ДЭЛХИЙНИЙГЭМ

“Газпром” компани БНХАУ-д Алс Дорнодоос хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгууллаа

ОХУ-ын “Газпром” компани БНХАУ-ын Үндэсний нефть, хийн корпорац /China National Petroleum Corporation, CNPC/ корпорацтай хий худалдах гэрээг байгууллаа. Тодруулбал, нэг жилд 10 тэрбум шоо метр хийг Алс Дорнодоос нийлүүлэх юм байна. Гэрээг урт хугацаагаар байгуулсан байна.

Ийнхүү хоёр тал хий худалдах, худалдан авах урт хугацааны шинэ гэрээ байгуулснаар, “Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулах хийн хамтаар Хятадад нийлүүлэх байгалийн хийн хэмжээг 10 тэрбум шоо метрээр нэмэгдүүлж, нийт 48 тэрбум шоо метр болголоо.

Талууд баримт бичигт гарын үсэг зурсан нь Орос, Хятадын байгалийн хийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал алхам боллоо хэмээн онцолж байна.

“Газпром” компанийн захирал Алексей Миллер хэлэхдээ, “БНХАУ-тай байгуулсан байгалийн хийн хоёр дахь гэрээ нь хоёр орны “харилцан итгэлцэл, түншлэлийн харилцаа хамгийн өндөр төвшинд байгааг” гэрчилж байна. “CNPC” корпорацын манай Хятадын түншүүд “Газпром”-ыг найдвартай хий нийлүүлэгч гэдгийг баталж чадсан үйл явдал боллоо” хэмээв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Газпром” компани болон “CNPC”-ийн хооронд байгуулсан гэрээг 25 жилийн хугацаатай гэрээ гэдгийг тодотгов.

2014 онд 38 тэрбум шоо метр эзлэхүүнтэй хийг 30 жилийн хугацаанд “Сибирийн хүч” хийн хоолойгоор нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан ба 2019 онд энэ ажлыг эхлүүлсэн билээ.

Монгол Улсаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” байгалийн хий дамжуулах хоолойн зураг төслийн ажлыг 2020 оны есдүгээр сард эхлүүлсэн ба Хятад луу жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм.

Энэ оны хоёрдугаар сарын 4-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх үеэрээ Москва Алс Дорнодоос жилд 10 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээг боловсруулан бэлтгэсэн хэмээн мэдэгдэж байсан билээ.

”Сибирийн хүч-1” төслийн тухайд дурдвал, ОХУ-ын “Газпром” компани, Үндэсний нефть, хийн корпорац /China National Petroleum Corporation, CNPC/ корпорацын хооронд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг 2014 оны тавдугаар сард байгуулснаар хэрэгжсэн байдаг.

Гэрээний дагуу Оросоос жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятадад нийлүүлэх ба Зүүн Сибирээс байгалийн хийг “Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойгоор 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн Хятадын зах зээлд экспортолж эхэлсэн. Эхний жил 4.6 тэрбум шоо метр байгалийн хий, 2021 оноос 10 тэрбум, 2022 оноос 16 тэрбум, 2024 онд 25 тэрбум, 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх юм.

(Эх сурвалж: Reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button