"Тель Авив-2022"-аас эхний өдөр гурван хүрэл медаль хүртлээ

Израйлын Тель Авив хотноо IJF-ийн дэлхийн цуврал тэмцээнийг Гранд Слам ангилалаар зохион байгуулж байна. Тель Авив хотноо 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хуран чуулжээ. Эхний өдөр манай улсаас зургаан жүдоч хүч үзлээ. Улмаар
-48кг Б.Баасанхүү
-60кг Б.Цогт-очир
-66кг Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ.

- "Тель Авив-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртлээ.

-Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Бямбажавын Цогт-Очир Гранд Слам ангилалаас анхны медалиа гардлаа. Тэрбээр Тель Авив-2022 Гранд Сламын -60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Гүрж гаралтай Недерландын жүдоч, Токио-2020 олимпын тавдугаар байрын шагналт Торнике Цжакадоег нэмэлт цагт буулгаж авлаа.

-66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Францын Дайки Боубаг торгуулиар ялсанаар Гранд Слам ангилалаас ээлжит медалиа гардлаа.
Ингэснээр манай улс медалийн чанараараа Тель Авивын Их дуулгын эхний өдөр гурван хүрэл медальтайгаар 34 орноос наймдугаар байрт бичигдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.