НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Эмэгтэйчүүд шагай харваж болохгүй буюу хуучинсаг сэтгэлгээнд тушигдсан үндэсний спортын хөгжил

Түүнийг Оюунчимэг (Өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь өөрчлөв) гэдэг. Хэнтий аймгийн харьяат тэрбээр багаасаа аав, ахыгаа бэлтгэл хийх, тэмцээнд оролцоход нь дагаж явсаар шагайн харваанд хорхойсжээ. Анхандаа нууцаар бэлтгэл хийн, харваж сурч. Гэтэл үүнийгээ хэлэхээс зүрхшээсээр олон жил болжээ. Нэг удаа харваж байгаад баригдан, үнэнээ хэлэхээс аргагүйд хүрсэн байна. Түүнээс хойш аав, ах хоёртойгоо хамт бэлтгэл хийх болсон гэнэ.

Гурван жилийн дараа гэхэд аав, ахыгаа байтугай нутгийнхаа цолтой харваачийг ч хожих хэмжээнд хүрсэн байна. Гэхдээ түүнд улсын наадамд битгий хэл жирийн нэгэн тэмцээнд цэц сорих боломж огт байгаагүй. Оюунчимэг 30 жил шагай харвахдаа ганц ч тэмцээнд оролцож чадаагүй. Учир нь “Эмэгтэй хүн шагай харвадаггүй” гэсэн хэвшмэл ойлголт, “Болохгүй” гэдэг үг хөндөлссөөр, түүний олон, олон боломжийг үгүй хийсээр өдий хүрсэн юм.

Түүнтэй уулзсаны дараа “Миний нэрийг битгий бичээрэй. Эмэгтэй хүн байж шагай харван, өв уламжлалаа уландаа гишгэлээ гэж намайг хүмүүс гоочилно, элдвээр шүүмжилнэ. Аав, ах хоёрыгоо эвгүй байдалд оруулчих байх” гэсэн юм. Тиймээс бид ийн нэрийг нь өөрчлөв.

Хэдийгээр “Ийм учраас эмэгтэй хүн шагай харваж болохгүй” гэсэн тодорхой журам байхгүй ч бүсгүй хүн болж төрснөөсөө болж шагай харвах, тэмцээнд оролцох эрхээ эдэлж чадахгүй яваа олон, олон бүсгүйчүүдийн нэг нь Оюунчимэг.

Монголчууд бид өнөөг хүртэл “За, угаасаа эмэгтэй шагай харваж, бөх барилдаж болдоггүй” гэсээр өдий хүрсэн. Өв уламжлалаа дээдлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэх чухал ч нөгөө талаар хуучинсаг сэтгэлгээ биднийг хүлсээр, тушсаар ирсэн нь үүнд нөлөөлж байгаа юм. Сүүлийн үед энэ асуудал хүчтэй яригдаж, олны анхаарлыг татах боллоо. Учир нь Монголд шинээр байгуулагдсан Олон улсын шага Монголын холбоо энэ долоо хоногт хийх тэмцээндээ эмэгтэй тамирчдыг анх удаа цэц сориулах гэж буй нь олныг ихэд талцуулж байна.

Үүнийг эсэргүүцсэн Монголын шагайн харвааны холбооныхон өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийхдээ “Эмэгтэй хүн дээр үеэс шагай харваж байгаагүй. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдийг дээдэлж, эр улсын тоглоомоор тоглодоггүй уламжлалтай. Энэ уламжлал одоо ч хадгалагдсаар ирсэн. Хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцээн болох “Мөсөн өргөө”-нд очиж хэвтэнэ, хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ” гэж мэдэгдсэн юм.

Шагайн харваагаар дээр үеэс өнөөг хүртэл зөвхөн эрэгтэйчүүд харван, цэц мэргэнээ сорьсоор ирсэн нь үнэн. Өв уламжлалаа дээдэлж, хүндэтгэх нь чухал уу гэвэл чухал. Гэхдээ “Зөвхөн эрчүүдийн спорт” гээд шагай харвах, тэмцээнд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүдийг шууд хориглох, тэдний эрхэнд халдах нь хэр зохистой вэ. Бид энэ удаа эл асуудлыг хөндлөө.

ДОНДОГДУЛАМ ХАТАН ШАГАЙ ХАРВАДАГ БАЙЖЭЭ

Зөвхөн эрэгтэйчүүд шагай харвасаар ирсэн нь дээр үеэс тогтсон ёс уу. Эсвэл цаг хугацааны явцад өөрчлөгдөж, шинэчлэгдсээр ийм хэв шинжтэй болсон уу. Эхлээд энэ талаас нь судаллаа.

Түүхийн хуудас сөхөхөд, Богд хааны Их хатан Дондогдулам ордны үйлчин бүсгүйчүүдийг цуглуулж шагай харвадаг, хүрээний томоохон багуудтай өрсөлддөг байсан тухай түүхийн хэд хэдэн номонд өгүүлсэн байдаг. Дондогдулам хатан нэг удаа Богд хаанаас “Эмэгтэй хүн шагай харваж болох уу. Хориглох шалтгаан бий юү” гэж асуухад нь “Төр, шашны ёсонд харшлах зүйл үгүй. Эмэгтэй хүн наадамд цэц сорих нь хэр зохимжтой юм бол” гэж хариулсан гэдэг. Үүний сацуу “Уран” Янжин гэдэг алдартай харваач эмэгтэй байсан, Хүрээний алдартай багтай өрсөлдөөд хожсон гэх аман яриа бий. Эндээс харахад, дээхнэ үед эмэгтэй хүнийг шагай харвахыг эрс эсэргүүцэж, хориглодоггүй байсныг бэлхнээ харж болно.

МОНГОЛ УЛС ШАГАЙН ХАРВААГ “ЮНЕСКО”-д БҮРТГҮҮЛЭХДЭЭ ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАНА ГЭЖ АМЛАСАН

Нүүдэлчин монголчуудын язгуур өв соёлын нэг шагайн харвааг улсын наадмын хөтөлбөрт 1998 онд оруулсан. Улмаар 2014 онд “Юнеско”-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад 2015 онд бүртгүүлсэн юм. Монгол Улс шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ жендерийн тэгш байдлыг хангана гэж амласан. Энэ тухай материалыг хаанаас ч харах боломжтой. Тэгж амласан мөртлөө шагайн харваагаар эмэгтэй хүн хичээллэх, тэмцээнд оролцох боломж хаалттай байсаар ирсэн, одоо ч тийм байгаа нь харамсалтай.

ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ Л БОЛ ЯМАР Ч СПОРТЫГ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Үндэсний спортоо олон улсын түвшинд хөгжүүлэх бүр цаашлаад олимпын наадмын хөтөлбөрт багтаахыг хүсдэггүй, тэгэхийн тулд хөрөнгө, мөнгө зарцуулдаггүй улс гэж үгүй. Тийм боломж Монгол Улсад ч мөн нээлттэй. Тэгэхийн тулд тавигддаг таван том шалгуурын нэг нь жендерийн тэгш байдлыг хангасан байх. Тухайн спортыг олон улсад хэчнээн сонирхож, улс нь баруун, солгойгүй мөнгө цацсан ч жендерийн тэгш байдлыг хангахгүй л бол олон улсад хүлээн зөвшөөрөхгүй. “Эмэгтэй хүн хичээллэж болохгүй” гэдэг хэвшмэл ойлголтоор хандсаар байвал шагай ч мөн олон улсын түвшинд хөгжих боломж хаалттай хэвээр байна.

Д.СҮНЖИД: ЭМЭГТЭЙ ХҮН ШАГАЙ ХАРВАХЫГ ХОРИГЛОХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ, ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА

Үүний дараа бид “Эмэгтэй хүн хичээллэж болохгүй” гээд шагайн харваан спортод хавьтуулахгүй, харвуулахгүй байх нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл мөн үү. Бид энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжидээс тодрууллаа. Хууль зүйн ухааны доктор тэрбээр ийм байр суурьтай байна.

-“Шагай харваагаар зөвхөн эрэгтэй хүн хичээллэдэг. Эмэгтэй хүн харвадаггүй уламжлалтай” гээд бүсгүй хүн харвахыг эсэргүүцэх нь хүний эрх, жендер талдаа хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-За, хууль зүйн талаас нь тайлбарлая. Үндсэн хуулийн оршилд “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн заасан байдаг.

Үндсэн Хуулийн 14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” заасан. Эл заалтыг нарийвчлан 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй” хэмээн заасан. Энэ шинжийг тодруулахад,  юун түрүүнд хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх, жендерийн тэгш байдал хэмээх хоёр ойлголтыг хэрэглэдэг. Хүйс нь биологийн шинжийг, жендер нь  нийгмийн бүх төрлийн харилцаанд хүйсээс үл хамааран адил тэгш оролцохыг илэрхийлдэг гэж үздэг.

Уламжлал, соёл нэрийн дор хүйсээр хууль зүйн үндэслэлгүйгээр ялгаварлах хориотой. Хүний эрхийг хэрэв хязгаарлах бол хуульд заасан үндэслэлээр л зайлшгүй, тохирсон байдлаар хязгаарлах учиртай.

Яригдаад байгаа шагайн харвааны тухайд уламжлалт соёл талаасаа ч, хууль зүйн үндэслэл талаасаа ч хүйсээр ялгаварлах үндэслэлгүй байна. Соёлыг хадгалах, хүндэтгэх орон зай хэрэгтэй хэдий ч явцууруулж тайлбарлах боломжгүй. Соёлын өв уламжлал ихэнхдээ нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншил, жаягаар илэрдэг, бас цаг үетэйгээ нийцэж байнга шинэчлэгддэг.

Монголын шагайн харвааны холбооныхны ярилцлага гарсантай холбогдуулан тус холбооны 2018 онд баталсан Шагайн харвааны нэгдсэн дүрмийг сайтнаас нь танилцлаа. Тэр дүрмэнд шагайн харвааны зорилго нь харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх явдал гэдэг их зөв зорилго тодорхойлж, зохион байгуулалт, тэмцээний дүрмээ зохицуулсан байна билээ. Хүйсийн талаар дурдсан зүйл харсангүй.

-Шагай харвах, тэмцээнд оролцох хүсэлтэй олон эмэгтэй бий. Гэтэл бүсгүй хүн болж төрснөөсөө болж энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа нь ямар, ямар хууль зөрчиж байна вэ?

-Үндсэн хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчинө. Ерөнхийдөө спортын төрөлд хүйсээр ялгамжтай өрсөлдүүлдэг нь бие бялдрын хөгжил, жин, булчингийн хөгжил ялгаатай учраас тусад нь хүч сориулдаг. Түүнээс биш спортын төрлөөр хичээллэх, тэмцээнд оролцох бол нээлттэй боломж, өөрсдийн сонголт байх ёстой.

П.ОТГОНБАЯР ОЛОН УЛСЫН ШАГАГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ХАРВААЧДЫГ ДАРАМТАЛЖЭЭ

Монголын спортын салбарт “шүдний өвчин” болдог асуудлын нэг нь холбоодын маргаан. Хоёр байтугай дөрөв, таван холбоотой спорт манай улсад цөөнгүй бий. “Манайх албан ёсных. Танайх хуурамч” гэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо хэмлэлдэн, тэр бүхний дунд тамирчид хавчуулагддаг, яах учраа олж яддаг. “Тэдний холбооны тэмцээнд оролцвол бэлтгэл хийлгэхгүй, манай холбооны тэмцээнд өрсөлдүүлэхгүй” гэж шахдаг, хавчдаг зүйл нууц биш болсон. Энэ бараан түүх шагайн спортыг ч мөн нөмөрснийг сурвалжлагын үеэр харваачид хэлэн, санаа алдаж байлаа.

Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Отгонбаяр “Олон улсын шагагийн тэмцээнд оролцож болохгүй. Битгий бүртгүүл. Хэрвээ өрсөлдвөл холбооныхоо тэмцээнд өрсөлдүүлэхгүй, улсын наадамд цэц сориулахгүй” гэж дарамталсан талаар хэд хэдэн харваач хэлсэн юм. Олон улсын шагагийн тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан цөөнгүй тамирчин аргагүйн эрхэнд больсноо учирлаж байлаа.

Мөн Монголын спортын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Хосбаяр ч мөн түүнд дарамтлуулж байгаа гэнэ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Сүүлийн дөрвөн хоног над руу олон хүн янз бүрийн эрүүл мэнд, амь насанд халдаж, заналхийлэл илгээлээ.

Би энэ хэвлэлийн бага хурал хийгээд байгаа хүмүүсийг уулзъя гэж өчнөөн гуйсан. Хамт хөгжүүлье гэсэн. Гэтэл зүгээр л “Чи эмэгтэй хүн харвуулах гэлээ. Наадхаа зогсоо, ална тална, тархи толгойгоо мэдээтэй” гэж дарамталдаг. Сүүлийн 4 хоног бүр ширүүссэн. Намайг энэ жилийн эхний төслийн нээлтэндээ оролцож чадахгүй бол битгий гайхаарай” гэж нийтэлсэн байна билээ.

Одоо бид Олон улсын шага Монголын холбоог үүсгэн байгуулагч Ж.Мөнхдэлгэрийн байр суурийг хүргэе.

Ж.МӨНХДЭЛГЭР: ШАГАЙГ ОЛОН УЛСАД ХӨГЖҮҮЛЭХЭД ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ИХ ЧУХАЛ

Бид энэ долоо хоногт болох тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй, пара төрлөөр хийнэ. Шагайн харвааны тэмцээнд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид анх удаа өрсөлдөх гэж буйгаараа онцлогтой.

Энэ бүхнийг эхлүүлэхийнхээ өмнө Монголын шагайн харвааны холбооныхонтой уулзаж, зөвлөлдсөн. Тухайн үед тэд бүгд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллая гэсэн. Гэтэл саяхнаас гэнэт тэс өөр юм ярин, биднийг эсэргүүцэж буйд нь гайхаж байна. Шагайн спорт монголчуудын уламжлалт наадгай, хэн нэгэн хүний хувийн өмч биш. П.Отгонбаяр гэдэг хүний хандлага, яагаад эсэргүүцэж буй нь хувийн шинж чанартай байгаад харамсаж байна. “Бидэнтэй зөвлөөгүй, хамтаръя гээгүй” гээд илт худал ярьж байна лээ. Одоо дахиад ярилцъя, хэлэлцье, гарц гаргалгаа олъё гэхээр “Наадахаа боль, зогсоо” гэж муйхарладаг.

Бид тэмцээнээ Монголын шагайн харвааны холбооноос тусдаа хийнэ. Манай холбоо улсын цол, зэрэг олгохгүй.

Тэмцээнд оролцдоггүй л болохоос үеийн үед сайн эмэгтэй харваач байсаар ирсэн. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Мяндас гэдэг мундаг харваач бий. Улсын наадамд түрүүлсэн харваачид түүнтэй цэц сориод дийлээгүй гэдэг.

Шагайг монгол бичгээр шага гэж бичдэг. Саяхнаас “Й” нэмэгдэн, криллээр шагай гэж бичдэг болсон юм. Тиймээс бид Олон улсын шага гэж нэрлэсэн юм.

Бид шагайн харвааг олон улсад хөгжүүлэх, олимпын наадмын хөтөлбөрт багтаах том зорилго тээж яваа. Энэ спортыг бид мөнгө олох хэрэгсэл гэж хараагүй. Зүгээр л үндэсний спортыг хөгжүүлэх, олон улсад таниулахын төлөө зүтгэж яваа жирийн залуус. Энэ зорилгодоо хүрэхийн тулд юуны түрүүнд жендерийн тэгш байдлыг хангах чухал. Хэрвээ тэгэхгүй л бол шагайн харвааг хэзээ ч олон улсад хүлээн зөвшөөрөхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш хичээллээд, тэмцээнд оролцвол олимпын хөтөлбөрт оруулах том боломж нээгдэнэ. Одоогоор манайхтай 18 орон хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа. Хил нээгдэнгүүт бид шагайн харваан сургалт зохион байгуулж, энэ спортоо дэлхийд сурталчилна.

Монголд үндэсний спортын хүлээн зөвшөөрөгдсөн 17 холбоо бий. Тэдгээрээс эмэгтэй хүн хичээллэхийг хориглодог нь үндэсний бөх, шагайн харваа. Үндэсний бөхийг хэрвээ олон улсын түвшинд хөгжүүлье гэвэл эмэгтэй хүн барилдаж болох эсэх асуудал зайлшгүй хөндөгдөнө.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Отгонбаяраас байр суурийг нь авав.

Ш.ОТГОНБАЯР: ЭМЭГТЭЙ ХҮН ШАГАЙ ХАРВАЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ДҮРЭМ БАЙХГҮЙ

Бид хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал хийсэн. Тэгэхдээ шагайн харвааны дүрэм, ёс заншлыг эвдэж байгаад мөнгө олох гэж буй хэдэн залуусын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Гэтэл үүнийг эмэгтэй хүн харвабал шагайн харваа сүйрнэ гэж хэлсэн мэтээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл илт гуйвуулж мэдээлсэнд харамсаж байна. Эмэгтэй хүнийг шагай харвуулахгүй гэж би огт яриагүй. Эмэгтэйчүүд ухаантай, өв соёлоо дээдэлдэг учраас өнөөг хүртэл харвахгүй байгаа юм. Монголын шагайн харвааны дүрмэнд “Эмэгтэй хүнийг шагай харвуулахгүй” гэсэн дүрэм байхгүй.

Шагайн харвааг олимпын хөтөлбөрт багтаасай, олон улсын түвшинд хөгжөөсэй гэж би ч мөн хүсэж байна. Гэхдээ үүнийг бусад харваачдаас заавал асууж, санал солилцох хэрэгтэй. Монголын шагайн харвааны дүрмийг хэдхэн хүн дур мэдэн өөрчилж болохгүй. Энэ яваад байгаа залуус бидэнтэй огт ярилцаагүй, хүн гэж тоогоогүйд харваачид эгдүүцээд байгаа юм. Тэднийг Отгонбаяр гэдэг ганцхан хүн эсэргүүцээд, дургүйцээд байгаа юм биш. Бүх харваач ийм байр суурьтай байгаа. Шагай мөнгөний спорт биш. Монголын уламжлалт, үндэсний спорт.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Монголчууд бид өв соёлдоо хайртай, үндэсний спортоо ихэд хүндэлдэг ард түмэн. Гэхдээ хэвшмэл ойлголтдоо, “Болохгүй” гэдэг үгэнд баригдан шагайн харваагаар эмэгтэй хүн харвах, тэмцээнд оролцохыг хориглох нь хэр зохистой вэ. Албан ёсоор хориглоогүй ч эмэгтэй хүн захын нэг тэмцээнд харвах гээд очвол оролцуулах нь битгий хэл “Өв уламжлалаа хүндэлсэнгүй” гээд хавьтуулах ч үгүй нь гашуун боловч үнэн. Тийм байсаар ирсэн шүү дээ. Энэ нь Үндсэн хууль, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж буйг ХЭҮК-ийн гишүүн Д.Сүжнид онцоллоо.

Нөгөө талаар ямар ч орны үндэсний спортыг “Устах вий” гэх болгоомжлол, сэрэмж үргэлж дагадаг. Шагайн харвааг ч мөн ийм эрсдэл дагаж байгаа. Цаг хугацааны аясаар юу болохыг урьдчилан таах аргагүй. Хэзээ ч устахааргүй хэмжээнд дархлах аргуудын нэг нь олон улсад хөгжүүлэх. Бүр цаашлаад олимпын наадмын хөтөлбөрт багтаачихвал шагай харваа зөвхөн Монголд бус дэлхийн хэмжээнд хөгжинө. Тэгэхийн тулд жендерийн тэгш байдлыг хангах, бүр тодруулбал эмэгтэй хүн хичээллэх боломжоор хангах юу юунаас илүү чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 08:22

hogiin ork mongol erchuud buur arai neeree

Зочин
Зочин
2022-01-10 08:29

undesnii sport nertei genderiin baliar uzel

Зочин
Зочин
2022-01-10 08:31

ene emegteichuudiin erh mongold aimar iheer zurchigduj baina

Зочин
Зочин
2022-01-10 08:32

enuunees uur 1000n iljuu chuhal asuudal deer emegteichuudiin erh zurchigduj baihad yuniih ni shagai ve

Зочин
Зочин
2022-01-10 08:44

mongol erchuud chadvargui ym baij dandaa hachin oodgor zantai shdee ugaasaa

Зочин
Зочин
2022-01-10 08:54

hunii erhiig ingej zurchij baihad ter emegteichuudiin erhiig hamgaalah gazar hunii erhiig hamgaalah gazaruud ni yu hiij bgan

Иргэн
Иргэн
2022-01-10 09:01

Уламжл�##� гэдэг зарим т�##�аараа заваан зүйл. Дээр үед эмэгтэй хүнд шагай харвах цаг зав олддоггүй байсан юм. Хүүхдээ асрах , хоол хүнсээ бэлтгэх , хувцас хунараа оёх , гэр орноо янз�##�ж арчлах гэх мэтээр аж амьдр�##�ын их ачаа нь тийм зав чөлөө өгдөггүй байжээ. Одоо бол цаг өөр болсон. Шагай харваж болно.

МУ - гарамгай мэргэн харваач-Шагайчин
МУ - гарамгай мэргэн харваач-Шагайчин
2022-01-10 09:04

Шагайчид аа, маргааш өглөө 9 цагт тэр мөсөн ордонд нь очиж хэвтэцгээнэ шүү....хэн хэн очиж эдний тэмцээнийг эхлүүлэхийг харьяа... Хур орсон ч, хутга сийчсэн ч гдг өвгөдийн уламжл�##�аа хамга�##�цгаая

Зочин
Зочин
2022-01-10 09:09

ene hogiin shagai nyslah yumaa bas undesnii sport gechihchee tsu3 huurhiileltei yum be yamar

Зочин
Зочин
2022-01-10 12:45

Сүртэй юм. Хүүхэнтэй хүүхэнгүй хэдэн мянганаар яваад л ирсэн наадгай. Япон сумодоо хүүхэн барилдуулахгүй болоод л байна. Шагай харвахгүй бол хямраад байгаа хүүхнүүд нь харвана л биз

Холбоотой мэдээ

Back to top button