Бээжингийн Өвлийн олимп-2022

Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзе гэж хэн бэ

ОХУ-ын уран гулгалтын тэр тусмаа эмэгтэйчүүдийн төрөлд шинэ уур амьсгал, шинэ өнгө төрхийг бий болгосон дасгалжуулагч бол Этери Георгиевна Тутберидзе юм. Тэрээр 1974 оны 2-р сарын 24-ний өдөр Москвад Лихачевийн үйлдвэрийн жирийн ажилчин, гүрж гаралтай аав болон инженер орос ээжийн гэр бүлд тав дахь охин нь болж мэндэлсэн аж. Нэг ах, гурван эгчтэй тэрээр 4-5 настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анхны дасгалжуулагч нь Евгения Зеликова байсан бол дараа нь түүнийг Эдуард Плинер дасгалжуулж байжээ.

Тутберидзе нурууны гэмтэл авсныхаа дараа Илья Авербух, Марина Анисина Оксана Грищук нартай нэг бүлэгт ЦСКА-д уран гулгалтын бүжгийн төрлөөр хичээллэж эхэлсэн байдаг. Мөн 1991-1992 оны улиралд Тутберидзе мөсний шоунд оролцохоор шийдэхээсээ өмнө Татьяна Тарасовагийн удирдлаган дор хэсэг хугацаанд бэлтгэл хийсэн гэдэг. Ийнхүү тэрбээр хэд хэдэн тэмцээнд оролцсон боловч санхүүгийн асуудлаас болж спортоо хэсэг хугацаанд орхих болов.

Бас нэгэн түүхийг сонирхуулахад, Тутберидзе 18 настайдаа АНУ-д Оросын мөсний шоунд ажиллахаар очсон боловч паспортны асуудлаас болж удалгүй АНУ гэрээгээ цуцалж байсан удаатай. Мөн түүний амьдарч байсан Оклахома хот дахь байранд 1995 оны 4-р сарын 19-нд террорист халдлага гарч азаар амьд үлдсэн түүх бий.

Тэрээр дасгалжуулагч, балетын бүжиг дэглээч гэсэн хоёр дээд боловсролтой. 1994-1998 онд АНУ-д дасгалжуулагчаар ажилласны дараа Орос руу буцан ирж, 1999 онд ОХУ-ын Биеийн тамирын академыг эчнээгээр төгсжээ. Эргэж ирснийхээ дараа шууд тогтсон ажилтай болж чадалгүй, хэд хэдэн ажил сольсны дараа 2013 оноос өнөөг хүртэл Москвагийн Спортын хорооны “Самбо-70” спорт, боловсролын төвийн Хрустальный тэнхимийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ:

2014 оны 1-р сарын 19-нд Унгарын Будапешт хотод болсон уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээнд Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тутберидзегийн хоёр шавь нэгэн зэрэг шагналын тавцанд гарч эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Юлия Липницкая алт, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сергей Воронов мөнгөн медаль хүртсэн нь түүний анхны том амжилт байлаа. Улмаар 2014 оны Сочийн өвлийн олимпд Юлия Липницкая багийн төрөлд алтан медаль хүртсэн. “Харамсалтай нь ганцаарчилсан төрөлд багийн төрөлд үзүүлсэн шигээ гялалзсан амжилтыг гаргаж чадаагүй. “Шиндлерийн бүртгэл” киноны хөгжимд үзүүлбэрээ үзүүлсэн улаан даашинзтай 15 настай охиныг дэлхийн уран гулгагч сонирхогчид одоо ч мартаагүй, түүний гайхамшигтай авьяасыг биширсээр байгаа билээ.

Ямар ч амжилтын ард нэг хүн байдаггүй. Этери Тутберидзе үнэхээр биширмээр багийг бүрдүүлж чадсанаараа оросын уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрлийг шинэ шатанд гаргаж чадсан юм. Түүний хамтрагч үсрэлтийн техникийг тавьдаг Сергей Дудаковыг энд онцлохыг хүсэж байна. Этеригийн багийн амжилтыг энэ хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Мөн авьяаслаг бүжиг дэглээч Даниил Глейхенгауз 2014 оноос эдний багт орж ирснээр чадварлаг баг бүрэлдэж чадсан. Сергей Даниил нар өсвөр, залуу үедээ мөн гулгагч байсан. Данийл Глейхенгаузын ээж Людмила Борисовна Шалашова мөн Этери Тутберидзегийн багийн балетчин, балетын багш байсан бөгөөд 2019 оны наймдугаар сарын 29-нд нас баржээ.

Европ болон дэлхийн хошой аварга олимпын мөнгөн медальт Евгений Медведева, олимп, тив, дэлхийн аварга Алина Загитова, Европын аварга, Финал гран пригийн аварга NHC trophy-н аварга Алёна Косторная, үндэсний гурван удаагийн аварга европын аваргын мөнгө, дэлхийн аварга Анна Щербакова, европ болон дэлхийн аваргын хүрэл медальт Александра Трусова, дэлхийн аваргын мөнгөн медальт Элизабета Турсынбаева, европын аваргын хүрэл медальт Морис Михайлович Квителашвили, европын аварга Камила Валиева болон гран при тэмцээнүүддээ өсвөр үедээ түрүүлж байсан авьяаслаг гулгагчид болох Дарьяа Усачева, Майя Хромых, өсвөр үеийн тэмцээнүүдэд тэргүүлж буй Софьяа Акатева, Аделия Петросян нарын бишрэм авьяаслаг охид одоо Этеригийн багт хичээллэж байна.

Анна Щербакова 2021 оны үндэсний аварга шалгаруулах тэмцээн
Александра Трусова Skate Canada 2019

Мөн тэрээр хөвгүүдтэй ажиллаж эхэлсэн, төдийгүй хосын уран гулгалтын нэрт тамирчид болох Евгений Тарасова, Владимр Морозов нарыг ч мөн багтаа авч дасгалжуулж байна. Хэдхэн хоногийн өмнө түүний охин Диана Девис өөрийн хамтрагч Глеб Смолкины хамт бүжгийн төрөлд амжилттай оролцлоо. Түүний ганц охин Диана Девис АНУ-д төрсөн. Өнөөгийн амжилтад хүрэхийн тулд тэр шулуун замаар явж ирээгүй. Бүхий л бартаа саад бүрийг даван туулж чавдарлаг багийг бүрдүүлэн өнөөдрийн амжилтад хүрсэн.

Тэрээр бишрэн шүтэгчдийн зэрэгцээ шүүмжлэгчдийн овоо хараан дунд ажилласаар... 2018 оны Пёнчаны олимпын дараа алтан медаль л гол зорилго нь байсан Евгений Медведева багаа орхиж Канадын алдарт дасгалжуулагч Брайн Орсерын багруу шилжсэн нь түүнд сэтгэл зүйн хувьд цохилт болсон. Учир хамгийн хайртай шавь нь Женя байсан. Түүний дасгалжуулагчийн карьер өсөхөд нөлөөлсөн гол тамирчин яах аргагүй Евгений Медведева байсан гэхэд болно. Дэлхийн спортын хэвлэл, сувгууд энэ асуудлаар хэсэгтээ л буцалж байлаа. Гэвч хоёр жилийн дараа эргээд ирэхэд нь Этери хүлээж авсан юм. Мөн 2020-2021 оны улиралд Александра Трусова Алёна Косторная хоёр цувраад олимпын аварга Евгений Плюшенкогийн академруу явж шуугиан тарьсан. Гэхдээ тэр хоёр ялангуяа Алёна Косторнаягийн амжилт өөр багруу шилжсэнээр буурсан. Энэ нь ковидоор өвдсөнтэй нь ч холбоотой байсан биз ээ. Ингээд улирал дуусангуут хоёулаа мөн л багтаа эргэн ирсэн.

Алёна Косторная 2019 финал гран при богино үзүүлбэр
Алёна Косторная финал гран при 2019 чөлөөт үзүүлбэр

Анна Александра, Алёна гурвыг уран гулгагч сонирхогчид 3А хэмээн нэрлэж бүх тэмцээний шагналын тавцанг энэ гурав эзэлж байлаа. Гэхдээ өсвөр үед уралдаж байсан урт хөлтэй авьяаслаг охин Камила Валиеваг 2022 оны олимпын аварга болно гэдгийг спорт сонирхогчид таамаглаж 3А-ийн хэн нь олимпын тэмцээнээс хасагдахыг харин таахад бэрх байсан. Алёна Косторная дөрөвлөсөн эргэлтийг гүйцэтгэж чаддаггүй ч оролцсон гран при тэмцээнүүддээ богино үзүүлбэрт 3А эргэлтийг нэг, чөлөөт үзүүлбэрт 2 удаа ямар ч алдаагүй гүйцэтгэж 2019 оны финал гран прид 247 оноогоор дэлхийн рекордыг тогтоож байсан. Багаа сольсон, ковидоор өвдсөн гээд олон асуудлаас сүүлийн нэг жилд амжилтаа ахиулж чадаагүйн дээр гарын бэртлээс шалтгаалан оны 2022 үндэсний аваргын тэмцээнд оролцож чадаагүй учраас олимп хүрэх боломжгүй болсон. Этери Тутберидзегийн багт дараагийн олимпын циклийг шуугиулах олон охид, хөвгүүд бий. Өнөөдөр дэгдээд буй Камила Валиевагийн допингийн асуудал хэрхэн шийдэгдэхийг дэлхий нийтээрээ харж байна. Камила бол ховорхон авьяас. Тиймээс дараагийн циклд ч мөн амжилт гаргах биз ээ. Тэрээр 2019,2021 онд өөрийн мөсний шоугаа амжилттай хийж Оросын олон хотоор шавь нарын хамт аялан тоглосон билээ.

С.АРИУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-17 16:14

Гайхамшиг ...

Холбоотой мэдээ

Back to top button