УРЛАГ

Битүү Разумихинийг задлан нисгэгч

“Гэм зэм” постдрам намрын турш Улаанбаатарыг Ф.Достоесвкийн үзэл санаанд автуулсан. Зузаанд нь, агуу гэж шүтэгддэг учраас нь Ф.Достоевскийгээс тойрч зугтдаг олон хүн найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа нарын энгийн тавилтаар түүнтэй ойртон элгэмсэж чадсан.

Одоо хавар, “Гэм зэм” шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин үзэгчдэд хүрч байна. Намар амжаагүй үзэгчид хаварт нь яарч байна. Харин жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь тэдний хувьд дүгнэж, харьцуулах боломжгүй анхдагч шинэ мэдрэмж боловч намрын тоглолтуудад байсан хүмүүст сониучирхам элемент билээ.

Жишээлбэл, өмгөөлөгч Разумихиний дүрд Д.Түвшинбаяр тоглохоо больж, оронд нь Э.Ууганбаяр орж ирсэн. Шинэ үзэгчид түүний Разумихинээр, найзыгаа шүүх хурал дээр өмгөөлж буй гэгэлгэн залууг үзэж байна. Харин Д.Түвшинбаярын үзүүлсэн Разумихин эвдэгдэв үү. Яг тэр дүр Э.Ууганбаяраар ч илэрхийлэгдэв үү.

Э.Ууганбаяр сүүлийн 10 орчим жил тайзны уран бүтээлд тоглоогүй. Дэлгэцийн уран бүтээлүүдээс гадна хэд хэдэн шоунд хөтлөгчөөр ажилласнаар нь олон нийт түүнийг мэддэг болчхоод байгаа. Тийм нэг хөнгөн хөгжилтэй, хээнцэр маягтай арга барилаараа бүх шоугаа хөтөлсөн нь хүмүүст “Ууганаа гэхээр иймэрхүү хүн” гэсэн төсөөлөл суулгажээ.

Шүүх хурал эхлэхэд Разумихин Э.Ууганбаярынхаа тогтсон зан аалиар дуугараад, хөдлөөд, хөмсгөө зангидаад, хошуугаа цорвойлгоод, ёжилж инээгээд байх шиг л мэдрэмж төрж байв.

Харин жүжгийн хоёр дахь хэсэг эхэлж, шүүх хурлаас гаднах Разумихиний үзэгдлүүд гарч ирэхэд тэр зөөлөн, тэр бусад руу чиглэсэн сэтгэлт гэгэлгэн нэгэн яг Э.Ууганбаяраар илэрлээ. Тэр Дуняд цэцэг барихдаа Д.Түвшинбаяраас илүү усгал, илүү амьд байж чадав. Бас савхин хүрэмтэй дүр төрхөөр жүжиг дуустал ажилласан нь илүү таарч, эгэл даруу ч гэлээ зоримог, эрэмгий зан чанарыг нь сайтар тодотгож байлаа. Д.Түвшинбаяраас илүү найзуудынхаа дунд нисэж, дурлалд шатаж чадав.

РАЗУМИХИН ШҮҮХ ХУРАЛД Д.ТҮВШИНБАЯР, ХОЁР ДАХЬ ХЭСГЭЭС Э.УУГАНБАЯРААР АМИЛЛАА

Д.Түвшинбаяр шүүх хурлын үеэрх дотроо нууцтай, өмөрч халгасан сэтгэл зүйтэй ч өөрийгөө хөвчлөн улсын яллагчтай мэтгэлцэх Разумихинийг сайн илэрхийлсэн. Яг мөнөөр нь. Харин Э.Ууганбаяр шүүх хурал дээр ихэрхүү хэв маягаа арай хэтийдүүлж, өөрийн тогтсон арга барилаа хаа нэг гаргачхаад байсан.

Тэгвэл хоёрдугаар хэсгээс эхлээд тэр хоёрын илэрхийлэмж солигдлоо гэж дүгнэж болохоор. Юу гэвэл, Д.Түвшинбаяр арай даруу, арай битүү  Разумихинийг бүтээсэн бол Э.Ууганбаяр хөөрөн ниссэн, үл эмээн тэмүүлсэн, залуу насны ааг хүчийг цацаргасан тийм гэгээн Разумихинийг илүү тод илэрхийллээ.

Эцсийн дүндээ тэд нэг нэгийнхээ дутууг солбин нөхсөн ийм хоёр Разумихин ажээ. Үзэгчид хэн хэнээс нь зохиол дахь Разумихинийг ойлгоно. Нэгээс нь арай битүү, нэгээс нь арай хөөрөн дэвсэн зан чанар л олж харах болов уу. Гэхдээ хоёул зөөлөн, элгэмсэг эр тул найруулагчийн хараа дахиад л байгаа оножээ. Битүү нэгэн Разумихинийг Э.Ууганбаяр задалж, романс дүүрэн нисгэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x