НийгмийнСурвалжилга, Нийтлэл

НОХОЙН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ: Тэд тураах дасгал хийж, эзэнтэйгээ хамт кофе шопт тухалдаг

Монгол улсад хүүхдийг асарч хамгаалдагтай адилхан нохойг ч бас өдөр өнжүүлэхэд сургаж, бага, дунд, ахлах бүлэгт хуваан хичээл зааж, хүмүүжүүлж буй “Propet” төвийг зорилоо.

Энэ төв фейсбүүк хуудсаараа дамжуулан ямар нэгэн сурталчилгааг тогтмол байршуулж, үйлчлүүлэгч татахыг зорьдоггүй ч нохой тэжээдэг хүмүүсийн эчнээ танил болсон газар. Бид энэ удаад нохойн асрах төвийг зорьж сурвалжиллаа.


-ТЭД КОФЕ ШОПТ ЭЗЭНТЭЙГЭЭ ЗЭРЭГЦЭЖ СУУГААД ХООЛЛОДОГ-


Монгол Улсад нохой, муур тэжээдэг олон мянган иргэн бий. Тэд хайртай амьтдаа гадуур хөтөлж явахдаа үйлчилгээний байгууллагаар орох "эрхгүй" шахам байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэж, хамтдаа суугаад үйлчлүүлж, дураар нь дуу авиа гаргуулж болох кофе шоп энд бий.

Менежер Э.Төгөлдөр бидэнд хөтөч болон тус төвийг танилцуулав. Тэрбээр “Propet төвийн бусад төвөөс ялгарах онцлог хэсгийн нэг бол кофи шоп. Энд ноход эзэнтэйгээ зэрэгцэж суугаад хооллож болно. Монгол Улсад ганцхан байдаг тусгай зориулалттай үйлчилгээний цэг. Өрөөний шийдэл болоод чимэглэл нь бүгд нохойн хэлбэр, дүрс агуулсан. Түүнчлэн кофены аяга, суурь таваг ч нохойн зурагтай” хэмээв.

Мөн тус кофе шопт "Нохойгоо хүлээж буй эзэн ганцаараа суун үйлчлүүлж болно. Нохойтойгоо хамт суухдаа хананаас тусгайлан гаргасан ховилд тэднийг уяж бэхэлдэг" гэв.


Coffee shop дахь өрөөний чимэг гэрэл

Тус төвийн менежер, ажилчид бидэнд үйл ажиллагаагаа тайлбарлах зуураа нохойн тухай танин мэдүүлж "Нохой эзнийхээ зан төлөвийг дуу хоолойн өнгөөр нь мэдчихдэг. Эзнийхээ гомдсон, уурласан үеийг анддаггүй" гэх зэргээр хэлж байлаа. Энэ мэт бидэнд тайлбарлаж байсан зүйлсийн сонирхуулах үүднээс хавсаргав.


-ИЧИМХИЙ НОХОЙ 6-7 ХОНОГТ ХҮМҮҮЖДЭГ-

"Propet" төвийн менежер Э.Төгөлдөрөөс зарим зүйлийг лавлан асуув.

-Танайд ирсэн нохой тухайн өдөртөө ямар үйлчилгээ авдаг вэ?

-Манайд байрлаж байгаа нохойнуудыг өглөө сэрэнгүүт нь зориулалтын хайргатай талбайд бие засуулна. Дараагаар нь нийгэмших сургалтдаа орно. Сургалтаас гарч ирээд цайндаа орсны дараа унтлагын цагтай. Дуусгаад командын сургалт үргэлжилнэ. Шаардлагатай бол гадаах нийгэмшлийн хичээлд оруулна. Гэхдээ өвлийн улиралд гадаах хичээлийг удаан хугацаагаар орох боломжгүй. Хувцсыг нь өмсүүлж богино хугацаагаар гаргадаг. Дулааны улиралд гадаах хичээлийг ороход хүндрэлгүй. Нохойг дотор орчинд захирах, гадаад орчинд командлах хоёр асар хол ялгаатай. Учир нь дуу чимээ болоод орчин нь өөр байдаг учраас анхаарал төвлөрөлт өөрчлөгддөг.

-Нийгэмшүүлэх сургалтаас ноход юуг сурдаг вэ?

-Өдрөөр манай төвд байрлахад 2-3 удаа нийгэмших сургалтад сууна. Энэ сургалтад суусан нохой нь олон нохойн дунд биеэ зөв авч явах, зөв тоглож, шинэ хүмүүстэй харьцаж сурдаг.

Манай төвд анх удаа ирсэн нохойнууд орчин солигдсоноос болж стресстдэг. Бусад нохойтойгоо зөв тоглож чадахгүй, эвгүй үйлдэл гаргадаг. Тийм тохиолдлуудтай нийцэж сурна гэсэн үг л дээ. Манай төвд амьтнаа асруулахаар ирсэн бол ямартай ч үүрэнд нь бүтэн өдөржин хэвтүүлдэггүй. Тэр өдрийг хамтдаа завгүй өнгөрүүлдэг.

-Багш командлах, гэрийн эзэн командлах хоёр ялгаатай байдаг. Гэртээ ороод эзнийхээ үгэнд ордоггүй нохойд нийгэмшүүлэх сургалт хэр үр дүнтэй вэ?

-Эзнээ хараад нохойнууд хэтэрхий хөөрдөг учраас шууд цоройгоод команд авахад тааруу болдог. Тиймээс бид эзэнтэй нь хамт сургалт ордог. Багшгүйгээр "Яаж өөрийнхөө үгэнд оруулах вэ" гэдгийг давхар сураад дараа дараагийн нохойдоо ч хэрэгжүүлэх боломжтой.

-Ноход хэдий хугацааны дараа өөрчлөгдөж, хүмүүждэг вэ?

-Манай төвд есөн ажилтан бий. Үүнээс сургагч багш, ресепшн, зохион байгуулагч, хүргэлт, салоны ажилчин хоёр, бусад нь туслах ажилтан. Бид хамтдаа хөдөлмөрлөж нэг нохойг дунджаар 2-3 хоногт хүмүүждэг. Хэтэрхий бүрэг ичимхий нохойнд 6-7 хоног шаардлагатай.

-Бүрэг ичимхий гэж таны ярианд дурдагдлаа. Тэдний зан араншинг хэрхэн тодорхойлж, ялгадаг вэ?

-Нохой яг л хүн адил дөрвөн темпераменттай. Гэхдээ албан ёсоор ууртай, natural, passive гэсэн гурван төрөлд хуваана. Нохой яг л хүн шиг уурлана, стресстэнэ. Зарим нь хэтэрхий нөхөрсөг зантай.

-Тэгэхээр нохой тэжээх гэж байгаа иргэд зан төлөвийг нь ихэд анзаарсны дараагаар хамт амьдрах хэрэгтэй байх нь ээ?

-Монголд муур ихээр хаягдаж байна гэдэг боловч нохой бас адилхан. Энэ бас л нийгмийн эмзэг асуудал мөн. Нохой гөлгөн үедээ өхөөрдөм байдаг. Жаахан томроод ирсэн хойно өөрийн үүлдрийн зан төлөвөө ил болгоход эзэд нь залхаж, тэднийг хаядаг. Тиймээс анх авахдаа л маш сайн судлах хэрэгтэй. Судалсан зан чанараа өөртөө тохирох эсэхийг нягталсны дараа тэжээх эсэхээ шийдэх хэрэгтэй.


НАС, БИЕИЙН ХАРЬЦААГААРАА ЯЛГАРАН НЭГ АНГИД СУРЧ БАЙНА


Тус төвийн менежер Э.Төгөлдөр хэлэхдээ "Өдөрт 25-30 нохой тогтмол ирдэг. Харин баярын үед ачаалал ихсэж 60 гаруй нохой ирэх нь бий. Тэднийг нэг ангид нас болоод биеийн харьцаагаар нь ангилдаг агаад бага бүлэгт 3-6 сартай гөлгөн нохой хамрагдана. Хэрэв энэ насных ч гэлээ бие томтой бол дунд бүлэгт харьяалагдана. Харин бүр том биетэй бол ахлах бүлэгт гээд биеийн харьцаагаараа нэг бүлэг болж хичээлд хамт сууж, тоглоцгоодог. Нэг бүлэгт биеийн хэмжээ насжилтаараа ойролцоо ноход орвол ойлголцож, тоглохдоо амар" гэлээ.


"Нохойн гаргаж байгаа үйлдэл бүр утга учиртай гэж болно. Биенээ үнэртвэл танилцаж "Сайн уу" хэмээн мэндчилж байгаагийн илрэл. Харин хэн нэгний гарыг долоох нь "Хайртай шүү" гэх үгний илрэл" хэмээлээ.


-НОХОД ГҮЙЛТИЙН ЗАМ ДЭЭР ГҮЙЖ, ЖИНГЭЭ БАРЬДАГ-

Дотор нийгэмшлийн хичээл ордог танхим буюу хамгийн дээд давхарт байх нэгэн ангид бага бүлгийн гөлөгнүүд нийгэмшиж байна. Тэд бол 3-6 сартай нэг үеийн нөхөд. Тэдний нэг нь бөмбөгөөр, нөгөө нь олсоор тоглох дуртай бол үлдсэн хэд нь эрхлэх дуртай гээд бүгд өөр өөрийн гэсэн сонирхолтой.

Өвлийн амралтаар гэртээ удаан хугацаанд байсан нохой хичээлдээ ирээгүй хугацаандаа жин нэмжээ. Энэ талаар "Propet" төвийн менежер Э.Төгөлдөр хэлэхдээ "Өөрийн хэмжээндээ байх ёстой жингээс хэтэрсэн тул бусдаасаа илүү хугацаагаар гүйж, жингээ хасаж байгаа. Нохой бүр өөр өөр эрчим, ялгаруулдаг тул биеийн энергүүд нь ч ялгаатай байдаг. Үүнийг гадуур хамт гүйж нөхөж чадахгүй үе улирлын шинж чанараас хамаарч гардаг. Тиймээс өдөрт шатаах ёстой эрчим, энергийг гүйлтийн зам дээр гүйлгэх, дасгал хийлгэх зэргээр шийддэг" гэлээ.


Мөн энд агааржуулалтын системтэй нэг өрөөнд хоёр нохой тусгаарлагдаж байлаа. Тэд ханиад хүрсэн бөгөөд бусдадаа халдаах эрсдэлтэй тул ийн тусгаарлагдаж буй.


Бид усанд орж байгаа нохдын өрөөний хаалгыг онголзуулж, салхи авахуулахгүйн тулд өрөөний гаднаас ажиглав. Ингэхэд чих нь сортолзож, бидний зүг харж, зарим нь хуцаж байлаа. Энэ талаар тус төвийн туслах ажилтан хэлэхдээ "Тэд та нарыг эзнээ гэж бодоод анхаарлаа хандуулаад байна. Тэд үдээс хойш эзнээ ирэхийг хүлээдэг" гэв.

ТЭД ЗЭРЭГЦЭЖ ХЭВТЭЭД УНТДАГ

Нохдод хичээлээс гадна өөр нэгэн чухал зүйл бол унтлагын цаг. Өглөөний цагаар эрчим хүч, энерги ялгаруулсан тэднийг өдөр унтуулж амраахгүй бол үдээс хойших командын хичээл дээр нозоорцгооно. Хүнтэй л адил хэв маяг, амьдралын циклтэй. Анхаарал нь сарнисан үедээ энд тэнд очиж наларч хэвтэх, залхуурах зэрэг үйлдлүүдийг гаргадаг. Тиймээс тэднийг зэрэгцүүлж хэвтүүлээд унтуулдаг байна.


Ноход эзнээ хүлээдэг учраас гаднын хүн харахаараа ихэд хуцдаг. Биднийг очход нохдын хамгийн чухал буюу унтлагын цаг болж байсан тул зураг дарах боломжгүй байлаа.


МОНГОЛ УЛСАД АМЬТНЫ ХУУЛЬ ДУТАГДАЛТАЙ БАЙНА

"Propet" амьтан асрах төвийн үүсгэн байгуулагч Б.Батцоожоос эл төвийг байгуулсан түүх болоод амьтны эрхийн талаар ярилцлаа.

-Propet төв байгуулах санаа хэрхэн төрж байв?

-Propet төвөө нээгээд нэг жил найман сар болж байна. Нохойг хариуцлагатайгаар асрах хүн төдийлөн олдоггүй. Төсөл маань ковидын өмнө батлагдсан. Үйлчилгээгээ эхэлтэл ковидын улмаас нэг жил зургаан сар тасалдав. Энэ хугацаанд компанийнхаа зээлийг төлөх тал дээр асуудал их гарч байлаа. Төлөх үедээ төлөөд төлж чадахгүй үедээ хойшлуулсаар саяхнаас л үүдээ нээлээ.

-Өөрт тулгарсан бэрхшээлээс үүдэлтэй байх ээ?

-Нийслэлийн орон сууцад 70-80 мянган орчим нохой тэжээдэг гэх тоо бий. Тэр олон хүмүүс дунд над шиг асуудалтай тулгардаг нь олон. Өөрийн биеэр мэдэрсэн учраас ийм үйлчилгээний төв нээсэн л дээ. Бид айлын нохойг бусдынх гэж биш, өөриймсөг, дотно хандаж гэрээс нь очиж авах, хүргэж өгөх, усанд оруулах, хүмүүжүүлэх, сургах гээд сургалтын цогц үйлчилгээтэйгээр төслөө хэрэгжүүлж байгаа.

-Монголчууд нохойгоо гэр дотроо биш гадаа тэжээдэг байсан үе саяхан. Тэр үетэй харьцуулахад орон сууцанд амьтан тэжээх зэргээр амьтныг ихээр хайрладаг соёл дэлгэрчихжээ?

-Соёл гэхээсээ илүү нэг дэлхий дээр амьтай бүхэн зэрэгцэн оршиход суралцаж байна. Бүгд л адилхан амар тайван орчинд амьдрах эрхтэй. Тэднийг гадуурхаж болохгүй. Энэ дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй гэдгийг л ухамсарласан хүнээс гарах үйлдэл гэж болно.

-Нохойг нийгэмшүүлж болдог гэдгийг анх яаж мэдсэн бэ?

-Нохой хүнтэй адил оюун санаагүй учраас тэднийг нийгэмшүүлэх их чухал гэдгийг гадаад бичлэг үзэж мэдсэн. Тиймээс манай төв тэднийг нийгэмшүүлэхийн тулд Цагдаагийн ерөнхий газрын нохой сургалтын албаны зарим ажилчинтай хамтарч албан нохой сургалтыг явуулдаг.

Хүмүүсийн ойлголт багатайгаас болоод нохой тэжээдэг болон тэжээдэггүй иргэдийн дунд асуудал үүсдэг. Манай төвийн хувьд зэргэлдээх газрууд маань ойлгохгүй байх тохиол бий. Нохойгоо өдөржин биш цагийн хуваарийн дагуу л гаргадаг. Тэр богино хугацаанд салхилуулахаар дуу чимээ их гаргалаа гэдэг гомдлыг хэлдэг. Мэдээж агаар салхинд гарсан амьтад баярласандаа хуцна, дуу чимээ гаргана. Энэ нь манай байгууллагын үйлчилгээгээ явуулахад тулгардаг бэрхшээл.

-Зарим үед амьтны эрх энэ мэт байдлаар зөрчигдөх нь бий. Тэдний эрхийг хэрхэн хамгаалбал зохих юм бэ?

-Амьтанд тулгардаг асуудлыг ямар нэгэн байдлаар хуульчилж өгөх хэрэгтэй. Гудамжинд явж байгаа нохойг буудаж алах зэргийн харгис үйлдэл манай улсад их гардаг. Тэр амьтдын үржлийг зогсоох цацлага, спэй хэрэглэх ёстой. Хэн нэгэн амьтан тэжээхээр авч байгаа бол түүнийхээ өмнө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол амьтнаас уйдсан үедээ гаргаад хаячихдаг явдал бий. Иргэдийн хариуцлагагүй, энэрэнгүй бус үйлдлээс болж гудамжны ноход ихэсдэг. Тэд нь үржилд ороод олшрохоор улс нь буудаад устгачихдаг. Ийм нэг харгис тогтолцоог халах, цэгцлэх, хуульчлах асуудал манай улсад тулгамддаг.

-Ноходтой харьцаж, тэднийг хайрлаж арчлах ажилчдадаа ямар шаардлага тавьж, хэрхэн шалгаруулж авдаг вэ?

-Амьтан асрах төв юм чинь тэдний биеийн хэлэмжийг ойлгодог, хайрладаг, айдаггүй бол бидэнтэй хамтран ажиллахад хэзээд нээлттэй. Биеийн хэлэмж болоод харцаараа хүнтэй л адил өөрийгөө илэрхийлдэг. Хэрэв юу хэлээд байгааг нь ойлгохгүй байгаа бол манай төвд ирээд мэдэж болно. Хамгийн гол нь ажиллах, амьтантай чин сэтгэлээсээ харьцаж чаддаг болоод тууштай байхад л болно.

-Танай төвөөр үйлчлүүлсэн нохойн эздийн сэтгэл ханамж ямар байдаг вэ. Тэднээс урмын үг хэр их сонсож байна вэ?

-Анх нээгдсэнээс хойш үйлчлүүлж байгаа хүмүүс олон байгаа. Үйлчлүүлэгчдийн маань сэтгэл ханамж манай маркетинг болдог. Тиймдээ ч  бид сурталчилгаа тарааж маркетинг хийдэггүй. Ам дамжиж нэг хүнээс нөгөөд хүрсээр байгаад амьтан тэжээдэг хүмүүс дундаа танигдаж буй. Мэдээж ажил явуулж байгаа тохиолдолд сэтгэлд нийцээгүй гэх ганц, хоёр хүмүүс байдаг. Гэвч нийт үйлчлүүлэгчдийн 97 орчим хувь нь сэтгэл хангалуун байж, баярласан талархсанаа хэлдэг.

-Иргэд нохой тэжээх, сургахдаа юуг анхаарах шаардлагатай вэ?

-Ямар ч амьтныг тэжээсэн бай хүн тухайн амьтнаа судалж байж тэжээх нь зөв. Зөвхөн үзэмжээр хандаж болохгүй. Таны тэжээхээр сонгож байгаа амьтан чинь танай гэр бүлийн нэг гишүүн болж 10 орчим жил хайрлагдана гэдгийг л мэдэх хэрэгтэй.


Мөн тус төвийн сурагч нохойнууд тогтмол хичээлдээ сууж, дараагийн хичээлдээ ирэхдээ бие биенийгээ саначихсан байдаг бөгөөд эздийнхээ "Цэцэрлэгтээ явъя" гэж хэлэх үгээр гэрийнхээ гадаа гарч машин хайдаг. Бусад үед гадаа гарахдаа машин хайдаггүй аж. Түүнчлэн цэцэрлэгээ тарах дөхөхөд гэртээ харихаар хөөрч, догдолдог тухай тус төвийн менежер Э.Төгөлдөр хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 28, 2022 08:36

Нохойгооо авч очно

Зочин
Зочин
2 сар 28, 2022 12:17

Ямар хөөрхөн юм бэ

Zochin
Zochin
2 сар 28, 2022 13:55

Nokhoinoos dor amidraltai irged b.had buu maygla muusain baychuud.

Зочин
Зочин
3 сар 3, 2023 15:46
Reply to  Zochin

Ядуу байгаа нь хэний буруу вэ

Холбоотой мэдээ

Back to top button