2022 оныг найз залуугүй угтсан эмэгтэй одод
ДУА ЛИПА /DUA LIPA/
Дуа Липа, Анвар Хадид нар хамгийн бат бөх харилцаатай од хосуудын нэгэнд тооцогддог байв. Тэд хоёр жил хагасын турш олны анхаарлыг татсан ч гэлээ ямар нэг сүртэй гэмээр дуулиан шуугианд нэр холбогдоогүй сайхан үерхэв. Сошиал ертөнцөд үргэлж л халуун дотно, романтик байдлаар амьдарч байгаагаа харуулдаг байв. Гэтэл...2021 оны арванхоёрдугаар сард яав, юу болов гэмээр гэнэт л тэд харилцаагаа тасалж, түр завсарлага авах болсноо зарлав.
Тэд завсарлага авах болсон хамаг бурууг өнөөх л ажлын ачаалал, шигүү ажлын хуваарь, Дуа Липагийн ойр ойрхон төлөвлөсөн аялан тоглолтуудтай холбон тайлбарлав. Харин Дуа Липагийн шүтэн бишрэгчид, Анвар Хадидыг үзэн ядагчид тэдний салалтын гол гэм буруутан нь Анвар Хадид гэж үзэв. Анвар Хадид Дуа Липагийн гайхам сайхан, дэндүү алдар нэр, амжилтыг нь “тэсч чадаагүй”, бас зүгээр нэг “Дуа Липагийн найз залуу” байхыг хүсээгүй гэцгээв.
2021 он Анвар Хадидын хувьд Дуа Липагаас салсан, гэр бүлд нь мөн таагүй үйл явдал тохиосон жил болж өнгөрөв. Оны өмнөхөн буюу хэдхэн долоо хоногийн өмнө Анварын эх Зейн Маликийг охин Жижиг нь хүчирхийлсэн гэж гомдол гарган буруутгаснаар Жижи хөгжимчин Зейн Маликаас салсан гээд өөрийнх нь хувьд ч тэр гэр бүлийнх нь хувьд ч амаргүй жил байв.
“Инстаграм” хуудсан дээрх сүүлийн үеийнх нь гэрэл зургуудаас харвал, Дуа Липа “ганц бие” гэсэн шинэ статустай болсондоо тун сэтгэл хангалуун, найз нөхдөөрөө хүрээлүүлээд эрх чөлөөг эдэлж байна гэх болов.
КАМИЛА КАБЕЛЛО /CAMILA CABELLO/
Шоу ертөнцийн бас нэг дуулиан бол яах аргагүй Шон Мендес, Камила Кабелло нарын салалт. Тэд мөн 2021 онд салав. Тэд хос биш боллоо гэдгээ зарласан ба хүмүүсийн хов живээс зайлсхийхийн тулд салсан даруйдаа л сошиалд албан ёсны тайлбар өгөв.
“Сайн уу, залуус аа. Бид энэ хүрээд хайр дурлалынхаа харилцаагаа таслахаар шийдлээ. Гэсэн ч, бидний хайр алга болоогүй. Харин ч улам хүчтэй болсон. Бидний мэдрэмж жирийн дотно найзын үүднээс эхэлж, цаашид хамгийн сайн найзууд хэвээр үлдэнэ. Өмнө нь болон цаашид ч дэмжих та нартаа бид талархаж байна. Камилла, Шон нар” гэсэн тайлбар хийсэн юм.
Одоо харин сошиал ертөнцөөр тэдний хайрын түүхийг жинхэнэ байсан уу, эсвэл Шон Камила хоёр хуурамчаар үерхэж байв уу гэж шуугих болов. Тэднийг зөвхөн “Señorita” дуу болон бусад хит дуугаа бусдад түгээж, хандалт аван сурталчилах зорилгоор болзож байгаа мэт дүр үзүүлсэн үү гэх зэргээр ярих болсон.
Гэсэн ч, Камила Кабелло Шон Мендесээс салсныхаа дараа улам ч гэрэл гэгээтэй болж эхлэв: тэрбээр богино өмд, футболк өмсдөг байснаа гэнэт л нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан үнэтэй пальто /хүрэм/, эмэгтэйлэг даашинз сэлтээр гангарч стиль имижээ өөрчилсөн нь дахин хэн нэгэн аятайхан залуутай шинэ хосын харилцаа үүсгэхэд бэлэн болсон мэт гэж хүмүүс таамаглах болов.
МАЙЛИ САЙРУС /MILEY CYRUS/
Лиам Хемсворттой арван жилийн харилцаагаа тасалж, 2020 онд албан ёсоор салах өргөдлөө өгсний дараа Майли Сайрус хайр дурлалын тал дээр “туршилт” хийхээр шийдэв. Майли Сайрус өөр өөр залуустай богино хугацаанд болзож, бас хурдан салах болсон.
Түүний шинэхэн найз залуусаар “Терминатор” киноны гол дүр жүжигчин Арнольд Шварценеггерын хүү Патрик Шварценеггер болон Коди Симпсон нар тодров. Майли Сайрус Коди Симпсонтой олон жилийн турш жирийн л нэг найзууд байсан ч дуучин бүсгүйг Лиам Хемсвортоос салсны дараа тэд дотноссон.
Тэд халуун дотно харилцаатай байсан ч 2020 оны наймдугаар сард хоёр тийш болж байгаагаа зарласан юм.
Чухам тэр цагаас л Майли Сайрус хувийн амьдралынхаа талаар дэлгэхээ больж, харин сэтгүүлчид болон шүтэн бишрэгчидтэйгээ шинээр гаргах уран бүтээлийнхээ талаар, тэжээвэр амьтдынхаа талаар ярилцахыг илүүд үздэг болов. Энэ нь түүнийг эрх чөлөөтэй, ганцаараа байгааг илтгэж байгаа юм.
ГРАЙМС /ЖИНХЭНЭ НЭР НЬ КЛЭР БУШЕ/
2021 оны есдүгээр сард Илон Маск, дуучин Граймс нар салж байгаагаа зарласан. Амрагууд гурван жилийн турш хамтдаа байж, X Æ A-12 гэх хэлэх гэж оролдоод ч хэл эвлэхгүй харь гаригийн гэмээр хачирхалтай нэртэй хүүгийн эцэг эх болсон юм. Тэд салсан ч гэлээ найзуудын харилцаанд шилжсэн. Бас Граймс хүүгийнхээ хамт Илон Маскын гэрт нь байнга ирж хонох болж, тэд хамтдаа маш их цагийг хамт өнгөрөөх болсон.
Гэсэн хэдий ч, дуучин бүсгүй Илоноос салж, хоёр өөр “тойрог зам”-д амьдрах болсондоо баяртай байгаа гэдгээ ярьсан байдаг. Граймс Маскаас хамааралгүйгээр Бархасбадь гаригийн хиймэл дагуулыг бүтээнэ гэж хошигнон ярьсан нь бий.
СЕЛЕНА ГОМЕЗ /SELENA GOMEZ/
Халуухан, тачаангуй дуучин Селена Гомез Жастин Биберээс салав. Жастин Биберийн хувьд ойрын ирээдүйд аав болох бодолтой байгаа бол Селена Гомез аль болохоор хувийн амьдралынхаа талаар ярихаас зайлсхийдэг.
Дуучин Селена Гомез нэгэн ярилцлагадаа, Жастин Бибертэй харилцах харилцаагаа амьдралынх нь хамгийн хүнд хэцүү үе гэж нэрлээд, сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхийг хичээж байгаагаа ярьсан байдаг.
Селена Гомез харин одоо Крис Эванстай харилцан бие биенээ таалж эхэлсэн байх гэж түүний шүтэн бишрэгчид нь итгэлтэй байх болсон.
Саяхан “Ахмад Америк” киноны гол дүр Крис Эванс Селенагийн “Инстаграм” хуудсанд найзаар нь бүртгүүлж, Селена Гомез ч түүнийг өөрийнх нь хамгийн дуртай эрэгтэй жүжигчдийн нэг гэж үздэгээ онцолсон. Гэсэн ч, тэдний хооронд хайр сэтгэлийн учиг ургасан гэдэг нь албан ёсоор баталгаажаагүй байгаа юм.
Тиймээс, Селена Гомезийг Холливудын ганц бие, чөлөөт гоо бүсгүй гэсэн ангилалд багтаасан хэвээр байна.
(Эх сурвалж: Elle; People)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.