ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Дэлхийн хэвлэлүүд: Оюу толгойн далд уурхай ашиглалтад орж, Сербид “жийгдсэн” Рио Тинтод дэм боллоо

“Рио Тинто” групп Оюутолгойн далд уурхайг ажиллагаанд оруулсан Монгол Улсын Засгийн газрын түүхэнд бичигдэн үлдэх үйл явдлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн өөрсдийн өнцгөөр дүгнэсэн талаар хөрвүүлэн хүргэе.


www.marketwatch.com сайтад:

“Туркойз Хилл Ресурс” компани даваа гараг /2022.01.24./-т Монгол Улс дахь Оюутолгойн далд уурхайн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх болсноо ТУЗ-өөс нь санал нэгтэй зөвшөөрсөн гэж мэдэгдлээ.

Тус компани Монгол Улсын Засгийн газартай шинэ түншлэлийн асуудлаар харилцан ойлголцолд хүрч чадсаны дараа эл шийдвэр гаргасан гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

“Туркойз Хилл Ресурс” ХХК ойрын өдрүүдэд олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд “далд уурхай нь 2023 оны эхний хагаст Панел-0 хэсгийн тогтвортой үйлдвэрлэлийг ханган ажиллана” хэмээлээ.

Мөн тус компани “Рио Тинто” групптай “иж бүрэн бөгөөд заавал биелүүлэх ёстой, нэмэлт өөрчлөлт оруулсан санхүүжилтийн зохицуулалт”-ыг ч хийхээр тохиролцсоноо зарлалаа.

“Рио Тинто” групп “Оюутолгой” бол дэлхийд мэдэгдэж буй зэс, алтны томоохон ордуудын нэг гэлээ.


https://www.mining.com/ болон https://www.reuters.com сайтад:

“Рио Тинто” групп болон Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн зэс, алтны уурхайн төслийн 6.93 тэрбум ам.долларын өргөтгөлийн төслийн талаар удаан үргэлжилсэн маргааныг эцэслэн шийдэх тохиролцоонд хүрсэн талаараа мягмар гарагт /2022.01.25/-т мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Серб улсын литийн ордоос татгалзаж, Гвиней, АНУ болон бусад улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдийн эсэргүүцэлтэй тулгарснаас хойш ганхаж буй Англи-Австралийн уул уурхайн аварга компанид эл хэлэлцээр эерэг өөрчлөлтийг авчирлаа хэмээн https://www.reuters.com сайтад дурджээ.

“Рио Тинто” групп болон Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн зэс-алт олборлох төслийн 6,93 тэрбум ам.долларын өргөтгөлийн төслийн талаар удаан үргэлжилсэн маргааныг эцэслэх тохиролцоонд хүрсан талаараа мягмар гарагт /2022.01.25/-мэдэгдлээ.

ЗЭСИЙН БОЛОВСРУУЛАЛТАД ОРОЛЦОХ НЬ

“Энэ үйл явдал биднийг хүнд ачаанаас чөлөөллөө. Энэ бол бидний хувьд маш том дэвшил” хэмээн “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мягмар гараг /2022.01.25/-ийн орой Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй хамт уурхайн талбайд тууз хайчлах ёслолд оролцохынхоо өмнө Улаанбаатар хотоос утсаар холбогдон “Рёйтерз” агентлагт мэдээлсэн юм.

Өнгөрсөн жил Гүйцэтгэх захиралаар томилогдсон Стаусхолм хэлэхдээ, “Бид ийм үр дүн гарсанд маш сэтгэл хангалуун байгаа бөгөөд юу юунаас илүү харилцаагаа бүрэн сэргээж чадлаа” хэмээв.

Төслөөс монголчуудын хүртэх эдийн засгийн үр өгөөж алдагдаж байна гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Стаусхолм төслийг аврахын тулд сүүлийн саруудад хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилсан билээ.

Дэлхийд алдартай зэс, алтны томоохон ордуудын нэг болох Оюутолгойн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг. “Рио Тинто” группийн хувьд Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” /Turquoise Hill Resources Ltd/ компанийн 51 хувийн эзэмшиж байгаа хувьцаагаараа үлдсэн хэсгийг нь хянаж, уурхайн үйл ажиллагаа явуулдаг.

Хэлэлцээрийн хүрээнд “Туркойз Хилл Ресурс” компани Монгол Улсын Засгийн газраас төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг чөлөөлөх аж. Түүнчлэн Оюутолгойн гүний уурхайн хэсгийн үйл ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд анхны олборлолтоо 2023 оны эхний хагаст хийх төлөвтэй байна.

Өргөтгөлийн төлбөр тооцоог бэлэн мөнгө мөн одоо мөрдөж буй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, “Туркойз Хилл Ресурс” компани руу зэсийн баяжмалын борлуулалтын урьдчилгаа төлбөрөөр төлөх юм байна.

Төсөл нь эрэлт нийлүүлэлтээ хангаж чадвал Монголын нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүч худалдаж авах үүрэг хүлээнэ. Сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний сүлжээний хэрэглээнд нэмэхийн төлөө ажиллана хэмээнэ “Рио Тинто” компани мэдэгдлээ. Харин энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас эрчим хүч импортлох гэрээгээ 2023 он хүртэл сунгасан байна.

Уул уурхайн төслийн тухай” Рио Тинто” группийн 2009 оны анхны гэрээнд цахилгаан эрчим хүчээр хангах нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станц барихаар тусгасан байдаг. Харин шинэчлэгдсэн гэрээнд эл станцын талаар тусгаагүй бөгөөд “Рио Тинто” групп үүнийхээ оронд салхины эрчим хүчийг гаргаж авах зорилготой хэмээн мэдэгдлээ.

Стаусхолм хэлэхдээ, хэлэлцээрийн олон нөхцөл нь Монгол улсын Засгийн газартай харилцаагаа гүнзгийрүүлж, тулгарч байсан ээдрээтэй асуудлуудаа эцэслэн шийдвэрлэх “дэгжин шийдэл”-ийг тусгасан гэлээ. Тэрбээр “Монголын ард түмний эрх ашгийн төлөө, мөн бидний хөрөнгө оруулагчдын эрх ашгийн төлөө ямар нэгэн зүйл хийх боломжтой боллоо” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол Улс хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтран ажиллаж, найдвартай түнш болж чадна гэдгийг дэлхий дахинд харуулж байна” гэв.

https://www.nasdaq.com сайтад:

“Рио Тинто” групп болон “Туркойз Хилл Ресурс” компаниуд 2021 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурж, Оюутолгойг зохих ёсоор санхүүжүүлэхийн тулд гэрээнд нь нэмэлт өөрчлөлт оруулсан. Төслийн хөрөнгийн хэмжээний урьдчилсан тооцоо нь 6,925 тэрбум ам.доллар бөгөөд үүнд “КОВИД-19” цар тахлын улмаас 2021 оны эцэс хүртэл 175 сая ам.доллар байна гэж тооцсон. Тооцоолсон үлдэгдэл далд хөрөнгийн зарцуулалт нь ойролцоогоор 1.8 тэрбум ам.доллар байх аж.

Мөн хоёр компани “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-тай далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавин, байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой асуудлаар хамтын ажиллагаагаа сайжруулахаа амласан байна.

Оюутолгойн уурхай төсөл бол Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 235 км-ийн зайд орших Ханбогд суманд байрлах ил болон далд уурхай хосолсон төсөл. Эл уурхайг 2001 онд олж илрүүлсэн ба уурхайн 66 хувийг “Рио Тинто” группийн дийлэнх хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” охин компани, харин 34 хувийг Монгол Улсын Засгийн газар тус тус эзэмшиж, хамтарсан компани хэлбэрээр бүтээн байгуулалт хийж байгаа юм. Уурхайн барилгын ажил 2010 оноос эхэлсэн ба 2013 оны долдугаар сарын 9-нд зэс олборлолтын анхны цувааг гаргасан.

2013 онд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” группийн хооронд үүссэн санал зөрөлдөөн оргил үедээ хүрч, Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компаниас 340 сая ам.долларын татварын асуудлыг шийдвэрлэхийг шаардаж эхэлсэн. Учир нь, анх 5.1 тэрбум ам.долларын зардал гэж төлөвлөсөн байсанч зардлын хэмжээ 7.1 тэрбум ам.долларт хүрч, даруй хоёр тэрбум ам.доллароор давсан юм.

2013 оны долдугаар сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Цэрэнбатын Сэдванчиг болон “Рио Тинто” компанийн хооронд үүссэн маргааны улмаас “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа 20 хувиар унасан юм. Ц.Сэдванчигийг өнгөрсөн 2021 оны наймдугаар сард ажлаас нь чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Даваадоржийн Ганболдыг томилсон. Энэ хооронд “Рио Тинто” групп уул уурхайн үйл ажиллагааны улмаас 1,700 монгол ажилтныг цомхотгосон юм.

Ингээд “Оюутолгой” төсөлд холбогдох хоёр томоохон үйл явдал болсон. Нэг нь, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд ногддог 2.4 тэрбум ам.долларын өрийг албан ёсоор тэглэсэн. Нөгөөх нь, далд уурхайн анхны тэсэлгээг хийсэн явдал байв. Удаан үргэлжилсэн санал зөрөлдөөн ийнхүү нэг тэгшрэх, цэгцрэх замдаа орсон нь сайшаалтай мэдээ гэмээр.

Харин “Рио Тинто” групп болон Серб улсын хувьд асуудал эсрэгээрээ шийдэгдлээ. Тодруулбал, “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал мягмар гараг /2022.01.25/-т санааг нь зовоож буй асуудлын талаар мэдэгдэл хийсэн. Учир юу вэ гэхээр, Серби улс “Рио Тинто” групптай хамтран ажиллах хайгуулын лицензийн гэрээгээ цуцаллаа.

Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич өнгөрсөн долоо хоногт Рио-де-Жанейро дахь лити олборлох төслийг зогсоох болсноо мэдэгдсэн ба тэрбээр хэлэхдээ, олон нийтэд төсөлтэй холбоотой мэдээллийг хангалтай өгөөгүй хэмээн “Рио Тинто” группийг буруутгаж, байгаль орчныг хамгаалагчдад мэхийн ёсолж, албан ёсоор уучлал гуйсан. Үүний хариуд “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Рёйтерз” агентлагт өгсөн ярилцлагадаа, “Бид Сербийн Ерөнхий сайдын хэлсэн үгэнд маш их санаа зовж байна” хэмээсэн юм.

Серби улс “Рио Тинто” группийг уурхайн олборлолттой холбоотой мэдээллийг ил тод зарладаггүй, нарийвчилсан мэдээллээр хангадаггүй, мөн байгаль орчныг нөхөн сэргээх талд дээр ч анхаарлаа хандуулдаггүй, байгаль экологид асар хор хөнөөл учруулсан хариуцлагаа бүрэн хүлээдэггүй хэмээн зэмлэж, буруутгаж байгаа юм.

Сербид болсон үйл явдлын дараа Якоб Стаусхолм бас нэгэн мэдээ дуулгасан нь, Монгол Улс дахь Оюутолгойн зэс, алтны уурхайн 6,925 тэрбум ам.долларын өртөг бүхий өргөтгөлтэй холбоотой урт хугацаанд үргэлжилсэн маргааныг эцэслэн шийдэхээр “Рио Тинто” групп, Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон гэсэн юм.

Ийнхүү Сербид хаягдсан “Рио Тинто” групп Оюутолгойн уурхайн өргөтгөлийн ажлыг цааш үргэлжлүүлэхээр болж, анхны тэсэлгээ хийгдлээ. Бидний өмнөх МЭДЭЭНД дурдсан ёсоор эхний тэсэлгээг хийсэн нь далд уурхай ашиглалтад орсныг илтгэнэ. Учир нь, далд уурхайн онцлог бол нэг л тэсэлгээ хийгдээд эхэлбэл олборлолт цааш зогсолтгүй үргэлжилдэг жамтай.

(Эх сурвалж: Marketwatch; Reuters; Miningnews; Nasdaq)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 09:59

bitgii ta nar hvnii hiisen ymiig harluulah gd zvtgeed bai mongold ashigtai

Зочин
Зочин
2022-01-26 10:16

Odoo tgd arai gj oorsdod ashigtai ym hiichhed baihad muulah ymu

Зочин
Зочин
2022-01-26 10:16

Uu ter tal deer anhaarch ajillah baihaa

Зочин
Зочин
2022-01-26 15:24

2009 oni anxnii geree sain xiigdsen uchraas ur dun ni sain baina. 2016 onoos xoish turd garch irsen nuxduud xudlaa yum yarij xamag yum xoish tataj baisan baina. 2009 oni gereend 51% avax yum xurtel baigaa biz dee.

Munkhjargal
Munkhjargal
2022-01-26 16:09

Zuwuu.Zuw...Erthen ywj bsan ni deer....Haa saigyi ymni Yne usch bhad, Zag Aldalgyi hiigeed gargasan Byteegdehyyneeree Uursdiinhuu Amidralig Hyn byrt Shyyd saijrahaar Daraachiin Tusul Erh Tegsh Ursulduun Zuw Huwaarilalttai Tusul Irgenee Mungujyyleh Hurungu Oryylagch Ard Tymen bolgohod Zuw zarzyylj ywahgyi bol, ergeed Gazaa Mongol boloh wii dee!!!!!!!!

Зочин
Зочин
2022-01-26 16:32

Ядахдаа энэ Рио тинто нь энд тэндгүй ад үзэгдэж явдаг нэр муутай компани юм

Зочин
Зочин
2022-01-26 16:33

Олборолттой холбоотой мэдээллийг ил тод зарладаггүй гэж Сeрби зөв л хэлж. Монголд ч гэсэн Оюу толгойн ил уурхай баялаг хян####тгүй 10 жил урслаа

Өсөхөө
Өсөхөө
2022-01-26 17:05

Уг нь зөв л дөө, шулуулахгүй шулахгүй тэнцүү л ашигтай бв#### барав хулхидуулчихав аа. Хашир анжгаа нар шүү цаадуул чинь. Хян####таа өндөрсөг бахилгаан станцаа түргэвчил, өрнөөсөө гарахаа бодоцгоо доо......

Зочин.
Зочин.
2022-01-26 18:08

Оюу толгой байгаагүй бол манай дарга нар том мөнгө , том төсөв лав ярихгүй л байсан. Бас өөрсдөө бизнессменүүдээсээ илүү хагартлаа баяжихад илүү л хугацаа орох байсан байх. Мань мэтийн багахан тэтгэвэртээ нэгнүүд тэтгэвэрийг минь өгч л байв#### нам , засагтаа баярлаж явахаас өөр яах билээ. Улс их мөнгө олох нь бидэнд ямар хамаа байх вэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x