ТОЙМ: Уран гулгалтын багийн төрөл өндөрлөлөө

Бээжингийн олимпын Уран гулгалтын төрөл багийн тэмцээнээр эхэлсэн. Уг төрөлд Олимпын туган дор оролцож буй ОХУ-ын баг алтан медаль, АНУ мөнгө, Япон хүрэл медаль хүртсэн юм. 2014 оны олимпын наадмаас хойш гурав дахь удаагаа болж буй багийн төрлөөс харахад бүх төрлөөр жигд гулгаж буй баг бол Орос байлаа. АНУ эрэгтэй богино үзүүлбэрт Нэтан Чэнийг оролцуулсан бөгөөд тэр багтаа 10 оноог авчирлаа. Бүжгийн хосууд ч үүргээ тултал биелүүлэв. Харин бусад хоёр төрөлд сайн уралдаж чадсангүй.
Япончууд хүрэл медаль хүртэхэд Шома Үно, Юма Кагияма нар гол үүрэг гүйцэтгэлээ. ОХУ-ын баг 2018 оны олимпд алтан медаль авч чадаагүй гол шалтгаан нь эрэгтэйчүүдийн төрөлд бага оноо авсан явдал байсан бол энэ удаагийн олимпд 18 настай Марк Кондратюк багийнхаа итгэл найдварыг алдсангүй, богино үзүүлбэрт 8, чөлөөт үзүүлбэрт 9 оноо авлаа.
ЗУРГИЙН ЦОМОГ:
Цар тахлаас үүдэлтэйгээр олон улсын тэмцээн зохиогдоогүй ч 2021 онд ОХУ дотооддоо олон төрлийн тэмцээн зохион байгуулж тамирчдынхаа формыг хадгалсан бөгөөд түүний нэг нь багийн тэмцээн байсан. Олимпын аварга Алина Загитова олимпын мөнгөн медальт дэлхийн хошой аварга Евгений Медведева хоёр нэг нэг багийг ахлан өрсөлдсөн бөгөөд энэ тэмцээнд Марк Кондратюк Евгений Медведевагийн багаас оролцож өөрийгөө ямар нөөц боломжтой тамирчин бэ гэдгээ нотолж чадсан юм. Улмаар 2022 оны улсынхаа аварга европын аварга болж олимпд оролцох эрхтэй болсон. Түүнд оросын мэргэжилтнүүд болон алдартай тамирчид сэтгэл хангалуун байна.
Бүжгийн хосын төрөлд өрсөлдсөн Никита Кацалапов багийн төрлөөр хоёр дахь алтан медалиа хүртлээ. Викториа Синицина, Никита Кацалапов хоёр европ болон дэлхийн аварга болсон. Мэдээж олимпын аварга болох нь тэр хоёрын гол зорилго. Бүжгийн хосын алдартай тамирчид болох Францын Гийом Сизерон, Габриэла Пападикс нар ковидын халдвараас сэргийлэх зорилгоор сүүлийн жил гаруйн хугацаанд олон улсын тэмцээнд төдийлөн оролцоогүй. Тэд 2021 оны Дэлхийн аварга, 2022 оны Европын аваргыг ч мөн өнжсөн. Харин 2021 оны зарим Гран прид оролцож аварга болсон билээ. Тэд эдгээр тэмцээнүүдэд Викториа Никита нартай таараагүй, оны эхэнд болсон Европын аваргад ч мөн оролцоогүй юм. Энэ нь нэг талаар цар тахалтай холбоотой боловч нөгөө талдаа Викториа Никита нартай таарахыг хүсээгүй үйлдэл байж болох юм гэсэн таамаг бий. Учир нь тэд 2020 оны Европын аваргад Викториа Никита нарт ялагдаж байсан удаатай.
Багийн тэмцээнд Франц улс оролцоогүй учраас Викториа Никита нарыг аль ч үзүүлбэртээ хамгийн өндөр оноог авна гэсэн таамаг биелсэнгүй. Учир нь тэд АНУ-ын хосуудаас богино болон чөлөөт үзүүлбэртээ аль алинд нь бага оноо авсан нь анхаарал татаж байна. Спортын хосын төрөлд өрсөлдөж буй европ болон дэлхийн залуухан аварга, алдарт Тамара Москвина болон Артур Минчук нарын багийн Анастасия Мишина, Александр Галямов нар чөлөөт үзүүлбэрт санаандгүй алдаа гаргаж хүссэн оноогоо ханатал авч чадаагүй ч төрөлдөө нэгээр гарч, багтаа 10 оноог авлаа. Тэдний гол өрсөлдөгч бол Хятадын алдарт хос, өмнөх олимпын мөнгөн медальт Sui Wenjing Han Cong нар билээ. Гэхдээ оросын бусад хосууд болох Александра Бойкова Дмитрий Козловский, Евгений Тарасова Владимр Морозов нар ч медалийн төлөө гол өрсөлдөөнийг хийнэ.
Эмэгтэйчүүдийн төрөлд орос алт, мөнгө, хүрэл медалийг авна гэсэн таамаг бараг 100 хувь биелэх биз ээ. Энэ удаагийн олмимпын эмэгтэйчүүдийн багийг алдарт дасгалжуулагч Этери Тутберидзегийн багийн охид бүтэн төлөөлж байна. Оросын гурван удаагийн аварга, дэлхийн аварга Европын аваргын хошой мөнгөн медальт Анна Щербакова оросын аваргын мөнгө хүрэл медальт дэлхийн аваргын хүрэл Европын аваргын хүрэл медальт Русский ракет хочит Александра Трусова, шинэхэн Европын аварга Камила Валиева нараас багийн төрөлд энэ удаад 15 настай Камила Валиеваг сонгожээ. Тэрээр дөрөвлөсөн сальков, дөрөвлөсөн тулуп 4т+3т болон 3 эргэлттэй аксель зэрэг хүндрүүлсэн элементүүдийг амжилттай хийдэг. Камила Валиевагийн хувьд Европын аваргаар богино үзүүлбэрт 90.45 оноо авч дэлхийн рекордыг шинэчилсэн. Түүний дасгалжуулагчид бол алдарт Этери Тутберидзе болон Сергей Дудаков Даниил Глейхенгауз нар юм. Өнөөдөр дэлхий дээр эдний багийн охидыг гүйцэх эмэгтэй тамирчид бараг алга. Тооны хязгаар байдаггүй байсан бол тэд олимпын бараг эхний 1-6 байрыг ч авч чадахаар чадварлаг охидыг бэлдэж чадсан. Гэхдээ уралдаан гэдэг тааварлашгүй билээ. Юу болохыг хүлээх л үлдлээ.
Хоёрдугаар сарын 08-ны өдөр эрэгтэйчүүдийн төрөл эхлээд байна. АНУ-ын Нэтан Чэн өмнөх олимпд богино үзүүлбэрт хэд хэдэн алдаа гаргаж 17-р байраар гарч ирсэн ч чөлөөт үзүүлбэрт алдаагаа нөхөж 5-р байр эзэлсэн. Энэ бол гайхамшиг. Өчигдөр богино үзүүлбэрт тэрээр өөрийн хувийн амжилтаа шинэчилж, дэлхийн шинэ рекордыг тогтоолоо. Одоо түүнд олимпын аварга л хэрэгтэй. Түүний гол өрсөлдөгч олимпын хошой аварга Японы Юзүрү Ханью мөнгөн медальт Шома Уно болон японы залуу тамирчин Юма Кагияма нар байх болно.Олимпын хошой аварга Юзүрү Ханью нэг элементээ гүйцэтгэж чадаагүй боловч түүнд одоогийн байраа ахиулах боломж бий.
С.АРИУНГЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа.
Сайхан мэдээлэл байна
Баярл�##�аа. Сайхан мэдээлэл байна
үнэхээр гайхамшигтай од байна даа эмэгтэй хүний сайхан ялдам үзэсгэлэнг харууллаа