ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Японд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Лхагва гараг /2022.03.16/-ийн орой Японы зүүн хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, хоёр сая гаруй айл өрхийн тог цахилгаан түр тасарсан байна. Газар хөдлөлтийн улмаас цүнамигийн аюул нүүрлэж болзошгүй хэмээн ард иргэдэд анхааруулжээ.

7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь 11 жилийн өмнө Фүкүшимагийн Атомын Цахилгаан Станцыг сүйрүүлсэн томоохон газар хөдлөлт болсон бүс нутагт болсон гэдгийг эх сурвалж онцоллоо.

“AFP” агентлагийн мэдээлснээр, зарим газарт хүмүүс хөл дээрээ ч зогсож чадахгүй хүчтэй чичиргээ мэдрэгдсэн аж. Мөн нийслэл Токио хотод байшин барилгууд ганхаж, бүр чимээ гаргасан гэсэн мэдээлэл байна.

Японы эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлт 23:36 /GMT 14:36/ цагт болжээ.

Фүкүшима, Мияги, Ямагата мужуудад газар хөдлөлтийн дараа чичирхийлэл мэдрэгдэж магадгүй хэмээн мэдээллээ.

Японы цаг уурын агентлаг зүүн хойд эргийн зарим хэсэгт 3.3 фут буюу ойролцоогоор нэг метрийн өндөртэй цүнами үүсэж болзошгүй тул оршин суугчдад анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим газарт 20 см /0.7 фут/ цүнамигийн давлагаа үүсэх магадлалтай хэмээн мэдээлжээ.

Орон нутгийн цахилгаан түгээх байгууллагуудын мэдээлснээр, Токио хотод 700 мянга орчим байшин, Японы зүүн хойд хэсэгт 156 мянган байшин барилга цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Гэсэн ч, хэсэг хугацааны дараа тог цахилгаан дахин хэвийн горимд орсон аж.

Японы зүүн хойд хэсэгт хэд хэдэн хүний дээрээс юм унаж, бэртэснээс Сома хотод 60 настай нэг эрэгтэй нас барсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Газар хөдлөлтийн улмаас мөн Фүкүшима хотоос хойд зүгт хурдны галт тэрэг замаасаа гарч осолджээ. Харин ослын улмаас хүний ​​амь нас хохирсон эсэх мэдээлэл одоогоор ирээгүй байна.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд хэлэхдээ, Засгийн газар хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлсэн ба онцгой байдлын албаныхан газар хөдлөлтийн голомтод ажиллаж байгаа гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x