Эдийн засгийн форумыг угтан 17 салбарын хурал болно

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” ирэх сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгийг өрнүүлдэг уламжлалтай.
Чуулга уулзалтыг угтаж энэ сарын 21-30-нд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын талаар урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан салбарын яамд зохион байгуулна. Эндээс гарсан санал, зөвлөмжийг дөрөвдүгээр сарын 7-8-нд болох “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр мөн хэлэлцэх юм.

-Эрчим хүчний сэргэлт
-Боомтын сэргэлт
-Аж үйлдвэржилтийн сэргэлт
-Хот, хөдөөгийн сэргэлт
-Ногоон хөгжлийн сэргэлт
-Төрийн бүтээмжийн сэргэлт
Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдаж, хөгжлийн олон төслийг УИХ-аар батлуулсан. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урих, төсөл хөтөлбөрт оролцуулах шаардлага үүсжээ. Мөн тавдугаар сард болох дэлхийн эдийн засгийн форумд шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна. Энэ ажлын бэлтгэл болгож, эдийн засгийн форумыг хийх болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.