ДЭЛХИЙНИЙГЭМ

ТАНИЛЦ: Улс орнуудын тэтгэврийн тогтолцоо ямар байдаг вэ

Дэлхийн аль ч улсын иргэн тодорхой насны босгыг давж, төрийн тэтгэвэр тэтгэмжид хамрагдах эрхтэй ба ихэнх ардчилсан улс орнуудад энэ нь эрт дээр үеэс хүн бүрийн салшгүй эрх гэгдсээр ирсэн. Улс орнуудын тэтгэврийн хэмжээ гэдэг олон хүчин зүйлээс хамаардаг.

Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах нас нь тухайн улсын тэтгэврийн хууль тогтоомжоос мөн шалтгаална.  

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД

ОХУ-д одоогоор эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гардаг. Гэсэн хэдий ч, 2019 оноос хойш тэтгэврийн шинэчлэлийн үр дүнд тэтгэврийн насыг эмэгтэйчүүд 60, эрэгтэйчүүдэд 65 нас байхаар тооцож эхэлсэн. ОХУ-д тодорхой  ангиллаар иргэдэд дараах тэтгэвэр тогтоож болдог. Үүнд хөгжлийн бэрхшээлээр, тэжээгчээ алдсантай холбоотойгоор, улсад хөдөлмөрлөсөн жилийг нь үндэслэн, төрийн өмнө хүлээсэн тусгай үүрэг.

ОХУ-д тэтгэврийн дараах төрлүүд бий: даатгалын, нийгмийн, хуримтлалын.

2022 онд ОХУ-д дараах дундаж тэтгэврийг тогтоохоор болсон:

        -даатгалын тэтгэврийн хэмжээ 17,536 рубль.

        -даатгалын /хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс/ тэтгэвэр 6,044 рубль.

        -нийгмийн /хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс/ тэтгэвэр 5,751 рубль.

        -хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад дайчдын хувьд 20,000 рублиэс эхлэхээр болсон.

ГЕРМАН УЛСАД

Төрийн хөгжлийн төвшин тэтгэвэр авагчдын тэтгэмжийн хэмжээнээс хамаардаг жамтай. Үүнд, Германы тэтгэврийн тогтолцоо яах аргагүй дурдагддаг. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсад зүй ёсоор тооцогдох Германд тэтгэврийн насанд хүрсэн иргэдээ сайхан амьдруулах бүхий л таатай нөхцөлөөр хангадаг гэж хэлж болно.

Тус улсад тогтоогдсон тэтгэврийн босго нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд ижил 67 нас байна. Харин, тус улсын иргэд 67 насыг хүлээхгүйгээр тэтгэвэртээ гарах боломжтой. Үүнийг тодруулбал, хэрэв тэтгэвэр авагч нь тэтгэврийн сангийн дутагдлыг нөхөхөд шаардлагатай тодорхой хэмжээний мөнгийг хувийн хуримтлалаасаа төлсөн тохиолдолд 67 нас хүрээгүй ч тэтгэврээ авах боломжтой. Германд тэтгэврийн дундаж хэмжээ 782 евро буюу монгол мөнгөөр ойролцоогоор 2,500,000 төгрөг.

Герман хүн бүр тэтгэврийнхээ хэмжээг бие даан тодорхойлж, тэтгэврээ хуримтлуулахын тулд даатгалын компаниудын аль нэгнийх нь үйлчилгээг ашиглах боломжтой байдаг.

Даатгалын тэтгэвэрт хамрагдахын тулд Германы иргэн тус улсын аль нэг аж ахуйн нэгжид таваас доошгүй жил ажилласан байх ёстой. Тодорхой нөхцөлийн дагуу Германд гадаадын иргэдэд ч тэтгэвэр хуримтлуулж, хамрагдах боломж бас бий.  

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД

АНУ-д эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гардаг бөгөөд сард дунджаар 1,503 долларын тэтгэвэр авдаг. Америкийн тэтгэврийн тогтолцооны нэг онцлог нь тухайн улсын аль нэг компанид арван жил ажилласнаар шаардлагатай тэтгэврийн хэмжээгээ хуримтлуулах боломж бүрддэг. Иргэдийн олонх нь хөдөлмөрлөх явцдаа хоёр, гурван ч тэтгэврийн хуримтлалыг цуглуулж чаддаг.

Аливаа аж ахуйн нэгжид ажилладаг америк хүн хуулийн дагуу улсын тэтгэврийн санд цалингаасаа шимтгэл төлөхөөс гадна ихэнх томоохон компани, корпорациуд нэмэлт тэтгэврийн санд ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг хуримтлуулах боломжийг олгодог.

Улсын санд төлөх шимтгэлийн хэмжээ нь цалингийн 15 орчим хувийг эзэлдэг бөгөөд хагасыг нь ажилтан өөрөө, үлдсэн тал хувийг нь аж ахуйн нэгж төлдөг. Тэтгэврийн насанд хүрсний дараа америкчуудын 30 орчим хувь нь үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо байдаг.

ИХ БРИТАНИД

Мэргэжилтнүүд Их Британийн тэтгэврийн тогтолцоо төгс төгөлдөр байдал руу ойртсон гэж дүгнэдэг.

Бусад ихэнх улс орны нэгэн адил Их Британид тэтгэврийн хэмжээ нь төрийн, хувийн хэвшлийн эсхүл ахмад настан гэж ангилдаг. Эрэгтэйчүүд 65 насандаа, эмэгтэйчүүд 60-65 насандаа зохих ёсоор тэтгэвэртээ гардаг. Их Британид тэтгэврийн насандаа хүрсэн хойноо үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхэлдэг бол ажилласан жил бүрийнхээ тэтгэврийн нэмэгдлийг авдаг байна.

Их Британид тэтгэврийн насны нэг иргэн долоо хоногт дунджаар 159 фунт стерлинг авдаг. Бүр долоо хоног тутам тэтгэвэр авна гэсэн үг.

Үндсэн тэтгэвэр авахын тулд улсдаа хамгийн багадаа арван жил ажиллах ёстой. Хамгийн онцлууштай нь ажилласан жил болгондоо ирээдүйн тэтгэврийнх нь хэмжээ долоо хоногт 4,44 фунт стерлингээр нэмэгддэг. Тиймээс суурь тэтгэврийн доод хэмжээ долоо хоногт 44,4 фунт стерлингтэй тэнцдэг.

Хэрэв тэтгэврийнхээ хэмжээг хувийн санхүүгийн байгууллагуудын аль нэгэнд нь хуримтлуулахаар сонгосон бол хэдий хэр тэтгэвэр авахаа бие даан тодорхойлж болно, ямар ч хязгаарлалт байдаггүй аж.

Их Британид ажилтнууд хуулиараа цалин орлогынхоо 5-8 хувийг л тэтгэврийн хуримтлалын санд төвлөрүүлдэг. Хууль тогтоомжид оруулсан хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр шаардлагатай гэж үзвэл ийм байдлаар хуримтлагдсан дүнгийн дөрөвний нэгийг татвар төлөхгүйгээр буцааж авах боломжтой. Тиймээс зарим англичууд амьдралынхаа нөхцөл байдлыг сайжруулахын тулд ийм алхам хийж, дөрөвний нэгийг нь ямар ч татваргүйгээр авдаг байна.

Их Британид Дэлхийн II дайны ахмад дайчдад тэтгэврийн нэмэгдэл их хэмжээгээр олгодог: цэргийн цол эсхүл авсан бэртэл гэмтлийн зэргээс хамааран сард ойролцоогоор 5,400,000 төгрөгөөс 23,400,000 төгрөгийн тэтэгвэр авах боломжтой.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД

Хятадад тэтгэвэрт гарах нас эрэгтэйчүүд 60, менежер эмэгтэйчүүд 55, харин бусад эмэгтэйчүүд 50 нас байна.

Ер нь, Хятад улс сүүлийн гучин жилийн хугацаанд урьд хожид байгаагүй эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн ч ард иргэдийн тэтгэврийн хангамжтай холбоотой ихэнх асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа юм.

Хятад улс эдийн засгийн хөгжил дэвшлээрээ тэргүүлж эхэлсэн ч иргэдийнх нь тэтгэврийн хэмжээ дэлхийн ихэнх чансаанд нийцэхгүй байгааг өнөөдөр энгийн нүдээр харж болох аж. Учир нь, өнөөдөр Хятадад дундаж тэтгэвэр 370 орчим ам.доллар буюу ойролцоогоор нэг сая төгрөг байна.

Хятадад ажилтан ажиллаж байх хугацаандаа цалингийнхаа 11 хувийг улсын тэтгэврийн санд төвлөрүүлдэг: цалингийнхаа  дөрвөн хувийг цалин тооцохдоо шууд суутгуулдаг ба үлдсэн долоон хувийг нь ажил олгогч төлдөг.

Тэтгэвэрийн хэмжээ нь дундаж цалингийн 20 орчим хувьтай тэнцэж байна. Суурь тэтгэвэр авахын тулд төрийн өмчит үйлдвэрийн газарт 15 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай.

Хятадад тэтгэврийн хэмжээ ийм бага байгаагийн нэг шалтгаан нь 65-аас дээш насны иргэд олон байгаатай холбоотой. Энэ нь саяхныг хүртэл дагаж мөрдөж байсан жирэмслэлтээс хамгаалах төрийн зохицуулалтын үр нөлөө. Учир нь, нэг өрхөд нэг хүүхэд гэсэн бодлого баримталсантай нь шууд холбоотой.

Хятад хөгширч буй үндэстний тоонд зүй ёсоор орох болсон. Тэтгэврийн насныхны тоо аль хэдийн ОХУ-ын нийт хүн ам /146 сая гаруй/-ын тооноос давсан аж.  Хятадын улсын төсвийн 40 орчим хувь нь тэтгэврийн зардалд зарцуулагддаг хэмээн эдийн засагчид тооцсон байдаг.

ЯПОН УЛСАД

Өнөөдөр Японд тэтгэврийн дундаж хэмжээ 1,700 орчим ам.доллар байна. Энэ нь японы тэтгэврийн насны ахмадуудыг санхүүгийн хүндрэлд оруулахгүй, үлдсэн амьдралаа тав тухтай амьдран өнгөрүүлэх боломжийг олгодог. Энэ мөнгө нь хоол хүнс, нийтийн үйлчилгээний төлбөр зэрэгт хангалттай хүрэлцдэг ба ахмадуудыг амралт чөлөөт цагаа сайхан өнгөрөөхөд ч хүрэлцээтэй юм.

Япон хүн 65 насандаа зохих ёсоор тэтгэвэртээ гардаг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд адил. Гэсэн хэдий ч, хэрэв тухайн улсын иргэн эрт тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл муж улсын хууль тогтоомжид хүсэлтийг нь хүлээн авч нааштай шийддэг: хэрэв иргэн өөрөө хүсвэл 60 насандаа хөдөлмөр эрхлэхээ больж, тэтгэвэртээ гарч болно гэсэн үг. Харин энэ тохиолдолд тэтгэврийн хэмжээ 25 хувиар буурах ажээ.

Япончууд тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлэн ажиллавал ажилласан жил бүр тэтгэврийнхээ төлбөрт тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулж, 70 нас хүрэхэд нь тэтгэврийнх нь мөнгө дөрөвний нэг хувиар нэмэгдэх боломжтой.

Статистикийн мэдээгээр, япончууд дэлхийн хамгийн өндөр насалдаг үндэстэн. Зуу буюу түүнээс дээш настай иргэдийн тоо 60 мянгаас хэтэрч, дундаж наслалт 84 болсон байна.

Мэргэжилтнүүд үүнийг зөв хооллолттой холбон тайлбарладаг. Арлын япончуудын өдөр тутмын хоолны дэглэмд будаа, шар буурцаг, далайн гаралтай хоол хүнс зонхилдог. Нэмж сонирхуулахад, япончууд тэтгэвэрт гарахдаа ч туйлын идэвхтэй амьдралын хэв маягаа алддаггүй. Тэдний дийлэнх нь “радио” өглөөний дасгал хийдэг, бас тэд машин унаагаар явахаас илүүтэй алхахыг илүүд үздэг.

ФРАНЦ УЛСАД

Европын Холбооны ихэнх орнуудын нэгэн адил Франц улсад тэтгэврийн нас эмэгтэйчүүд 65, эрэгтэйчүүд 67 нас байна. Францчуудын дундаж наслалтыг 80 нас гэж тооцдог ба тэдний тэтгэврийн дундаж хэмжээ 1,300 орчим евро буюу ойролцоогоор 4,200,000 төгрөг байдаг.

Францын тэтгэврийн тогтолцоо нь нийгмийн даатгалын ерөнхий тогтолцооны нэг хэсэг бөгөөд үүнийг мэргэжилтнүүд дэлхийн хамгийн нарийн төвөгтэй, олон талт тогтолцооны нэг гэж үздэг.

Тус улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн дээд хэмжээ авахыг хүссэн ажилтан Францын аж ахуйн нэгжүүдэд 40 ба түүнээс дээш жил ажиллах ёстой. Улмаар тэтгэврийн хэмжээг тогтоохдоо 40 жил ажилласных нь хамгийн өндөр цалинтай 25 жилийг нь харгалзан үздэг аж. Үндсэн тэтгэвэрээс гадна Францад санхүүжүүлсэн тэтгэвэр гэж нэрлэх тусгай онооны систем ашиглан тооцох арга бас бий. Хэрэв тухайн улсын иргэн насан туршдаа буюу 41.5 жил хөдөлмөрлөсөн бол тэтгэврээ 100 хувь авах эрх бүрдэнэ гэсэн үг юм.

 “Тэтгэврийн хэмжээ бага байх нь үнэхээр харамсмаар, харин огт авахгүй байх нь бүр ч харамсмаар” хэмээн английн нэгэн шинжээч бичжээ. Тэтгэвэр огт авдаггүй иргэд Энэтхэг, Пакистан, Ирак, Ботсвани, Кени зэрэг оронд байдаг аж.

Энэтхэг улсад гэхэд л тэтгэврийг зөвхөн төрийн албан хаагчид, цэргийнхэн авдаг байх жишээтэй. Энэтхэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүс 60 насандаа тэтгэвэрт гарах ба зөвхөн төрийн албанд эсхүл цэргийн салбарт ажилласан бол тэтгэвэр авах эрхтэй. Бусад өндөр настнууд гэр бүл, хамаатан садандаа найдахаас өөр аргагүй байдаг аж.

Энэ мэтээр улс орнуудын тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаа юм.

(Эх сурвалж: Wikipedia; Emigration Asia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button