НийгмийнСПОРТЯРИЛЦЛАГА

Сар шинийн түрүү бөх Э.Мөнхжаргал: Дараагийн зорилго тодорхой, улсын цол хүртэхийн төлөө зүтгэнэ

Өнөө жилийн цагаан сарын барилдааны түрүү бөх, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” компани, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай ярилцлаа.

Үндэсний бөх, жүдогоор хослуулан барилддаг, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөхөөр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.

26 настай Э.Мөнхжаргал түрүүлэхдээ улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Т.Дүгэрдорж, цэргийн арслан Л.Отгонбаатар нарыг шилдгүүдийг даван шуугиулж, цахиур хагалсан юм. Биднийг ярилцлага авахаар очиход тэрбээр өглөө эртлэн босож, бэлтгэлээ хийчихээд ирсэн байв.

-Юуны өмнө Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодорсонд баяр хүргэе. Сайхан шинэлж байна уу, Та?

-Баярлалаа. Сайхан шинэлж байна. Сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. Нутаг руугаа яваад, өнгөрсөн шөнө ирсэн гэж дуулсан. Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Сар шинийн барилдаанд түрүүлээд нутагтаа очих их сайхан байлаа. Нутгийн минь зон олон намайг сайхан хүлээж авлаа. Архангайчуудаа баярлуулсандаа баяртай байна. Архангайд манай хамаатнууд амьдардаг.

Нутгаасаа өнгөрсөн шөнө ирлээ. Өнөө өглөө 07.00 цагт бэлтгэл хийж ирээд сууж  байна.

-Жүдогийн уу, үндэсний бөхийн бэлтгэл хийсэн юм уу?

-Зүгээр хөнгөн бэлтгэл хийчихээд ирлээ. Би өдөр бүр 07.00 цагт ийм бэлтгэл хийдэг.

-Цагаан сарын барилдаанд анх удаа барилдсан бил үү?

-Тэгсэн. Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд сар шинээр анх удаа зодоглолоо. Өмнө сумын заануудынхад барилдаж байсан.

-Анх удаа барилдсан тул түрүүлнэ гэх итгэл хэр их байв?

-Нэг их түрүүлнэ гэж бодоогүй. Унаж, давах нь хамаагүй сайхан барилдъя гэж л бодсон. Түрүүлсний дараа ёстой зүүд юм шиг санагдсан. Баярласандаа итгэж ядан зогсож байлаа. “Хөөх, би нээрэн түрүүлчихлээ гэж үү” гэсэн бодол төрсөн.

Гэртээ ирснийхээ дараа өөртөө итгэж өгөхгүй байлаа. Нэлээд удсаны дараа “Нээрэн түрүүлчихлээ” гэж бодсон.

-Таны аав цэргийн начин цолтой. Хүүгээ түрүүлэхэд хамгийн их бярласан нь мэдээж. Баярт мөчөө аавтайгаа хуваалцах бүр ч сайхан байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Цагаан сарын барилдаанд түрүүлчихээд гэртээ орж ирэх, баярт мөчөө аав, ээж, дүү нартайгаа хуваалцах хамгийн сайхан байлаа.

-Цагаан сарын барилдаанаа эргээд дурсахад, нэгийн даваанаас авхуулаад чанга учраануудтай өрсөлдсөн. Хэнийг давсныхаа дараа “Надад түрүүлэх боломж байна” гэх итгэл төрсөн бэ?

-Тийм бодод ер төрөөгүй. Түрүүн хэлсэнчлэн түрүүлснийхээ дараа ч өөртөө итгэхгүй байсан. Ер нь учраа бөхчүүдээ давах тусам урам авч, дээшээ барилдах итгэл бол төрсөн. “Түрүүлэх боломж надад байна” гэж ёстой бодоогүй.

-Та гурвын даваанд цэргийн арслан Л.Отгонбаатартай барилдсан. Үүнийг онцолсон нь учиртай. Та хоёр жүдогоор барилддаг, нэг багшийн шавь. Барилдаанаа, нэгнээ хамгийн сайн мэддэг хоёр бөхийн өрсөлдөөн хамгийн хүнд байх шиг анзаарагдсан, тийм үү?

-Ёстой тэгсэн. Хамгийн хүнд барилдаануудын нэг нь тэр байлаа. Отгоо ах бид хоёр бэлтгэл үргэлж хамт хийдэг, нэгнийхээ барилдаан, мэхийг андахгүй сайн мэднэ. Тэр хэрээр бидний барилдаан өрсөлдөөнтэй боллоо. Хүндэлж явдаг ахаараа гурав даван, дээшээ барилдаад түрүүлсэндээ баяртай байна.

-П.Бүрэнтөгс аваргыг та сугадаж мордоод давсан. Төлөвлөж байгаад тэр мэхийг хийсэн үү. Барилдааны явцад гэнэт мордохоор шийдсэн юм уу?

-Дөрвийн даваа эхлэхээс өмнө Отгоо ахтай (Л.Отгонбаатар) ярилцан, сугадаж байгаад мордох мэх хийхээр бэлдсэн байсан юм. Бэлдсэнийхээ дагуу барилдаад давлаа. Жүдоч хүн олимп, дэлхийн шилдгүүдтэй барилдаад, том тэмцээн үзчихдэг. Энэ нь надад давуу тал боллоо. “Аварга цолтой бөхийг давах болов уу яах бол. Би дийлэхгүй байх” гэсэн бодол надад огт төрөөгүй. Аваргатай төдийгүй бусад бүх бөхтэй барилдахад миний сэтгэл зүй маш өндөр байсан.

-Төрийн наадамд та улсын гарьд Б.Гончигдамбад өвдөг шороодож байсан. Энэ удаа давж, даагаа нэхлээ. “Дахиад унах вий” гэсэн болгоомжлол хэр байв?

-Тийм бодол, айдас огт төрөөгүй. Улсын наадамд унасан алдаа, оноогоо сайн дүгнэн, өөртөө итгэлтэй барилдлаа. Барьцанд хүрч, санасан мэхээ зоригтой, өөртөө итгэлтэй хийгээд давлаа.

-Б.Гончигдамба гарьдыг давахад Б.Бат-Эрдэнэ аварга “Ёоё, ямар гоё вэ” гэж уулга алдсан. Тэр бичлэгийг та үзсэн үү?

-Үзсэн, үзсэн. Үзэлгүй яах вэ. Монгол түмний бахархал болсон аварга хүн намайг тоон, магтсанд их баярлаж, бэлгэшээж байна.

-Б.Бат-Эрдэнэ аварга “Суурь их сайтай хүүхэд юм. Цээж, хоёр гарын атгалтыг сайжруулахтай” хэрэгтэй гэж зөвлөсөн. Аваргын зөвлөгөөг бэлтэлдээ хэрхэн тусгах вэ?

-Аваргынхаа зөвлөгөөг дагалгүй яах вэ. Ер нь би өглөөний бэлтгэл дээр олсонд сайн явдаг. Одоо улам сайн явж, цээж, хоёр гарны атгалтаа сайжруулна аа.

-Зарим бөх амжилтдаа ханаад эсвэл сэтгэл зүйгээ хянаагүйн улмаас дээгүүр даваанд санасан барилдаанаа гаргаж чаддаггүй. Та бүх даваанд сэтгэл зүй өндөртэй, өөрийнхөөрөө барилдаад түрүүллээ. Үзүүр, түрүүнд барилдахын өмнө юу бодогдож байв?

-Наймын даваанд барилдахаар гарахын өмнө сэтгэл их хөдөлж байлаа. Жүдогийн олимп, дэлхийн шилдгүүдтэй барилдан, том дэвжээнд хүч сориод үзчихсэн нь надад давуу тал болсон. Сэтгэл хөдлөлөө дарж, тайвширч байгаад өрсөлдлөө. Мэдээж унана гэж барилдахгүй. Б.Пүрэвсайхан зааныг давна гэж бодоод л барилдсан.

Аль болох золгохгүй барилдан, санасан мэхээ зоригтой хийе гэж төлөвлөсөн. Үүнийхээ дагуу барилдаад давлаа.

-Та учраа таарсан бөхчүүдтэйгээ их шуурхай барилдсан, богино хугацаанд давсан.  “Барилдаан удааширвал ашиггүй” гээд шуурхай өрсөлдсөн үү. Барилдаан тэгж өрнөж таарав уу?

-Барилдааны явц тэгж өрнөж таарлаа. Би ер нь шуурхай барилдах дуртай. Унасан ч, давсан ч харамсахгүйгээр, өөрийнхөөрөө барилдахыг боддог.

-Аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөх та боллоо. Хамгийн сайхан урмын үгийг хэн хэлэв?

-Аав, ээж хоёрын минь хэлсэн урмын үгээс их урам авлаа, илүү өндөр амжилт гаргах итгэл төрлөө.

-Бөхийн спортод хөл тавихад цэргийн начин цолтой аав тань нөлөөлсөн нь мэдээж. Спортоор хичээллэсэн, Ц.Шийрэв багшийн шавь болсон дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Бага байхдаа аавыгаа даваад, барилдааныг нь үзээд явдаг байлаа. Үндэсний бөхийн барилдаан үзэх, том цолтнуудыг дэргэдээс нь харахыг бөөн хүслэн. Бөхийн спортод дурлахын, барилдахын, амьдралаа холбохын эхлэл тэр байлаа.

2010 онд хичээлээсээ ирчихээд сууж байсан чинь аав “За, явъя хоёулаа. Жүдогийн бэлтгэл хийлгэнэ” гээд намайг дагуулж Спортын төв ордонд очсон юм. Тэндээс нэг цагаан кимоно худалдаж авч билээ. Тэгж анх Ц.Шийрэв багштайгаа танилцан, бөхийн спортод хөл тавьж байлаа.

-Ц.Шийрэв багшийн олон, олон шавь бөхийн цөөнгүй төрлөөр өндөр амжилт гаргаж байна. Шавийн эрдэм багшаас гэдэг. Ц.Шийрэв багшийн шавь болсон нь таны амжилтад хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Миний өнөөгийн амжилт багштай минь салшгүй холбоотой. Ц.Шийрэв багш минь их сайхан энергитэй, сайхан хүн. Багшийн минь шавь нар бүгд өндөр амжилт гарган, сайн яваад нь баярладаг. Надад үргэлж зааж, зөвлөдөг. Үлгэрлэх зүйл багшид минь их олон.

-Жүдогоор ер нь ямар, ямар амжилт гаргаад байгаа билээ?

-Насанд хүрэгчдийн улсын хошой аварга. Өсвөр үе, залуучуудын улсын аварга, Азийн аварга, Зүүн Азийн аварга.

-2019 онд бэртлийн улмаас спортоос түр хөндийрсөн. Одоо бэртэл нь бүрэн эдгэрсэн үү?

-Бэртэл илааршсаан. 2019 онд Хөх хотын гран пригийн дараа бэлтгэл хийж байгаад бэртсэн. Тэрнээс хойш ерөнхийдөө үндэсний бөх рүү орсон.

-Үндэсний бөх рүү ороход жин нөлөөлсөн үү?

-Тэгсэн. Бэртсэний дараа 2-3 сар гэртээ байсан. Тэр үед сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад Дархан-Уул аймгийн наадамд барилдан, үзүүрлээд аймгийн заан болсон. “Үндэсний бөхөөр барилдаж болох юм байна” гэсэн бодол тэгэхэд төрсөн. Тухайн үед жин нэмчихсэн, буцаад 90 кг-д барилдахад амаргүй болсон. Тиймээс жүдогоос түр хөндийрч, үндэсний бөхөөр барилдахаар шийдсэн юм.

-Тэгэхээр үндэсний бөхөөр тууштай барилдаж буй хугацаа нь хоёр жил гаруй юм байна.

-Тийм ээ.

-Жүдогоос үндэсний бөх рүү хөрвөхөд давуу талтай болон эсрэгээрээ хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байв?

-Жүдо, үндэсний бөхийн спортод төстэй зүйл цөөнгүй. Үндэсний бөхийн мэх голдуу хийдэг нь надад давуу тал боллоо.

-Хэн, хэнээс үлгэрлэж явдаг вэ?

-Г.Өсөхбаяр аварга, Ч.Санжаадамба аварга, "Бөхбилэгт" дэвжээний багш, Рагчаа багшаасаа, нутгийнхаа том цолтой бөхчүүдээс үлгэрлэж явдаг.

-Үндэсний бөхийн нэр хүнд хөгжил зөвхөн том цолтнуудаас бус бөх бүхнээс шалтгаална. Таны эрхэмлэж явдаг зүйл юу вэ?

-Давсан ч, унасан ч тахимаа сайхан өгөөд, жудагтай, шударга барилдахыг эрхэмлэж явдаг. Том цолтнуудаа хүндэлж, аль болох үзүүштэй барилдаан гарган, түргэн шуурхай барилдахыг хүсдэг.

-“Энийг л засаж, залруулбал үндэсний бөх илүү хөгжинө” гэж бодож явдаг зүйл бий юү?

-Допингийн асуудал л байна. Энийг л нэг тийш гарган, цэгцэлчихвэл үндэсний бөхийн хөгжилд их нөлөөлнө.

-Нээрэн танай удамд бөх хүн бий юү?

-Байгаа. Цэргийн начин цолтой аавын маань талд улсын харцага Цэвээнжавын Юүвээ, улсын начин Цэвээнжавын Ванчигцэрэн, улсын начин, тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн нарын хүчтэн бий. Би эхээс гурвуулаа.

-Найз охинтой юу?

-Байхгүй ээ.

-Цаашид жүдо, үндэсний бөхөөр давхар хичээллэх үү. Эсвэл аль нэгээр нь дагнах уу?

-Давхар хичээллэнэ. Хоёулангаар нь өндөр амжилт гаргахын төлөө зүтгэнэ.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилээ цол ахьдаг гэж монгол түмэн, бөхчүүд бэлгэшээдэг. Дараа, дараагийн барилдаанд хэрхэн өрсөлдөхийг тань сонирхож, хүлээж буй хүн олон. Дараагийн зорилго тань юу вэ?

-Дараагийн зорилго тодорхой. Улсын цолтон болохын төлөө зүтгэнэ. Надад улсын бүх цол сайхан санагддаг. Сайн барилдаад, улсын аварга, арслан болохыг хүсдэг.

-Энэ жил улсын наадамд барилдах уу?

-Барилдана аа. Би өмнө нь улсын наадамд хоёр удаа (2018, 2020) барилдсан. Улсын наадмын бэлтгэлдээ одооноос шууд орно.

Түрүүлж, өсгөсөн аав, ээждээ, дэмжиж явдаг “Хатант интернэшнл” компанийн захирал Баярмаа эгч, Ням-Осор ах хоёртоо, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны хамт олондоо, багш нартаа, хамаатан садан, ах эгч нартаа баярлалаа. Улам их хичээнэ ээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-08 09:03

Сайхан з####уу байна

Зочин
Зочин
2022-02-08 09:03

Хоёр жил өнжсөн сар шиниын барилдаанд түрүүлнэ гэдэг аз хийморь шүү

zochin
zochin
2022-02-08 09:06

Наадмын дайтай барилдаанд тvрvvлсэн хvн улсын цолгvй байна гэдэг сонин тогтолцоо шvv

Зочин
Зочин
2022-02-08 09:20

баяр наадмын өдөрүүдэд одоо донсолгоод өгөх хэрэтгэй

Зочин
Зочин
2022-02-08 09:52

Цээж, хоёр гарын хөгжилд анхаар гэсэн их аваргын үгийг сайтар хичээж биелүүлээрэй, гол ясны бяр бол төрчихсөн хүү билээ шүү, улам хичээж урамтай сайхан барилдаанаар улсын цол ахиулж яваарай, амжилт хүсье.

Bold Bat
Bold Bat
2022-02-08 10:04

Bayar hurgey

Баяр Эрхэм
Баяр Эрхэм
2022-02-08 10:05

Mundag tamirchin

Eba Eba
Eba Eba
2022-02-08 10:05

Мундаг аварга болохын төлөө

Ganchuluun Altanhundaga
Ganchuluun Altanhundaga
2022-02-08 10:05

Монгол бөхийн дэвжээнд сайхан аварга гарахын төлөө л одоо үзэх хэрэгтэйдээ

Ичко Ганга
Ичко Ганга
2022-02-08 10:06

Mongol buhiin tsusiig selbeh tsag bolsoniig haruulsan yumshig saihan zaluu turuugee avlaa

Хакуна Матата
Хакуна Матата
2022-02-08 10:06

Yostoi uran mehtei goy barildaan haruulsandaa

Зочин
Зочин
2022-02-08 10:37

goy zaluu bn

Уг нь бөхийн фен биш л дээ
Уг нь бөхийн фен биш л дээ
2022-02-08 10:52

Пээдгэр бөхчүүдэд дургүй, бөх үзэх сонирхол төрүүлж эхэлсэн шүү. Сайхан аварга болоорой. Улс төрчдөөс хол байгаарай. Амжилт хүсье.

Zochin
Zochin
2022-02-08 11:11

Saihan hyyd amjilt sain saihniig eruue

Цэвэлсүрэн
Цэвэлсүрэн
2022-02-08 12:13

Сайхан ярилцлага болжээ

zochin
zochin
2022-02-08 14:55

Сайхан хүүд амжилт хүсье Даруу төлөв байж допингоос хол байгаарай хүү минь

Шударга иргэн
Шударга иргэн
2022-02-08 14:59

Сайхан Аварга бөх болоорой.

Zochin
Zochin
2022-02-08 15:07

Hamgiin saihaniig husie ulam ih amjilt gargaarai

123
123
2022-02-08 19:37

“Ёоё, ямар гоё вэ” МОНГОЛЧУУД АА ЁО ЁО ЁО ГЭЖ УУЛАГА АЛДАГИЙГ ЗОГСООЕ.....

Бөх
Бөх
2022-02-09 09:33

:Давсан бөхөө татаж босгож хүндэлж сурах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-02-10 00:51

Mundag yumbe dvvdee ilvv ih amjilt hvsiy ulsin avarga tsoltoi bolooroi gej yruuy????

Уншигч
Уншигч
2022-02-28 14:26

Язгуурын монгол , удам угсаа сайтай, даруу төлөв, өндөр ёс суртахуунтай бүсгүйтэй л гэрлэдэг юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button
22
0
Would love your thoughts, please comment.x
()
x