газар дундын тэнгисийн ихэнх эрэгт хэдэн арван тонн газрын тосны бүтээгдэхүүн асгарч, тэнгис далайн ус бохирдсоны улмаас гамшгийн голомт болсон далайн эрэг, загас агнуурын аж ахуйн нэгжүүд хаагдав. Далайн эрэг дээр олон тооны далайн амьтад, шувууд үхэв. Гамшгийн үр дагаврыг бүрэн арилгах, тус улсын эрэг орчмын экосистемийг сэргээхэд хэдэн арван жил шаардагдах юм.

ЕВРОП ДАХЬ ҮЕР

Долдугаар сарын эхээр “Бернд” хар салхины улмаас үер болов. Герман улс хамгийн их хохирол амссан ба 200 хүн нас барж, 170 гаруй хүн ор сураггүй алга болж, 700 гаруй хүн гэмтэж бэртэн 165 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй болсон. Авто зам, төмөр зам, гүүр болон бусад томоохон байгууламжууд эвдэрч сүйдэв. Германы эрх баригчид гамшигт нэрвэгдэгсдэд 400 сая евро буюу 470,3 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор төлөвлөсөн. Мөн үерийн гамшигт Бельги, Голланд, Люксембург, Итали, Их Британи, Чех, Австри, Румын зэрэг улсууд өртөв. Одоогийн байдлаар Европт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ ойролцоогоор 20.4 тэрбум евро буюу 23.9 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 9.3 тэрбум евро /10.9 тэрбум ам.доллар/ нь Германд ногдож байна.

ХЯТАДАД БОЛСОН ҮЕРИЙН АЮУЛ

Долдугаар сард орсон аадар борооны улмаас Хятадад их хэмжээний үер болов. Сычуань муж бүхэлдээ үерт автсан юм. Гамшгийн бүсэд 120 мянга гаруй хүн байсан ба олон зуун барилга байгууламж, зам эвдэрсэн. Жэнжоу хотод мөн 30 мянга гаруй хүн үерт нэрвэгдэж, 200 мянга орчим оршин суугчийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн. Хэнань мужид үерийн улмаас 58 хүн амиа алдаж, 800 мянган оршин суугчийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Байгалийн гамшгийн улмаас олон арван сая долларын хохирол учирсан.

ЭНЭТХЭГИЙН МУССОН БОРОО

Долдугаар сарын 23-наас эхлэн Энэтхэгт борооны улмаас онц байдал зарлав. Адаар бороо долдугаар сарын 18-наас эхэлсэн бөгөөд энэ нь үер, хөрсний гулгалтыг дагуулав. Энэтхэгийн Мумбай, Махараштра, Гоа, Химачал Прадеш мужууд хамгийн их хохирол амссан. Наймдугаар сарын 7-ны өдөр нийслэл Шинэ Дели хотод байгалийн гамшгийн аюулын дохиог зарласан. Одоогийн байдлаар 200 орчим хүн нас барж, 100 орчим хүн ор сураггүй алга болсон гэсэн мэдээ байгаа юм. Гамшгийн бүсээс 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эдийн засгийн хохирлыг хараахан тооцоолоогүй байна.

ТУРКИЙН ОЙН ТҮЙМЭР

Долдугаар сарын сүүлчээр Туркийн өмнөд хэсэгт хуурай цаг агаарын улмаас ойт хээрийн түймэр гарсан. Анталья, Бодрум, Мармарис, Мерсин, Мугла мужийн амралтын бүсүүд хамгийн их хохирол амссан ба нутгийн иргэд, жуулчид зэрэг 16 мянга гаруй хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Гамшгийн улмаас 900 хүн гэмтэж бэртсэний 10 нь амь үрэгдсэн. Тус улсын эрх баригчид гамшгийн хохирлын хэмжээг зургаан сая ам.доллар гэж тооцоолжээ.

АНУ, ОХУ-ын Сибирь, Австри зэрэг улсуудад мөн гал түймрийн аюул нүүрлэсэн жил байв.

ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН СОНГУУЛЬ

ОХУ-д Төрийн Думын сонгууль есдүгээр сарын 17-19-ний хооронд 3 хоног үргэлжилсэн ба албан ёсны дүнгээр “Нэгдсэн Орос” Нам 324, ОХУ-ын Коммунист Нам 57, Либерал Ардчилсан Нам 21 мандат авсан.

АНГЕЛА МЕРКЕЛЬ ХБНГУ-ЫН КАНЦЛЕРИЙН СУУДЛАА ОРХИВ

ХБНГУ-д Парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болж, Социал Демократ Нам хамгийн олон буюу 25.7 хувийн санал авсан. Ангела Меркель ХБНГУ-ын Канцлераар 16 жил ажилласны дараа нэр төртэй, инээмсэглэлтэйгээр огцров. Түүний халааг Социал-Демократ Намын дарга Олаф Шольц авч, Германы шинэ Канцлераар томилогдов.

ЖЕНЕВ: ХОЁР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

Зургадугаар сарын 16-нд Женев хотноо ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчид оролцсон дээд хэмжээний уулзалт болов. Хэлэлцээ завсарлагааны хамт 3.5 цаг орчим үргэлжлэв.

Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын хооронд Арктик буюу Хойд туйлын кибер аюулгүй байдал, худалдааны харилцаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэх тохиролцоонд хүрсэн.

Үүний зэрэгцээ, Алексей Навальныйтай холбоотой нөхцөл байдлын талаар ч авч хэлэлцсэн.

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд стратегийн тогтвортой байдлын тухай хамтарсан мэдэгдэл баталсан. Үүнд, төрийн тэргүүнүүд 1985 онд Михаил Горбачев, Рональд Рейган нарын тохиролцсон хамгийн чухал зарчмыг баталж, цөмийн дайнд ялагч байж болохгүй, тиймээс цөмийн зэвсгээр хөөцөлдөх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэв. Төрийн тэргүүнүүд мөн ирээдүйн зэвсгийн хяналт, эрсдлийг бууруулах арга хэмжээний үндэс суурийг тавих зорилготой стратегийн тогтвортой байдлын асуудлаарх хоёр талын яриа хэлэлцээг эхлүүлснээ зарлав.

“ТАЛИБАН” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН АФГАНИСТАНЫ ЗАСГИЙН ЭРХИЙГ БУЛААН АВАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг эцэс болгож, америкийн цэргийнхэн, мөн бүх иргэдээ наймдугаар сарын 31 гэхэд татаж дуусгахаар амласан бөгөөд үүний дараагаар “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаныг эзлэн авсан. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани “Талибан” хөдөлгөөнийхний шахалтаар эх орноосоо дүрвэн гарав. Ингээд Талибанчууд наймдугаар сарын 15-нд нийслэл хот Кабулыг бүхэлд нь эзлэн авч, тус улсын бүх нутаг дэвсгэрийг хяналтандаа авснаа зарлав.

Хөдөлгөөний удирдагчид өөрсдийн аюулгүй байдлын бүтэц, түүний дотор арми, аюулгүй байдлын хүчин, түүнчлэн зөвхөн хөдөлгөөний гишүүдийг багтаасан түр Засгийн газар байгуулснаа мөн зарласан.

ЯПОНЫ 100 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД

Кишида Фүмио есдүгээр сарын 29-нд эрх баригч намын даргын албан тушаалыг хүлээн авч, ту улсын 100 дахь Ерөнхий сайдаар томилогдов. Ерөнхий сайд асан Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа хүлээлгэн өгч, түүний халааг Сүга Ёшихидэ үргэлжлүүлсэн. Харин Сүга Ёшихидэ цар тахалтай холбоотой асуудлаар албан тушаалаасаа огцорсон юм.

ЖО БАЙДЕН, ШИ ЖИНЬПИН НАРЫН ОНЛАЙН УУЛЗАЛТ

Арваннэгдүгээр сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилгоор онлайн уулзалт хийв.

Талууд мөн Афганистан, Иран, Солонгосын хойгийн байдал, харилцан сонирхсон дэлхийн болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Дэлхийн хоёр том гүрэн хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан хэвээр байгаа бөгөөд Байден Хонконг болон баруун хойд Шинжаан дахь хүний ​​эрх зөрчигдөж байгаад АНУ санаа зовниж буйгаа илэрхийлсэн.

Энэхүү шүүмжлэлийн хариуд Бээжин АНУ-ыг Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж эхэлсэн.

Үүний зэрэгцээ БНХАУ-аас цэргийн түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Вашингтон Тайванийг дэмжих санаагаа орхихгүй гэж мэдэгдэв.

БНХАУ-ЫН КОММУНИСТ НАМЫН VI БҮГД ХУРАЛ

БНХАУ-ын Коммунист Намын /ХКН/ VI бүгд хурал арваннэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Бээжин хотноо дөрөв хоногийн турш зохион байгуулагдав.

Хурлаар “Коммунист Намын 100 жилийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай намын төв хорооны тогтоол”, “ХКН-ын 20-р их хурлыг хуралдуулах тухай тогтоол”-ыг тус тус хэлэлцэн баталсан.

Ши Жиньпиний үед дараагийн түүхэн тогтоолыг баталж, өөрийн санаачилсан үзэл санааг тусгаж чадсан нь түүнийг Мао Зэдун, Дэн Сяопин нартай дүйцэхүйц түүхэн удирдагч болсон хэмээн  шинжээчид онцлов.

Эл тогтоолын ач холбогдол нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд намын ололт, түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж, шинэ эриний хүчирхэг социалист улсыг бүх талаар цогцлоох үйлсэд тус дэм үзүүлэхэд оршиж байгаа юм.    

САНСРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРИНИЙ СУУРЬ ТАВИГДАВ

Дэлхийн тэрбумтнууд төдийгүй жирийн иргэд сансарт аялах боломж энэ 2021 онд бүрдлээ.

Английн бизнес эрхлэгч Ричард Брансон сансарт ниссэн анхны тэрбумтан болж түүхэнд бичигдэхээр болов. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компанийн зохион бүтээсэн сансрын хөлгөөр долдугаар сард сансрын эхлэл цэг гэгддэг 100 км-ийн өндөрт амжилттай нисээд ирэв.   

2021 оны хамгийн баян хүнээр тодорсон “Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Илон Маск, “Амазон” компанийн эзэн Жефф Безос нар сансрын бизнест эхэлж хөл тавьсан ч Ричард Брансон тэднээс өрсөн сансарт нисэв. Брансон “Unity-2” сансрын хөлгөөрөө зургаан хүний хамтаар долдугаар сарын 11-ний орой АНУ-ын Нью-Мексико мужаас хөөрсөн ба түүхэн нислэг 90 мин үргэлжилсэн юм.

Дэлхийн толгой баячуудын сансрын уралдаан үргэлжилж, “Амазон” компанийн Ерөнхий захирал асан Жефф Безос гурван хүний хамтаар  өөрийн компанийн сансрын хөлгөөр мөн сансарт нисэв.

Харин Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн “Dragon” хөлгөөр энгийн дөрвөн иргэнийг сансар луу нисгэв. Нислэгийн төлбөрийг 38 настай тэрбумтан Жаред Айзекман төлж, багийн гурван гишүүнээ удирдан чиглүүлсэн үйл явдал болов. Аялал гурав хоног үргэлжилсэн. Аяллын багийнхан нислэгээрээ хүүхдийн хорт хавдрын судалгаанд хандив босгох зорилгоор оролцсон гэжээ.

Илон Маскийн “SpaceX” компани дараагийн сансрын аяллаа 2022 оны эхээр “Axiom Space” компанитай хамтран хийхээр төлөвлөөд байна.

ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН МАРКЛ НАРЫН ЯРИЛЦЛАГА

Энэ оны гуравдугаар сард Меган Маркл, хунтайж Харри нар Опра Уинфригийн ярилцлагын зочноор оролцов. Ярилцлага бүтэн хоёр цагийн турш “CBS” сувгаар цацагдсан нь олны дунд шуугиан тарив. Хос ярилцлагадаа Сассексийн герцог хааны гэр бүлийн амьдрал, анхны жирэмслэлтийнхээ үеэр амиа хорлох хүсэл төрж байсан тухай болон бусад олон зүйлийн талаар анх удаа илэн далангүй ярилцсан. Энэ нь Английн Хатан хааны гэр бүлийнхэнд маш том цохилт болсон юм.

КИМ КАРДАШИАН, КАНЬЕ УЭСТ НАРЫН САЛАЛТ

Ким Кардашиан долоон жил ханилсан Канье Уэстээс салах өргөдлөө өгөв.

ЖЕННИФЕР ЛОПЕЗ, БЕН АФФЛЕК ХОЁР АХИН НИЙЛЭВ

Алдарт дуучин Женнифер Лопез, Холливудын жүжигчин Бен Аффлектай дахин нийлэв. Дуучин Лопез Алекс Родригесээс салснаас хойш нэг сарын дараа хуучин найз залуу Бен Аффлекийн хамт олны өмнө гарч ирсэн нь энэ жилийн хамгийн онцлох энтертайнмент үйл явдал байв. Хос салснаасаа хойш 17 жилийн дараа ийнхүү дахин нийлэв.

БРИТНИ СПИРС АЛБАН ЁСООР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛОВ

Дуучин Бритни Спирсийн төрсөн эцэг Жэйми Спирс 13 жилийн дараа охиноо байнга дарамталдаг гэх хэргээр түүний асран хамгаалагч байх эрхээ бүрмөсөн хасуулав. Ингээд Бритни Спирс албан ёсоор эрх чөлөөтэй болов. Олон жилийн дараа эрх чөлөөг мэдэрсэн Бритни фитнес дасгалжуулагч Сэм Асгартай сүй тавив.

ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛСАН “SQUID GAME” ЦУВРАЛ

Энэ намаржингаа Өмнөд Солонгосын “Squid Game” /Өгөөшт тоглоом/ цувралын талаар шуугив. Эл цуврал бол “Netflix” платформ дээр хамгийн олон үзэгчтэй цувралаар шалгарав. Цацагдаж эхэлсэнээс хойш ердөө 17 хоногийн дотор 111 сая үзэгчийн хандалт авсан юм. .

2022 ОНЫ УРЬДЧИЛСАН ТААМАГ

ЦАР ТАХАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дэлхий дахинд зөрчилдөөн улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа ч коронавирусийн халдварын тархалт аажмаар намжиж, эдийн засгийн байдал тогтворжвол ширүүн сөргөлдөөн үүсэхгүй гэж шинжээчид таамаг дэвшүүлж эхлэв.

2021.12.08-ны өглөөний байдлаар дэлхийн хэмжээнд “КОВИД-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 267,182,894-д хүрсэн гэж Америкийн Жонс Хопкинсийн Их Сургууль мэдээлсэн.

Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,271,668 хүн нас бараад байгаа юм. “КОВИД-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсоор байна.

Харамсалтай нь, дэлхийн хэмжээнд вакцинжуулалтын хэмжээ хангалттай өндөр биш байгаа юм. Гэсэн ч, 2022 онд Европ, Хятад, Хойд Америк, ОХУ-д сүргийн дархлаа тогтоно гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд хоногт коронавирусийн эсрэг 40,2 сая тун вакцин хийсэн байгаа аж. Харин вакцинжуулалт эхэлснээс хойш дэлхий дахинд нийт 8,8 тэрбум тун вакциныг 184 улсын хүн амд хийсэн гэсэн тооцоо гарсан. Мөн зарим улс орны эрх баригчид хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах шийдвэр гаргаж эхэлсэн. Сүүлийн мэдээгээр ДЭМБ коронавирусийн эсрэг арван вакцинд яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
uher
uher
2021-12-27 02:37

Mongold covidiig horij chadaagui aldaag Huk huleeh yostoig MONGOLCHUUD MEDEHGUI TEMTSEHGUI l tun haramsaltai .....

Холбоотой мэдээ

Back to top button