
АНУ болон Барууны орнууд Казахстаныг удаан хугацаагаар үймээн самуунтай нь зууралдуулж, ангал руу түлхэхийг ОХУ ч тэр, БНХАУ ч тэр зөвшөөрөхгүй. Ийм дүгнэлтийг Хятадын “Глобал Таймс” /Global Times/ сонины ерөнхий редактор асан Ху Шижинь хийж, Казахстанд өрнөсөн үйл явдлыг Хятадын талаас дүгнэсэн нийтлэл бичжээ.
Нийтлэлд, Хятад улс үүссэн хурцадмал нөхцөл байдлыг Казахстан өөрийн хүчээр дангаараа тогтворжуулах хүчин чармайлтыг шийдвэртэй дэмжинэ гэжээ.
Казахстанд зэвсэг хэрэглэсэн үймээн самуун нь 2005 онд Киргиз улсад болсон “өнгөт” хувьсгалтай төстэй, АНУ болон хэд хэдэн төрийн бус байгууллагууд тэр бүхний хөшигний цаанаас ажиллаж, энэ чиглэлээр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсаар ирсэнд Ху Шижинь анхаарлаа хандуулжээ.
Тэрбээр нийтлэлдээ Казахстаны хүн амын 20 орчим хувийг оросууд эзэлдэг. Хятад улс Казахстаны эрчим хүчний нөөцийн гол худалдан авагч гэдгийг онцлов. Тиймээс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ оролцогч орнуудын тогтвортой байдлыг хадгалж байгааг дурдаж.
Эл дүгнэлт бол барууны уншигчид руу чиглэсэн төрийн өмчийн мэдлийн хэвлэл болох “Глобал Таймс” сонинд ажиллаж байсан Ху Шижиний дүгнэлт ч гэлээ Казахстаны үйл явдалд хийсэн Хятад улсын хувьд бараг анхны үнэлгээний нэг байсан гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан бүх нийтлэлүүд нь зөвхөн мэдээллийн зорилгоор нийтлэгдсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч шүүмжийн санаа агуулаагүй гэсэн үг.
Ирэх хоёрдугаар сард Бээжингийн өвлийн XXIV олимпын наадам эхэлнэ. Казахстан бол БНХАУ-тай 1660 километр газар нутгаар хиллэдэг хөрш зэргэлдээ улс учир Казахстаны өнөөгийн байдалд Хятадууд тоомжиргүй хандах учиргүй юм.
“Казахстанд террорист халдлага гарсан нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. Тийм ч учраас Хятад улс нөхцөл байдалд яаран үнэлэлт, дүгнэлт өгөхдөө маш тайван хандсан. Учир нь, Бээжин өвлийн олимпыг өндөр дээд төвшинд зохион байгуулах ёстой. Тиймээс, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын ХАБГБ-аас тусламж хүссэн шийдвэр гаргасан нь хөршийн сайн харилцаатай Бээжингийн санал болгосон зөвлөгөөний дагуу болсон байж болзошгүй юм. Касым-Жомарт Токаев бол хятад хэл эзэмшсэн нэгэн” хэмээн “Polit Joy Stick” телеграм сувагт тэмдэглэжээ.
АНУ шинэ оны өмнөхөн Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох шийдвэр гаргасныг онцлох хэрэгтэй. Хэдий Хятадын эсрэг бойкот тогтоосон ч төрийн түшээдээ Бээжингийн өвлийн олимп руу илгээхээр шийдэж, америкчууд гэнэт “ухаан орсон”. Америкийн бойкот нэг сар орчим үргэлжилснийг санах хэрэгтэй.
“Энэ нэг сарын хугацаанд Хятадын эсрэг бойкотод АНУ-ын хэзээний үнэнч холбоотнууд болох Их Британи, Канад, Австрали улс нэгдэв. Ингээд тэд гарцаагүй байдалд оров. Тэд одоо яах ёстой вэ? Тэд “эзнийхээ” араас сүүлээ хөдөлгөөд, бас хавчив. Тэд бас улс төрийн итгэл үнэмшлээсээ татгалзаж, хүнд сурталтнууддаа хятадуудаас виз гуйх уу?
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский америкчуудын араас гүйгээгүй нь сайн хэрэг. Байдлыг харзная гэж бодоод Украины Ерөнхийлөгчийн Тамгын Газар энэ асуудлыг ярилцаж, одоо яах вэ гэцгээв. Тэд Евро Комиссын улс төрчидтэй хүртэл зөвлөлдөв. Үүний үр дүнд Европын Холбооноос Бээжингийн өвлийн олимпод төлөөлөгчөө илгээхгүй бол Украин улс илгээхгүй гэсэн шийдвэр гаргав. Гэсэн ч, Европын Холбоо эцэст нь ухаалаг шийдвэр гаргаснаар украинчуудыг тэнэг зүйл хийхгүй байхад нь туслав. Үүний шалтгаан нь Украины хувьд Хятад улс бол худалдааны хамгийн том түнш гэдгийг харгалзан үзсэн. Хятадууд украинчуудыг уучлахгүй гэж үзсэн” хэмээн эх сурвалж онцолжээ.
--КАЗАХСТАНД АМЖИЛТ ГАРГАСНЫ ДАРАА ХАБГБ-Д БНХАУ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭЖ МАГАД--
ХАБГБ-ын энхийг сахиулагчид Казахстанд очоод үүрэг даалгавраа хурдан бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлсэн нь бүс нутгийн бүх тоглогчдын өмнө тус байгууллагын нэр хүнд, ач холбогдлыг эрс нэмэгдүүлэв. Энэ талаар Украины улс төр судлаач Руслан Бортник “Украйн 112” телевизид өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв. Түүний хэлснээр, ХАБГБ-ын энхийг сахиулагчид даалгавраа амжилттай гүйцэтгэснээр эгнээгээ шинэ гишүүн орноор нэмэх бүрэн боломж бүрдэж байгаа аж.

ХАБГБ-ын цэргийг Казахстан руу илгээсэн нь цаад утгаараа ОХУ болон түүний холбоотнууд Казахстаны одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг дэмжиж буйн дохио гэж тайлбарлав.
“Үүнээс үүдээд ОХУ хэнийг дэмжих вэ: Токаевтай зөрчилдсөн Нурсултан Назарбаевын тойрон хүрээлэгчдийг үү? Эсхүл Токаев болон түүний тойрон хүрээлэгчдийг үү? ОХУ Засгийн газраа хүчирхийллийн аргаар солихыг санаархсан босогчдыг дэмжих үү, дэмжихгүй юу? гэсэн эргэлзээтэй асуултууд урган гарч байгаа юм. Хэрэв үймээн самуун дахиад хоёр, гурав хоног үргэлжилсэн бол Ерөнхийлөгч Токаев суудлаасаа унах байв. Тэр эрх мэдлээ авч үлдэх боломжгүй байсан” хэмээн Бортник хэлэв.
Түүний дүгнэснээр, ОХУ дээрх асуултуудад маш тодорхой хариулт өгсөн аж. Үүнээс гадна, хамгийн чухал нь ХАБГБ гишүүн орнуудынхаа эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэх чадвартай “жинхэнэ байгууллага” гэдгээ дэлхий дахинд харуулсан гэлээ.
ХАБГБ-ын энхийг сахиулах хүчийг ашигласан нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тул одоо Ши Жиньпин дарга тэргүүтэй Хятадын эрх баригчид ХАБГБ-д гишүүнээр элсэж магадгүй дүр зураг бий болсон хэмээн шинжээч дүгнэв.
“Дөнгөж сарын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Владимир Путинтай ярилцах үеэрээ Хятад улс ХАБГБ-д ажиглагчаар оролцох боломжийг судалж байгаа гэж хэлснийг энд сануулах нь зүйтэй. Магадгүй шинэ ХАБГБ байгуулагдахыг үгүйсгэх аргагүй юм. Хятад улс ХАБГБ-д нэгдлээ гээд төсөөлөөд үзээрэй” хэмээн Украины улс төр судлаач хэлэв. Хэрэв Хятад улс үнэхээр ХАБГБ-д нэгдвэл тус байгууллага одоогийнхоосоо улам хүчтэй болох нь гарцаагүй.
ХАБГБ бол зүгээр нэг наадаг зурагт хуудас биш, харин гишүүн орнуудынхаа дотоодод үүссэн асуудлыг тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэх чадвартай байгууллага гэдгээ нотлон харууллаа гэдгийг улс төрч дахин онцлов.
“ХАБГБ-ын гол үүрэг бол дэлхийн олон элитүүдэд, ялангуяа гадаадын дарамтад байгаа эсхүл нутаг дэвсгэртээ өнгөт хувьсгал, үймээн самуун, төрийн эргэлт хийх аюул заналхийлэлд өртөж буй улс оронд нэлээд сонирхол татахуйц зүйл” хэмээн Руслан Бортник дүгнэв.
(Эх сурвалж: Foreign Policy)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.