НийгмийнНИЙГЭМСПОРТСурвалжилга, Нийтлэл

БТСУХ-ноос паралимпэд оролцох зардалд зориулж даргад 24, тамирчинд 13 сая төгрөг өгчээ

-БТСУХ-ны дарга Ц.Одонбаяр, Н.Оюунбат нарт улсын төсвөөс 48 сая төгрөг олгосон атлаа тамирчинд 13 саяыг өгчээ-

Төсвийн мөнгө “Ёо” гэхгүй ч төрийн албаныхны тансаглах, эрх мэдэл, давуу байдлаа ашиглан зувчуулах, халаасаа түнтийлгэх хэрэгсэл огт биш. Цар тахалтай, хаана хаана бүсээ чангалж буй өнөө цагт гэлтгүй бүхий л үед төсвийн мөнгийг гамнах, зардлаа хэмнэх чухлаас чухал.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай өнөө цагт төсвийн мөнгийг хэмнэх, үргүй зардал гаргахгүйн тулд гадаад томилолтыг хориглох ТОГТООЛ гаргаж, тодорхой чиглэл өгсөн.

Эл тогтоолын 5.4-т

"Бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх, төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардал, төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагууд шинээр автомашин худалдан авах зардал, захиргааны албан контор шинээр барих зардлыг тус тус 100 хувь, бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувь, коронавируст халдварын цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь тус тус хэмнэх чиглэл баримтлах" гэж заасан байдаг.

Үнэндээ эл тогтоол бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа юу, төрийн албаныхны тансаглал багассан уу гэвэл үгүй. Үүний нэг нь “Бээжин-2022” паралимпийн наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд багтан Хятадад очсон, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нарын жишээ. Тэд Бээжингийн паралимпын наадамд оролцохын тулд зардалдаа зориулж улсын төсвөөс 48 сая 185 төгрөг гаргуулжээ.

Энэ талаар "Шилэн данс"-нд байршуулсныг ЭНД дарж харна уу.

БТСУХ-ны ДАРГА Ц.ШАРАВЖАМЦЫН ТУШААЛ

ЗАРДЛЫН ЗАДАРГАА

ХЭРВЭЭ ТАМИРЧДЫН ТОСГОНД БАЙРЛАВАЛ ТЭДНЭЭС БАРАГ ЗАРДАЛ ГАРАХГҮЙ

Бээжингийн паралимпэд оролцох Монголын баг. Зүүн гар талаас дөрөв дэх нь Н.Оюунбат.

Ц.Одонбаяр, Н.Оюунбат нар БТСУХ-г бүр цаашлаад Монгол Улсыг төлөөлөн “Бээжин-2022” паралимпэд очсон тул улсынхаа багийн хамт тамирчдын тосгонд байрлах магадлал өндөр. Тамирчдын тосгонд байрлах албаны хүн, тамирчдын зардлыг олимп, паралимпын наадмыг зохион байгуулагч тал хариуцдаг учиртай, уг нь. Гэхдээ “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр тамирчдын тосгонд байрласан тамирчин, дасгалжуулагчдаас хоногт 50 ам.доллар авсан гэнэ.

Тэгэхээр Ц.Одонбаяр, Н.Оюунбат нар олимпын тосгонд дээрх зардлаар байрлах боломжтой. Тийм атал буудал, хоолны бас бус зардал гэсэн нэрийдлээр улсын төсвөөс 48 сая төгрөг гаргуулж авсан байгаа юм.

ТЭД ХОНОГТ 1.7 САЯ ТӨГРӨГӨӨР БУУДАЛД БАЙРЛАХААР ТООЦЖЭЭ

Дээрх зардлын задаргаанаас харахад, БНХАУ-д нэг нь 12, нөгөө нь 11 хонохоор төлөвлөж. Тэгэхдээ зөвхөн буудлын мөнгөнд л гэхэд ганцхан хоногт нэг нь 896 мянган төгрөг, хоёулаа нийлээд нэг сая, 792 мянган төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Тэгэхээр дээрх хоёр дарга Бээжингийн паралимпийн наадамд очоод ирэхийн тулд зөвхөн буудлын зардалд л гэхэд 20 сая төгрөг зарцуулах нь.

БТСУХ-НООС ПАРАЛИМПЭД ОРОЛЦОХ ЗАРДАЛД ЗОРИУЛЖ ДАРГАД 24, ТАМИРЧИНД 13 САЯ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ

“Бээжин-2022” паралимпийн наадамд оролцохоор Монгол Улсаас гурван тамирчин (Б.Ганболд, Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг), гурван дасгалжуулагч (Ж.Дашдондог, Д.Очирсүх, Н.Ганбаатар), нэг эмч (М.Булган), нэг сэтгүүлч (Д.Батжаргал) БНХАУ-ыг зорьсон.

Агентлагийнхаа хоёр даргыг паралимпэд очиход зориулж 48 сая төгрөг баталсан атлаа хамгийн гол хүмүүс болох тамирчин, дасгалжуулагч, эмч, сэтгүүлч нийлсэн найман хүний зардалд 104 сая төгрөг төсөвлөжээ. Тэгэхээр нэгэнд нь 13 сая төгрөг оногдсон гэсэн үг.

Дарга болохоор паралимпын наадамд 24 саяар очдог, Бээжингийн дэвжээнд хурд сорих, улсынхаа нүүр царай, хамгийн гол хүмүүс болох тамирчинд 13 саяыг өгсөн нь шударга зүйл мөн үү. Хоёр дарга нь ийм зардал гаргуулах гээд ороод ирэхэд нь гарын үсэг зураад, зөвшөөрсөн БТСУХ-ны дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц ч мөн үүнд буруутай. Хоёр даргынхаа зардлыг танаад паралимпэд оролцох тамирчин, дасгалжуулагчдаа нэмээд олгох сэтгэл, самбаа түүнд дутчих шиг боллоо.

Спортынхон тэмцээнээс тэмцээний хооронд, тэмцээн, бэлтгэлийн зардал гэсээр санхүүгийн хүнд нөхцөлд байдгийг бид сайн мэднэ. Хэрвээ хоёр даргын зардлаас танаад, эсвэл бүр болиулаад хэмнэсэн мөнгөө нэг тамирчинд олгосон 13 сая дээр нэмээд өгсөн бол их нэмэр, дэм болж, урам өгөх байсан нь мэдээж.

“Бээжин-2022” олимп, паралимпын наадамд улсаа төлөөлж заавал очих учиртай хүмүүс бол дарга нар бус тамирчид. Дарга нарыг бус тамирчдаа л дөмөгхөн тордож, улсын төсвийн мөнгийг улайлгаад ч болтугай дэмжих чухал байлтай, уг нь.

БТСУХ ЗАРДЛАА ХЭМНЭХИЙН ТУЛД БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМПОД БНСУХ-НООС ТӨЛӨӨЛЛӨӨ ЯВУУЛААГҮЙ

Бээжингийн олимпын нээлтийн үеэр.

Өнөөдөр Монголын эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт сөхөрч, өнөөдрийн хоол, маргаашийн талхны мөнгөө яая гэж буй. Гэтэл захын нэг агентлагийн хоёр дарга паралимпын наадамд оролцохын тулд 48 сая төгрөг салхинд хийсгэх нь. 48 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Үнэндээ Бээжингийн паралимпийн наадамд Ц.Одонбаяр, Н.Оюунбат хоёр явах зайлшгүй шаардлага байсан эсэх эргэлзээтэй.

Учир нь Монголын үндэсний паралимпийн хорооны удирдлага, албаны хүмүүс паралимпэд оролцох гурван тамирчин, дасгалжуулагчтай хамт явсан юм чинь. Тэгэхээр Ц.Одонбаяр, Н.Оюунбат хоёрыг үлдээн, иргэд бидний татварын мөнгө болох 48 сая төгрөгийг хэмнэж болох байсан уу гэвэл байсан.

Хэдхэн хоногийн өмнө болсон Бээжингийн өвлийн олимпод БТСУХ зардлаа хэмнэхийн тулд төлөөллөө илгээгээгүй. Энэ удаа ч мөн тэгж зардлаа хэмнэхэд хүмүүс гайхахгүй, шүүмжлэхгүй нь ойлгомжтой. Гэтэл чоно борооноор гэгчээр ийм юм болчихлоо. Нөгөө талаар гадаад томилолт, хэмнэж болох бүхий л зардлыг хэмнэнэ гэсэн Ерөнхий сайдын чиглэл, Засгийн газрын тогтоолыг БТСУХ-ны хоёр дарга үл тоолоо, 48 сая төгрөг тэдэнд юу ч биш бололтой.

Б.ОДОНБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Спортын салбарт, даргын ширээнд хамгийн олон жил тухалж суугаа хүмүүсийн нэг. 2000-аад оны дунд үеэс БТСУХ-нд ажилд орж, шат шатны албан тушаалд зүтгэсээр яваа. 2020 онд БТСУХ-ны дэд даргаар томилогдсон тэрбээр аль ч нам, Засгийн үед Спортын төв ордонд, БТСУХ-нд үлдчихдэг сүүхэйтэй эр.

Б.Одонбаяр БТСУХ-ны дэд дарга болж байгаа нь.

Ц.Одонбаяр өнөө жил тэтгэвэртээ гарч буй. Спортын салбарт чанагдсан, салбараа 10 хуруу шигээ мэддэг, чадварлаг боловсон хүчин мөн үү гэвэл биш. Ямар ч Засгийн үед албан тушаалдаа үлдчихдэг, хөөрхөн хор найруулчихдаг, бусдын ая эвийг хялбархан олчихдог авьяас нь түүнийг даргын суудалд үлдээсээр өдий хүрсэн юм.

Н.ОЮУНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Монголын спортын салбарын урдаа барьдаг  боловсролтой, гадаад хэлтэй хүн тэр мөн үү гэвэл мөн.

Н.Оюунбат паралимпын тамирчдад их элэгтэй. Монголын үндэсний паралимпийн хорооны генсек байсан удаатай.

Монголын үндэсний паралимпийн хорооны гадаад, тодоодын бүхий л үйл ажиллагаанд Н.Оюунбат оролцдог. Энэ удаа паралимпийн наадмыг өнжиж болох байсан уу гэвэл байсан.

БТСУХ бол Төрийн байгууллага. Төрийн болон төрийн бус байгууллагад албан тушаал давхар хашин хуулинд хориотой.

Гэтэл Н.Оюунбат БТСУХ-нд Хэлтсийн дарга хийхийн хажуугаар төрийн бус байгууллага болох Паралимпын хорооны ажилд тогтмол оролцож буй нь багагүй шүүмжлүүлдэг.

Түүний нөхөр нь БТСУХ-ын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл. Эхнэр, нөхөр хоёр нэг байгууллагад даргаар ажиллах нь хууль зөрчөөгүй ч ашиг сонирхлын зөрчил үүсдэггүй гэх баталгаа үгүй.

ХОЁР ДАРГЫН ЗАРДЛААС ТАНААД ТАМИРЧИДДАА НЭМЧИХСЭН БОЛ...

Бээжингийн паралимпэд оролцох Монголын тамирчид дасгалжуулагч нарын хамт.

Паралимпын наадамд улсынхаа нүүр царай болох тамирчдадаа зардал гэж 13 саяыг олгочихоод, агентлагийн хоёр даргад 48 саяыг өгсөн нь төсвийн мөнгө “Ёо” гэдэггүйн тод жишээ энэ. Эсрэгээрээ нэг тамирчинд 24 саяыг өгөөд, даргад 13 саяыг олгосон бол улсын төсвийн мөнгө эзнээ олох байлаа.

Төсвийн мөнгө хэмжээтэй, хязгаартай. Зарцуулахын хэрээр дундарна, дуусна. Цар тахалтай, эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед энэ мэт үргүй зардал гарган, улсын мөнгөөр туйлахгүй байхыг БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяраас, Хэлтсийн дарга Н.Оюунбат нарт анхааруулъя.

Төрийн албаны энэ мэт тансаглал, улсын төсвийн мөнгийг хамаагүй үрдэг, хүний сэтгэлээр ханддаг асуудалд ул суурьтай хандаж, төсвийн мөнгөөр Бээжингийн паралимпэд “туйлж яваа” хоёр даргадаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс, БТСУХ-ын дарга Ц.Шаравжамцаас хүсье.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-02 09:29

Спортынхны булай дуусашгүй

Зочин
Зочин
2022-03-02 10:40

Оюунбат хөөрхөн мөнгө илүү өг

Зочин
Зочин
2022-03-02 20:00

Таарсан таар шуудай нар даа. Тогтоолыг хэрэгжилтийг ш�##�гах, пар�##�импын наадмын зааварт хөрөнгө зард�##� нь яаж заасантай тулган ш�##�гах хэрэгтэй. Пар�##�импын хорооны хүн Оюунбат нь тус хорооны зардлаар явах ёстой биз дээ. Албан туша�##�ын байдлаа ашигласан байна. Одонбаяр бол бүтэхгүй нөхөр. Дандаа ийм юм хийж явдаг.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-03 11:00

Ямарч ур�##�даан тэмцээнд оролцсон зард�##� шагн�##�ын мөнгө тамирчинд олддоггүй юм байна лээ дээрээс нь идчихдэг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-03 11:10

Орхон хоккиэн тамирчид олон түрүү ял�##�т авдаг гэтэл шагн�##� нь тамирчдад очдоггүй мөнгииг нь хэн авчихдаг юм бэ ямар нэг зовлон ш�##�тгаан тоочоод хураачихдаг бололтой иим өлөн байж болохгүйш дээ хүнии хүч хөдөлмөриин хөлс шүү эднииг ш�##�гаач ээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-03 11:12

Мөнгө яадагииг ш�##�гаач

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-03-03 11:11

Яг үнэн шагн�##�ын мөнгииг нь өгдөггүй ш�##�гах хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button