Ярилцлага

Азийн хөлбөмбөгийн холбооноос онцолсон “од” хөгжөөн дэмжигчтэй ярилцлаа

Өнгөрсөн өдрүүдэд Монголын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр тоглолт хийж, маш олон фанат нь тэднийг дэмжихээр ирсэн байв. Үүний дундаас Монголын шигшээ багийн үнэнч фанат болох н.Цэцэнбаатарыг дурдахгүй байхын аргагүй.

Тэрээр шигшээ багийнхаа тоглолтыг үзэж буй үзэгчдийг уриалан, маш идэвхтэй байдгаараа алдартай нэгэн. Азийн хөл бөмбөгийн холбооны инстаграм хуудсанд түүний зураг нийтлэгдэж, FIFA TV-ын нэвтрүүлгийн үеэр хүртэл түүнийг онцгой шүтэн бишрэгч хэмээн дурдсан байдаг. Иймд бид түүнтэй 2019.09.10-ны өдөр болсон Тажикстан Монголын багийн тоглолтын дараа хэсэг хуучиллаа.

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Шигшээ багийнхан маань хожлын дайтай сайн тоглолоо. Таны хувьд сэтгэгдэл хэр байна вэ?

Тажикстаны хаалгач нь мундаг юм байна. Манайхан маш сайн тоглосон, үүнийг баттай хэлж байна.

-Мьянмар улстай хийсэн тоглолтын үеэр та ирээгүй байсан хаагуур байв?

-Харин тиймээ. Хүмүүс намайг үнэнч фений ажлаа тасалсан гээд ихэд сурагласан. Ах нь ажлаа тасалсан ч тусгай даалгавартай явсан юм. Өнөөдөр ч уг нь ирэх боломжгүй. Маргааш өнөөх чухал даалгавар байсан ч түүнийгээ хаяад ирсэн чинь баг маань хожигдчихлоо. Гэхдээ хэлсэн шүү дээ үнэхээр сайн тоглосон гэдгийг баттай хэлж байна. Зүгээр л сүжгээр бодоход, муу ах нь ирдэггүй байж дээ. Даалгавраа хийгээд явж байдаг байж. Тэгсэн бол өмнөх тоглолт шиг хожихгүй юу гэж бодоод өөртөө гомдож байна /уйлав. сурв/

-ҮНЭНЧ ФЕНИЙН АЖЛАА ТАСЛААД ХААЧИВ ГЭХЭД НЬ БИ “ААГТ” АВСАН ГЭЖ ХАРИУЛСАН-

-Нууц биш бол үнэнч фанатын ажлыг таслуулах ямар даалгавар байсан юм болдоо? Таныг ажлаа тасалсан гэж хэлсэн хүмүүст ямар хариу хэлэв?

Би “аагт” авсан гэж хэлсэн. Ах нь бэр гуйсан юм байхгүй юу. Маргааш ч бэр гуйх байсан. Гэхдээ өнөөдөр манай баг хожсон бол ах нь 30 нас залуужих байсан байх аа. Сая ажлаа таслахад минь огт танихгүй хүмүүс хүртэл асууж сураглаад, ахаа ингээрэй тэгээрэй гэсэн, тэр бүрд нь баярласан шүү.

-Зарим тоглолтуудын дундуур “Халуун элгэн нутаг” дууг дуулж байсан. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг ч дуулсаар байдаг шүү дээ?

Халуун элгэн нутаг чинь ганц хөлбөмбөгчдийн дуу биш, Монгол хүн бүрийн дуулах ёстой дуу. Ямар ч төрлийн спортынхон дуулж явдаг учир энэ дуугаа хөгжөөж явахыг боддог. Хожигдож, ялагдчихаад чимээгүйхэн гараад явснаас энэ дуугаа дуулаад гарах нь илүү дотно сайхан байдаг. Тийм учраас солгой хоолойтой ч гэсэн энэ дуугаа хааяа нэг хөгжөөнө шүү дээ.

-Зарим хүмүүс хэт идэвхтэй хөгжөөн дэмжихэд нь дургүйлхдэг байх, та энэ үед хэрхдэг вэ?

-Тэдний л асуудал. Ах нь хөл бөмбөгөө үзэж байхдаа л жаргалаа эдэлж явдаг хүн. Ер нь хөл бөмбөг чинь бүх хүн үзэж болдог сайхан спорт. Ах нь Монголын хөл бөмбөг дэлхийн тавцанд гарна гэдэгт итгэж явдаг.

-ТЕХНОЛОГИОС САЛДАГГҮЙ ЗАЛУУСЫГ ХӨЛ БӨМБӨГ СОНИРХОЖ ҮЗЭЭСЭЙ ХЭМЭЭН ХӨГЖӨӨН ДЭМЖИЖ, ХӨЛ БӨМБӨГТ ОЙРТУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Хөл бөмбөг хэмээх спортод хэзээ дурлах болов?

-Миний хувьд 1977 онд буюу Нийслэлийн 13-р сургуульд суралцдаг байхаасаа хөл бөмбөг тоглож эхэлсэн. Тэр цагаасаа хойш энэ спорттой уялдаатай явна. Уулыг цас дарна, эрийг нас дарна гэгчээр ах нь одоо тоглож чадахаа байгаад тэмцээн уралдаануудаа үзэж байна. Компьютер утаснаас салдаггүй залуусаа хөл бөмбөг сонирхож үзээсэй гэсэн үүднээс л идэвхтэй хөгжөөн дэмжиж, хөл бөмбөгт ойртуулахыг хичээдэг нь энэ.

-Таны хүү шигшээ багт тоглодог байсан гэж сонссон. Хүүгээ байх үеэс илүү идэвхтэй хөгжөөн дэмжих болсон уу?

-Бага хүү Ц.Дарамбаяр маань шигшээ багт тоглож байсан. Ах нь хоёр хүүтэй. Хоёулаа хөл бөмбөг тоглодог. Одоо том хүү маань Австрали улсад бий. Харин бага хүү Дармаа эндээ “Атлетик 220” клубт тоглож байна. Хүмүүс намайг хоёр хүүгээ дэмжиж буйг хараад их шоолдог байлаа. Пунцагаа, Дармаа хоёрыг ялгаж дэмждэг, өөр өөр газраас гарсан хүүхэд аятай гэдэг. Гэхдээ хоёр хүүгийнхээ тоглолтыг бараг үздэггүй байсан дөө. Би бага хүүгээ цаашид илүү удаан тоглоно гэж бодоод дэмжилгүй дарж, хурцалж ирсэн. Аав нь дэмжээд аархаад байхаар хүү минь бахдаад амжилт нь багасчихвал яах вэ.

-Хүү тань шигшээ багт байсан шүү дээ. Тухайн үед нь дэмжиж, тоглолтоо үздэг байсан уу?

-Үзэлгүй яахав. Тэнд ганцхан миний хүү бус халхын сайхан хүүхдүүд, хөл бөмбөгчид маань байна. Шигшээ багийнхаа хувьд би тэднийхээ өмнө сөхөрнө шүү дээ.  Харин баг, клубийн тоглолтын хувьд бол өөр шүү.

-Ямар багийг дэмжиж байгаа вэ?

-Том хүүгийнхээ тоглодог байсан “FC Ulaanbaatar” багийг их дэмждэг байлаа. Одоо ч дэмжиж амжилт гаргаасай гэж хүсэж буй. Гэхдээ энэ жилээс бага хүүгийнхээ тоглож буй “Атлетик 220” багийг дэмжиж болсон. Өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн багийнхныгаа гомдох вий гэх үүднээс тэдэндээ хэлсэн. Ах нь та хэдийгээ зөндөө дэмжсэн, одоо бага хүүгийнхээ багийг албан ёсоор анх удаа дэмжлээ шүү гээд.

-ШИГШЭЭ БАГАА ДЭМЖИХЭЭР ХАМТ ГАДАГШАА ЯВАХААР ВИЗ ХҮРТЭЛ МЭДҮҮЛЖ БАЙСАН-

-Шигшээ багаа дэмжиж хамгийн холдоо хаа хүртэл явж байсан бэ?

Одоогоор Орхон аймаг орсон байна. Уул нь шигшээ багаа дэмжихээр гадаад явахад нь хамт явах байсан юм. Бүүр виз ээ хүртэл мэдүүлчихсэн байж байгаад тухайн үедээ явж чадаагүй, үнэхээр харамсалтай. Манай холбооныхон хүртэл намайг хамт явахад маш их дэмжлэг үзүүлж, уриалж байсан шүү дээ. Одоо тэгээд том хүү дээрээ очиж амьдрах болсон учраас цаашид болох тоглолтуудаа хамт явж дэмжинэ гэсэн хүсэл минь худлаа болж байх шиг байна.

-Хөл бөмбөгөөс салшгүй холбоотой хүн юм чинь одоо тоглоё гэвэл үзээд алдах уу?

-60 нас хүрч байгаа надад хүсэл байв ч хэцүү. Ёстой л санаа нь сансар. Яахав өнхрөөд ирсэн бөмбөгийг хуулиар нь ганц нэг өшиглөөд авах л хүсэлтэй болсон доо /инээв. сурв/

Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Намайг дэмждэг байсан хамт олон бий. Тэр тусмаа дулааны шугам сүлжээний хамт олон минь. Тэмцээн уралдаанд оролцоод алга болох үед ажлаас минь чөлөөлж маш их дэмждэг байсан. Энэ боломжийг ашиглаад 60 жилийн ойн баяр нь тохиож буй үе үеийн дулааны шугам сүлжээний хамт олондоо маш их баярлалаа. Түүнчлэн хоёр сайхан хүүг минь төрүүлсэн ханьдаа баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна.

-Цөөн ч гэсэн хугацаанд хуучилсан танд баярлалаа. 

Юу гэж дүү минь. Өчүүхэн “балиашиг” намайг тоож ирж, ярилцлага авч байгаад нь үнэхээр их баярлалаа. Хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Хөгшин би буруу зөрүү ч ярьж байж магад, энэ бүгдийг минь ойлгоорой. Бас энэ завшааныг ашиглаад талархдаг хүмүүстээ баярласнаа илэрхийлж буй хүн шүү дээ.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button