ДЭЛХИЙНИЙГЭМ

DW-ГИЙН ТОЙМ: Казахстанд цаг, минут тутамд юу өрнөсөн бэ

Автомашины шингэрүүлсэн хий, шатахууны үнэ нэмэгдсэний дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Эцэстээ тайван жагсаал даамжирсаар олон хотыг хамарч, эмх замбараагүй байдал бий болов. Ингээд Казахстанд онц байдал тогтоов.

Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/-аас тусламж хүссэн.

Ингээд бид нэгдүгээр сарын 6-нд Казахстанд чухам ямар ямар үйл явдал болж өрнөсөн талаар Германы “Дойче велле” /DW/ мэдээллийн агентлагийн цаг, минутаар нь мэдээлсэн мэдээг товчхон танилцуулъя. Цаг, минутыг Монголын цагаар тооцсон болно.

Казахстанд шингэрүүлсэн хийн үнийг бууруулах жагсаал улс орон даяар өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болж хувирав. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Аскар Мамин тэргүүтэй Засгийн газрын огцрох өргөдлийг хүлээн авав.

УЛС ОРОН ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ТОГТООВ

Хэд хэдэн хотод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Ерөнхийлөгч жагсагчдыг “террористууд” буюу алан хядагчид хэмээн цоллоод, ХАБГБ-аас тусламж хүссэн.

-ШӨНИЙН 03:15 ЦАГТ-

ХАБГБ-ын цэргийн бүрэлдэхүүн Казахстанд хэдий хугацаагаар байрлах эсэх нь нөхцөл байдал, Казахстаны эрх баригчдын шийдвэрээс хамаарна хэмээн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась мэдэгдэв. Тэрбээр “Зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдсэн тохиолдолд” цэргийн бүрэлдэхүүн ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ эрхтэй гэдгийг онцлов. Энэ нь шаардлагатай тохиолдолд ГАЛ НЭЭЖ болно гэсэн үг.

-ШӨНИЙН 02:45 ЦАГТ-

Казахстанд эмх замбараагүй байдал хариуцсан эрүүгийн хэрэг шалгах тусгай мөрдөн байцаах баг байгуулагдав. Ингэснээр жагсагчдыг найман жилээс бүх насаар нь хорих хүртэл ял шийтгэл оногдуулж, цаашлаад иргэншлийг нь ч хүчингүй болгож магадгүй аж.

КАЗАХСТАНЫ ӨМНӨД ХЭСЭГТ ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ АЖИЛЛАГАА ЯВАГДАВ

-ШӨНИЙН 02:15 ЦАГТ-

Армени улсын Сайд нарын танхимаас өөрийн Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг ХАБГБ-ын Казахстан дахь ажиллагаанд оролцохыг зөвшөөрөв.

-ШӨНИЙН 01:40 ЦАГТ-

Казахстаны өмнөд хэсэгт орших Кызылорда мужид терроризмын эсрэг ажиллагаа явагдаж байна хэмээн тус бүс нутгийн тэргүүн Гульшара Абдыкаликова “Хабар 24” телевизийн эфирээр мэдэгдэв. Тус бүс нутагт террористуудын аюул заналхийлэл “улаан түвшин”-д хүрсэн гэж үзсэн.

-ШӨНИЙН 01:20 ЦАГТ-

Пүрэв гарагийн /2022.01.06/ орой аюулгүй байдлын албаныхан Алма-Ата хот дахь Казахстаны Ерөнхийлөгчийн эзлэгдсэн байсан хуучин байрыг чөлөөлж, тус хотын төрийн байгууллагуудын бүх барилга байгууламжийг хяналтдаа авч, мөн Хувьсгалын талбайг ч чөлөөлөв.

ЗЭВСЭГТ ЖАГСАГЧДЫГ УСТГАНА ГЭЖ ЗАНАЛХИЙЛЭВ

-ШӨНИЙН 01:01 ЦАГТ-

Эсэргүүцлийн үеэр мянга гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Эрүүл Мэндийн Яамны мэдээлэл гарав. Ойролцоогоор 400 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 62 хүн эрчимт эмчилгээнд оржээ.  

-ШӨНИЙН 00:45 ЦАГТ-

Казахстаны Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр, зэвсгээ хураалгахаас татгалзсан хүмүүсийг шууд УСТГАНА хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлэв.

-ШӨНИЙН 00:35 ЦАГТ-

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелль өөрийн “Твиттер” хуудастаа Казахстанд гадаадын цэргийн тусламж үзүүлэх нь зайлсхийх ёстой нөхцөл байдлыг сануулж байна гэж жиргэв. Энэ нь тэрбээр гадаадын цэргийн бүрэлдэхүүнийг Казахстанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утгатай. Гэсэн ч тэрбээр Европын Холбоо “Хямралыг нь шийдвэрлэхэд тусламж үзүүлэхэд” бэлэн байгаагаа онцлов.

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КАЗАХСТАНЫ ДИПЛОМАТ АЛБАНЫ ТЭРГҮҮНТЭЙ ЯРИЛЦАВ

-ШӨНИЙН 00:20 ЦАГТ-

Казахстаны Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх газар тус улсад шингэрүүлсэн хийн хамгийн том худалдагч болох “Казмунайгаз”, “Казгермунай”, “СНПС-Актобемунайгаз”, “Казакойл” гэсэн компаниуд үнийн зөрүүтэй шинж илэрсэн талаар “Хабар-24” телевиз мэдээлэв. Телевизийн мэдээлснээр, компаниудын буруутай нь нотлогдвол торгууль ногдуулах аж. Шатахууны үнийг нэгдүгээр сарын 2-нд хоёр дахин нэмсэн нь эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэх шалтаг болсон хэмээн барууны болон оросын шинжээчид дүгнэж эхэлсэн. Угтаа шатахууны үнийн хөөрөгдлөөр далимдуулан бослого тэмцэл өрнүүлсэн гэгдэж байгаа юм.      

-ШӨНИЙН 11:40 ЦАГТ-

Беларусийн Зэвсэгт хүчний тусгай ажиллагааны 103 дугаар агаарын десантынхан ХАБГБ-ын бүрэлдэхүүнд багтаж пүрэв гараг /2022.01.06/-т Казахстаныг зорьсон. Энэ талаар Беларусийн Батлан ​​Хамгаалахын сайд дэслэгч генерал Виктор Хренин мэдэгдэв.

ОХУ-ЫН АНХНЫ ШҮХЭРЧИД КАЗАХСТАНД ИРЭВ

-ШӨНИЙН 11:26 ЦАГТ-

Газарт суурилсан сансрын дэд бүтцийн байгууламж ашиглалтын төвийн хэвлэлийн алба пүрэв гарагт /2022.01.06/ Крайны нисэх онгоцны буудал, Байконур сансрын хөлгийн хөөргөх цогцолборууд болон Сансрын төвийн бусад байгууламжийн хамгаалалтыг чангатгаж байгаагаа мэдэгдэв.

-ШӨНИЙН 11:15 ЦАГТ-

Казахстаны Дотоод Хэргийн Яамны мэдээлснээр, жагсаалын үеэр 2,298 хүнийг саатуулжээ. Аюулгүй байдлын албаныхны амь үрэгдэгсдийн тоо 18-д хүрэв. Мөн 748 хүн шархаджээ.

ГЕРМАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД КАЗАХСТАНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛД САНАА ЗОВЖ ЭХЛЭВ

-ОРОЙН 22:55 ЦАГТ-

Германы эдийн засаг, бизнесийн салбарынхан Казахстанд хүчирхийлэл дэгдэж байгааг айдастай харж эхлэв. “Бид хүчирхийллээс татгалзаж, мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг уриалж байна” хэмээн Германы Эдийн засгийн зүүн хорооны дарга Оливер Гермес хэлэв.

Казахстан бол Герман улсын хувьд эдийн засгийн чухал түнш гэдгийг тэрбээр онцлов. Казахстанд Германы 480 пүүс, компани үйл ажиллагаа явуулдаг. Германы Казахстаны эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 1.3 тэрбум еврогоор хэмжигддэг аж.

-ОРОЙН 22:35 ЦАГТ-

Францын нийслэл Парис хотын төвд Казахстаны жагсагчдыг дэмжих жагсаал болов.

ИРГЭД АМЬ ҮРЭГДЭЖ, ШАРХАДСАН ТАЛААР НҮДЭЭР ҮЗСЭН ГЭРЧҮҮД МЭДЭЭЛЭВ

-ОРОЙН 22:20 ЦАГТ-

Алма-Ата хотын Бүгд найрамдах талбайд жагсагчдын зарим нь шархадсан бөгөөд тэдний дунд амиа алдсан хүмүүс ч байж магадгүй талаар “ТАСС” мэдээллийн агентлаг гэрчүүдээс эш татан мэдээлэв.

-ОРОЙН 22:00 ЦАГТ-

Алма-Ата хотын Цагдаагийн Газрын төлөөлөгч тус хотын нэгэн дүүргийн цагдаагийн хэлтэст эсэргүүцлийн жагсаалыг “няцаах” дайралт болсон талаар мэдээлэл хүлээж авсан хэмээв.

-ОРОЙН 21:40 ЦАГТ-

Германы Гадаад Хэргийн Яам Казахстанд ажиллаж, амьдарч буй өөрийн орны иргэдийг онц байдлын үеэр Алма-Ата болон Алма-Ата муж руу зорчихгүй байхыг уриалав. Казахстан дахь Германы иргэдэд консулын дэмжлэг үзүүлэхдээ зөвхөн Нур-Султан хот дахь Германы Элчин Сайдын Яамаар дамжуулан олгохоор болов. Мөн Алма-Ата дахь консулын газрын ажлыг түр зогсоов.

ЖАГСАГЧИД АЛМА-АТА ХОТЫН БҮГД НАЙРАМДАХ ТАЛБАЙН ХАЖУУГААС ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ ЗУГТАЖ ЭХЛЭВ

-ОРОЙН 21:19 ЦАГТ-

5-6 хүний ​​бүрэлдэхүүнтэй жагсагчид Алма-Ата хотын Бүгд найрамдах талбайн хажуугаас зугтаж, зарим нь зугтах зуураа шархдав. Тэнд буудалцаан үргэлжлэв.

-ОРОЙН 22:12 ЦАГТ-

Казахстанд сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 17 хүртэл, харин коллеж, их дээд сургуулийн оюутнуудын амралтыг нэгдүгээр сарын 24 хүртэл сунгасан талаар Боловсролын тэргүүн дэд сайд Шолпан Каринова мэдэгдэв.

ОХУ-ЫН “АЭРОФЛОТ” АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ КАЗАХСТАН РУУ ХИЙХ НИСЛЭГЭЭ ХОЁР ДОЛОО ХОНОГООР ЦУЦЛАВ

-ОРОЙН 21:05 ЦАГТ-

ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компани ойрын хоёр долоо хоногт Казахстан руу хийх нислэгийн тасалбараа худалдаалахаа түр зогсоов. “Үүсээд буй одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан” тус компанийн төлөөлөгчид ийнхүү нислэг болон, тасалбар түгээлтээ зогсоосноо мэдэгдэв.

-ОРОЙН 20:59 ЦАГТ-

Казахстанд онц байдал тогтоосон хугацаанд олон нийтийн арга хэмжээ, тэр тусмаа шашны үйл ажиллагаа явуулахыг хориглов. Энэ талаар тус улсын “Хабар 24” телевиз мэдээлэв. Телевизийн мэдээлснээр, шашны сүмийг хаасан ба Есус Христийн мэндэлсний баярыг иргэдийн оролцоогүйгээр нэгдүгээр сарын 7-нд хийхээр төлөвлөсөн байна.  

АЛМА-ТА ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД БУУДАЛЦААН БОЛОВ

-ОРОЙН 20:52 ЦАГТ-

Алма-Ата хотын төвд орших Бүгд найрамдах талбай дээр буудалцаан болсон талаар “Спутник Казахстан” /Sputnik Kazakhstan/ агентлаг мэдээлэв. Талбайд 250-300 орчим жагсагчид байсан талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тиймээс Нур-Султан дахь Ерөнхийлөгчийн ордны ойролцоо хяналтын цэг байгуулав.

ҮЙМЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ

-ОРОЙН 20:43 ЦАГТ-

Казахстанд болж буй үймээн самууны дараах хохирлыг 92 сая ам.доллар буюу 81 сая евро байна хэмээн тооцоолов. Эдгээр тоо баримтыг Казахстаны Үндэсний бизнес эрхлэгчдийн танхимаас гаргав. .

-ОРОЙН 20:39 ЦАГТ-

Актобе олон улсын нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж эхэлсэн талаар “Хабар 24” телевизээр дамжуулав.

КАЗАХСТАНЫ БАРАГ БҮХ БҮС НУТАГТ УТАСТАЙ ИНТЕРНЕТИЙН СҮЛЖЭЭ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

-ОРОЙН 20:29 ЦАГТ-

Казахстаны Харилцаа холбооны “Казахтелеком” компани Алма-Ата хотоос бусад бүх бүс нутагт утастай интернетийн сүлжээг асаасан талаар ТУХН-ийн орнуудын сүлжээг хаах хяналтын үйлчилгээ үзүүлэгч “Global Check” байгууллагаас мэдээлэв.

-ОРОЙН 20:17 ЦАГТ-

Эсэргүүцлийн жагсаалын үеэр ОХУ-ын иргэн саатуулагдсан талаар “Спутник Казахстан” /Sputnik Kazakhstan/ агнетлаг мэдээлэв. ОХУ-ын эл иргэнийг Костанай мужид хорьсон гэх ба саатуулагдаж буй 245 хүний ​​нэг аж. Сүүлд тэдний 35-ыг нь сулласан ба тэд эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.  

ДХЯ: АЛМА-АТАД ХОЁР МЯНГА ОРЧИМ ХҮНИЙГ СААТУУЛАВ

-ОРОЙН 20:11 ЦАГТ-

Казахстаны хууль сахиулах байгууллагууд Алма-Ата хотод хийсэн дайралтын үеэр хоёр мянга орчим жагсагчийг баривчилсан талаар тус улсын Дотоод Хэргийн Яамны хэвлэлийн алба мэдээлэв. “Зөрчил гаргасан хүмүүст саатуулах арга хэмжээ авч байна. Нийтдээ хоёр мянга орчим иргэнийг цагдаагийн байгууллагад авчирсан” гэв. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, хэд хэдэн гудамж талбайд “цэвэрлэгээ” хийжээ.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАЙР СУУРЬ

-ОРОЙН 20:00 ЦАГТ-

Брюссель Казахстаныг тэвчээртэй байхыг уриалж, улсынхаа бүрэн эрхт байдлыг хадгалах ёстой гэж уриалав. “Хүчирхийллийг зогсоох ёстой” хэмээн Европын Холбооны төлөөлөгч хэлсэнийг “Рёйтерз” агентлаг эш татав.

БНХАУ-ЫН БАЙР СУУРЬ

-ОРОЙН 19:50 ЦАГТ-

БНХАУ Казахстанд болж буй үйл явдлыг тус улсын “Дотоод хэрэг” хэмээн дүгнэж,  нөхцөл байдлыг хурдан хугацаанд тогтворжино гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Казахстаны эрх баригчид “Асуудлыг зөв шийдвэрлэж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  

КАЗАХСТАНД LPG-ИЙН ЖИЖИГЛЭНГИЙН ДЭЭД ҮНИЙГ ТОГТООВ

-ОРОЙН 19:44 ЦАГТ-

Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевын өгсөн зарлигын дагуу Засгийн газар хэд хэдэн шийдвэр гаргав. Зарлигт, ирэх 180 хоногт буюу зургаан сарын хугацаанд автомашины шингэрүүлсэн хийн жижиглэнгийн үнийг литр тутамд 50-75 тэнгэ буюу 0.10-0.15 евро байхаар тогтоов. Автобензин, дизель түлшний худалдаанд ч мөн 180 хоногийн хугацаатай үнийг улсын зохицуулалтаар түр хугацаанд мөрдөж эхлэхээр болов. Жанаозен хотод хий боловсруулах шинэ үйлдвэр барих бэлтгэл ажлыг мөн эрчимжүүлэв.

Түүнчлэн ойрын хугацаанд нийтийн үйлчилгээний хураамжийг нэмэхгүй байх 180 хоногийн хориг тогтоов. Нийгмийн чухал ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор бог, бод малыг гадаадад зургаан сараар, төмс, лууванг гурван сарын хугацаагаар экспортлохыг хориглов.

БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А.ЛУКАШЕНКОГИЙН БАЙР СУУРЬ

-ОРОЙН 19:28 ЦАГТ-

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Казахстаны эрх баригчид болон эсэргүүцэгчид хэлэлцээрт шилжих шаардлагатай гэж үзэв. Жагсагчид “Ардын хэлдэгээр, үүссэн хагарал зөрчлийг арилгахын тулд өвдөг сөгдөн цэргийнхнээс уучлалт гуйж, эрх баригчидтай буюу Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой” гэв.  

НУР-СУЛТАН ХОТОД ИНТЕРНЕТИЙН СҮЛЖЭЭГ НЭЭВ

-ОРОЙН 19:19 ЦАГТ-

Казахстаны нийслэл Нур-Султан хотод орон нутгийн цагаар 17:00 (Монголын цагаар 19:00 цагт) онц байдал зарласантай холбогдуулан түр хугацаагаар хязгаарласан интернетийн сүлжээг нээв. Энэ талаар оросын мэдээллийн агентлагууд мэдээлэв. Интернетийн сүлжээний хязгаарлалт нэгдүгээр сарын 5-ны оройноос хэрэгжиж эхэлсэн. Интернетээс гадна утасны харилцаа ч тасарсан байсан юм. Одоогийн байдлаар Астана хотод интернетийн сүлжээ ирсэн ба онлайнаар хэд хэдэн холболт хийгдсэн байна. Гэсэн ч, бусад хотуудад ч сүлжээ ирсэн гэх мэдээлэл байгаа ч үүнийг баталгаажуулж чадахгүй байгаа аж.

-ОРОЙН 19:09 ЦАГТ-

Казахстан улс онц байдал зарласан тул гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийг түр зогсоов. Энэ талаар Ташкент дахь Казахстаны Элчин Сайдын Яам мэдээлэв. Дараа нь, ГХЯ-ны хэвлэлийн алба эл мэдээллийг үгүйсгэсэн хэмээн “Vlast” мэдээлэв. Агаарын тээврийн компаниуд ч нислэгээ цуцалж байгаад яам анхаарал хандуулав.

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ОХУ, БЕЛАРУСИЙН ГХЯ МЭДЭГДЭЛ ХИЙВ

-ОРОЙН 18:59 ЦАГТ-

Казахстанд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан ОХУ, Беларусийн Гадаад Хэргийн Яамд мэдэгдэл хийв. Смоленская талбай дээр болж буй үйл явдлыг “төрийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах зорилгоор бэлтгэгдсэн, зохион байгуулалттай зэвсэгт ангиудыг ашиглан хүчирхийлэл үйлдэж буй оролдлого, өдөөн хатгалга” хэмээв. “Жагсагчдын тодорхой үйл ажиллагаа” мөн “Казахстаны хууль сахиулах байгууллагуудын зохион байгуулалттай арга хэмжээ авах” асуудалд анхаарлаа хандуулж байна хэмээн Беларусийн Гадаад Хэргийн Яам үзэв.

-ОРОЙН 18:52 ЦАГТ-

Казахстаны Жамбыл мужийн засаг захиргааны төв Тараз хотод хууль сахиулах байгууллагын гурван байр буюу бүс нутгийн хэлтэс, хотын захиргаа, цагдаагийн нэгдүгээр хэлтэс шатав. Мөн “Спутник Казахстан” агентлагийн мэдээлснээр цагдаагийн 50 машин шатжээ. Тус агентлагийн мэдээлснээр, одоо хотын нөхцөл байдал тайван болоод байгаа аж.  

ТАЖИКИСТАН 200 ОРЧИМ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ИЛГЭЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ МЭДЭГДЭВ

-ОРОЙН 18:44 ЦАГТ-

Тажикистан улс ХАБГБ-ын хүчинд нэгдэхийн тулд Казахстан руу 200 орчим цэргийн алба хаагчийг илгээхээр болов. Энэ талаар оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Тажикстаны хүчний байгууллагын эх сурвалж мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 6-ны орой цэргийн бүрэлдэхүүнийг хөдөлгөхөд бэлэн байгаа гэв.

-ОРОЙН 18:33 ЦАГТ-

Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская Беларусийн цэргийн алба хаагчид эгнээнд нь багтсан ХАБГБ-ын цэргийн бүрэлдэхүүнийг Казахстан руу илгээхийг “өөр улсын хэрэгт цэрэг зэвсэгийн хүчээр хөндлөнгөөс оролцсон хэрэг” гэж үзэв. Тэрбээр “Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко бол бүс нутгийн тогтвортой байдлыг зэвсэгт загварчлал тогтоохын төлөө цэргээ байршуулж,  Беларусьчуудыг золиослох шийдвэр гаргах эрхгүй, хууль ёсны байдлаа алдсан хүн. Үүнийг хүн бүр ойлгодог” хэмээн нэмж онцлов.

ОХУ-ААС ХАБГБ-ЫН НЭГДСЭН ХҮЧНИЙХЭН КАЗАХСТАНД ИРЭВ

-ОРОЙН 18:19 ЦАГТ-

ХАБГБ-ын цэргийн хүчний ОХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд Казахстанд “өгөгдсөн даалгавраа хэдийн биелүүлж эхэлсэн” талаар ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас батлав.

-ОРОЙН 18:13 ЦАГТ-

Казахстаны нийслэл Нур-Султан хотын цагдаа, аюулгүй байдлын хүчнийг сайжруулсан горимд шилжүүлэв. Энэ талаар “Спутник Казахстан” агентлаг мэдээлэв. Хотын банк, төрийн үйлчилгээний төвүүдийг хаасан хэмээн мэдээлэв.

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД: МОСКВА ДАХЬ КАЗАХСТАНЫ ЭСЯ-НЫ ОЙРОЛЦОО АРВАН ХҮНИЙГ СААТУУЛАВ

-ОРОЙН 18:05 ЦАГТ-

Москва дахь Чистопрудный гудамжинд байрлах Казахстаны ЭСЯ-ны ойролцоо жагсагчдыг дэмжин харуул манаа хийж, хянагчаар ажиллаж байсан арван хүнийг саатуулав. Энэ талаар “OVD-Info” хүний ​​эрхийн хэвлэл мэдээллийн төслөөс мэдэгдэв. Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн дунд сэтгүүлч, 80 настай эмэгтэй, 70 настай эрэгтэй байгаа гэв.

Казахстанд нөхцөл байдал энэ мэтээр өрнөж, байдал намжиж тогтворжоогүй хэвээр байгаа юм. Тиймээс үйл явдал хэрхэн өнгөрсөн болон цаашид ямар ямар анхаарал татсан онцлох үйл явдал өрнөхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.

(Эх сурвалж: DW; Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-07 09:14

ene ugasaa tsaanaasaa gadaad sanhuutei ulsig ni zadalj baina

Зочин
Зочин
2022-01-07 09:15

eedee mongolchuud. mini ingej tenegtej bolohgui shuu hohirol amsah hun ni bol arduud l baigashu

Баатар
Баатар
2022-01-07 10:27

Тэмцэж чаддаг ард түмэн, эрх баригчдаа ард түмнээ өөд нь татахгүй бол "Назарбаев"-н нэрээр удаан хуурч болохгүй гэдгийг ойлгууллаа, ямар ч байсан ц##ин тэтгэвэрээ нэмэгдүүлж чадлаа, хоолны толанд хууртсангүй дээ,харин битгий л даамжирч эх адаггүй хүчирхийлэл болоосой гэж з##бирая

Холбоотой мэдээ

Back to top button