Ярилцлага

ART PODCAST: М.Боролдой “Годог хүлээхүй” жүжиг юу өгүүлдэг вэ

Уншигч та бүхнийхээ амралтад зориулж бид энэ удаа “Black box” театрын бүтээл, Самюэль Беккетийн “Годог хүлээхүй” жүжгийн талаар тус театрын найруулагч М.Боролдойтой ярилцсанаа хүргэж байна. Үйл ажиллагаа явуулж буй театр бүрийн чансааг сорьдог гэх энэ зохиолыг “Black box” театр Монголдоо анх удаа дэглэн, тавьсан байдаг. 

Бидний хувьд пост модерн жүжгүүдийн орчуулгыг эрж хайн уншихаас өөрөөр хилийн чанадад биш л бол үзэх, харах боломжгүй байв. Улсын театр ихэвчлэн сонгодог болоод уламжлалт жүжгүүд найруулан тавьдаг тул бид тэнд постмодерн, пост постын талаар ярих боломжгүй. 

Тус жүжгийн Эстрагоны дүрд “Гэгээн муза” наадмын шагналт жүжигчин Г.Мөнхжаргал, Владимирийн дүрд “Гэгээн муза” наадмын шагналт жүжигчин Д.Оюунзул, Лакигийн дүрд жүжигчин Ч.Чулуунсүх, Поззогийн дүрд жүжигчин М.Батмагнай, хүүгийн дүрд Г.Есүй тоглосон бол найруулагчаар “Гэгээн муза” наадмын шагналт найруулагч М.Боролдой ажилласан байна.

Найруулагч М.Боролдой: 

-ҮЗЭГЧ БҮР ӨӨРӨӨР ОЙЛГОХ УЧРААС “ТААЛАГДАЖ БАЙНА УУ” ГЭЖ БИ АСУУДАГГҮЙ-

-“Годог хүлээсэн нь” жүжгийг найруулан тавих шийдвэрээ та хэрхэн гаргаж байсан түүхээс яриагаа эхэлье

-Абсурд жүжгүүд театртаа тавьж байгаад “хамгийн том, далайцтай жүжгийг нь тавья” гэж аавтайгаа /С.Мягмар. сурв/ ярилцаж байгаад шийдсэн. Годог хүлээхүй нь Беккетийн хамгийн шилдэг бүтээл. Маш их айдастай гэхдээ маш сонирхолтой. Тиймээс философи, нийгмийн ухаан, шашин гээд бүх талаас нь судалгаа хийж, ойлгож байж энэ жүжиг рүү орохгүй бол болдоггүй. Би зохиолоо нилээд олон дахин харж, гадны материалуудыг ч үзэж, ухагдахуун нь юу юм, юу яриад байгаа юм гэдгийг сайтар судалж байж тавьж байсан. Жүжгийн бэлтгэлийн үеэр жүжигчдээ сул тавьдаг өөрийнхөө барилаар ажилласан. Заавал ингэж хөдлөх ёстой, ингэж ярих ёстой гэдэг зүйл тулгадаггүй. Жүжигчин өөрөө дүрээ сайн ойлгоод, энэ дүр хэн бэ, Эстрагон, Поццо гэдэг хэн бэ гэдгийг маш сайн ойлгож байж, өөрөөрөө тоглох ёстой болдог. Тэгж байж энэ дүр хүнд хүрч, “амьд” болно. Наанадаж тоглолт болгон өөр болно. Мэдээж яг тодорхой зарчмууд бий. Тухайлбал, эргэлтийн цэгүүд, дүрүүдийн эмоци, хөдөлгөөнийг тавьж өгөх ч ерөнхий зүйлсээ сул тавьж өгдөг учраас энэ нь илүү сонирхолтой болсон болов уу гэж найдаж байна. Үзэгч бүр өөрөөр ойлгох учраас “таалагдаж байна уу” гэж би асуудаггүй. Таалагдахгүй байна гэдэг ч сэтгэлийн мэдрэмж. Тиймээс ямар нэгэн мэдрэмж авах болов уу гэж найдаэ жүжгээ тавьдаг. 

-Тайзны тавилт, жүжигчдийн хувцас хэрэглэлийг зарим судлаачид минимал байна гэх бол зарим нэг нь илүү ихийг хүсч, илүү эвдэхийг хүсч байсан. Та тайзаа яагаад тийм энгийн шийдэв? 

-Жүжигчдийн хувцас маш энгийн, биений өнгөтэй, онцгой татах юм байхгүй, зөвхөн малгайн дээр ач холбогдол өгдөг. Малгай их чухал. Малгай байвал нэг дүр болно, байхгүй бол өөр нэг дүр болж буй тул тэр юм. Баян эрийн тухайд баян эрийг тодорхойлох мөртлөө өөр нэг зүйлийг харуулна. Баян гэж юуг хэлэх вэ? Сэтгэлийн баян юм уу, эдийн баян юм уу, мэдлэгийн баян юм уу гэх асуулт гарна. Баян эрийн храктер, их тансаг эдлэлтэй мөртлөө хэнд ч хэрэггүй хүн гэдгийг гаргахын тулд их олон жижиг эдлэл хэрэглүүдээр чимж өгсөн. Гэхдээ тэд нар нь ч тансаг биш. Нэг их юмтай, гэхдээ юу ч үгүй тийм дүр. 

Ер нь жүжиг тавихад их мөнгө зарцуулах юмуу, тайзан дээр их юм овоолсноороо сайн жүжиг болдоггүй. Харин ч саад болдог. Үнэхээр хэрэгтэй, хэрэглэгдэж буй тайз л байх юм бол хэдэн саяар нь ч хамаагүй зарцуулаад түүнийг хийх ёстой. Хэрэггүй бол дэмий олон юм овоолвол үзэгчид тэр хэрэглэлийн талаар тэс өөр юм бодоод суучихдаг. Жүжиг бол хүний сэтгэлийн мөрөөдөл, сэтгэлгээ. Түүнд автаж, өөрөө тэр дүрийн оронд амьдарч, өнчин тархиндаа сэтгэхүйдээ тэр ертөнцөө бий болгож амьдрах ёстой шиг. 

Годог хүлээхүй бол хар тайзан дээр ганцхан модтой, хоёр ширхэг чулуу, дөрвөн дүр, туслах гэх нэг дүртэй. Туслах гэх боловч хамгийн гол дүр ч байж болох, энэ нь үзэгчээс хамаарна. Тиймээс л энд олон юм овоолж, үзэгчид саад болж, гоёж чимэглэх шаардлагагүй. Зохиолыг нь бичсэн Беккеэтээс энэ тухай асуухад “Мод байна, хоосон тал байна” гэж тайлбарласан байдаг. Тиймээс модыг заавал хийх ёстой. Бидний тайзан дээр хэрэглэсэн мод бол манай театрын гадна ургаж байсан, ээжийн тарьсан модыг жүжгийн хэрэглэлд зориулж тайрсан. Амьд модыг тайраад жүжгийн тайз болгон хэрэглэсэн. Жүжгэнд бүх юмаа зориулж болно. Хамгийн амьтай юм бол энэ мод байсан учраас тэр. Ерөнхийдөө минималист. 

-Тайзан дээр байгаа бүхнийг судлаачид утгажуулах нь их байдаг шүү дээ. Тэгэхээр аргагүй л хэрэгтэй эд зүйлээ тайзан дээр үлдээсэн байх. Харин хэрэгтэй эд зүйлийн тухай ярилцахад тэнд гутал, малгай гэх мэт деталиуд дээр үзэгчдийн анхаарал төвлөрч байдаг. Эдгээр эдлэл хэрэгслийг яг юу илэрхийлж байна вэ гэдгийг шууд хэлж болохгүй байх? 

-Болохгүй. Болохгүй гэхээсээ илүүтэй өөрийн илэрхийллийг хэлчихвэл үзэгчдийн өөрсдийн харсан зүйл алга болчихно. Би өөрөө мэдээж нэг зүйлийг бодож хийсэн. Энэ нь 10 үзэгчийн тавтай нь тохирч байгаа болов уу. Үлдсэн тав нь өөрийнхөөрөө бодож, мэдрэмжээ авчихсан яваа учраас түүнийг нь эвдмээргүй байна. 

-Үзэгчийн хувьд би тэр гутлыг нийгмийн асуудал, зовлон юм уу даа гэж ойлгосон. Өнөөдөр өөрийг нь өвтгөж байхад тайлж шидчихээд маргааш нь ахиад л тэр гутлаа танихгүй аваад өмсчихөж байгаа нь бидний амьдрал мэт. Нэгэнт үзэгчдийг өөрийнхөөрөө ойлгож болно гээд сануулчихсан тул найруулагчийн хувьд хэрхэн харж, шийдсэн тухай ярьчихвал болохгүй юу? 

-Гутал. Байх ёстой юу байх ёстой, өмсөх гэхээр хэцүү. Зовлон. Ямар ч зовлон байж болно. Нийгэмтэй, шашинтай, хувь хүнтэй өөртэй нь ч холбоотой байж болох. Би тайлбарлах сонин биш. Үзэгчид л юу гэж харах сонин. Та тухайлбал, нийгмийн асуудал гэж харсан байна. Харин би муухайгаар тайлбарлахад, зохиолч гуталтай байна гэж бичсэн учраас гуталтай байлгах гээд л оруулсан. /инээв. сурв/

ЯРИЛЦЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ПОДКАСТААР ЭНД ДАРЖ СОНСОНО УУ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button