Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

“Рио Тинто”-гийн шархаа нөхөх НҮҮДЭЛ: “TRQ” тал Оюу толгойгоос холдох ДУРГҮЙ байна

“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Монголд ирж, Оюу толгойн далд уурхайн анхны тэсэлгээг хийлцээд явснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч байна. Урт хугацаанд үргэлжилж буй Оюу толгойн хэлэлцээний бодит үр дүнгүүдийн нэг нь энэ үйл явдал болсон.

Энэ хэлэлцээний хүрээнд “Рио Тинто” Монголын Засгийн газарт хэд хэдэн чиглэлд буулт хийсэн байдаг. Өөрсдөд нь хийгээд “Туркоиз Хилл Ресурсес” компанид ашиггүй тусаж болох хувилбаруудад “Рио Тинто” хэлцэл хийсэн. Тэгвэл одоо, “Оюу толгой” төслийн удирдлагын тогтолцоонд оролцох нөлөөллөө чангаруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн маргаанаас ангижрах агуулгаар дараагийн алхмаа хийв.

Нэг үгээр, А талаас алдсан хэсгээ Б талаас нөхөхөөр хөдлөв. Тодруулах юм бол, “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркоиз Хилл Ресурсес” компанийн бүх хувьцааг худалдан авах санал тавиад байна. Ингэснээр, хамгийн энгийн логикоор Оюу толгой төслөөс хүртэх ашиг нь төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Жижиг хувьцаа эзэмшигчидтэй зууралдалгүй, бие даан шийдвэр гаргах боломжтой болно. Төслийн менежментийг шууд байдлаар хийнэ.

Гадаадын шинжээчид энэ саналыг хэрхэн харж буй, “Рио Тинто”-гийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг үүгээр тоймлоё.

“РИО ТИНТО”: НЭГЖ ХУВЬЦААГ 26.6 АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛЖ, БЭЛЭН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЪЯ

“Рио Тинто” яг одоогоор “Туркоиз Хилл Ресурсес” компанийн 50.8 хувийг эзэмшдэг. Харин үлдсэн 49 орчим хувийг 2.7 тэрбум ам.доллараар, бэлнээр худалдаж авах санал тавьж. Ингэснээр, нэгж хувьцаа бүрийг 26.6 ам.доллар авна гэсэн үг. Дүн эцсийн байдлаар тогтоогүй гэдгийг компанийн удирдлагууд хэлж байна. Одоо Канадын хөрөнгийн бирж дээр “Туркоиз Хилл Ресурсес”-ийн хувьцааны ханш 26.5 ам.доллар байгаа. Мөн ихэнх хувьцаа эзэмшигчдийнх нь анхны нэгж хувьцаанд хөрөнгө оруулсан дүнгээс 30 хувиар илүү үнэ санал болгож буй гэдгээ ч онцолж байна.

Якоб Стаусхолм энэ талаар “Бид Оюу толгой төслийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэх, ашигтай ажиллах өндөр хүсэл эрмэлзэлтэй. Ийм ч учраас Оюу толгой дахь өөрсдийн ашиг сонирхлыг улам гүнзгийрүүлж буй бөгөөд өмчлөл, засаглалын асуудыг илүү энгийншүүлэх зорилготой байна” гэж ярьжээ.

“Рио Тинто”-гийн саналыг “Туркоиз Хилл Ресурсес”-ийн голлох хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ТУЗ хуралдаж, хүлээн авах эсэхийг шийднэ.

Б.БОЛД: ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МАРГААНААС ШАЛТГААЛЖ, БИД САНАЛАА ӨӨРЧЛӨХГҮЙ

“Туркоиз Хилл Ресурсес” компанийн зарим хувьцаа эзэмшигчид “Рио Тинто” группийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг нуусан зэрэг үндэслэлээр “Pentwater Capital Management” компани хэд хэдэн удаа гомдол гаргасан байдаг. Дараа нь, Монголын Засгийн газарт ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх шийдвэр гаргахад мөн эсэргүүцэж, жижиг хувьцаа эзэмшигчид ч тэгш харилцааг хүсэж байна хэмээж байв.

Тэд хувьцаагаа “Рио Тинто”-д зарснаар Оюу толгой төслөөс ашиг хүртэхгүй, төслийн менежментэд хяналт тавьж чадахгүй. Шууд утгаараа Оюу толгойгоос хамааралгүй болно. Далд уурхай ашиглалтад орж, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж байгаа энэ цаг үед энэ компаниуд “Туркоиз Хилл Ресурсес”-ийг зах зээлийн ханшаар нь “Рио Тинто”-д өгөх үү гэдэг нь эргэлзээ дагуулна.

“Pentwater Capital Management”-ийн тухайд “Туркоиз Хилл Ресурсес”-ийн 10 хувийг эзэмшдэг. Анх нэгж хувьцааг 30 гаруй ам.доллараар  худалдан авч, хөрөнгө оруулж байсныг нь Financial Times онцолсон байх юм.

“Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд энэ талаар “PCM-ийн удирдлагуудтай энэ саналын талаар ярилцаагүй байна. Энэ компанийн “Рио Тинто”-гийн эсрэг үүсгээд буй маргаан нь хувьцаа худалдан авах саналаас тусдаа асуудал. Маргаанаас шалтгаалж, бидний саналд өөрчлөлт орохгүй” гэж онцолсон байна.

Түүнчлэн “Бид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчих үйлдэл хийж байгаагүй. Нэгдүгээр сарын сүүлээр, Оюу толгойн далд уурхай ашиглалтад орох үеэр “Туркоиз Хилл Ресурсес”-ийн хувьцаа 30 ам.долларт хүрсэн. Бид тэр 30 ам.долларын өсөлтөд дүйцэх дүнгээр саналаа тавьж байна” гэж ярьсан байна.

“Pentwater Capital Management” компанийн зүгээс саналд байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.  

ШИНЖЭЭЧИД: ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ҮНЭЛГЭЭГ ӨСГӨХӨӨС НААШ САНАЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

JPMorgan агентлагийн аналист Доминик О’Кейн “Энэ санал “Рио Тинто”-гийн хувьд өгөөмөр санагдаж байгаа болов уу. “Туркоиз Хилл Ресурс”-т ирэх наймдугаар сард төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дээд талдаа 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа” гэжээ.

Далд уурхайн хэтэрсэн зардлыг “Туркоиз Хилл Ресурсес” төлөлцөнө.

Харин Канадын брокер компани “Канаккорд”-оос “Туркоиз Хилл Ресурсесийн хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёр нь урт хугацааны хөрөнгө оруулагчид. Оюу толгой төсөл хэзээ ч яг одооных шигээ итгэл хүлээж байгаагүй. Энэ нөхцөлд тэд тийм ч хямд үнээр саналыг хүлээж авахгүй” гэж бичсэн байна.

“Канаккорд”-ын аналист Далтон Баретто “Санал бүтэлгүйтэх магадлал бий. “Рио Тинто”-г үнэлгээгээ нэмэгдүүлэх л болов уу гэж харж байна. Дор хаяж нэгж хувьцааг 48 ам.доллараар үнэлж, саналаа тавихгүй бол жижиг хувьцаа эзэмшигчид гэдийж мэднэ” гэсэн байгаа юм.

Түүнчлэн Financial Review агентлагийн аналист Жемима Вайт “Рио Тинто” групп 2.7 тэрбум ам.долларын саналаа “хөөрхөн нөхөрсөг” гэж тодотгосныг нь онцолж бичээд, хэд хэдэн эх сурвалжуудын мэдээллээр баяжуулж нийтлэлээ бичжээ.

“SAILINGSTONE CAPITAL PARTNERS”: САНАЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙЛАА Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭСЭН НЬ ИНЭЭДТЭЙ ЮМ

Тэгвэл, “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг “Sailingstone Capital Partners” компани “Рио Тинто”-гийн саналд байр сууриа илэрхийлж, нээлттэй захидал илгээгээд байна.

Үүндээ:

  1. Оюу толгой төслийн үр өгөөж улам бүр нэмэгдэж, ноогдол ашиг хүртэх хугацаа наашилж байгаа нөхцөлд ийм хэлцэл хийх нь тийм ч таатай биш байна.
  2. Үнэлгээ муу байна. 50.8 хувийг “Рио Тинто” нийт 6.6 тэрбум ам.доллараар өөрийн болгосон. Гэтэл үлдсэн 49 хувийг 2.7-оор худалдан авна гэж байгаа нь анхаарал татаж байна гэсэн санаануудыг илэрхийлжээ.

Мөн “Та бүхний саналд “Хүлээж авахгүй байсан ч бид хөрөнгө оруулалтаа хийнэ, ашгаа тэгш хуваарилна” гэсэн өгүүлбэр багтсан нь тун инээдтэй юм” гэж захидалдаа бичсэн байгаа юм. Түүнчлэн төгсгөлдөө “Дүгнээд хэлэхэд, энэ санал “Рио Тинто”-гийн алдаатай менежментээс үүдэж зардал өссөн, уурхай гүйцэд ашиглалтад дөнгөж ороод буй, мөн бүх оролцогч талууд ашгаа хүртэхэд ойртсон ийм цаг үед ирж байгаа нь ихээхэн “боломжийн” юм” гэж ёжилжээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Жижиг хувьцаа эзэмшигчдийн эхнээсээ илэрхийлж буй байр суурийг харахад, тэд хувьцаагаа “Рио Тинто”-д худалдахдаа тийм ч таатай хандахгүй байна. Оюу толгой төслөөс өгөөж хүртэхэд ойртоод буй нь тэдэнд чухал. Саналыг хүлээж авлаа ч, үнэлгээгээ өсгө гэдэг шаардлага тавих нь ойлгогдож байна.

“Рио Тинто”-гийн хувьд ч “Туркоиз Хилл Ресурсес”-ийн 49 хувийг 2.7 тэрбум ам.доллараар худалдаж авна гэдэг анхаарал татмаар бага дүн гэдгийг олон улсын хэвлэлүүд бичиж байгаа юм. Ингэснээр Оюу толгой төслөөс хүртэх шууд өгөөж нь “Рио Тинто”-д бараг хоёр дахин нэмэгдэхээс гадна “Оюу толгой” ХХК-ийн засаглалд шууд оролцоотой болох юм.

Энэ нөхцөлд “Манай улсын 34 хувь эзэмшилд өөрчлөлт орохгүй” гэдэг байдлаар бид асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байх магадлал бий.

Том зургаар нь харахад, “Рио Тинто” групп Монголын талд хэд хэдэн чиглэлд буулт хийгээд, дараа нь ийн нүүж буй нь Оюу толгой төслөөс хүртэх ашгаа илүү нэмэгдүүлэхээс гадна, нэг талаараа “алдсан” зардлаа нөхөх сонирхолтой байгааг илтгэж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-16 08:04

Ашигтай газраас хэн холдохыг хүсэх э дээ
Манайхан л гэж тоохгүй хаяад байгаагаас Оюутолгойн д�##�д уурхай одоо л ухаж эхэлж байна шүү дээ.

Зочин
Зочин
2022-03-16 08:45

ene mongold ye rni yag yamar ashigtai be

Зочин
Зочин
2022-03-16 08:52

монголчуудыг хамгийн их луйвардсан газардаа

Зочин
Зочин
2022-03-16 08:55

монголд ядаж нэг үйлдвэр үлдэхгүй гэхээр бүүр арчаагүй улс шүүү та нар

Зочин
Зочин
2022-03-16 09:00

монголчуудад яаг юу ирэх юм бэ энэ төсөлөөс

Зочин
Зочин
2022-03-16 11:20

Монгол Хятадтай нэгдэх ха�##�га

Холбоотой мэдээ

Back to top button