НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Органик монгол брэндийн чанар, чансааг дэлхийд дархалсан “Lhamour”

“Eguur.mn” сайт “Үйлдвэрлэгч” буландаа энэ удаа Монголдоо төдийгүй дэлхийд танигдан, өөрийн гэсэн нэр хүнд, орон зайг хэдийнэ эзлээд буй “Lhamour” брэндийг онцолж байна. Байгалийн 100 хувийн гаралтай гоо сайхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог тус брэнд өдгөө таван улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна.

Гоо сайхны бүтээгдэхүүн экспортлоход үнэнхүү өндөр босго, шалгууртай Япон улсад гарсан, тэдэнд тоогдсон гээд бодохоор “Lhamour” Наран улсад төдийгүй дэлхийд хэр танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөнийх нь илрэл.

Тэдний хүртсэн шагнал, амжилтын талаар бичвэл нэлээд урт жагсаалт хөвөрнө. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд нохойн хошуутай нүүрний суурь тосоороо “Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буй гоо сайхны бүтээгдэхүүн” шагнал хүртэн, “Forbes” сэтгүүлээс тодруулсан Азийн өсөх ирээдүйтэй, дэлхийд эерэг өөрчлөлт авч ирж буй шилдэг 100 гарааны бизнесийн нэг болж, гарааны бизнесүүдийн дэлхийн аваргад 100.000 компанитай өрсөлдөхдөө Монголоос анх удаа шилдэг 100-д багтаад байгаа юм.

Брэндийн нэр: “Lhamour”

Компанийн нэр: “ “Lhamour” ХХК

Захирал: Д.Хулан

Сошиал хуудас: “Lhamour”, “Lhamour.mn”

Холбогдох утасны дугаар: 7712 0256

“Lhamour” брэндийг Д.Хулангүйгээр, Д.Хуланг “Lhamour”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тус брэндийг үүсгэн байгуулсан тэрбээр мэдлэг, ур чадвараас авхуулаад олон, олон зүйлээрээ үеийн залуустаа үлгэрлэн, манлайлж яваа бүсгүй. Д.Хулан “Lhamour” брэндийг хэрхэн байгуулсан бэ.

ӨӨРТ ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ БИЗНЕСИЙН ШИНЭ САНАА

Би Европт амьдарч байгаад 2012 онд эх орондоо ирсэн. Тухайн үед Колумбын их сургуулийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежментээр төгсөн, Монголын анхны салхин цахилгаан станцыг барьсан компанид ажиллахаар ирж байв. Эрс, тэс уур амьсгал, агаарын бохирдол гэх мэт шалтгаануудаас болоод ч тэр үү төд удалгүй би харшилтай болсон. Өмнө нь надад тийм асуудал тулгарч байгаагүй.

Эмч нараас зөвлөгөө авахад “Агаарын бохирдол, утаа арьсанд нь сөргөөр нөлөөлж. Органик бүтээгдэхүүн хэрэглэ” гэж зөвлөсөн. Үүний дагуу хайхад гоо сайхны органик бүтээгдэхүүн Монголоос олдоогүй. Гадаадын хуруу дарам бүтээгдэхүүн байсан ч миний арьсанд тохироогүй.

Тэгэхэд “Монгол Улс минь хэчнээн олон органик түүхий эдтэй билээ. Бидэнд асар их нөөц, бололцоо бий. Яагаад органик бүтээгдэхүүн байдаггүй юм бол. Хэрвээ органик бүтээгдэхүүн хийвэл над шиг арьсны асуудалтай олон, олон хүнд тусална. Ер нь би яагаад чадахгүй гэж” гэсэн бодол надад төрсөн юм. “Lhamour” брэндээ үүсгэн байгуулсан, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон минь тэндээс эхлэлтэй.

ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ЭХЛЭЛТЭЙ “LHAMOUR” БРЭНД

Зүгээр нэг бодоод, төлөвлөөд өнгөрөх бус ажил хэрэг болгох хүсэлдээ хөтлөгдөн, ажлаасаа гарч, Английн “Формула Ботаника” сургуулийг органик гоо сайхны чиглэлээр төгссөн. Тус сургуулийг дүүргэсэн анхны монгол төгсөгч нь би. Анхандаа өөртөө зориулж бүтээгдэхүүн хийдэг байв. Юуны түрүүнд өөрийнхөө арьсны асуудлыг шийдэхийг, цаашлаад туршлага хуримтлуулахыг хүссэн юм л даа.

“Lhamour” брэндийнхээ логог зохион, гэрийнхээ принтерээр хэвлээд л бүтээгдэхүүнээ гаргадаг байлаа. Гэр бүлийнхэн, найз нөхдөдөө өгөхөд “Хөөх, ямар гоё юм бэ. Ёстой найс болж. Таалагдаж байна” гэхэд нь их урам авсан. Үүндээ урамшин, “Lhamour” брэндээ 2014 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулж байлаа.

Хамгийн анхны бүтээгдэхүүн минь 100 хувийн цэвэр байгалийн гаралтай ваннын бөмбөлөг, нүүр гарын саван, гурван төрлийн уруул өнгөлөгч.

Пэйж хуудсаа хөтлөх, хүргэлт хийх, бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг захаас цуглуулах, санхүүгийн тайлан гаргахаас авхуулаад бүхнийг анхандаа би өөрөө хийдэг байлаа. Тэгж явсан, бүхнийг тэгээс эхлүүлсэн болохоор бизнесийн, ажилчдынхаа жаргал зовлонг илүү сайн мэдэрдэг, хүндэлдэг.

БИЗНЕСИЙН ЦЭВЭР ТҮҮХ, ӨӨРӨӨ БҮХНИЙГ ЗОХИЦУУЛСААР ИРСЭН НАЙМАН ЖИЛ

“Lhamour”-ын анхны санхүүжилтийг би өөрөөсөө гаргаж байв. Өнөөг хүртэл бид хөрөнгө оруулагчгүй, бүхнийг өөрсдөө бие дааж хийн, даван туулсаар ирсэн. Үйлдвэр гэхээр том, том тоног төхөөрөмж, нөсөр байгууламж төсөөлөгддөг, олонх хүнд. Бизнесийн гараагаа гэрээсээ эхлүүлсэн нь надад давуу тал, санхүүгээ хэмнэх боломж олгосон. Тэгсэнээр заавал өндөр өртгөөр, их санхүүгээр эхлүүлэх шаардлагагүй байв. Тухайн үед барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах боломж надад байгаагүй. Тиймээс эхний хоёр жил санхүүгийн хувьд амаргүй цаг үеийг туулсан.

Ажилчдынхаа цалинг тавихын тулд гэрийнхнээсээ, найз нөхдөөсөө зээлэх үе ч байлаа. Бүтээгдэхүүнийхээ борлуулалтаар өндийсөн, бизнесийн цэвэр түүхээрээ бид бахархдаг. Өнөөдөр 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, 36-уулаа, санхүүгийн хувьд хөл дээрээ бүрэн боссон нь бид анхнаасаа чанартай, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн хийн, чанарыг эрхэмлэж ирсний ач тус юм болов уу.

ХАТУУЖСАН, СЭТГЭЛЭЭР УНАСАН, ЭРГЭЭД БОССОН СУРГАМЖ

Жил бүр шахам бидэнд кино шиг зүйл тохиолдсоор, гүрийгээд даван туулсаар ирсэн. Анхны жил оффист ороод удаагүй байхдаа хамаг юмаа хулгайд алдсан.

Дараа жил нь үерт автан, хүнд байдалд орж байлаа. Тухайн үед манайх нэг жижигхэн өрөөнд, подвальд байрлаж байсан юм. Яах ийхийн зуургүй үер орж ирээд бүтээгдэхүүнүүд, түүхий эд усанд автаж билээ. Үнэхээр их хөдөлмөрлөж, хичээн байж бий болгосон зүйлс маань үерийн усанд хөвөн, ашиглах боломжгүй болоход хүнд байлгүй яах вэ. Надад хэцүү байсан ч тэр үеийг дурсах би дуртай. Яагаад гэж үү. Ийм учиртай.

Тэр өдөр би стресстсэн, сэтгэлээр унасан. Өрөө рүү орж ирсэн үерийн усыг зайлуулж чадахгүй сандарч байв. Цахим хуудсандаа “Lhamour үерт автлаа. Туслаарай” гэж тусламж хүссэн пост оруулсан юм. Хэдхэн минутын дараа 10 гаруй залуус бидэнд туслахаар ирэхэд нь баярласан.

“Бид энэ хүмүүсийн хайрыг татаж чадсан байна. Өнөөдөр бууж өгч, больж болохгүй юм байна” гэж бодсон. Би шөнөжин халуураад, маргааш нь ажилдаа ирэхэд ажилчид маань “Захирал яах бол, юу гэх бол” гэсэн харцаар харж байв. Тэгэхэд би “Удирдагч хүн аливаа зүйлд тайван, хүлээцтэй хандаж, няцаж, ухрахгүй байх хэрэгтэй” гэж бодсон. Тэр өдрөөс хойш илүү их тэвцээртэй, сэтгэлийн хаттай болсон. Сэтгэлээр унаж, шантарсан ч түүнийгээ хамт олондоо харуулахгүй, мэдэгдэхгүй байхыг чухалчилдаг. Зөвхөн дотроо. Одоо ямар нэгэн бэрхшээл тулгарахад хүлээцтэй, тайван байж, зөвхөн шийдэл, гаргалгааг эрэлхийлдэг болсон.

МОНГОЛОО ТАНИУЛСАН БРЭНДИЙГ БИЙ БОЛГОХ, БАЙГАЛЬ ЭХЭЭ ХАЙРЛАХ ФИЛОСОФИЙГ ТҮГЭЭХИЙГ ЗОРЬЖ ЯВНА

-Lhamour-ыг анх үүсгэн байгуулахдаа зорилгоо хэрхэн тодорхойлж байв. Олон улсын зах зээлд гаргах, дэлхийд танигдах том амбийц тухайн үед танд байсан уу?

-Монголчуудын олонх нь хуурай арьстай. Хуурайшилт, агаарын бохирдол зэрэг харшил бий болгодог хэчнээн олон хүчин зүйл байдаг билээ. Арьсны асуудалтай хүн зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар олон. “Органик бүтээгдэхүүн хийн, хүмүүсийн арьсны асуудлыг эмчилж болох юм байна” гэж бодсон. Олон улсад экспортлоно энэ тэр гэсэн том амбийц анхандаа байгаагүй ээ.

“Гэртээ ванны бөмбөлөг” хийсэн гэхэд хүмүүс их гайхдаг байв. Олон, олон залуус манайхаас санаа авч, үлгэрлэн, гарааны бизнес эхлүүлэх болсонд нь их урамшсан.

Хоёрхон жилийн дараа гэхэд манай компани анхны экспортоо хийн, биднийг гадаадын хэвлэлүүд онцлох болсон. Ерөнхийдөө тэгж тодорхой үр дүнд хүрэн, амжилтын үзүүрээс атгаад ирэхээр алсын хараа ойлгомжтой, бүр далайцтай, том хүрээтэй болдог юм билээ. Арьсны асуудалтай хүмүүст шийдлийг нь олохуйц олон улсад Монголоо таниулсан брэндийг бий болгох, үүгээрээ дамжуулан бусдыг, эх дэлхийгээ хайрлах философийг түгээхийг зорих болсон юм.

-Одоо энэ алсын хараа нь хэвээрээ юү?

-Одоо ч хэвээрээ, нэг ч удаа өөрчлөгдөөгүй.

-Ямар ч брэнд олон улсын зах зээлд гарах амаргүй. Тэр тусмаа гоо сайхны бүтээгдэхүүн бүр ч шалгуур өндөртэй. “Lhamour” олон улсад экспорт хийх гарцыг хэрхэн олов?

-Бидний экспортын түүхүүд их гоё. “Lhamour” өнөөг хүртэл нэг ч удаа дистрибьютер хайж байгаагүй. Бүх дистрибьютерүүд маань өөрсдөө бидэнтэй холбогдсон, хамтрах санал тавьсан. Япон дистрибьютер маань хоёр удаа Монголд, биднийг зорьж ирэн уулзаад “Би танай алсын хараанд итгэж байна. “Lhamour”-ын бүтээгдэхүүн маш чанартай. Танай бүтээгдэхүүнээр дамжуулж сайн бизнес, сайн үйлс хийж чадмаар санагдаж байна” гэж хэлэн, хамтарч байлаа.

Япон улсад бүтээгдэхүүн экспортлох үнэхээр өндөр босготой, шалгуур, шаардлага өндөртэй. Нэг бүтээгдэхүүнийг гаргахын тулд Японы өөрсдийнх нь лабораторид бүтэн жил шалгуулдаг. Тэгэхээр бид бүтээгдэхүүнээ Японд гаргаж, тэдний өндөр шаардлага, шалгуурыг давж чадсан нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн дээд цэгт хүрснээс өөрцгүй. Япон, АНУ-д бүтээгдэхүүнээ экспортлож буй нь “Lhamour”-ын чанар, нэр хүндийн баталгаа. Сүүлд Японоос “Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бүтээгдэхүүн” шагнал авч, томоохон дэлгүүрт нь бүтээгдэхүүнээ байршуулсан.

Анхнаасаа сууриа зөв тавин, олон улсын стандартын дагуу бүх юмаа хийсээр ирсэн нь бидний давуу тал. Явцын дундаас гэнэт өөрчилж, шинэчлээгүй.

АНУ-Д КОМПАНИА БАЙГУУЛЖ, ОДООГООР ТАВАН УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОЖ БАЙНА

-Одоо танайх хэчнээн улсад бүтээгдэхүүнээ экспортолж байгаа вэ?

-Коронавирусийн халдвар гарахын өмнө бид есөн улсад бүтээгдэхүүнээ тогтмол экспортлож байлаа. Цар тахлын улмаас тэгэх боломжгүй болсон, экспорт хумигдсан. Одоо бид таван улсад тогтмол экспорт хийж байна.

Саяхан АНУ-д компани байгуулан, тэндээ агуулахтай болсон. Монголоос ирсэн гэхээр хөдөө нутаг,Чингис хаанаар л төсөөлдөг үе ард хоцроосой. Хэн нэгэн гадаадад очоод “Би монгол хүн” гэхэд “Танай улсын бүтээгдэхүүн үнэхээр чанартай. Миний арьсны асуудлыг шийдэж өгсөн” гээд үнэлдэг болвол хэчнээн сайхан бэ.

-Lhamour” брэнд органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт Монголдоо анхдагч бил үү?

-Тийм ээ. Бид Монголдоо анхдагч. “Lhamour”-ыг үүсгэн байгуулах үед туршлага судлах, асуух, зөвлөгөө авах байгууллага байгаагүй. Олон улсын стандартын дагуу бүх юмаа хийсээр ирсэн. Олон улсын брэндүүдийг л өрсөлдөгчөө гэж хардаг.

-Танайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага цөөнгүй. Тийм байгууллага шинээр бий болоход та хэрхэн хүлээж авдаг вэ. Өрсөлдөгч гэж хардаг уу эсвэл...

-Монголд аль болох олон үйлдвэр, үйлдвэрлэгч бий болоосой, монгол брэнд өдөр бүхэн мэндлээсэй гэж хүсдэг. Манайх, эсвэл өөр салбар байх нь тийм ч чухал биш. Монгол брэнд, үйлдвэрлэгч нэмэгдэх, шинээр бий болох нь өөрөө их чухал. Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг брэнд шинээр бий болоход би баярладаг, дуртайгаар хүлээж авдаг.

Коронавирус, цар тахлын улмаас олон үйлдвэр, брэнд үүдээ барьсан нь харамсалтай.

-Цар тахал, олон удаагийн хөл хорио “Lhamour”-т яаж нөлөөлж байна вэ. Энэ хүнд цаг үеийг та бүхэн хэрхэн даван туулж байна вэ?

-Хөл хорионы үеийг даван туулах үнэхээр хэцүү байлаа. Шантарч, бууж өгөх бус энэ цаг үеийг компанидаа, өөртөө хэрхэн зөв ашиглах вэ, ашигтайгаар яаж эргүүлэх вэ гэдэг талаас нь харлаа. Хөл хорионы үеэр АНУ-д компаниа байгуулсан нь бидний томоохон ажлуудын нэг.

Цар тахлыг боломжийнхоо хэрээр үр өгөөжтэй ашиглаж байгаа. “Бид ер нь юу хийж байна вэ. Цаашид хэрхэх вэ, юуны төлөө зүтгэж, зорих вэ” гэж тунгаалаа. Алсын хараагаа бат бөх болгох, эргэцүүлэн тунгаах, бясалгах боломжийг коронавирус олголоо. Оффисоо үйлдвэр дээрээ авч ирсэн нь зөв шийдэл болсон байхгүй юу.

Нөгөө талаар бизнесийнхээ эрчийг алдахгүй, хамт олноо ажилтай, орлоготой байлгасаар цар тахлыг давж яваадаа олзуурхаж байна. Хамт олон минь ажилтай, орлоготой байж, юунд ч санаа зоволгүйгээр ажлаа хийх надад их чухал. Цар тахлын хүнд үе насан туршид үргэлжлэхгүй. Нэг л өдөр дуусна, сайхан цаг ирнэ.

 “LHAMOUR”-ЫН СОЁЛ ХҮНДЛЭЛ ДЭЭР БИЙ БОЛЖЭЭ

-Байгууллага, удирдагч бүхэнд өөрийн гэсэн арга барил бий. “Lhamour” брэндийн, танай хамт олны соёлыг онцлохгүй юу?

-“Lhamour”-ын соёл хүндлэл дээр бий болсон. Манай компанийн бүх хүн чухал. 4-5 жил ажиллаж буй цэвэрлэгч эгч маань надаас огт дутуугүй чухал. Учир нь би өмнө нь өөрөө цэвэрлэдэг байсан тул байгууллагад цэвэрлэгээ, хүн бүрийн оролцоо ямар чухлыг сайн мэднэ.

Би хамт олноороо үнэхээр их бахархдаг. Сүүлийн 2-3 жил бүх анхаарлаа хамт олондоо л хандуулсан. Манайх нэг гэр бүл. Энэ гэр бүл байгаа, хамт олон минь байгаа учраас “Lhamour” урагшилсаар, чахнартай бүтээгдэхүүн гарсаар байгаа.

ДЭЛХИЙН ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙН АВАРГЫН ШИЛДЭГ 100-Д БАГТСАН

-Танайх өнгөрсөн жил дэлхийн гарааны бизнесүүдийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 100-д Монголоос анх удаа багтсан. Болзлыг нь хэрхэн хангав. Ямар шалгуураар “Lhamour-ыг тодруулсан бэ?

-Дэлхийн гарааны бизнесүүдийн аварга шалгаруулах тэмцээн болдгийг бид өмнө нь мэдээгүй байсан юм. Тэд санал тавьсны дагуу бид оролцоод 100.000 компанитай өрсөлдсөн. Улмаар шилдэг 100-д шалгарсан. Уг нь АНЭУ-д очин, эцсийн шалгаруулалтад оролцох байсан ч коронавирусийн халдварын улмаас чадаагүй. Шилдэг 100-д багтсан нь хэзээ ч төсөөлж байгаагүй том амжилт. Бизнесийнхээ бүх үе шат бүрээр зөв үлгэр дууриалал үзүүлж, эерэг хандлага түгээсээр ирснийг маань олон улс үнэлдэг, сайшаадаг.

Өнөө цагт цаг уурын өөрчлөлт хэчнээн эмзэг асуудал болсон билээ. Байгальд ээлтэй байна гэдэг байгууллагад төдийгүй хувь хүнд үнэхээр чухал зүйл. Гэвч зарим аж ахуйн нэгж “Эхлээд хөгжье, мөнгөтэй болъё, дараа нь байгаль дэлхийгээ бодъё” гэсэн хандлага гаргаж байгаа нь харамсалтай. Бид анх бий болсон цагаасаа өнөөг хүртэл байгальд ээлтэй байх тал дээр анхаарсаар ирсэн. Үүний хүрээнд хийсэн гол ажлуудын маань нэг нь хаягдалгүй булан.

-Дээрх тэмцээнд өмнө нь Монголоос компани оролцож байсан уу?

-Монголоос өмнө нь компани оролцож байгаагүй гэсэн. Бид анх удаа өрсөлдөөд шилдэг 100-д багтсан. Бид мөн Forbes-оос шалгаруулсан “Өөрчлөлтийг бий болгож байгаа гарааны бизнес”-ийн жагсаалтад Монголоос анх удаа орсон.

Шагнал гэдэг их сонин юм билээ. Олон улсын шагнал аваад өнөөдөр аймар баярлаж явлаа гэхэд маргааш бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед шагналд тийм ч ач холбогдол өгөхөө больсон. Нийгэмд ямар өөрчлөлт авч ирж, гэгээ татуулан, хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаагаар бидний амжилт хэмжигдэнэ. Шууд утгаараа хэдэн хүний арьсны асуудлыг бид шийдэж чадсан бэ гэдэг өөрөө нэг хэмжүүр.

Нэг ч болтугай хүний амьдралд сайнаар нөлөөлж, зөв үлгэр дууриалал болж чадвал тэр өөрөө амжилт. Манай бүтээгдэхүүнээр дамжуулан ганц ч атугай гадаад хүн Монгол Улсыг, монгол брэндийг мэддэг, үнэлдэг болчихвол бас нэг багахан амжилт. Энэ тухай ярьсныг нэг гоё зүйлийг талаар хуваалцаж болох уу?

-Бололгүй  яах вэ.

-Энэ тухай би ярих дуртай. Саксофон тоглодог нэг энэтхэг хөгжимчин байсан юм. Ажлын онцлогоос шалтгаалан уруул нь байнга хаттаж байж л дээ. Олон төрлийн уруул өнгөлөгч хэрэглээд тусыг эс олж. Тэр хүн манайхыг хэрэглээд уруул нь эрүүл болсон. Баярласандаа манайхаас 20 уруул өнгөлөгч худалдан авч, энд тэнд байршуулсан гэсэн. Ээж нь манайх руу захидал илгээн, баярлаж буйгаа илэрхийлсэн.

Хаа хол Энэтхэгт байгаа хөгжимчний уруулыг монгол брэнд эмчилсэн, эрүүл болгосон нь бидний хувьд том амжилт.

“LHAMOUR” БРЭНДИЙН АВААД БУЙ ТОМООХОН ШАГНАЛУУД

-“Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буй хүнд ба байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүн шагнал”-ыг “Нохойн хошуутай нүүрний суурь тос”-оороо хүртсэн. Япон улс, 2021 он

-“Forbes Asia” сэтгүүлд “Азийн өсөх ирээдүйтэй, дэлхийд эерэг өөрчлөлт авч ирж буй шилдэг 100 гарааны бизнесийн жагсаалтад Монгол Улсаас анх удаа багтсан, 2021 он 

-Гарааны бизнесүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 100 000 компаниас шилдэг 100-д багтсан, 2021 он

-Дэлхийн худалдааны байгууллагын тусгай шагнал, 2018 он

-“Titem leadership awards – 2016” Оны шилдэг манлайлагч

-Азийн шилдэг хариуцлагатай жижиг дунд үйлдвэрээр тодорсон. Тайвань улс, 2016 он

-Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээд шагнал - Аж үйлдвэрийн яам болон ерөнхийлөгчийн Тамгын газар, 2016 он.

-“Lhamour” брэндийг “NHK world”, “Deutsche Welle”, “Forbes” зэрэг олон улсын нэр хүндтэй, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлоод буй.

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛЖ ЧАДАЖ БУЙ ХҮН ДЭЛХИЙН ХААНА Ч БИЗНЕС ХИЙЖ ЧАДНА”

-Монголд үйлдвэрлэл явуулж чадаж байгаа хүн дэлхийн хаана ч бизнес хийж чадна. Учир нь манай улсад үйлдвэрлэл хийх үнэхээр хэцүү, эрх зүйн орчин байхгүй. Брэндийн, бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнөөс авхуулаад бэрхшээл олон. Органик гоо сайхны бүтээгдэхүүн эрсдэлтэй бизнес.  “Lhamour” нэг бүтээгдэхүүн гаргахын тулд асар олон удаа туршилт хийн, их хугацаа, санхүү зарцуулдаг. Бид сүүлд шинээр гаргасан мистийг л гэхэд хийхийн тулд гурван жил уйгагүй туршин, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон.

Би ерөнхий технологич тул бүх бүтээгдэхүүн надаар дамжиж гардаг. Бүтээгдэхүүн шинээр гаргахдаа бид “Манай шинэхэн хүүхэд мэндэллээ” гэдэг.

Тухайн бүтээгдэхүүний зорилгод тохируулан бид 70 гаруй өөр, өөр түүхий эд ашигладаг. Сав, баглаа боодлоо аль болох шинэлэг, өвөрмөц байхыг чухалчилдаг. Үнэхээр хөдөлмөрч, бүтээлч, чанарыг эрхэмлэдэг нь бидний онцлог.

Улс эх орон, байгаль дэлхийдээ өгөөжөө өгсөн ямар зүйл хийвэл илүү үр дүнтэй вэ. Асрамжийн хүүхдүүдэд бэлэг тараалаа гэхэд нэг л удаагийнх. Байгальд ээлтэй, хог хаягдал гаргалгүй ажиллаад, олон хүнд үлгэрлэж чадвал нийгмийн хариуцлага зөв ухамсарлаж буйн илрэл юм болов уу.

-Удахгүй Валентины баяр болох гэж байна. Гэгээн хайрын баярт зориулж “Lhamour” ямар гэнэтийн бэлэг барьж байгаа вэ?

-Манайх жил бүр Валентины баярт зориулан бэлгийн багц гаргадаг уламжлалтай. Энэ жил гэгээн хайрын баярт зориулан “Valentine” багцыг гаргаад байна. Хэрэглэгчид маань “Valentine” багцыг УИД, “Шангри-Ла Молл”-д байрлах “Lhamour”-ын нэрийн дэлгүүр болон төв оффисоос авах боломжтой.

Үүний сацуу бид хэрэглэгчдээсээ шинэ бүтээгдэхүүнээс санал үргэлж авсаар ирсэн. Нэгэн гоё мэдээ дуулгахад, “Lhamour” нүүр арчилгааны шинэ бүтээгдэхүүн удахгүй гаргах гэж байгаа. Энэ бүтээгдэхүүн маань супер чийгшил өдөөгч тоник.  Тэжээллэг органик өргөст хэмхийн ханд орсноор өдрийн турш арьсны сэргэг байдлыг хангаж өгнө. Бид бүх бүтээгдэхүүнээ гар аргаар хийдэг. Тоникт ашиглах өргөст хэмхээ бид өөрсдөө дарж гаргаж авсан. Шинэ бүтээгдэхүүний нээлтээ хоёрдугаар сарын 17-19-нд нэрийн дэлгүүрүүд дээрээ хийнэ. Хэрэглэгч та бүхнийг бүтээгдэхүүний нээлтэд урьж байна.

-“Ийм л зүйл хийн, тэгчих юм сан” гээд одоо хамгийн их зорьж, тэмүүлж яваа зүйл тань юу вэ?

-Бид одооноос нүүр арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарна. Ийм төрлийн бүтээгдэхүүн нарийн ажиллагаа ихтэй, олон жилийн туршилт, судлагаа шаарддаг. Монголдоо төдийгүй олон улсад байр сууриа бүр сайн олоод, илүү чанартай, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн гаргахыг хүсэж байна.

Монголчууд гоо сайхын бүтээгдэхүүн хийж чаддаг, монгол брэнд ийм чанартай, чансаатай гэдгийг олон улсад харуулахыг, батлахыг зорьж явна. Манай компанийн соёл, менежмент төлөвшсөн. Би цаашид олон улс руу чиглэсэн ажлууд руугаа л түлхүү анхаарна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

ӨМНӨХ КОНТЕНТИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: "Танайх энэ амт, чанараа битгий алдаарай" гэж үйлчлүүлэгчид захидаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 8, 2022 09:04

Энэ ёсто гоё брэнд шүү

Зочин
Зочин
2 сар 8, 2022 09:04

Тоснууд нь гоё шүү

Зочин
Зочин
2 сар 8, 2022 11:26

Хуландаа амжилт хүсье

Зочин
Зочин
2 сар 8, 2022 12:17

бахархаж явна даа. Хайр шүү.

Зочин
Зочин
2 сар 10, 2022 16:47

ulger jishee avmaar hodolmorch hun ymaa, lhamour in buteegdehuunuud goy shu.

Холбоотой мэдээ

Back to top button