ДЭЛХИЙНИЙГЭМ

НҮБ: Умард Солонгос 2021 онд пуужин, кибер халдлагаар мөнгө “босгосон”

Умард Солонгос өнгөрсөн жилийн турш цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлж, криптовалютын биржид халдсан кибер /цахим/ халдлагаараа Пхеньяны орлогын чухал эх үүсвэрийг бий болгосон хэмээн НҮБ-ын нууц илтгэлээс иш татан “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.

Эл нууц тайланг Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний талаар бие даасан ажиглагчид бэлтгэн боловсруулсан аж. Хоёрдугаар сарын 4-нд тайланг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох хороонд танилцуулжээ.

“Хэдийгээр цөмийн туршилт хийсэн тухай мэдээлэл гараагүй ч, Умард Солонгос цөмийн задрах материал үйлдвэрлэх хүчин чадлаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна” хэмээн тайланд дурджээ.

Мэдээллийн хэсгээс дурдвал, Умард Солонгос цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай “эд материал, техник технологи, ноу-хауг хилийн чанадаас хайсаар” байна. Пхеньян пуужингийн туршилтаа “мэдэгдэхүйц хэмжээ”-нд хурдасгасан хэмээн онцолжээ.

Мөн 2020 оноос 2021 оны дунд үе хүртэл Умард Солонгосын хакеруудын кибер халдлагын улмаас Хойд Америк, Европ, Азийн гэсэн гурван ч криптовалютын биржээс 50 сая гаруй ам.доллар хулгайд алдагдсан хэмээн бие даасан ажиглагчид тооцоолжээ.

Түүнчлэн, Умард Солонгосын хүмүүнлэгийн байдал улам муудаж, ард иргэдийнх нь ахуй амьдрал улам л дордсоор байгаа нь тус улсад коронавируст цар тахлын хязгаарлалт тогтоосны үр дагавар байж магадгүй хэмээн тайланд дурдсан байна.

Ийнхүү Умард Солонгос пуужингийн туршилт, мөн кибер халдлага үйлдэн мөнгө “босгож”, олсон мөнгөө ард түмнийхээ хоол хүнсний хэрэгцээг хангаж, өлсгөлөнд нэрвэгдээд буй байдлыг арилгахын оронд цөмийн хөтөлбөрт зарцуулж, Солонгосын хойгийг олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд цөмийн зэвсэггүй бүс болгоно гэсэн амлалтаасаа няцаж байгаа хэрэг юм.

(Эх сурвалж: Reuters)    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-02-07 11:09

peee

Холбоотой мэдээ

Back to top button