СПОРТ

Жүдогийн шигшээг дасгалжуулах ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ эрхмүүд

Монголын жүдогийн холбоонд төдийгүй жүдогийн спортод шинэ салхи сэвэлзэх нь. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Бахдам олон амжилтаар монгол түмнээ баярлуулсаар ирсэн Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, шигшээ багийн бүх дасгалжуулагч ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдэв. Тэгэхээр шигшээ багийн дасгалжуулагчдыг шинээр хэрхэн бүрдүүлэх нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Монголын жүдо бөхийн холбоо ийм сорилттой анх удаа тулгарч буй бус. Манай жүдочид 2011 оны ДАШТ-ээс ганзага хоосон ирэхэд шигшээгийн бүх дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Гэхдээ энэ удаа шигшээ багийн дасгалжуулагчид өөрсдийн хүсэлтээр ажлаа өгснийг онцлох нь зүйтэй болов уу. Түүнээс биш Ерөнхийлөгч тэднийг ажлаа өг гэж шахаж, тулгасан зүйл огт байхгүй гэдгийг тодотгоё.

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдыг хэрхэн бүрдүүлэхээс олон зүйл шалтгаална. Мэдээж хамгийн эхний сорилт нь тэд гар нийлж ажиллаж чадах эсэх. Дараагийнх нь Токиогийн олимп. Манай жүдочид ур чадвартай, амжилтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд өрсөлддөг ч тэд “Токио-2020”-д түрүүлэх, медаль хүртэх эсэх нь дасгалжуулагчдын ур чадвараас их шалтгаална.

Жүдогийн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчаас бүрдэх учиртай.


АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ ХАМГИЙН ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ ЭРХМҮҮДИЙН НЭГ НЬ ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ХАЛИУНЫ БОЛДБААТАР

Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох түүнд санал тавьсны дагуу 2006  онд шигшээ багийн туслах дасгалжуулагчаар томилогдон, Н.Түвшинбаярыг олимпын анхны аварга болгож, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн гавьяатан. Хос Гавьяат цолтой Монголын хоёрхон эрхмийн нэг (нөгөөх нь З.Дүвчин) тэрбээр 2011 оны Парисын ДАШТ-ий дараа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш БНХАУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн юм. ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяагийн хань Х.Болдбаатараас 2017 онд ярилцлага авахдаа “Токиогийн олимп хүртэл жүдо бөхийн шигшээ багт ажиллах дасгалжуулагчид тодрон, ажлаа хүлээж аваад удаж буй. Танд шигшээ багт орон тооны бус дасгалжуулагчаар ажиллах бодол бий юу” гэж асуухад
“Байлгүй яах вэ. Миний туйлын хүсэл бол эх орондоо ажиллах, монгол тамирчдаа дасгалжуулах. Тийм болохоор хэрвээ намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллуулах санал тавибал би зөвшөөрнө. Эх орондоо ирснээсээ хойш жүдогийн шигшээ багийн танхимаар орж амжихгүй явна. Балжаа (О.Балжинням) багшаар ахлуулсан шигшээ багийнхан маань ёстой мундаг, бахархахгүй байхын аргагүй амжилт гаргаж байна. Бусад дасгалжуулагчийн ажилд хөндлөнгөөс оролцож, тэг, ингэ гээд шавь нарт нь зөвлөгөө өгөх шиг муухай юм байхгүй. Миний хамгийн дургүй зүйл тэр” гэсэн юм.


АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ДАРААГИЙН ЭРХЭМ БОЛ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР

Жүдогийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулсан туршлагатай тэрбээр тамирчны жаргал, зовлонг хамгийн сайн мэднэ. Жүдогийнхны өнөөгийн бэлтгэл, дасгалжуулалтад сэтгэл дундуур явдгаа үе үе шударгаар илэрхийлдэг Х.Цагаанбаатар Токиогийн олимп хаяанд ирсэн энэ үед жүдогийнхны бэлтгэлийг хэрхэн хийлгэх, ур чадварыг нь ахиулахыг сайн мэднэ. Нөгөө талаар хамгийн гол нь түүнийг шигшээгийн дасгалжуулагч болоход эсэргүүцэх, чамлах хүн ховор.


ТУРШЛАГА, УР ЧАДВАР ГЭЭД АЛЬ АЛЬ ТАЛААС НЬ БОДОХОД ШИГШЭЭГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ЭРХМҮҮДИЙН НЭГ НЬ “СҮЛД” СПОРТ ХОРООНЫ ДАСГАЛЖУУЛАГЧ, ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦЭДЭН-ИШИЙН ШИЙРЭВ

Бөхийн олон төрөлд шавь бэлтгэж, амжилтын дөрөөнд хүргэж яваа нь түүний бас нэг давуу тал. Зөвхөн жүдогоор л гэхэд ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, Азийн аварга Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар, Д.Төмөрхүлэг, энэ жил ДАШТ-д V байрт шалгарсан Ё.Басхүү, 2019 оны ДАШТ-д оролцсон, бөхийн цөөнгүй төрөлд дэлхийн дэвжээний медальтай О.Мөнхцэцэг, ОУХМ Л.Энхрийлэн гэх мэт олон шилдэг түүний шавь. Риогийн олимпод л гэхэд түүний дөрвөн шавь (Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн) зодоглосон. Улс бүр шилдгээ сойдог олимпын дэвжээнд нэг багшийн дөрвөн шавь өрсөлдөнө гэдэг ховор тохиолдол. 1993 оноос хойш дасгалжуулагчаар ажиллаж буй Ц.Шийрэвийн шавь нар жил жилийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д багаараа дээгүүр өрсөлддөг. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат тэрбээр чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Нармандах, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт, сүмоч Г.Ган-Эрдэнэ, улсын харцага Д.Анар, улсын начин А.Давааням, Б.Серик нарын анхны багш нь юм.


ГАРГАСАН АМЖИЛТААРАА, НЭР ХҮНДЭЭРЭЭ ЖҮДОГИЙН ШИГШЭЭГ АТГАСАН ГАР МЭТ ЗАНГИДАН, ДАСГАЛЖУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ЭРХМҮҮДИЙН НЭГ НЬ ОЛИМПЫН АВАРГА, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР.

Ямар ч байсан түүнийг шигшээгийн дасгалжуулагч болоход эсэргүүцэх хүн ховор, жүдогийнхон хүндлэх нь лавтай. Гэхдээ аварга олимпоос гурав дахь медалиа авахын төлөө зүтгэж байгаа. Зодог тайлаад дасгалжуулагч болно гэж таамаглахад арай эрт ч байж мэднэ. Хэрвээ тэгвэл шигшээгийн дасгалжуулагч болох магадлалтай эрхмүүдийн нэг нь аварга яах аргагүй мөн. Гэхдээ Н.Түвшинбаяр аварга Токиогийн олимпод зодоглохыг илүүд үзэж магадгүй.


ЖҮДОГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ЭРХМҮҮДИЙН НЭГ НЬ ГАВЬЯАТ ТАМИРЧИН ДОРЖХАНДЫН ЦЭРЭНХАНД

Сүүлийн жилүүдэд Монголын жүдогийн хүнд жингийн эмэгтэй тамирчдын амжилт эрс саарсан. Жүдогийн холбооноос энэ тал дээр ихээхэн анхаарч байгаа. Тиймээс зөвхөн хүнд жингийн гэлтгүй эмэгтэй тамирчдын амжилт, ур чадварыг ахиулахын тулд зайлшгүй хэрэгтэй хүмүүсийн нэг нь яах аргагүй Д.Цэрэнханд гавьяат. Ер эмэгтэй жүдогийн дасгалжуулагч болох магадлал тун өндөр.


ЖҮДОГИЙН ЦӨӨНГҮЙ ХҮНТЭЙ УУЛЗАЖ ЯВАХАД НЭГЭН ТАМИРЧНЫГ ШИГШЭЭГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЧИХООСОЙ ГЭЖ ИХЭД ХҮСЭЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ. ТЭР ХҮН БОЛ ДАШТ-ИЙ АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ГАНБАТЫН БОЛДБААТАР.

Түүнээс гадна шигшээ багийн дасгалжуулагчаар олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир, Гавьяат тамирчин Д.Баттулга, С.Мияарагчаа, Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр нар томилогдох магадлалтай. Мөн шигшээ багийн ажлаа өгсөн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарыг буцаан томилохыг ч үгүйсгэх аргагүй. Тэгээсэй ч гэж хүсэж байгаа хүн олон.

Бидний таамаглал нэг иймэрхүү. Уншигч та бүхэн өөрсдийн таамаглалаа сэтгэгдэл хэсэгт үлдээн, бусадтайгаа санал бодлоо хуваалцаарай.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ээгийнээ
Ээгийнээ
2019-09-13 10:22

Цэвэлмаа Эрдэнэт-од гээд мундаг 2 Гавъяатуудаа буцааж татсан нь дээр дээ,тэр тэнэг Бѳхбат.мангар Б�##�жинням 2 тоо л ххриуцлага тоцож �######�уулдаг юм байгаа биз,Цэвэлмаа гавъяатыг толгой бѳхийлгѳѳд уучл�##� гуйхад нулимс мэлмэрснийг нуух юун,агуу хүн шдээ,мундаг багш

Unen
Unen
2019-09-13 14:07

Unen

Сонирхогч
Сонирхогч
2019-09-13 10:36

Эмэгтэйчүүд дээр Эрдэнэт-од Цэвэлмаа 2 нь байсан нь дээрээ эрэгтэйчүүд дээр ахлахаар Х.Болдбаатар туслахаар Цагаанбаатарыг ажиллулв�##� зүгээр байхаа

Нямсүрэн
Нямсүрэн
2019-09-14 07:13

Болдбаатар Цагаанбаатар Цэвэлмаа Эрдэнэт-од нарт итгэл үзүүлье

Зочин
Зочин
2019-09-16 19:52

ХБолдбаатарыг томилчлоо ураа

Холбоотой мэдээ

Back to top button